| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 184/2019/03648/И |
| Дугаар | 210/МА2020/01334 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2020/01334
Д.Сын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Д.Сын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Од холбогдох 33 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Т.О, түүний өмгөөлөгч Д.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Hino ranger маркийн Япон улсад үйлдвэрлэгдсэн 63-10 БНХ улсын дугаартай ачааны зориулалттай автомашиныг 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Т.Отай худалдах-худалдан авах гэрээ байгуулан худалдан авч, төлбөрт нь 37 500 000 төгрөгөөр машинаа үнэлээд тухайн үед 850 ширхэг палк буюу 21 250 000 төгрөгийн үнэ бүхий мод өгсөн. 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор үлдэгдэл 650 ширхэг палк буюу модыг хүлээлгэн өгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцон бичгийн хэлцэл хийж, нотариатаар батлуулаад, мөн өдрөө автомашинаа шилжүүлж аваад өөрийн хашаанд байрлуулсан. Хариуцагч талд 1 220 ширхэг палк мод өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас автомашиныг аваад явсан, нэгэнт автомашиныг хураалгасан учир өгсөн зүйлээ буцааж л авахыг хүсэж байна. Бидний хийсэн уг хэлцлийн дагуу тохиролцоо хэрэгжээгүйгээс болж би автомашин, мод, мөнгө ч байхгүй хохироод байна. Миний хувьд өгсөн авснаа л буцааж авна. Мөн маргаж буй автомашинд шатахуун хийж палкыг зөөвөрлөсөн учраас шатахууны үнэ 2 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Автомашин бол маш их доголдолтой, дугуй хагарсан байсан, засвар үйлчилгээнд 5 000 000 төгрөг зарцуулсан боловч нэхэмжлэхээ больж байна. Шүүхийн шийдвэрийн хүмүүс Д.С гэх хүний хашаанд байгаа гэж хэлсний дагуу ирээд автомашиныг ачаад аваад явсан. Би уг нь автомашиныг буцааж өгөх санаа байгаагүй, автомашинаа өгөхгүй гэсэн боловч бичиг баримт нь хариуцагчийн нэр дээр байсан учир шүүхийн шийдвэрийн дагуу хурааж авсан. Иймд 1 220 ширхэг палк модны үнэ 30 500 000 төгрөг, шатахууны зардал 2 500 000 төгрөгийн хамт 33 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Hino ranger маркийн 63-10 БНХ улсын дугаартай ачааны зориулалттай автомашиныг 1 500 ширхэг палкаар худалдахаар харилцан тохиролцон. Үлдэгдэл тооцоог өгөөд, автомашиныг өгнө гэж тохиролцсон боловч 280 ширхэг палк өгөөгүй, Д.С гэрээгээ зөрчсөн. 2017 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэрээс төлбөр гараад автомашиныг хураан авсан. Автомашиныг хурааж авахад гэмтэлтэй байсан. 2014 оны 8 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл Д.С автомашины төлбөр болон тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр нэг ч удаа шаардаж байгаагүй. 3 жил гаруй хугацаанд машин авах талаар ямар нэгэн шаардлага тавиагүй тиймээс одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Би энэ 33 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 30 500 000 төгрөг надад өгөөгүй болохоор би хүлээн зөвшөөрөхгүй. Бензиний 2 500 000 төгрөгийг бас зөвшөөрөхгүй. Баянхонгор аймгаас Зүүнхараа хүртэл 810 км байдаг тэхээр 100 км газарт 25 литр бензин иддэг. Тэгэхээр 1 777 000 төгрөгийн зардал л гарах боломжтой байдаг гэв.гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Т.Оаас 30 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгож, үлдэх 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 310 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Т.О, түүний өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Машины үнэ 37 500 000 төгрөг гэж үнэлгээг тогтоосон баримт хэрэгт байхгүй. 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Хэлцэл"-д машины үнэ 37 500 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, 2014 оны 08 дугаар сарын 18нд 21 250 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр хүлээлгэн өгсөн болно. Үлдэгдэл 16 250 000 төгрөг буюу 650 ширхэг палкыг 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн даруй тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлд шилжүүлхээр харилцан тохиролцов. Тээврийн хэрэгсэлийг 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн болно. Т.Отай машиныг палкаар солихоор гэрээ хийхдээ машинийг нь 37500 000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь 1500 ширхэг палкыг Мандал суманд зарагдаж байгаа 1 ширхэг палкны үнэ болох 12 000 төгрөгөөр тооцож бодоход нийтдээ 18 000 000 төгрөг болж байгаа гэтэл Отгонжаргал нь 1 ширхэг палкыг 25 000 төгрөгөөр тооцож үлдэгдэл 280 ширхэг палкыг нэхэмжилж байна. Т.О нь надаас 1 ширхэг палкыг 12 000 төгрөгөөр авсан. Т.Од палкыг өгөөгүй байхдаа гэрээ хийсэн. Гэрээ хийх явцад Т.О нь палкны үнийг 25 000 төгрөгөөр тооцоод биччих учир нь цаашаа компанид зарах гэж байгаа гэхээр нь 25 000 төгрөгөөр тооцоод гэрээ хийсэн. Бид Сүхбаатарын нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хэлцэл гэх баримтаар машины үнийг тодорхойлох боломжгүй байгааг анхаарч үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч Д.С хариуцагч Т.Од холбогдуулан арилжааны гэрээнээс татгалзаж, автомашин авахад төлсөн 37 500 000 төгрөг, шатахууны үнэ 2 500 000 төгрөг, засвар үйлчилгээнд зарцуулсан 4 000 000 төгрөг нийт 44 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 33 000 000 төгрөг болгон багасгасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Т.Оын бусдад төлөх өрөнд түүнээс худалдаж авсан автомашиныг хураан авсан тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэд төлсөн мөнгөө буцаан авна” гэж тайлбарласан байна.
Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бичгийн “Хэлцэл” хийж, уг хэлцэлд ...Д.С нь Т.Оын өмчлөлийн 61-10 БНХ улсын дугаартай “Hino ranger” маркийн хөх алаг өнгийн автомашиныг 37 500 000 төгрөгөөр худалдан авахаар, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 21 250 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн, үлдэгдэл 16 250 000 төгрөг буюу 650 ширхэг палкыг 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх.5/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон автомашиныг нэхэмжлэгч Д.Сын эзэмшилд шилжүүлсэн, үнэд нь палк авсан талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 79 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 02/17030147 дугаартай тогтоолоор хариуцагч Т.Оын шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөрт нэхэмжлэгч Д.Сын эзэмшилд байсан Т.Оын өмчлөлийн 63-10 БНХ улсын дугаартай автомашиныг хураан авсан, уг тогтоолд Д.Сын гаргасан гомдлыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 3/10 дугаартай тогтоолоор хангаагүй татгалзан шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.71/
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр биелэгдэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Д.С Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Отай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Арилжааны гэрээгээр солилцсон палкны үнийг талууд өөр өөрөөр тайлбарлаж нэхэмжлэгч 12 000 төгрөг, хариуцагч 25 000 төгрөгөөр тооцсон гэж маргаж байгаа боловч талуудын 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хийсэн “Хэлцэл”-д “...үлдэгдэл 16 250 000 төгрөг буюу 650 ширхэг палкыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хүлээлгэн өгнө” гэсэн тохиролцооноос үзэхэд нэг ширхэг палкны үнийг 25 000 төгрөгөөр тооцож, нийт 1500 ширхэг палкыг 37 500 000 төгрөгт тооцох үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч 1 ширхэг палкыг 1200 төгрөгөөр худалдаж авсан болохоо нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэл болох палкны үнэ 30 500 000 төгрөгийг хариуцагч Т.Оаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалттай нийцжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохиролд шатахууны үнийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн “...1 ширхэг палкыг 12 000 төгрөгөөр авсан, цаашаа компанид зарах гэж байгаа гэхээр нь 25 000 төгрөгөөр тооцоод гэрээ хийсэн” гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.