| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 106/2017/0608/Э |
| Дугаар | 608 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 608
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргал
хохирогч: Б.Намуунзул,
шүүгдэгч: С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Огнооны С д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1703 0000 10112 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын өртөөний жижүүр мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын “Мааньт” өртөөнд жижүүр ажилтай, сарын 1 200 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, 4-16 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 4 дүгээр байрны 54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЬ 78101861, Боржигон овогт Огнооны С .
Шүүгдэгч С нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Мөрөн” зочид буудлын зүүн урд замд “Т.Приус” маркийн, 26-16 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Намуунзулыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэнд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С мэдүүлэхдээ:
Би 2013 онд жолооч болсон. Тэр цагаас хойш нэг их жолоо бариагүй. Дүүгээ зун хөдөө ажилдаа явсан үеэр машин жолооддог юм. Би өөрийн гэм буруугийн талаар болон прокуророос надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Энэ осол миний анхаарал болгоомжгүй, хяналтгүйгээс болж гарсан. Хохирогчид ойролцоогоор 2 600 000 төгрөгийн хохирол барагдуулах ёстой гэж үзэж байгаа. Үүнээс өөрт бэлэн байсан 1 000 000 төгрөгийг өнөөдөр хохирогч Б.Намуунзулд өгсөн. Мөн осол гарсны дараа хохирогчид 400 000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн. Хэрвээ цаашид дахин эмчилгээний зардал гарвал чадах хэрээрээ төлнө. Прокурор надад 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ялын санал танилцуулсан. Би сарын 1 200 000 төгрөгийн цалинтай бөгөөд үүнээсээ цалингийн зээл болон татвараа төлөөд 550 000-600 000 төгрөгийг гар дээрээ авдаг. 500 000 төгрөгийн торгуулийг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгийг цалингаасаа төлж барагдуулах боломжтой. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогч англи хэлний сургалтын төлбөрийг нэхэмжилсэн баримт гаргаж өгч байна. Гэхдээ надад хохирогчийн англи хэлний сургалтын төлбөрийг төлөхөд хүндрэлтэй. Өмнө нь надад энэ талаар хэлээгүй. Надад цалингийн зээл авах эрх 2018 оны 2 дугаар сарын сүүлээр үүсэх тул би цалингийн зээл аваад хохирогчийн хохирлыг төлнө. Машины эзэмшигч дүү маань осолд ороод хөлөө хугалсан, эрхэлсэн тодорхой ажилгүй тул төлбөрийг би өөрөө төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Намуунзул мэдүүлэхдээ:
Энэ ослын улмаас миний аарцаг яс хугарсан. Энэ нь ирээдүйд төрөхөд хүндрэл үүснэ гэж бодож байна. Миний биед олон сорви үүссэн тул нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. Үүнтэй холбоотой гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Би АУШУИС-ийн төгсөх курсын оюутан тул эхний семистерт бүх хичээлээ шахаж үздэг. Намайг хэвтэрт байх хугацаанд манай хичээлүүд шахаж орсон тул би хичээлээ нөхөн судлах шаардлагатай болсон. Манай сургууль төлбөрөөс гадна тасалсан оюутнууд кредитын мөнгөө дахин өгч, хичээлээ судалдаг. Өөрөөр хэлбэл нэмж судлах кредитын төлбөрт 1 506 500 төгрөгийг нэхэмжилнэ. Анх Гэмтлийн эмнэлэгт очоод тухайн үед тархи, цээжний компьютер томоргафийн зураг авахуулсан төлбөрийг С төлсөн. Үүнээс 1 сарын дараа эмчийн зааврын дагуу дахин аарцаг ясны компьютер томоргафийн зураг 140 000 төгрөгөөр авахуулсан. Мөн хөлийн шагайн рентген зураг авахуулахад 30 000 төгрөг, сорвины тос авахад 60 000 төгрөг, суга таягны 40 000 төгрөг, Алтан гагнуур эм авсан 2 400 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 53 937 төгрөг болон бусад эм авч байсан зардлуудын баримтуудыг хэрэгт хавсаргасан. Нийт 400 000 төгрөгийн зардал гарсан. Их сургуулийн сургалтын төлбөрөөс гадна би англи хэлний сургалтанд сурч байгаад гэмтлийн улмаас 4 сарын хугацаагаар сургалтандаа сууж чадаагүй бөгөөд уг сургалтыг тасалсан бол төлбөрийг буцаан олгохгүй гэсэн нөхцөлтэй гэрээтэй байдаг. Тиймээс 502 000 төгрөгийн сургалтанд сурч чадалгүй хохирсон. Миний хувьд осолд орсон болохоор хэлний төвөөс чөлөө авч чадаагүй, миний өмнөөс чөлөө авах хүн байгаагүй. Би сургалтын төвтэй 2 удаа уулзахад намайг төлбөргүйгээр сургах боломжгүй гэсэн. Мөн миний тухайн үед өмсөж явсан хувцас, гар утасны дэлгэц, гар цүнхний үнэлгээг үнэлгээний байгууллагаар тогтоолгоход тухайн байгууллагаас 15 000 төгрөгийн хураамжтай байсан ба эд зүйлийн үнэлгээ 279 000 төгрөг болсон. Надад нийтдээ 2 698 480 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоос 1 000 000 төгрөгийг буцаан авсан бөгөөд 1 698 480 төгрөг үлдсэн. Мөн дансаар 50 000 төгрөг над руу шилжүүлснийг хасна. Намайг анх эмнэлэгт хэвтэхэд С эмчилгээний зардалд 400 000 төлсөн. Гэхдээ энэ нь одоо нэхэмжилж байгаа зардлаас тусдаа өмнө нь төлөгдсөн юм. Надад учирсан гэмтлийн зэргийн талаар маргах зүйл байхгүй. Одоо миний толгой байнга өвддөг, орой хэвтэхэд аарцагны яс нуруугаар өвддөг тул дахин эмчид үзүүлж, зураг авахуулах шаардлагатай гэв.
