Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01337

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01054 дугаар шийдвэртэй

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 68 308 027 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, Ж.Батмөнх нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д" ХХК нь иргэн Д.Дтай 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 00162735 тоот зээлийн гэрээ байгуулж, 28 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай нэг сарын 3,10 хувийн хүүтэй зээлүүлсэн бөгөөд хамтран зээлдэгчийн үүргийг түүний хүү Д.Н хүлээсэн болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож иргэн Э.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 1 дүгээр хороолол, 24-р байрны 83 тоот хаягт байрлах, 30 м.кв хэмжээтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч Д.Д, Д.Наранбааатар нар зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй болно. Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд зээлийн хүүнд 500 000 төгрөг төлсөн байна. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч Д.Д, Д.Н нар нь зээлийн үндсэн төлбөр 28 000 000 төгрөг, зээлийн хүү 37 113 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 194 694 төгрөг, нийт 68 308 027 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсгийг тус тус үндэслэн зээлийн үндсэн төлбөрт 28 000 000 төгрөг, зээлийн хүү 37 113 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 194 694 төгрөг, нийт 68 308 027 төгрөгийг хариуцагч Д.Д, Д.Н нараас гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээнд заасан барьцаалуулагч Э.Мөнхцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201013168 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д, Д.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч "Д" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч бид нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид 28 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр хүлээн аваагүй. Мөн барьцааны гэрээг ч хуулийн дагуу хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Чонос овогт Доржхандын Даваабаяр /ХГ63012111/, Чонос овогт Даваабаярын Наранбаатар /ХГ86010110/ нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт буюу үндсэн зээлд 28 000 000 төгрөг, зээлийн хүү 37 113 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 194 694 төгрөг нийт 68 308 027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх үүргийг хариуцагч Д.Д, Д.Н нар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл иргэн Э.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 1 дүгээр хороолол, 24-р байрны 83 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201013168 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 569 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д, Д.Н нараас 569 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Миний бие тус хэргийг хянан хэлэлцэхээс 10 хоногийн өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн, хэргийн материалтай танилцсан боловч нотлох баримтыг бүрдүүлж амжаагүй талаараа шүүхэд тайлбарласан. Миний бие 10 хоногийн хугацаанд хэргийн материалтай танилцаад Дархан явж ирж амжихааргүй байсан учир “Д” ХХК-аас нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан. Шүүх үүнийг анхаарч үззэгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн нотариат болоод Нийслэлийн архивын газраас нотлох баримтыг өөрөө авах боломжгүй байгаагаа тайлбарласан боловч мөн үүнийг анхаараагүй. Нийслэлийн архивын газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон. Мөн “Д” ХХК-ийн ажилчидтай холбоотой эрүүгийн 201626023111 тоот хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд энэхүү хэрэгт Д.Д, Д.Н нартай зээлийн гэрээ байгуулсан А.Болорчимэг, Б.Түвшинжаргал нарыг шалгаж байгаа эсэх талаарх лавлагаа, баримтыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс гаргуулах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хангагүй орхисон нь үндэслэлгүй. Мөн дээрх хэрэг нь энэхүү маргааны зүйлтэй холбоотой эсэхийг шүүх тодруулаагүй нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Д.Д, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 000 000 төгрөг, зээлийн хүүд 37 113 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 194 694 төгрөг нийт 68 308 027 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч “...гэрээний дагуу 28 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй, барьцааны гэрээ хуулийн дагуу хийгдээгүй” гэж маргажээ.

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 28 000 000 төгрөгийг сарын 3,10 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, зээл төлөх эцсийн хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэж тодорхойлсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

Хуульд заасны дагуу зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлдэгч “Д” ХХК нь зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгө болох 27 855 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн болох нь “Хаан банк” ХХК-ийн харилцагчийн дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх.37/

Зохигчид гэрээний 3.2.2-т зээл олгосны шимтгэл 0,50 хувиар тооцож зээлийн дүнгээс суутган авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцэх тул зээлийн мөнгөн хөрөнгийг дутуу шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Д.Д, Д.Н нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

             Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлд 28 000 000 төгрөг, зээлийн хүүд 37 113 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 194 694 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж зээлийн хэтэрсэн хугацааны хүүг багасгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж заажээ. Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дууссан, гэрээний 5.1.1-д “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах боломжтой байхад нэхэмжлэгч байгууллага 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу 2 жил 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн үүргийг шаардсан байгаа нь хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ өсөхөд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

            Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэхээр заасан тул шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэгчийн хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн зээлийн хүүгийн хэмжээтэй адилтган тооцож хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Тодруулбал, нэхэмжлэгчийн үндсэн зээл 28 000 000 төгрөг, гэрээт хугацааны хүү нь 8 680 000 төгрөг байна. Иймд хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн гэрээний хүүтэй адилтгаж 8 680 000 төгрөг нийт хүүд 16 360 000 төгрөг, зээлийн төлбөрт 28 000 000 төгрөг нийт 44 360 000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Мөн талууд гэрээний 3.1.6-д нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон байх бөгөөд үндсэн хүүгийн 20%-иар тооцоход 0.62%-ийн нэмэгдүүлсэн хүү нь 101 432 төгрөг байна. Иймд үндсэн зээл 28 000 000 төгрөг, зээлийн хүүд 16 360 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101 432 төгрөг нийт 44 461 432 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.