Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 00165

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Ш.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох 1732000490068 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Алтанбулаг суманд 1974 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, *, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбасүрэнгийн Х. /РД: */

 

           Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 14-15 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт байрлах ашиглагдахгүй болсон эвдэрхий барилгын балгас дотор иргэн Ш.Нтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хгийн өгсөн…. ...  2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Н эгчтэй таарч архи уусан. Сүүлдээ Га таарч гурвуулаа барилгын балгас дотор архи ууж байгаад Н эгчтэй маргалдсан байсан. Би маш их согтсон байсан болохоор юу болсон яаснаа ч санахгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг

Хохирогч Ш.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би гэрээсээ гараад явж байгаад Хтэй таарахад надаас 1000 төгрөг байна уу гэж асуухаар нь байгаа гээд 1000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр дэлгүүр орж архи аваад Одбаяр гэдэг айлд орсон. Одбаярын гэрт хүмүүс бас архи ууж байсан. Тэгэхээр нь тэднийд тэр архиа уусан. Х бид хоёр Одбаярын гэрээс гарч Элит дэлгүүр орж дахин архи аваад Одбаярынд буцаж ороод уусан. Тэгээд архи дуусахаар нь дахин гарч Элит дэлгүүр орж архи авчихаад явж байгаад Гатай таараад бид гурав одбаярынд очихоо болиод эвдэрхий барилгын балгас руу орж архиа уусан. Тэгээд архинаасаа болж маргалдаад би босоод явахад эхлээд Га миний хүзүү рүү гараараа түлхэх шиг болсон. Би яаж байнаа гээд эргээд харахад Х шилтэй архиар толгой руу цохисон. Би ухаан алдаад унасан. Манай хүүхдүүд намайг тэнд ухаан алдаад хэвтэж байгааг мэдээд ирээд түргэн дуудсан байсан. Би одоо эмчилгээний зардалд 320000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдол гээд байх юм алга, хохирлыг минь хурдан барагдуулж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч П.Гаын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд худалдааны гудамжны хоёр хүү дэлгүүрийн тэнд явж байтал Ш.Н эгч, Б.Х нартай таарсан. Тэгсэн Хоёр хүү дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Буудай нэртэй архи худалдаж аваад Ш.Н эгч намайг дүү нэг 100 татах уу гэхээр нь тэгье аниа танайх руу явах юм уу гэсэн чинь үгүй үгүй гээд балгас руу явсан. Тэгээд балгасанд ороод Б.Х архинаас надад нэг хийж өгсөн тэгэхээр нь би татчихаад за за би явлаа гэсэн чинь тэр хоёр тэндээ үлдсэн. Үүнээс нилээн хэд хоногийн дараа Н эгч бусдад зодуулсан талаар мэдсэн..... Н эгч, Х хоёр архиа би хийнэ би тойруулна гээд хоёулаа булаацалдаад байсан. Тэгж байснаа Х шилтэй архийг аваад толгой руу нь цохисон. Тэгсэн Н эгч орилтол ахиад нэг цохисон. Хоёр дахь удаагаа цохиход шил нь хагарсан. Бас Н эгч газар унасан гэх мэдүүлэг /Хх-н 30, 35 дугаар хуудас/

Гэрч Б.Алгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .............2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд манай төрсөн эгч Б.Энхтуяа над руу утсаар яриад 3 дугаар багийн арын байрны ар талын балгас дотор ээж Ш.Н ухаангүй цус алдчихсан хэвтэж байна гэж хэлсний дараа би замын ар талын раман дээр явж байгаад такси бариад 10 минутын дараа шууд яваад очтол эзэнгүй балгас дотор хажуу тийшээ харчихсан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би түргэн тусламж дуудаад ирэхгүй байхаар нь багийн өрхийн эмч дуудахад ирсэн. Өрхийн эмч болох 3-4 эмч, сувилагч нар ирж үзсэн. Эмч нартай цуг шахуу Цагдаагийн хүмүүс ирсэн. Эмч нар ирж үзээд цус алдаад ухаан алдсан байна гээд дусал тариа зэрэг хийсэн. Хийж дууссаны дараа түргэн тусламжийн машинаар нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод оёдол хийлгээд гаднаас надаар эм тариа авахуулж хийсэн гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 186 ...... Дүгнэлт:

1.Нгийн биед толгойн баруун талд чамархайд зүсэгдсэн шарх, ар дагз, зулай орчимд язарсан шарх, баруун талд чамархай, ар дагз, зулай орчим зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 48 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 09-12 дугаар хуудас/

Б.Хгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 57 дугаар хуудас/

Б.Х нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 60 дугаар хуудас/

Хохирогч Ш.Нд хохирлын 320000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай шүүгдэгч Б.Хгийн Цагдаагийн хэлтэст гаргасан баталгаа /Хх-н 63 дугаар хуудас/ зэрэг болно.

                   

            Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 14-15 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт байрлах ашиглагдахгүй болсон эвдэрхий барилгын балгас дотор иргэн Ш.Нтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Хгийн хохирогч Ш.Нгийн толгой руу архины шилээр цохисон үйлдэл нь би архи тойруулна гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Хгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого  олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Ш.Нгийн эмчилгээний болон бусад зардалд 320000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 320000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  гэснийг тус тус дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Бямбасүрэнгийн Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Хг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Хгээс 320000 /гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын № 17 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Шаравжамцын Нд /РД:МЭ53051962/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Хд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН