| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00193/Э |
| Дугаар | 00002 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Уранчимэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 00002
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга П.Н
Улсын яллагч Д.Уранчимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Г, Н.Н нарт холбогдох 1732001170079 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1980 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, *, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Дэмбэрэлийн Г. /*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг дархан суманд 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдрах, *, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Намсрайн Н. /РД:*/
Шүүгдэгч Д.Г, Н.Н нар нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Хоёр даваа гэх газарт иргэн Г.Ууын жолоодож яваад эвдрээд түр орхисон байсан Ви Эйч энд Би ХХК-ний эзэмшлийн Норд бенз маркийн 13-53 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан авч 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гын өгсөн ......... 2017 оны 12 дугаар сарын 05-ны орой Улаанбаатар хотоос Н, Чу нарыг дагуулж хүнээс дугуй аваад ирье гэж дүү Гантуяагийн эзэмшлийн тоёота аллион маркийн 50-78 УБЯ улсын дугаартай автомашинтай гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Хоёр даваа гэх газарт ирээд Н бид хоёр очоод замын хажууд эвдрээд орхисон байсан Норд бенз маркийн машинаас 4 дугуй тайлж аваад байж байхад цагдаа хүрч ирээд барьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нгийн өгсөн ........ 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байтал Г над руу залгаад дугуй авах гэсэн юм хамт яваад ирье гэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Тэгээд бид нар машинтай яваад Баруунхараагийн хоёр даваа гэх газарт ирээд замын хажууд эвдрээд орхисон байсан Норд бенз машинаас 4 дугуй тайлж аваад 50 метр орчим газар түрж явж байхад цагдаа хүрч ирээд барьсан. Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч Г.Ууын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан хот руу уг тээврийн хэрэгслээр барилгын материал тээвэрлэж явсан. Тэгсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Зүүнхараа луу салдаг замын тэнд мотор дуугараад эвдрэх гээд байхаар нь тэнд байдаг гэртэй цайны газрын хүнд захиж үлдээгээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос засварчин авчраад янзалж чадаагүй. Дахиж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дарханаас засварчин авчирсан чинь мөн янзалж чадаагүй 2 км орчим яваад мотор нь цохиод зогссон тэгэхээр нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр чирэгч толгой авчраад замаас гаргаж тавиад ачаа эд зүйлээ зөөгөөд явсан. Тэгээд явахдаа машинаа зүгээр орхиж чадахгүй тэнд байсан малчныг гуйгаад та харж байгаач удахгүй ирээд машинаа авъя гэж хэлээд явсан. Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой би Дархан хотоос Улаанбаатар хот руу явах замдаа машинаа үзсэн чинь 2 акумлятор нь алдагдсан машины хажууд том машины дугуйны мөр байсан тэгэхээр нь би нөгөө малчинд хэлсэн чинь уг нь гайгүй байгаа харагдсан гэхээр нь би удахгүй ирж авъя даа гэж хэлээд явсан. Тэгээд чирэгч авчраад авах гэхээр мөнгө санхүү болохгүй байсаар байгаад удсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баруунхараагийн цагдаагаас мэдэгдээд би очсон... Д.Г, М.Чу, Н.Н нар нь дээрх дугуйг хүлээлгэж өгсөн тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 20-21 дүгээр хуудас/
Гэрч Д.Мөын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Намайг 2 даваа гэх газрын асфальт замын зүүн талд байх эвдэрсэн Норд бенз маркийн 13-53 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очиход Д.Г, Н.Н гэх залуучууд цаана жалганд 2 дугуйг бас аваачсан дахиад 2 дугуй түрчихсэн явж байсан. Тэгэхээр нь би саатуулаад асуутал хэлэхгүй өөрийнхөө машины дугуйг авч байна гэж Д.Г нь хэлээд байсан. Тэгэхээр нь би цагдаа руу авч явж шалгана эртхэн үнэнгээ хэлээд явсан чинь дээр байх шүү гээд пост руу аваачсан чинь Д.Г нь хулгай хийсэн юмаа миний машин Норд бенз машины цаана байгаа гээд зааж өгөхөөр нь яваад очтол Тоёотоа аллион маркийн 50-78 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор нь М.Чу гэх залуу байсан. Тэгэхээр нь ямар учиртай хүн болох талаар нь асуухад Д.Г, Н.Н нар машинаас дугуй хулгайлна гээд явсан би явахгүй гээд Д.Гын машинд нь суугаад үлдсэн гэж байсан гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/
Гэрч М.Чуын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Г ах бид хоёр Д.Г ахын том ачааны тэргийг нь засахаар Улаанбаатар хот руу явсан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хотод очоод Д.Г ах бид хоёр машиныг нь засч байтал Д.Г ах машины дугуй муудсан солих шаардлагатай гэж байсан. Тэгээд Г ах хүнээс дугуй очиж авна гээд намайг цуг яваад өг гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгсэн Н.Н ахыг бас гуйгаад Н ахын ажил дээр очоод дугуйнд явах гэсэн юм цуг яваад ачаад өг гээд дагуулаад гарсан. Улаанбаатар хотоос тус өдрийн 18 цагийн үед гарсан тэгээд хоёр даваа гэх газар асфальт замын зүүн талд том оврын ачааны машины дэргэд очсон. Энэ машины дугуйг авна гэхээр нь би хулгай хийх гэж байгаа бол би оролцохгүй гэсэн чинь Н.Н, Д.Г ах нар гараад явсан. Би машиндаа үлдсэн. Тэгсэн удалгүй цагдаа хүрээд ирсэн. Дугуй хулгайлсан гэж саатуулсан гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-13 дугаар хуудас/
Ви Эйч энд Би ХХК-ний Г.Ууыг иргэний нэхэмжлэгчээр томилсон итгэмжлэл /Хх-н 22 дугаар хуудас/
Норд бенз маркийн 13-53 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудны хамт 2000000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 35 дугаар хуудас/
Д.Г, Н.Н нарын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 47, 54 дүгээр хуудас/
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 48 дугаар хуудас/
Д.Г, Н.Н нар нь ял шитйгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 53, 58 дугаар хуудас/
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /Хх-н 55 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Ууын хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан гомдол санал байхгүй гэсэн хүсэлт /хх-н 62 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Г, Н.Н нар нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Хоёр даваа гэх газарт иргэн Г.Ууын жолоодож яваад эвдрээд түр орхисон байсан Ви Эйч энд Би ХХК-ний эзэмшлийн Норд бенз маркийн 13-53 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан авч 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г, Н.Н нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.Г, Н.Н нар нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Г, Н.Н нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Уу нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Дэмбэрэлийн Г, Боржигин овогт Намсрайн Н нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гыг 240 /хоёр зуун дөчин/ цаг, Н.Нг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г, Н.Н нарт тус тус оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г, Н.Н нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Г, Н.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Г, Н.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.