Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0018

 

                                                   М.О-гийн нэхэмжлэлтэй

                                                   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0786 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.О-гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0786 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.О-гийн “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуурамч буюу сонгон шалгаруулалт явуулаагүй, нөхөж бичиж шүүхэд гарган өгсөн болох нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, уг маргаан бүхий акт нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 дугаар тушаал юм. Энэхүү тушаалыг гаргахаас өмнө сонгон шалгаруулалт хийж ажлаас чөлөөлөх процесстой байтал тушаал гарсны дараа буюу 10 дугаар сарын 03-нд хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс хуралдаж, 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн М.О, Ц.Хашчулуун нарын туршлага, чадварыг харьцуулан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хэн нь илүү хангаж байгаа талаар дүгнэлт гаргаж, сонгон шалгаруулалт явуулсан гэх тайлбар, нотлох баримт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ нь Ц.Хашчулууныг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн, энэ үүргээ хэрэгжүүлээгүй болох нь нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6-д тодорхой хуульчилсан байхад хуулиар тогтоосон журмыг зөрчсөн асуудлыг зөвтгөж, хариуцагч хэрэгжүүлэхгүй байх эрхтэй мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн төдийгүй амьдралын практикт нийцэх үндэслэлгүй шийдвэрлэжээ. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын итгэмжлэлийг шалгахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасан эрх олгогдсон байсан тул эвлэрэх хугацаа авч хуралдааныг хойшлуулсан. Гэвч хариуцагч тал нэхэмжлэгчтэй холбогдоогүй бөгөөд уг хугацаанд шүүхэд эвлэрэх саналаа бичгээр ирүүлсэн байх боловч гэрийн хаягаар ирүүлээгүй ба шүүхээс ч танилцуулаагүй. Мөн 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч хариу тайлбар болон бусад нотлох баримт гаргаж өгсөн боловч түүнтэй танилцах, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй юм.

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Э.Энхтуулаас даргалагч “2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг хэн төлөвлөсөн бэ” гэж асуухад “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн буюу өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Л.Наранболд төлөвлөсөн” гэж хариулсан. Гэтэл Л.Наранболд нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр томилогдсон байж 3 хоногийн өмнө тушаал төлөвлөж хагас бүтэн сайнгүй ажиллах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч М.О- гэрч Э.Энхтуулаас “Б/32 дугаар тушаалтай санал нийлэхгүй гэдгээ илэрхийлж байхад та байсан уу?, байсан бол миний асуудалд холбогдуулан өгсөн аман хариуг та сонсож байсан уу?” гэж асуухад “Би сууж байсан боловч мэдэхгүй байна” гэж хариулсан. Энэхүү хариултаас харахад даргын өрөөнд сууж байсан ба түүний Ц.Оюунбаасантай ярилцсан яриа, өгсөн хариултыг сонсоогүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Хэрвээ ажилд нь эгүүлэн томилох тухай яриа болоогүй бол түүнийг үгүйсгэж гэрчийн мэдүүлэг өгөх байсан.

Уг албан тушаал 2014 онд хороодод шинээр бий болж 9 дүгээр сард М.О- томилогдсон ба 10,000 хүн амтай газарт 2 халамжийн ажилтантай байх журам яамнаас гарсаны дагуу нэг хүн нэмж өгөхөөр болж 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ц.Хашчулуун нэмэлтээр орж ирсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шийдвэрт тусгаагүй байна. Мөн шүүхийн шийдвэрээс харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 /106.3.1-106.3.13, 106.3.14/ дахь хэсгийг бүхэлд нь удирдлага болгосон байх тул хууль зүйн хувьд алдаатай байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар тус хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ажлын байрны орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.О-г 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар Ц.Хашчулуун нь дүүргийн 2 дугаар хороонд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд ажиллаж байсан М.О, Ц.Хашчулуун нарыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж “2 дугаар хорооны мэргэжилтнээр Ц.Хашчулууныг томилохоор санал нэгтэйгээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд би 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах байсан...” гэж тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх зөвхөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтын тэмдэглэл гэх баримтыг үндэслэж “хариуцагчаас сонгон шалгаруулалтын комисс байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо хариуцсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний 2 мэргэжилтнээс Ц.Хашчулууныг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ямар тушаал шийдвэрээр хэн хэний бүрэлдэхүүнтэйгээр сонгон шалгаруулалтын комиссыг байгуулсан мөн түүнчлэн уг сонгон шалгаруулалтын комисс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сонгон шалгаруулалт явуулахдаа нэхэмжлэгч болон Ц.Хашчулуун нарын мэдлэг, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг хэрхэн харгалзсаныг тодруулах, үүний тулд тэдгээртэй холбоотой бүх баримтыг цуглуулж, хэрэгт нотлох баримтаар авч үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай.

Түүнчлэн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хороо хариуцсан мэргэжилтний орон тоо 41 байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар тогтоогдож байх ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний орон тоо-42 байх тул нэхэмжлэгчийн маргаж буй ажлын байрны орон тоо хэрхэн цөөрсөн гэж үзэж байгаа талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, мөн энэ талаарх баримтыг хэрэгт цуглуулаагүй байна.

Дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                    Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                                                                                         Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                                                                                         Ц.САЙХАНТУЯА