Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Баттогтох |
Хэргийн индекс | 112/2015/0033/З |
Дугаар | 18 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Саранчимэг, шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************************** оршин суугч Б.Сайнхүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тус аймгийн ХХ даргын 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх шаардлага бүхий хэргийг давж заалдах шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 30-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сайнхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, Х.Мөнгөнхорол гуравдагч этгээд Т.Эрдэнэсүрэн, иргэдийн төлөөлөгч П.Мягмарсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сайнхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Баасай овогтой Сайнхүү нь Говь-Алтай аймгийн ХХт 2013 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжлийн боловсрол, түншлэлийн асуудал, хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох ажлын байр хадгалах хөтөлбөр, залуучууд мэргэжлийн боловсрол төгсөгчдийг дэмжих хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ХХ М.Мянганбуу нь Б/04 тоот тушаал гаргаж тус тушаалаар байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан ажлаас чөлөөлж байна гэж хууль бус үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Сайнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай тайлбартаа:
Говь-Алтай аймгийн ХХ даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна. Хөдөлмөрийн сайдын тушаалаар Мэргэжлийн боловсрол, түр сургалт хариуцсан мэргэжилтний ажлын байр нэршлийн хувьд байхгүй болсон.
Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаал дээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 орон тооны захиргааны албан тушаал миний ажлын байрны чиг үүрэгтэй адилхан. Би төрийн жинхэнэ албан хаагч байхад намайг халаад үйлчилгээний албан хаагч болох Т.Эрдэнэсүрэнг төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоо болох төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоон дээр ажилуулаад байгааг хууль бус гэж үзэж байна. Мөн уг орон тоон дээр ажилчдын дунд хуулийн шалгалт авч сонгон шалгаруулалт хийнэ гэсэн хэрнээ тус шалгалтын дүнг үнэлэхгүй, төрийн албаны шалгалтад тэнцээгүй Т.Эрдэнэсүрэнг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтнээр ажилуулж байгаа нь хуульд нийцэхгүй учир түүнийг томилсон тушаалыг хүчингүй болгож, уг албан тушаалд намайг томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5090000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх шаардлага гаргаж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5090000 төгрөгийг тооцохдоо Б.Сайнхүүгийн эрхэлж байсан ажлын байр албан тушаалаар тооцсон, яагаад вэ гэвэл түүнийг халсан тушаал буруу байсан эрхийг нь зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч ажлын байрны чиг үүрэг хадгалагдсан бол түүнийг үргэлжлүүлэн ажилуулах ёстой, орон тоо цөөрсөн бол үр дүн мэргэшил, ур чадвар, дадлага туршилгаар шалгаруулж авах ёстой. Б.Сайнхүү энэ талаар төрийн жинхэнэ албан хаагч учир давуу эрхтэй, дадлага туршлагатай. Төрийн албаны тухай хуульд төрийн албан мэргэшсэн тогтвортой байх, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д 25 дугаар зүйл, 26.3.1-т зааснаас бусад тохиолдолд халагдахгүй байх баталгааг хуулиар баталгаажуулсан. Мөн ажлаас чөлөөлөхдөө мэдэгдлийг 30 хоногоос өмнө бичгээр мэдэгдэхээр хуульд заасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, Х.Мөнгөнхорол нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч Б.Сайнхүү нь ХХт Мэргэжлийн боловсрол,түр сургалт хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар түр, мөн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан ба Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаалаар энэхүү ажлын байр нь байхгүй болж, ахлах мэргэжилтний ажлын байрын тодорхойлолтонд нэмэгдэж ирсэн. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан байгууллагын нийт ажилчдад мэдэгдэх хуудсыг хугацаанд нь өгсөн. Б.Сайнхүү анх ажилд томилогдохдоо хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан.
Б.Сайнхүү нь төрийн албан хаагчийн шалгалтыг өгөхдөө мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний орон тоон дээр бус мөн тухайн харъяалах нутаг дэвсгэрт биш Ховд аймагт болсон шалгалтанд орж Говь-Алтай аймгийн ХХт мэргэжлийн боловсролын сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар 17.4 төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан нөөцийг бүрдүүлэх журмын 5.2, 6.2, 6.5 дахь заалтыг зөрчсөн байна. Б.Сайнхүүг Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, мөн тус хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгчид нь жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжилтний ажил санал болгосон боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй.
