Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Зоригт холбогдох 1729000660028 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, төмөр замын ашиглалтын техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шар булаг овогт Дамдинрагчаагийн Зоригийг, /РД:ЧГ68020872/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Зориг нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Банч транс” ХХК-ийн нүүрсний тээрвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 74-23 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 97-96 УНО улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн замын 90 дахь км-т орхиж явахдаа кабин халаагч 1 ширхэг, дугуй 14 ширхэг, аккумулятор 2 ширхэг, дизель 200 литр зэргийг авч завшин, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 5,772,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Зориг мэдүүлэхдээ: ”Би Таван толгой уурхайгаас Гашуун Сухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэлтийн автомашиныг хөлсөөр жолооддог. Энэ ажлыг хоёр жил хийж байгаа ба сүүлийн удаа явахдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын нутаг Ганц мод хилийн боомтоос танил Өвөр монгол Пүү жин гэдэг хүнээр дамжуулан Хятад иргэнээс  97-96 УНО улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаар Таван толгойн уурхайгаас тээвэрлэлт хийхээр авч жолоодон улсын хилээр орж ирсэн юм. Тэгээд явсаар Эрдэнэс Таван толгойн уурхайгаас машиндаа нүүрс ачаад 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буцаад хил рүү явсан юм. Ингээд явж байгаад засмал зам руу орохоос өмнө машинаасаа буугаад хартал машины доод талаар тосол дуссан байсан би цааш засмал замын 6 дахь километрийн зогсоол хүрээд машиныг кабиныг тонгойлгож үзэхэд поомпны ар талаар тосол дусаж байсан учир нөгөө Өвөр монгол иргэн Пүү жин рүү утсаар “машины эзэн рүү тосол, тосол тогтоогч хоёр авах мөнгө явуулаач гэж дамжуулан хэлээд өгөөч гэж хэлсэн. Нөгөө хүн хариу хэлнэ гэсээр бүр харанхуй болсон байхад Өвөр монгол над руу ярихдаа: “мөнгө явуулахгүй өөрөө аргалаад хүрээд ир ирсэн хойно чинь мөнгийг нь өгье гэсэн би таних хүн байна уу гэж ийш тийш утсаар залгасан боловч мөнгө бүтээгүй учир радиаторт нь ус хийгээд цаашаа явсаар 70 километрийн зогсоол дээр очоод үзтэл ус, тосол бүх их гоожиж байсан тэгээд цаашаа нэг дүгээр араагаар нь явсаар 90 километрийн зогсоол дээр очиж машиныг зогсоогоод кабиндаа унтаад маргааш өглөө нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө машиныг үзсэн чинь шуб нь сапоны тагаараа тос гараад ирчихсэн. Би дахин Өвөр монгол руу залгаж байгаа байдлын талаар хэлэхэд “аргалаад ир гээд байсан тэгээд тэр өдөр ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй мөнгө байхгүй  учир би машины банкнаас 20 литр түлш авч зараад мөнгөөр нь хоол авсан. Тэндээ дахин хоносон 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөн 20 литр түлшийг зарж хоол идсэн. Хятад руу бас л утсаар хэлэхэд аргалаад ир гэсэн. Тэгвэл чирүүлээд явъя гэхэд урдаас машин гаргаж явуулах талаар хэлсэн. Тэгтэл манай эхнэр Улаанбаатар хотоос ярьж манай төрсөн эгчийг цус харвасан эмнэлэгт байгаа талаар хэлсэн. Би энэ машиныг урагш нь гаргаж өгнө гэхээр дор хаяж 5 хоногийн ажил болно. Энэ хугацаанд миний эгч намайг хүлээж байх ч билүү гэж бодоод ер нь эндээсээ машины дугуйг зараад явъя гэж шийдээд дугуй авах хүн хайж байтал Улаанбаатар хотоос явж байгаа бололтой бинзены гурван цистерн зогсоол дээр ирээд зогсохоор очиж жолоочтой нь уулзаж хямд зарах дугуй байгаа гэхэд гурван жолооч үзье гээд машинд тавьсан дугуйнуудыг үзээд хэдээр өгөх юм бэ? гэхээр нь би нэгийг нь 300.000 төгрөгөөр зарна гэсэн нөгөө гурван жолооч үнэтэй байна арай бага үнээр өгөхөөр бол авъя гээд утасныхаа дугаараа үлдээгээд явсан. Би ч тэгээд машиндаа унтсан. Маргааш нь дахин 20 литр түлшээр хоол идсэн. Орой болсон  нөгөө гурван жолооч ачаагаа буулгаад буцаж ирэхээр нь уулзаад надад 3.000.000 төгрөг хэрэгтэй байна. 12 ширхэг дугуй ав оронд нь 10 ширхэг дугуй өгчих гэж хэлсэн. Тэр гурав зөвшөөрч машиныг 12 дугуйг кабин халаалгагчтай хамт тэр гуравт өгөөд тэр гурвын машинд явж байсан дугуйнуудыг авч сольж тавьсан. Тэр гурав хүн надад бэлэн 120.000 төгрөг дансаар 2.880.000 төгрөгийг шилжүүлэн нийт 3.000.000 төгрөг өгсөн. Би аккумуляторыг нь сольж өгсөн. Мөнгөө аваад машиныг зам дээр орхиод замын унаагаар Улаанбаатар хот руу явж гэртээ очоод мөнгийг ахуйн хэрэгцээндээ зарцуулан дууссан. Энэ бүгдийг би анхнаасаа санаатай хийгээгүй. Ер нь монголчууд яагаад хятадуудад дээрэлхүүлж амьдрах ёстой юм гэж бодсон. Би 7, 8 удаагийн риесний мөнгийг аваагүй байсан” гэв

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ууганбаатарын өгсөн:”…2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Банч транс” ХХК-ийн ерөнхий менежер Сарангоо утсаар залгаад Гашуун сухайт авто замын 90 дахь км-н зогсоол дээр 74-23 БЧ чиргүүлтэй 97-96 УНО улсын дугаартай Норд бенц маркийн тээврийн хэрэгсэл тоногдсон байна гэх дуудлагаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны 17 цагийн үед тухайн тээврийн хэрэгслийг очиж үзэхэд 10 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор солигдсон, 4 ширхэг дугуй, кабин халаагч, 200 литер түлш алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар болсон. …Манай “Банч транс” ХХК-д хөрөнгө үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 5,772,000 төгрөгний хохирол учирсан. … Манай “Банч транс” ХХК –ийн эзэмшлийн 74-23 БЧ чиргүүлтэй 97-96 УНО улсын дугаартай Норд бенц маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Зориг гэх хүнээс учирсан хохирлыг барагдуулаад өгвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мөнх-Оргилын өгсөн:”...Би машины урд дугуйнаас түлхүүрийг нь аваад кабиныг нь онгойлгоход бичиг баримт нь байсан. Хөнжил гудас, өөр зүйл байхгүй байхаар нь би машинаас буугаад эргэн тойрон үзэхэд чиргүүлийн голын тэнхлэгний дугуйнууд дангаараа, бусад дугуйнууд солигдсон шинжтэй, чиргүүлийн баруун талын урд 2 хаалга ханзарсан, банкин дахь түлшийг нь үзэхэд огт түлшгүй байхаар нь хөтөч рүүгээ утсаар залгаж хэлэхэд компанийн хөтөч нь “наанаа байж бай, очлоо” гээд ирэхээр нь би байгаа байдлыг үзүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Чунагсүрэнгийн өгсөн:”...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос машиндаа ачаа ачиж Ханбогд сумын нутаг Оюу толгойн уурхайд буулгахаар гарч явсаар 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед нүүрс тээврийн засмал замын 90 дахь километрт байх зогсоол дээр зогсоод, гуанзанд хоол идэж байтал тэнд Норд биезтэй явж байсан бололтой нэг танихгүй ах С.Энхбаяртай уулзаад “ машины дугуй хямд авах уу гэж асуусан байсан тэгээд бид гурав тэр хүнтэй уулзаад ямар дугуй байгаа юм бэ үзье”  гэсэн. Тэр хүн бид гурвыг дагуулан явж зогсоол дээр зогсоосон цагаан толгойтой, хүрэн чиргүүлтэй Норд бенз маркийн машин дээр ирж машины иргүүл болон чирэгчийн тэнхлэгт тавьсан байсан дугуйнуудыг үзүүлсэн. Тэгээд “дугуй нэг бүрийг 300,000 төгрөгөөр зарна хотод манай эгч цус харвачихсан байгаа. Цалингаа аваагүй, хоолны мөнгөгүй байгаа учир ингэж л явахгүй бол болохгүй байна.” гэж хэлсэн. Тухайн үед бид нар дугуйг авалгүй цаашаа явсаар Оюу толгой дээр очиж хоноод маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ачаагаа буулгаад буцаж яваад мөн засмал замын 90 дахь киломкетрт байх гуанз дээр 19 цагийн үед ирсэн байх. Тэнд ирээд хоол идэх гээд байж байтал нөгөө дугуй зарна гэж байсан ах бас л хүрч ирээд “та 3 дугуй ав л даа надад мөнгө чухал хэрэгтэй байна, хямдруулаад өгье. Та нар дундаасаа найман дугуй гаргаад өгчих. Би 12 дугуй өгье. Тэгээд сольж машинд тавиад зөрүү мөнгө явъя. Надад 3,000,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Бид гурав ярьж байгаад дугуйнуудыг нь авахаар болоод 230,000 төгрөгөөр 12 ширхэг дугуйг авахаар бодоход 2,760,000 төгрөг болсон. Гэтэл тэр ах сая нэг залуу машины кабин халаагчийг 800 юаниар худалдаж явъя гээд байсан өгчихсөн бол мөнгө 3,000,000 хүрэх байж дээ гэсэн. Тэгээд би “за за тэр кабин халаагчаа нэмээд өгөөд 3,000,000 төгрөг болгоод авчих гэсэн” тэр ах ч тэгье гээд би өөрийн 5030280280 тоот данснаасаа тэр хүний гэх данс руу тэр хүнээр хэлүүлж байгаад нийт 1,960,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 04 цагт шилжүүлсэн. Үлдэгдэл 120,000 төгрөгийг Сэргэлэн бэлнээр 920,000 төгрөгийг Энхбаяр мөн тэр хүний хэлсэн данс руу нийт 3,000,000 төгрөгийг тэр хүний данс руу мобайл банкаар шилжүүлэн өгөөд дугуйнуудыг авч гурван машиндаа тус тус дөрөв, дөрвөөр нь авч тавиад өөрсдийн машинд явсан дугуйг тэр ахын машинд тавьж өгсөн. Тэр ах аккумулятор нь бас дажгүй юм билээ гэхээр нь би өөрийн явж байсан 2 ширхэг аккумулятороор сольж, тэр машинд тавиад, тэр машинаас хоёр аккумуляторыг нь өөрийн машинд авч тавиад тэндээс явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/, 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Сэргэлэнгийн өгсөн:”...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Оюутолгой хүртэл ачаа тээвэрлээд Чунагсүрэн, Энхбаяр нарын хамт гарсан. Бид гурав явсаар нүүрс тээврийн засмал замын 90 дахь км-д ирээд хоол идэх гэж байтал нэг хүн дугуй зарна гэсэн гэж Энхбаяр хэлсэн тэгээд тэр хүнийн машин гэх цагаан толгойтой, хүрэн чиргүүлтэй, нүүрс ачсан Норд бенз машинд тавьсан дугуйнуудыг нь очиж харахад яг шинэ биш болов ч хээ сайтай дугуйнууд...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Энхбаярын өгсөн “..Би энэ оны буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Оюутолгой руу өөрийн машинаар ачаа буулгахаар явсан юм. Надтай хамт Н.Чунагсүрэн, М.Сэргэлэн нар мөн өөрсдийн машиндаа ачаа ачаад цуг явсан ба бид гурав явсаар 10 дугаар сарын 11-ний өдөр нүүрс тээврийн засмал замын 90 дахь километрт байх зогсоол дээр зогсоод гуанзанд хоол идэж байтал тэнд Норд бензтэй явж байсан бололтой нэг танихгүй ах над руу хүрч ирээд “энэ машин хувийн машин уу? компаний машин уу?” гэж асуусан би ” хувийн машин байгаа юм аа“ гэхэд тэр хүн наймаа байгаа шүү гэхээр нь би “юу юм бэ ” гэж асуухад тэр хүн “сайхан шинэвтэр 12 ширхэг дугуй байна” гэхээр нь би “за хамт явж байгаа хүмүүс дээ хэлье” гэж хэлчхээд нөгөө хоёртоо хэлээд тэр хүний машин гэх цагаан толгойтой, хүрэн чиргүүлтэй нүүрс ачсан Норд бенз маркийн машинд тавьсан байсан дугуйнуудыг очиж хараад хэдээр зарах, солих талаар асуухад 300,000 төгрөгөөр зарна гэхээр нь үнэтэй байна гэж хэлээд явах гэтэл тэр хүн “утасны дугаараа өгөөч, ярья” гэхээр нь би дугаараа хэлж өгчихөөд тэндээс явж Оюутолгой орж хоноод ачаагаа буулгачхаад буцаад ирсэн замаараа явж 90-ын гуанз дээр иртэл нөгөө хүн хүрч ирээд “надад 3,000,000 төгрөгийн л хэрэг байна та нар машины 12 ширхэг дугуйг аваад оронд нь 10 ширхэг дугуй л өгчих би запас хоёр дугуйг нь тавиад болчихоно” гэсэн. Ингээд 12 дугуйг нь бид гурав дөрөв дөрвөөр нь хувааж хувааж авахаар тохироод бодож үзэхэд нэг дугуй нь 230,000 төгрөг болсон. Тэгээд дээр нь машин халаагч болон аккумуляторыг нь Чунагсүрэн авсан байх би өөрөөсөө 920,000 төгрөгийг тэр хүний хэлсэн данс руу нь өөрийн данснаас мобайл банкаар шилжүүлэн өгөөд дугуйг авч өөрийн машинд байсан дугуйнуудаас 3 ширхэг дугуйг тэр хүний машинд тавьж өгөөд тэндээс өглөө үүрээр явцгаасан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн Ц17-50 дугаар дүгнэлт /хх-ийн 26-33-р хуудас/,

Шүүгдэгч Д.Зоригийн яллагдагчаар өгсөн: ”...10 дугаар сарын 10-ны өглөө босоод машиныг үзсэн чинь шуб, сапоны тагаараа тос гараад ирчихсэн байсан. Би дахин Өвөр монгол руу залгаж байгаа байдлын талаар хэлэхэд “аргалаад ир ” гээд байсан. Тэгээд тэр өдөр ямар арга хэмжээ авч чадалгүй мөнгө байхгүй учир би машины банкнаас 20 литр түлш авч зараад, мөнгөөр нь хоол авч идээд, тэндээ дахин хоносон. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөн 20 литр түлшийг зарж хоол идсэн. Хятад руу бас л утсаар хэлэхэд аргалаад ир гэсэн. Би тэгвэл чирүүлээд явья гэхэд урдаас машин гаргаж явуулах талаар хэлсэн. Ингээд байж байтал манай эхнэр Улаанбаатар хотоос ярьж, манай төрсөн эгчийг цус харавсан эмнэлэгт байгаа талаар хэлсэн. Ингээд би энэ машиныг урагш нь гаргаж өгнө гэхээр дор хаяж 5 хоногийн ажил болно. Энэ хугацаанд эгч минь намайг хүлээж байх ч билүү гэж бодоод ер нь эндээсээ машины дугуйг зараад явья гэж шийдээд, дугуй авах хүн хайж байтал Улаанбаатар хотоос явж байгаа бололтой бинзений гурван цистерн зогсоол дээр ирээд зогсохоор нь очиж жолоочтой нь уулзаж, хямд зарах дугуй байгаа гэхэд гурван жолооч үзье гээд, машинд тавьсан байсан дугуйнуудыг үзээд хэдээр өгөх юм бэ? гэхээр нь би нэгийг нь 300,000 төгрөгөөр зарна гэсэн нөгөө гурван жолооч “үнэтэй байна. Арай бага үнээр өгөхөөр бол явъя гээд утасны дугаараа үлдээгээд явсан. ...Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин 20 литр түлшээр хоол идээд орой болсон нөгөө гурван жолооч ачаагаа буулгаад буцаж ирэхээр нь уулзаад “надад 3,000,000 төгрөг хэрэгтэй байна. 12 ширхэг дугуйг ав. Оронд нь 10 ширхэг дугуйг өгчих” гэж хэлсэн тэр гурав зөвшөөрч нийт машины 12 ширхэг дугуйг кабин халаагчтай нь хамт тэр гуравт өгөөд тэр гурвын машинд явж байсан дугуйнуудыг авч машинд тавиад дууссан. Тэр хүмүүс надад бэлэн 120,000 төгрөг, дансаар 2,880,000 төгрөг шилжүүлэн, нийт 3,000,000 төгрөг өгсөн. Би бас хоёр аккумуляторыг нь сольж өгсөн ингээд мөнгөө аваад машиныг зогсоол дээр орхиод замын унаагаар Улаанбаатар хот руу явж гэртээ хүрээд, мөнгийг ахуйн хэрэгцээнд зарцуулан дууссан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын  Номгон багийн Засаг дарга У.Гантөмөрийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 648 дугаартай тодорхойлолт хх-ийн 43 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Зоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44,45-р хуудас/,

Шүүгдэгч Д.Зоригийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгч Д.Зоригийн гарын дардасны бланк, гурван талаас нь харуулсан гэрэл зураг /хх-ийн 47-48-р хуудас/,

 Шүүгдэгч Д.Зоригийн арилжааны банкуудад хадгаламж, зээл, харилцах данстай эсэх мэдээлэл /хх-ийн 57-74-р хуудас/

Шүүгдэгч Д.Зоригийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Зориг нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Банч транс” ХХК-ийн нүүрсний тээрвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 74-23 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 97-96 УНО улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн замын 90 дахь км-т орхиж явахдаа кабин халаагч 1 ширхэг, дугуй 14 ширхэг, аккумулятор 2 ширхэг, дизель 200 литр зэргийг авч завшин, “Банч Транс” ХХК-д орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 5,772,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Зоригийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар булаг овогт Дамдинрагчаагийн Зоригийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зоригт 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Зоригт оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч Д.Зориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй. Шүүгдэгч Д.Зоригоос 5,772,000 төгрөгийг гаргуулж, “Банч транс” ХХК-нд олгосугай.

5. Шүүгдэгч Д.Зоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Зоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА