Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01371

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01029  дугаар шийдвэртэй

Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох

Төлбөр төлөгчөөс төлсөн 4 800 000 төгрөгийг хууль зөрчин төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2005.05.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгох тухай хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: холбогдуулан Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 тоот шийдвэрээр Б.Бээс 14 622 080 төгрөг гаргуулж “Боловсрол сан Орлёнок” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчөөс 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаасан 4 800 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагчид олголгүйгээр өөрийн дансанд хууль бусаар байршуулж байна. Улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг 2005 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гарган төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болгосон. Ийнхүү шийдвэрлэхдээ тус албаны дансанд тушаасан 4 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид олголгүй нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт суутгасан хэмээн ойлгуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан тогтоол гаргажээ. Б.Б 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хамтын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө төлбөрт тооцон өгснөөс хойш 4 800 000 төгрөг буцаан авах хүсэлтийг НШШГГт хандан 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус гаргасан ч уг мөнгийг эргүүлэн олгоогүй, нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт ч суутгаагүй, удаа дараагийн гаргасан хүсэлтийг нь ч хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй орхигдуулсан болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181\ШШ2017\02698 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Дээрхи шийдвэр бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгчийн гаргасан тайлбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210\МА2017\02538 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 001\ХТ2018\00559 тоот тогтоолуудад 4 800 000 төгрөгийг 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Бт эргүүлэн өгсөн болох нь тогтоогдоогүй тухай дүнэлт хийж уг асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй болохыг зааж өгсөн. НШШГГт 4 800 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хүсэлтийг гаргасан ч 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Бт буцаан олгосон нь хууль зөрчөөгүй гэх хариуг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4/439 дугаар хариу мэдэгдэх хуудсаар өгсөн учир уг шийдвэрт гомдол гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/165 дугаар тоотоор “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Б.Б хэрвээ эрх нь хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд хандах нь зүйтэй” гэсэн хариу өгснийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр газар бусдын төлбөрт тооцон өгсөн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчин дансандаа хууль бусаар байлган, гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсны дараа төлбөр төлөгчид буцаан олголгүй төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул төлбөр төлөгчөөс 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлбөртөө тушаасан 4 800 000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлээгүй, гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөр төлөгчид 4 800 000 төгрөгийг хуульд заасны дагуу буцаан олголгүй эрхийг нь зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.  Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхээс үзлэг хийсэнтэй холбоотойгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, НШШГГ буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын протоколыг хүчингүй болгуулах гэж шаардлагаа нэмэгдүүлж, шаардлагуудаас 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хууль зөрчсөн эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгох гэж өөрчилсөн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр, Р.Азбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр Б.Бээс 14 622 080 төгрөгийг гаргуулж “Боловсрол сан Орлёнок” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр Б.Баярцэцгийн хамтран өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 хороо 2-40 мянгат, 22 байр, 59 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, үнэлүүлэн, албадан дуудлага худалдаагаар оруулахад худалдан аваагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөр авагчид 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг дуусгвар болгосон. Тус албаны кассанд Б.Бийн нөхөр О.Зоригтбаатарын 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаасан 4 800 000 төгрөгийг 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгчид буцаан олгосон гэж байсан ч санхүүгийн баримт тусдаа байснаас бид шийдвэрээс хойно 2005  оны 6 дугаар сарын 06-ны өдөр буцаан олгосон санхүүгийн баримтыг олж хэрэгт өгсөн. Б.Б нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйл 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрийг мэдэж байсан бөгөөд тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ахлах гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргаж байгаагүй, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох, төлбөр төлөгчөөс төлсөн 4 800 000 төгрөгийг хууль зөрчин төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2005.05.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн Албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийг зөрчсөн эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгохыг хүссэн Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 210 600 төгрөгийг орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь зохих ёсоор үнэлээгүй, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн /2002 он/ 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд /2002 он/ заасан заалтыг хэрэглэх ёстой байсан боловч энэ заалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх “...О.Зоригтбаатар 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр төлөгчийн төлбөрт 4 800 000 төгрөг тушаасан байна. Гэтэл төлбөр төлөгчийн өмнөөс түүний нөхөр төлбөрт нь 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаасан 4 800 000 төгрөгийг дээрх хуульд заасан хугацаанд хариуцагч нь төлбөр авагчид олгоогүй буруутай байх бөгөөд ийнхүү олгоогүйгээ няцааж чадаагүй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр төлөгчөөс төлсөн 4 800 000 төгрөгийг Шийдвэр гүйцэтгэх газраас нь төлбөр авагчид олгоогүй үйл баримтын тухай дүгнээд энэ дүгнэлтийн үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг болохыг тодорхойлсон байна. Хариуцагч нь 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгчид буцаан олгосон гэж тайлбарласан ч нэхэмжлэгчийн 2005 оны 6 дугаар сарын 15, 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд 4 800 000 төгрөгөө буцаан олгуулахаар хүсэлт гаргаж байснаар үгүйсгэгдэж байна. Хэрэгт авагдсан 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтад шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр нь бэлнээр төгрөгийг авсан, арын хуудас дээрх тэмдэглэгээгээр Б.Б нь төгрөгөөс 960 000 төгрөгийг нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт үлдээхийг 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зөвшөөрсөн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “ төлбөр төлөгчөөс төлсөн 4 800 000 төгрөгийг хууль зөрчин төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох” шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлт хийгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг баримтлан уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж ойлгогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах эрхийн тухайд зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгээс гадна шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагааны тухайд гомдол гаргах эрхийг мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсгээр хуульчилсан. Төлбөр төлөгч Б.Б болон түүний хамаарал бүхий этгээдүүд болох Ж.Долгор, Г.Төмөр, Г.Дөлгөөн, О.Зоригтбаатар нарын 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл удаа дараа гаргасан өргөдөл гомдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйл, 143 дугаар зүйлүүдэд зааснаас гадна Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу заавал хариу өгч гомдлыг хэрхэн шийдвэрлэх тухай, хэрвээ гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол яагаад шийдвэрлэх боломжгүй тухайд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үндэслэл бүхий хариуг өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү хариу өгөөгүй үйл баримт нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эс үйлдэхүйгээрээ төлбөр төлөгч Б.Бийн эрхийг зөрчсөн болохыг нотолж буй үйл баримт болох юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр төлөгч болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс гаргасан өргөдөл гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсгийг баримтлан ханган шийдвэрлэх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлтийг үндэслэлтэй хийгээгүй гэж үзэхээр байна. Албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэр протокол нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагддаггүй тухайд хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргадаг бөгөөд энэ хурлын протоколыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогчдод танилцуулах тухайд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ямар нэгэн заалт огт байхгүй. Иймд дээрх санал болгох хуралд хэлэлцсэн үл хөдлөх эд хөрөнгө болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч төлбөр авагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг хуралд оролцуулан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн асуудал илт үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн энэ шаардлагыг ханган шийдвэрлэх үүргээ шүүх биелүүлээгүй гэж үзэж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч талаас удаа дараагийн өргөдөл хүсэлт гаргаж байсан асуудалд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь огт хариу өгөөгүй атлаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг үйлдсэн нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс үйлдэхүй гэж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт шүүхээс үзлэг хийхэд 2005-05-26-ны өдрөөс 2005-06-27-ны өдөр хүртэл хугацаанд 4 удаагийн өргөдөл хүсэлтийг бичгээр гаргасан баримт авагдсан болох нь тогтоогддог. Гэхдээ эдгээр хүсэлт өргөдөлд хариу өгсөн баримт огт байдаггүй, хариуцагч байгууллагын төлөөлөгч нар ч хариу өгөгдөөгүй гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаад тогтохгүй хэрэг нотлох баримтаар авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд авагдсан нь хариуцагч байгууллагын эс үйлдэхүй гэж хэнд ч ойлгогдохоор байтал шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу дуусгавар болсон гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болно. Анхан шатны шүүхийн шийдвэртээ нэрлэн заасан дээрх шийдвэр, магадлал, тогтоол,шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 4 800 000 төгрөгийг буцаан олгоогүй болох талаар хангалттай тайлбар авагдсан, мөн 4 800 000 төгрөгтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй болох тухайд дүгнэлт хийгдсэн байсан болох талаар анхааралгүйгээр дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль бус дүгнэлт болсон гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гарган өгсөн Банк, Хадгаламж Зээлийн Хоршоодын Төлбөр Барагдуулах Ажлын Албанаас гаргуулан авсан 2005-06-30-ны өдөр О.Зориггбаатарын төлбөрт шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяраас 960 000 төгрөгийг Анод банкны төлбөрт шилжүүлсэн баримтыг шүүх хэрхэн яаж үнэлсэн, энэ баримт гарч ирсэн асуудал нь төлбөр төлөгч Б.Бийн төлбөрттолсөн 4 800 000 төгрөгөөс 960 000 төгрөгийг О.Зоригтбаатарын төлбөрт нь суутган үлдэх 3 840 000 төгрөгийг нь Б.Бт эргүүлэн олголгүйгээр ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг үйлдсэн шийдвэр гүйцэтгэлийн албаны эс үйлдэхүйтэй холбогдох эсэх талаар шүүх огт хийгээгүй байна. Гэтэл Банк хадгаламж зээлийн төлбөр барагдуулах ажлын албанаас 2019-08-23-ны өдөр “Анод банк” ХХК-тай холбоотой тооцоог тулгах үед авсан тооцоогоор 2005-06-30-ны өдөр 960 000 төгрөгийг О.Зоригтбаатарын төлбөрт шилжүүлсэн болох нь мэдэгдсэн бөгөөд энэ үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлага болон хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч хамааруулан тайлбарласан тайлбарт шүүх дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан төлбөр төлөгчөөс төлсөн 4 800 000 төгрөгийг төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2005.05.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэр /протокол/-ийг хүчингүй болгуулахаар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийг зөрчсөн эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх.1-2, 44/

            Хариуцагч НШШГГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан /2002/ хугацаа өнгөрсөн” гэж тайлбарлажээ.

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр Б.Бээс 14 622 080 төгрөг гаргуулан “Боловсрол сан Орлёнок” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, О.Зоригтбаатар 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр төлөгчийн төлбөрт 4 800 000 төгрөг тушаасан байна. /1хх.52/

            Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлд Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрийг Баянгол дүүрэг, 5 хороо, 45-15 тоот байрыг Ш.Баттөрд олгохоор шийдвэрлэжээ. /1хх.18/

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр зээлийн барьцаанд байгаа Чингэлтэй дүүргийн 2-40 мянгат, 22 байр, 59 тоот орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02698 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02538 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2018\00559 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээх, Чингэлтэй дүүрэг, 2 хороо, 2-40 мянгат, 22 байр, 59 тоот орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх тухай Б.Бийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

Б.Б нь 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг зөвшөөрч, зөрүү төлбөрт 796 810 төгрөгийг 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдөр буцаан авсан, төлбөрт төлсөн 4 800 000 төгрөгийг буцаан авахаар хүсэлтийг мөн өдрөө гаргасан байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана гэжээ.

Хариуцагч нь 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгчид буцаан олгосон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн 2005 оны 6 дугаар сарын 15, 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд 4 800 000 төгрөгөө буцаан олгуулахаар хүсэлт гаргаж байжээ./1хх.15-17/

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Бийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.