Иймд Б.Сайнхүүг Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 сарын 29-ний А/127 дугаар тушаалаар батлагдсан шинэ бүтэц орон тооны дагуу ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Б.Сайнхүүгийн шүүхэд гаргасан өргөдлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Т.Эрдэнэсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2014 оны 07 дугаар сарын 01-ий өдөр Говь-Алтай аймгийн ХХт орж, 2014 оны 09 дүгээр сарын 01-ээс Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Намайг анх Хөдөлмөрийн хэлтэст ажилд ороход Б.Сайнхүү нь Мэргэжлийн боловсрол, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн сайдын А/127 дугаар тушаалаар батлагдсан бүтэц орон тооны дагуу Мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтний ажлын байр нь ахлах мэргэжилтэн Н.Баярсайханы ажлын байртай нэгдэж, Түр сургалт нь төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Энхтайваны ажлын байртай нэгдсэн. Б.Сайнхүүгийн ажлын байр нь миний хариуцаж буй төсөл хөтөлбөр хариуцсан ажлын байрны чиг үүрэгтэй ажлын байрны тодорхойлолтын хувьд огт өөр, ижил төстэй зүйл үгүй өөр чиг үүргийн албан тушаал юм. Би энэ ажлын байран дээр
2 жил ажиллаж байгаа бөгөөд бүтэц орон тоо минь хэвээр хадгалагдаж, ажлаа үргэлжлүүлж байгаа түүнээс хэн нэгний ажлын байрыг булаасан зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх заалтын дагуу ХХ даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж цуцлах үндэслэл байхгүй байна. Б.Сайнхүү нь бүтэц орон тоо, энэ өөрчлөлтийг өөрөө мэдсээр байж өөрийн ажлын байрны чиг үүрэгт огт хамааралгүй намайг хариуцагчаар татаж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Сайнхүү нь нэхэмжлэлдээ өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагчид тооцож нэхэмжлэл гаргасныг хууль бус гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан хаагч бол зөвхөн тухайн зарласан ажлын байран дээр, тухайн орон нутагт шалгалт өгч тэнцсэн хүнийг ойлгоно гэж би үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:
Талуудын тайлбар мэдэгдлийг сонсоод иргэн Б.Сайнхүү үндэслэлтэй нэхэмжлэл гаргасан байна гэж үзлээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сайнхүү тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Говь-Алтай аймгийн ХХ даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож Мэргэжлийн боловсрол, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Говь-Алтай аймгийн ХХ даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар Т.Эрдэнэсүрэнг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг хүчингүй болгож, уг албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5090000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл төлүүлж төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Сайнхүү нь тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтэн, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 тушаалаар Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр төрийн албаны мэргэжлийн шалгалтад тэнцсэн үндэслэлээр 3 сарын туршилтын хугацаагаар тус, тус томилогдон ажиллаж уг хугацаанууд дууссан ч үргэлжлүүлэн ажиллуулснаас үзвэл түүний эрх зүйн байдлыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзэх боломжтой байна.
Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар аймаг нийслэл дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаалын дагуу тус аймгийн мэргэжлийн боловсрол, түр сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Сайнхүүгийн ажлын байр тус хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод нэршил болон чиг үүргийн хувьд нэгдэж ирсэн гэх хариуцагчийн тайлбар хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар болон 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар аймаг нийслэл дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаал, тухайн ажлын байрнуудын тодорхойлолт, тус хэлтсийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэлд энэ талаар тусгагдсан байдал, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар Аймаг нийслэл дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаалд аймагт Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн-1, Мэргэжлийн боловсрол, түр сургалт хариуцсан мэргэжилтэн-1 /Б.Сайнхүүгийн ажлын байр /, Хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн-2 гэсэн бүтэцтэй байсан бол 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/127 дугаар аймаг нийслэл дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай Хөдөлмөрийн сайдын тушаалд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, Мэргэжлийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн-1, /Мэргэжлийн сургалт хариуцсан гэж ахлах мэргэжилтэнд нэмэгдэн, Мэргэжлийн боловсрол түр сургалт гэх Б.Сайнхүүгийн орон тоо хасагдаж/, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн-2 гэж хэвээр батлагджээ.
Нэхэмжлэгчийн маргаж буй ажлын байранд Т.Эрдэнэсүрэн тус хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №Б/26 дугаар тушаалаар Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 сарын туршилтын хугацаатай томилогдож, ТҮ-7-1 шатлалаар цалинжиж, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тус хэлтсийн даргын №Б/09 тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр /2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар туршилтын хугацаагаар гэж /томилжээ. Т.Эрдэнэсүрэнг томилсон туршилтийн хугацааг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр баталсан №2 Төрийн жинхэн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журамын 5 дахь хэсэгт заасан “ ...туршилтын нийт хугацаа 1 жилээс хэтрэхгүй байна.” гэсэн хугацааг хэтрүүлэн 2 дахь удаагаа тогтоосон байх тул уг хугацаа дууссан гэж үзэхээс гадна 2014 болон 2015 оны аймаг нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай Хөдөлмөрийн сайдын тушаалаар уг бүтэц орон тоо өөрчилөгдөөгүй хэвээр хадгалагдсан /ажлын байрны тодорхойлолтод ТЗ-5 албан тушаалын зэрэглэлтэй/ байна.
Нэхэмжлэгч Б.Сайнхүү болон түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нараас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-г үндэслэн байгууллагийн бүтэц өөрчлөгдсөн боловч ажлын байрны чиг үүрэг хадгалагдсан тул үргэлжлүүлэн ажилуулах ёстой, хэрэв орон тоо цөөрсөн бол үр дүн мэргэшил, ур чадвар, дадлага туршилгаар нэхэмжлэгчийг шалгаруулж авах ёстой гэж маргажээ. Нэхэмжлэгч Б.Сайнхүүгээс үл хамаарах шалтгаанаар түүний албан тушаалын орон тоо хасагдсан байх тул орон тоо цөөрсөн нөхцөл байдалд хангагдах ёстой төрийн албан хаагчийн баталгааг нэхэмжлэгч эдлэх эрхгүй байна. Нэхэмжлэгч Б.Сайнхүүгийн ажиллаж байсан Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Мэргэжлийн боловсрол, түр сургалт хариуцсан мэргэжилтний ажлын байр нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/127 дугаар аймаг нийслэл дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаалаар хасагдсан байх тул Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №Б/09 дугаар тушаалын “ тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэнээр Т.Эрдэнэсүрэнг томилсон хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалд Б.Сайнхүүг томилж” ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулснаар төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангуулах тухай Б.Сайнхүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №Б/09 дугаар тушаалын “ тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэнээр Т.Эрдэнэсүрэнг томилсон хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалд Б.Сайнхүүг томилж” ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5090000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх тухай Б.Сайнхүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Сайнхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.САРАНЧИМЭГ
Э.ЗОЛБАДРАХ