Мөрдөн байцаалтад гэрч-О.Энхмаа мэдүүлэхдээ:
2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би ажлын хүнийг модны хоёрт буулгаад өөрөө гэр рүүгээ орох гээд “Т.Кроун” маркийн, 06-21 УБ дугаартай автомашинаа унаад явж байхад уулзвар дээр баруунаас нэг “Т.Приус” маркийн машин гарцаар гарч байсан нэг охиныг мөргөөд, тэр дороо зогсож чадалгүйгээр машин дотроо орилоод нөгөө охиныг зам дээр түлхээд ойролцоогоор 2-3 метр газар чирээд урд дугуйгаараа дээгүүр нь даваад зогссон. Тэр үед урд байсан машинууд хөдлөөд яваад өгсөн ба би жолоогоо баруун гар тийш нь дараад нэг зогсоол дээр машинаа тавиад буугаад очтол нөгөө жолооч орилж бууж ирээд, тэр хавиар нэг юм болсон. Тэгээд байж байхад хаанаас ч юм бэ мэдэхгүй хэсэг залуус гарч ирээд нөгөө машиныг өргөөд машин доогуур байсан нөгөө охиныг татаж гаргаж ирээд машины хажуу талд хэвтүүлсэн гэжээ. (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас)
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч О.Сэржбүдээ мэдүүлэхдээ:
...уг тээврийн хэрэгслийг 2014 оны 11 дүгээр сард би захаас 6 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл. Би осол хэрэг гарсан тухай тэр даруйд нь мэдсэн. Манай эгч С над руу залгаад осол хэрэг гарсан тухай хэлсэн. Бид хохирлыг бүрэн төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10990 тоот дүгнэлтэд:
1. Б.Намуунзулын биед өвчүү, цээжний баруун талын 1 дүгээр хавирга, зүүн талын 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, умдаг ясны хугарал, нүүр, шуу, сарвуу, шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална гэжээ. (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт материалаар хийгдсэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот дүгнэлтэд:
1. Б.Намуунзулын биед өвчүү, цээжний баруун талын 1 дүгээр хавирга, зүүн талын 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, умдаг ясны хугарал, ууц ясны хугарал, сүүжний тогооны урд багана хэсгийн хугарал, нүүр, шуу, сарвуу, шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Б.Намуунзулын бие дэх өвчүү, цээжний баруун талын 1 дүгээр хавирга, зүүн талын 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, умдаг ясны хугарал, ууц ясны хугарал, сүүжний тогооны урд багана хэсгийн хугарал зэрэг нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүр, шуу, сарвуу, шилбэний арьсны зулгаралт зэрэг нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална.
5. Б.Намуунзулын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно гэжээ. (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас)
Замын цагдаагийн албаны мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн магадлгаанд:
1. “Приус” маркийн, 26-16 УНӨ улсын дугаартай авто машины жолооч Огнооны С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 дахь заалт “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Борын Намуунзул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. (хавтаст хэргийн 52 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
С ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч С нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Мөрөн” зочид буудлын зүүн урд замд “Т.Приус” маркийн, 26-16 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч, хохирогч Б.Намуунзулыг мөргөж, эрүүл мэндэд нь өвчүү, цээжний баруун талын 1 дүгээр хавирга, зүүн талын 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, умдаг ясны хугарал, ууц ясны хугарал, сүүжний тогооны урд багана хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Намуунзул, гэрч О.Энхмаа, иргэний хариуцагч О.Сэржбүдээ нарын мэдүүлэг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10990, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот дүгнэлт, Замын цагдаагийн албаны мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн магадалгаа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10051 тоот өвчний түүх, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Тээврийн прокурорын газраас С гийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь Б.Намуунзулын эмчилгээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад 400 000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч одоо нэмж судлах кредитын төлбөрт 1 506 500 төгрөг, аарцаг ясны компьютер томографийн зураг дахин авахуулахад төлсөн 140 000 төгрөг, хөлийн шагайн рентген зураг авахуулахад төлсөн 30 000 төгрөг, сорвины тос авсан, 60 000 төгрөг, суга таягны үнэ 40 000 төгрөг, Алтан гагнуур эм авсан 2 400 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн 53 937 төгрөг, англи хэлний сургалтын төвд төлөх 502 000 төгрөг, осол болох үед өмсөж явсан, хувцас, цүнх урагдсан тул 279 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 15 000 төгрөг зэрэгт 2 698 480 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өнөөдрийн хуралдаанд Б.Намуунзулд 1 000 000 төгрөг төлсөн, мөн 50 000 төгрөг шилжүүлснийг хасч тооцох нь зүйтэй.
С нь 1 648 480 төгрөг төлөхөө илэрхийлж байгаа боловч иргэний хариуцагч О.Сэржбүдээгээс 1 648 480 төгрөг гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Намуунзул нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 500 000 нэгжээр торгох эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тэр өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С нь торгох ялыг 5 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч О.Сэржбүдээгээс гэм хорын хохиролд 1 648 480 төгрөг гаргуулж, хохирогч Б.Намуунзулд олгосугай.
6. Хохирогч Б.Намуунзул нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болмогц 1005609 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг С д буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН