| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00186/Э |
| Дугаар | 00162 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 00162
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох 1732000520051 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1976 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, *, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хотигон овогт Далхжавын Д. /РД:*/
Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Дэнжийн № 76 тоотод байрлах иргэн Б.Пүын гэрийн хашаанд хохирогч М.Мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дын өгсөн…. ... 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн үүрээр самраас ирсэн юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед самраа тушааж 300000 төгрөг аваад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажил хийж байсан эхнэр лүүгээ шилжүүлсэн. Хамт явсан Одийг хайгаад нөхөр нь Ши, эхнэр нь Ду гэх айл руу ороход Ши нь гадаа түлээ хагалаад эхнэр Ду нь байхгүй байсан, мөн тэднийд Од байхгүй байхаар нь тэднийхээс гарах гээд явж байхад өөдөөс Ду, Ма хоёр нилээн согтуу нэг шил архи барьчихсан орж ирж таарсан. Би Одийг асуучаад гарах гэхэд Ма над руу дайрч архиа харамлаад байгаа бололтой чи архи авч чадахгүй, ууланд ч амьгүй, энд ч амьгүй гэх мэт зүйл яриад бид хоёр маргалдаад би түүний эрүү, ам орчимд нь нэг удаа цохичоод гараад явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2017 оны 06 дугаар сарын дундуур Мандал сумын Түнхэл 5 дугаар багт амьдардаг Лх гэдэг найзынхаа зил-131 загварын тээврийн хэрэгсэлтэй нь Өлгий гэдэг газарт ууланд самарт яваад 10 гаран хоног явчихаад 2017 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө уулнаас бууж ирсэн юм. Уулнаас бууж ирээд түүсэн самраа тушааж зарчихаад 400000 төгрөгийн ашиг олсон. Тэгээд ууланд самарт хамт явсан Энхээ гэдэг найз Дэнжид байдаг хүнсний дэлгүүрээс 0.75 граммын Хараа нэртэй нэг шил архи авч ирсэн. Тэр архийг зил-131 маркийн машинтай Лхагийн гэрийн хашаанд Энхээ, Хуягаа, Лх бид дөрөв хувааж ууж дууссан. Би нилээн согтсон. Би Лхагийн хашаанаас ганцаараа гараад Ду эгчийн гэрт явж очсон чинь тэднийд надтай хамт ууланд самарт яваад ирсэн Ду эгчийн нөхөр Шиээ ах, Го ах, Маажиг гэж хочилдог Д ах нар байж байсан. Тэгтэл Маажиг ах буюу Д ах надад хандаж ганц юм аваад өгчих гэж гуйхаар нь би ганцаараа Дэнж гэдэг газарт байдаг хүнсний дэлгүүр явж 0.75 граммын хараа архи аваад Ду эгчийн гэрт буцаж очсон. Худалдаж авсан архиа Ду эгч, Шиээ ах, Го ах, Д ах нартай хувааж уусан. Тэгээд би согтчихсон тул сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь Ду эгчийн гэрээс Д ахын хөлнөөс чирэгдээд гадаа гарч байснаа муухан санаж байна. Унтаж байгаад өглөө сэрсэн чинь Ду эгчийн хашаанд нь байдаг амбаарт нь шалан дээр байдаг падуушиг дээр сэрсэн. Сэрээд хартал Го ах бас Ду эгчийн амбаарт хажуу талын орон дээр унтаж байсан. Би өглөө сэрэхэд миний баруун талын нүдний шанаа, эрүү, хамрын орчим хавдчихсан, толгой лугшиж өвдөөд байсан. Толгойгоо хөдөлгөх гэхээр дагз орчимдоо сул юм хөдлөөд байгаа юм шиг өвдөөд байсан..... Би толгойгоо бариачаар бариулчхаад буцаж гараад Д ахын гэрт очсон чинь гэртээ согтуу унтаж байсан. Би Д ахыг дуудаж сэрээгээд та дүүгээ яаж байгаа юм бэ гэж асуусан чинь Д ах чи өөрөө согтуу амнаасаа болж далжиганаж байж цохиулсан биз дээ гэж хэлчхээд буцаад унтчихсан гэх мэдүүлэг /Хх-н 16-17 дугаар хуудас/
Гэрч Б.Пүын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Хоёр сар орчмын өмнө Маажига нь Ма гэх нэг залууг зодсон. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэр өдөр Ма Маажигад зодуулсан. Би Мын төрсөн дүү болох Батмөнхөд ахыг чинь Маажига зодсон арай дэндүү болгосон шүү гэж хэлсэн чинь тэр хамаагүй гэж хэлээд Батмөнх нь надаас 20000 төгрөг зээлээд яваад өгсөн. Тэр өдөр Маажига нь Мын толгой дээр нь өшиглөөд дэвсээд янз янзаар их аймар зодсон. Ямар ч шалтгаангүй зүгээр архи ууж сууж байгаад шууд зодчихсон гэх мэдүүлэг /Хх-н 43-44 дүгээр хуудас/
Гэрч А.Дусгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ............. 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр Лхдоржтой самарт явсан Мө надад 400000 төгрөг хадгалуулчихаад өөрөө манай гэрээс гараад явсан. Тэр өдрөө буюу 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт дахиж орж ирээгүй, харин маргааш өдөр нь буюу 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирсэн. Тэр үед Мын нэг нүд хөхөрчихсөн, хамар нь муруйчихсан байсан. Би Маас юу болсон талаар асуухад Маажиг /Д/ архи авч өг гэхээр нь адилхан самарт явж мөнгөтэй болчхоод өөрөө аваад уугаач гэсэн чинь намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Ма надад хадгалуулсан 400000 төгрөгөө аваад Батмөнх дүүтэйгээ хамт рейлбус хурдан галт тэргээр Дархан-уул аймаг руу явчихсан юм гэх мэдүүлэг /Хх-н 51 дүгээр хуудас/
Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн акт № 01 ........ Дүгнэлт:
1.Мын биед тархи доргилт, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. КТГ-н шинжилгээ хийлгээгүй тул эрүүний ясны хугарал байх магадлалтайг тогтоох боломжгүй.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 84 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын Д.Д нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүийн хамт Дэнжийн № 37 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 88 дугаар хуудас/
Д.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 89 дүгээр хуудас/
Д.Д нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 90 дүгээр хуудас/
Хохирогч М.Мын Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан Дтай сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /Хх-н 93 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Дэнжийн № 76 тоотод байрлах иргэн Б.Пүын гэрийн хашаанд хохирогч М.Мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Д нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах торгох ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, мөн шүүгдэгч Д.Дын хохирогч М.Мыг цохиж зодсон үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэв.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан, мөн шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч М.Ма нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, Д.Дтай сайн дураараа эвлэрсэн гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хотигон овогт Далхжавын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН