Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00112

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж   тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Д.Уранчимэг

Хохирогч П.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Цд холбогдох 201718020126 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1978 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон үзэгч, засварчин мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдрах, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй,

- 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 03/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 03 жил 06 сар 05 хоногийн хорих ялаар

- 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дунын 2 дугаар шүүхийн № 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар 50000 төгрөгний эд хөрөнгө хурааж 05 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мягмаржавын Ц. /РД: */

 

Шүүгдэгч М.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Сэвсүүлийн ам гэх газар иргэн П.Сгийн хоолойг боож, цохиж зодох зэргээр хүч хэрэглэн довтолж 6000000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус 11 маркийн 51-59 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 76000 төгрөгийн үнэтэй самсунг маркийн гар утас, 75000 төгрөгийн үнэтэй LG маркийн гар утас, бэлэн мөнгө 271000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цийн өгсөн….... Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

Хохирогч П.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ......  Би тэр өдөр вокзйлын урд талын нүхэн гарц дээр байхад Ц гэх энэ залуу хүрч ирээд намайг таксинд авч явсан. Тэгээд Нарангийн гудамжинд 251 тоотод хүргүүлсэн. Таныг дуудна шүү Өлөнт явж хүнтэй уулзана гээд утасны дугаар аваад үлдсэн. Би төвөөр таксинд явж байтал утас дуугарч намайг Ц дуудсан. Би явж очоод Цийг аваад явж байхад Өлөнтийн айл маань Сэвсүүлийн ам руу нүүчихэж гээд Сэвсүүлийн ам руу явсан. Тэгээд явж байх замдаа Ц өөрийгөө Замын-Үүдэд том машин барьдаг гэж ярьж байсан. Сэвсүүлийн ам өгсөөд явж байтал худаг дээр нэг хүн байсан чинь түүнтэй уулзаад юм яриад зогсоод байхаар нь би явъя гэж сигналдахад хүрч ирээд энэ хүн миний очих айлыг мэдэхгүй байна дээшээ явъя гээд явсан. Дээшээ өгсөөд нилээн явж байгаад бие засъя гэхээр нь зогсоод би бас бууж бие засчихаад хүрч ирээд машиндаа сууж байтал Ц гаднаас орж ирээд арын суудалд суусан. Тэгснээ миний хоолойг шууд боогоод би ухаан балартахад намайг унагаагаад өшиглөөд байсан. Миний дотор муухайраад эвгүй оргиод ухаан балартсан. Тэгэхэд Ц миний машиныг унаад яваад өгсөн. Би хэсэг байж байгаад ухаан ороод машин замаар гүйж явтал Ц буцаж давхиж хүрч ирээд надыг барьж аваад цохисон байх би ухаан алдсан байсан. Би түүнээс хойш яаснаа ч мэдэхгүй байгаа юм. 2 ширхэг гар утасны үнэ, бэлэн мөнгө 271000 төгрөг, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Б.Энын мөрдөн байцаалтад өгсөн ....  Би 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр компанийн ажилчид болох 3 хүний хамт Сэвсүүлийн ам руу халиар түүхээр явсан юм. Тэгээд халиараа түүчхээд үдээс хойш 16 цагийн орчим буцаж явахад Сэвсүүлийн амны адаг хэсэгт замын дагуу хусан төглийн орчимд нүүр ам нь танигдахын аргагүй болтол зодуулчихсан 70 орчим насны хүн зам дагаад гуйваад явж байхтай тааралдсан юм. Бид тэгэхэд машинтай явж байсан ба зогсоод юу болсныг асуухад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Яг юу болсныг асуухад бараг юм ярьж чадахгүй амнаас гарсан цус нь үсчээд байсан. Ийм хэрэг асуудал болсон талаар Цагдаагийн байгууллагад тухайн үед тэдээлэл өгөх гэсэн боловч утасны сүлжээ барихгүй байсан учраас тэр хүнийг машиндаа суулгаж авч яваад сүлжээ ордог газар очингуутаа Цагдаагийн хэлтэс рүү утсаар мэдээлэл өгсөн. Тэгээд замд явж байхад цагдаагийн ажилтнууд ирсэн тул тэр хүнийг хүлээлгэж өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 25 дугаар хуудас/

Гэрч Ш.Ханы мөрдөн байцаалтад өгсөн .....  Харин маргааш орой 21 цагийн үед нөгөө улаан хүрэн өнгийн приус машинтай хамт бас нэг кровн маркийн саарал өнгийн машин манай Хайрхан СӨХ-ийн гадаа ирж зогсоод дотроос нь цагдаа хувцастай хүн бууж ирээд машин дотроос 2 гарыг нь гавласан хүн буулгаж ирээд тэр хүнээр юм заалгаад бас цаад талын уруу жалганы дотроос тэр хүнээр ууттай юм заалгаж авахуулаад байхыг ажиглаад гарч очоод юу болоод байгааг сонирхож асуухад гэмт хэрэг шалгаж явна гээд бичиг баримтаа үзүүлсэн. Тэр үед нөгөө гавтай хүнийг би таньсан. Учир нь тэр гавтай хүн урд өдрийн орой манай байрны гадна улаан хүрэн өнгөтэй улсын дугааргүй автомашин зарах гээд яваад байсан залуу мөн байсан. Ингээд би цагдаа нарт урд өдрийн орой тухайн залуу ямар үйлдэл хөдөлгөөнтэй яваад байсныг тодорхой хэлж өгсөн бөгөөд хоёр гартаа гавтай залууг хэн гэдгийг асуухад намайг Ц гэдэг юм аа гэж өөрөө хэлсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 26-27 дугаар хуудас/

            Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 7182 ...... Дүгнэлт:

           1. П.Сгийн биед зүүн 9,10,11 дүгээр хавирга, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, нүүр, цээжний зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх /Хх-н 31 дүгээр хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 20-21 дүгээр хуудас

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 23-24 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 32-34 дүгээр хуудас/

Тоёота приус 11 маркийн 51-59 СЭҮ улсын дугаартай автомашиныг 6 сая төгрөгөөр, Самсунг маркийн гар утсыг 76000 төгрөгөөр, LG маркийн гар утсыг 75000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 40 дүгээр хуудас/

М.Цийн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаагдахдаа өгсөн мэдүүлэг /Хх-н 46-47 дугаар хуудас/

М.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 54 дүгээр хуудас/ зэрэг болно.  

 

 Шүүгдэгч Шүүгдэгч М.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Сэвсүүлийн ам гэх газар иргэн П.Сгийн хоолойг боож, цохиж зодох зэргээр хүч хэрэглэн довтолж 6000000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус 11 маркийн 51-59 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 76000 төгрөгийн үнэтэй самсунг маркийн гар утас, 75000 төгрөгийн үнэтэй LG маркийн гар утас, бэлэн мөнгө 271000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч М.Ц нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэн шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан  ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Цд ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй өндөр настай гэдгийг мэдсээр байж үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээнээс дээгүүр хорих ял  оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Цэс 1018960 төгрөгийг гаргуулж хохирогч П.Сд олгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоргидсон 04 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмаржавын Цийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан М.Цийг 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Цд оногдуулсан 04 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Цийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 04 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Цэс

1018960 /нэг сая арван найман мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Зүүнхараагийн № 35 тоотод оршин суух, хохирогч Талын булаг овогт Пороны Сд /РД:МЗ47040212/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Цд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН