Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/44

 

      Р.Цэгмэдэд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Мядагбадам

            Яллагдагчийн өмгөөлөгч Б.Чинбаатар

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 543 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Р.Цэгмэд, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, хохирогч Д.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр яллагдагч Р.Цэгмэдэд холбогдох 2218002070232 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Харчин овгийн Равжаагийн Цэгмэд, 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 16 байрны 21 тоотод түр оршин суух, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт жолооч ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:ЙЛ64032619/,

Яллагдагч Р.Цэгмэд нь 2022 оны 4 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цаг 51 минутын үед Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, 28 дугаар байрны хороолол дундах зам дээр 88-78 ДАР улсын дугаартай “Hyundai Sonata-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор зорчигч талын хаалгыг татаж байсан Д.Буянхишигийг тээврийн хэрэгслээр чирч унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Р.Цэгмэдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Равжаагийн Цэгмэдэд холбогдох эрүүгийн 2218002070232 дугаартай 2 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт буцааж,

Хэрэг  Прокурорын газарт очтол яллагдагч Р.Цэгмэдэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд бичлэг, 16 ширхэг гарын мөрийг хэргийн хамт буцаан хүргүүлж,

Шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:

... Яллагдагч Р.Цэгмэд нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа ойлгож, сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан. Уг хүсэлтийг прокурор хүлээн авч яллах дүгнэлт үйлдэн, эрүүгийн 2218002070232 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүгч З.Төмөрхүү нь өөрийн санаачилгаар урьдчилан хэлэлцүүлэг хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй буюу зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, гэмт хэрэг хамтран үйлдсэн байж болзошгүй этгээдийг яллагдагчаар татаагүй гэж үзлээ.

Шүүгчийн энэхүү дүгнэлт нь хувь хүний өөрийн дотоод итгэл үнэмшил байхыг хүндэтгэхийн зэрэгцээ яллагдагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, үндэслэлгүй шийдвэр боллоо гэж яллагдагч болон өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хохирогч Д.Буянхишиг давж заалдах гомдолдоо:

Д.Буянхишиг миний бие 2022 оны 04 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт байрлах Queen нэртэй ресторанд хэсэг найзуудынхаа хамт 3 пиво уусан бөгөөд ухаанаа алдаж согтсон зүйлгүй тухайн өдрийн үйл явдлыг бүрэн санаж байгаа болно. Тухайн өдөр буюу 2022 оны 04 сарын 05-аас 06-нд шилжих шөнө найзынхаа машинд сууж хуучин хорооллын 28-р байрны эмийн сангаас эм авахаар эмийн сангийн гадаа очсон байдаг бөгөөд тухайн үед найзынхаа машинаас бууж эмийн санруу орох үед нөхөр Б.Жавхлангийн албаны машин зам дээр ирж яваа харагдсан, нөхрийгөө хөдөөнөөс буюу Хонгор сумаас ирэх байсныг мэдэж байсан тул машины урдаас алхсан боловч харанхуйд намайг таниагүй бололтой хажуугаар зөрөөд зогсоогүй өнгөрөөд явахаар нь араас нь зогсоох санаатай, дагаж гүйж яваад өөрөө хөл алдаад замын хонхорхойруу санамсаргүй унаж гэмтэл авч эмнэлгийн тусламж авч одоо биеийн байдал маш сайн буюу хэвийн болсон байна. Миний бие болсон үйл явдлыг маш сайн, тод санаж байгаа тухайн автомашин намайг мөргөсөн, цохисон, шүргэсэн, өөрөөр хэлбэл санаатайгаар зохион байгуулалттай гэмтээх оролдлого үйлдэл огт болоогүй ба тухайн автомашинд суух болон өөр ямар нэгэн зорилгоор машины бариул, бусад эд ангиас барьсан, зууралдсан, хавчуулагдсан зүйл огт болоогүй, дагаж гүйж байгаад хөл алдаж замын хатуу гадаргуу дээр унаж өөрийн буруугаас гэмтэл авч унасан болохыг Цагдаагийн байгууллагын мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад өөрийн санаж мэдэж байгаа мэдээллийн хүрээнд мэдүүлж, мөн Прокурорын байгууллагад удаа дараа хүсэлтээ гаргаж ирсэн болно. Энэхүү болсон үйлдэлд автомашиныг тухайн үед жолоодож явсан Р.Цэгмэд болон автомашинд зорчиж явсан нөхөр Б.Жавхлан нар ямар нэгэн аюултай, санаатай буруу үйлдэл хийгээгүй. Миний бие тухайн өдөр өөрөө гэмтсэн гэдгээ эмнэлгийн эмч, ажилтнууд болон тухайн үед дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нарт илэрхийлж, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт найзуудаараа хүргүүлэн эмнэлгийн тусламж авсан байдаг. Тухайн үед эмнэлгээс эм тариа хийлгээд ухаангүй байх үед хамт явж байсан найзууд цагдаагийн байгууллагад эхний өдрөө бүгд болсон үйл явдлыг бодитоор мэдүүлж, өөрөө явж байсан машины араас гүйсэн, өөрөө хөл алдаж унаж бэртсэн талаар мэдүүлэг өгсөн байсан. Эмнэлгээс эмчлүүлж гараад миний бие хэрэгт цугласан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, холбогдох бусад материалтай нэг бүрчлэн танилцсан бөгөөд миний бие ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй байгаагаа илэрхийлсэн тул анхан шатны шүүхээс гаргасан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн миний бие өөрөө унаж, гэмтэл авснаа цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгч илэрхийлсэн, Прокурорын байгууллагад хүсэлтээ гарган бичгээр хүргүүлсэн, мөн олон нийтэд улс төрийн болон бусад зорилгоор хуурамч цахим хаягуудаас зохион байгуулалттай тараагаад буй бодит бус мэдээлэлд хэт автаж, зарим нэг хэргийн оролцогч биш хүмүүсийн цахим орчинд тарааж буй мэдээлэлд тулгуурлан өгсөн гомдол, мэдээлэл зэрэгт ач холбогдол өгч бодит болсон явдлаас өөр байдлаар шийдвэрлэхээр мөрдөн байцаалт болон хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаад байгаа нь хохирогч гэж хэргийн оролцогчоор оролцож байгаа миний хувьд сэтгэл санааны болон эрүүл мэндийн хувьд хүндрэл учруулж байгаа тул Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн авч жолооч Р.Цэгмэдэд гаргасан хүсэлтийн дагуу тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Эрүүгийн 2218002070232 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон болно.

Б.Жавхланг 2022 оны 4 дүгээр сарын 05-аас 4 дүгээр сарын 06-нд шилжих шөнө 00 цаг 51 минутын үед Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, 28 дугаар байрны хороолол дундах зам дээр 88-78 ДАР улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа тухайн тээврийн хэрэгслийн жолооч Р.Цэгмэдтэй бүлэглэн тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор зорчигчийн хаалгыг татаж байсан Д.Буянхишигийг тээврийн хэрэгслээр чирч унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Буянхишигийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч Б.Жавхлан, Р.Цэгмэд нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг зэргээр нотлох баримтуудаар яллагдагч Б.Жавхлан нь Р.Цэгмэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлон тогтоогдоогүй тул хэргээс яллагдагч Б.Жавхланд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн Р.Цэгмэдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ зүйлчлэл тохироогүй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх үндэслэлгүй захирамж гаргасан. Яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул тус шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Анхан шатны шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн боловч шүүх прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Яллагдагчийн өмгөөлөгч болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 543 дугаартай захирамжид холбогдуулан яллагдагч Р.Цэгмэд, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, хохирогч Д.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл, гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Р.Цэгмэдийн зүйлчлэл тохироогүй, гэмт хэргийг бусадтай хамтран үйлдсэн байж болзошгүй тул шалган тогтоох шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаажээ.

Яллагдагч болон хэргийн бусад оролцогчид яллагдагчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй  байна.

Яллагдагч Р.Цэгмэдэд холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагч Б.Жавхланг холбогдуулан зохих шалгалтыг хийлгэхээр 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай Прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтад буцааж байжээ.

Прокурорын тогтоолын заалтыг биелүүлж 2218002070232 дугаартай эрүүгийн хэрэгт тодорхой шалгалтуудыг явуулсныг эцэст /хх123-149 тал/ яллагдагч Р.Цэгмэд, Б.Жавхлан нар бүлэглэн иргэн Д.Буянхишигийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Жавхланд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай 08 дугаартай прокурорын тогтоол 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гарсан байна. Тогтоолын талаар хэргийн оролцогчдоос ямар нэгэн гомдол, санал гаргаагүй байна.

Үүний дараа яллагдагч Р.Цэгмэд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдлууд тогтоогдсон эсэхийг хянасны үндсэн дээр хэргийг хялбаршуулан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирсэн хэргийг хүлээж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан гэж үзвэл прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан.

Хэрвээ шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй байвал хэргийг прокурорт буцаах эрхтэй.

2218002070232 дугаартай эрүүгийн хэрэгт хийсэн мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Түүнээс гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 543 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шатнаас дахин хэлэлцүүлэх тухай шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 543 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Яллагдагч Р.Цэгмэд, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, хохирогч Д.Буянхишигийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч Р.Цэгмэдэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР