Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч А.Амгалан,

Хохирогч А.Алтантуяа,

Иргэний хариуцагч И.Олонмөнх,

Шүүгдэгч Д.Пүрэвсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оточ лам овогт Доржийн Пүрэвсүхэд  холбогдох 1729000420025 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн Өлийн 4-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Оточ лам овогт Доржийн Пүрэвсүх /РД:ЧМ68051073/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Пүрэвсүх нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 26-45 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 86-75 ӨМӨ улсын дугаартай, Beiben маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайран багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 214 дэх километрт байрлалтай “Дээдийн говь” шатахуун түгээх станцын талбай дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 7.6 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Төмөртогоогийн амь насыг хохироон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Пүрэвсүх мэдүүлэхдээ: “Би анх удаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой Хятадаас “Божманайзууд” ХХК-ийн нүүрс тээврийн машин жолоодож Цагаан хаданд  ирсэн. Энэ үед хүнс авах зориулалтаар “Дээдийн говь” ШТС-ын зүүн тал руу 08 цагийн үед машинаа шахаж зогсоод хүнсний материал авахаар явсан. Хүнсээ цуглуулж аваад 09 цаг 40 минутын үед машин дээрээ ирэхэд колонк харанхуй байсан. Машинаа зөв тал урд тал машинаа нармолдаж байгаад хөдөлсөн. Хөдлөх үед машины буруу талын банкны доод талд талийгаач байсныг мэдээгүй. Сүүлд дайрснаа ойлгосон. Ингээд хөдлөөд явах үед колонкийг тойрох үед чиргүүлийн үзүүр колонкийн дээд өнцөг, хашлагын өнцгийг мөргөх чимээ гарсан. Би үүнийг анхаазааралгүй төмөр дуугарах чимээ гарах шиг болсон. Тэгээд цааш хөдлөөд явсан. Би ослын газраас хүн дайраад зугтлаа гэж би ойлгоогүй. Ийм хэрэг болсонд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөөс нь гүнээс харамсаж байгаагаа би ойлгож байна. Талийгаачийн оршуулгын зардлыг компаниас төлсөн. Үлдсэн 4,000,000 төгрөгийг би төлж барагдуулна гэж бодож байгаа. Би тухайн хэрэг үйлдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Мөн талийгаачийн цогцсыг би харсан. Машинд дайрагдсан үед цус маш бага гарсан. Хамт 8,9 жолооч байсан. Тэр хүмүүс надад хэлэхдээ давхар гадны нөлөөтэй байж магадгүй шүү ахаа гэж хэлсэн. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хүн өмнө нь хохироогоод авч ирээд машин доор тавьчихсан байж магадгүй гэж бодсон учраас дүгнэлтээр машин дайрсны улмаас нас барсан байна гэсэн дүгнэлт гарсан учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ 1,2 дугаар дугуйнд цусны мөр гараад түүнээс хойш метр зайтай дотор талын арын дугуйнд цусны мөргүй дайрсан шинжгүй байгаа юм. Түүнд би гайхаж байна. Техникийн талаар нарийн мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарын үсэг зурсан. Замын хөдөлгөөний хоёр заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Алтантуяа мэдүүлэхдээ: ” 2017 оны 09 дүгээр сарын 05-нд энэ амьдралдаа сонсмооргүй харамсалтай, гунигтай мэдээ сонссон. Манай гэр бүлд нөхөж баршгүй маш том гарз тохиосон.Талийгаач бидний том ах байсан бөгөөд бидэнд зааж, зааварладаг, тусалж дэмждэг, аавыгаа асарч халамжилж тус нэмэр болдог байсан. Аавыг наана цаана гэдэг ганц хүү нь байсан. Залуухан байхдаа амьдрал зохиогоод тэр амьдрал нь бүтээгүй. Нэг хүүтэй. Одоо 9 дүгээр ангид сурдаг. Талийгаач маань манай нөхөртэй нийлээд манай нөхрийн ээлжийн жолооч хийнэ гээд “Туушин” ХХК-аас түрээсийн тээврийн хэрэгсэл аваад сар гаруй хугацаанд засвар хийж байсан. Ах Солонгос улс руу 5,000,000 төгрөг байршуулаад гарна гэж их ярьдаг байсан. Дүү нараа татна. Аавыгаа харж, хандана гэж ярьдаг байсан. Олон жилийн өмнө “Оюутолгой” ХХК-д ажилладаг байхдаа багийнхаа найзыг өөрийнхөө унаж байсан машиныг зараад Солонгос улс руу гаргасан. Найз нөхдийн хүрээ ихтэй, найзууд дундаа нэр хүндтэй гэдгийг ажил явдлын үеэр мэдлээ. Ер нь ах дүү нартай сайн, их цагаан цайлган өгөөмөр зантай. Ямар нэгэн тусламж, дэмжлэг гуйхад татгалздаггүй. Ах минь хэдэн төгрөг хэрэгтэй байна гэхэд ямар ч шалтаг шалтгаан хэлэхгүй өгдөг. Дараа нь тэрийгээ нэхдэггүй. Хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, зорилготой тийм л хүн байсан. 38 нас гэдэг бол харамсмаар нас. Ах маань хүнд үгүй гэж хэлдэггүй. Их тусч, нягт нямбай, ажил төрлийг сэтгэлээсээ хийдэг. Одоо манай гэрт ахын маань орон зай хэн ч, юу ч нөхөж чадахгүй. Хийе бүтээе гэсэн ийм сайхан идэр залуу насандаа авто замын осолд орж, нас барсанд юугаар ч орлуулшгүй гарз тохиолдлоо. Аав минь гашуудан, гашуудлаасаа гарч чадахгүй. Одоо болтол бор дарс хүртсээр байгаа нь дүү, бид хоёрт маш их хэцүү байна. Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг бол ямар ч эд баялаг, эрх мэдэл, алдар хүндээс илүү юм байна гэдгийн ойлгож байна. Аав минь талийгаачийн нэрийг дуудаж ганцаараа яриад сууж байсан гэж орж гарч байсан хүн над руу хэлж байсан. Шүүгдэгч Д.Пүрэвсүх гэдэг хүн орон нутагтаа засаг захиргаанд дарга хийж олон нийттэй харьцдаг ажил хийж байсан хүн. Тэгтэл сэтгэл гаргаад нэг ч удаа утсаар яриагүй. Аав бид хоёр 1 удаа дуудаж уулзсан. Хүний сайхан үр ахыг минь үгүй болгочхоод яаж байна гэхгүй хүнээ алдсан бид нарын хохь юм шиг зан гаргасанд гомдолтой байна. Боловсролтой хүнд байж боломгүй учир дутагдалтай энэ хэнэггүй, тоомжиргүй байсанд маш их гомдолтой байна. Талийгаач минь хүүхэд байхдаа нүдээ гэмтээж, түүнээс хойш юм харах нь улам багассан. Тэгээд нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чадвараа 50% алдсан гэж тогтоогдоод тэтгэмж авдаг байсан. Үүнийг үндэслээд энэ хүнээс аавыгаа тэтгүүлэх 10 жилийн хугацаанд сар бүр талийгаачийн авдаг байсан тэтгэмж буюу 216,000 төгрөгийг сар бүр болгон нэхэмжлэх, эсхүл бөөнөөр нь буюу 25,920,000 төгрөг нэхэмжлэх хүсэлт гаргаж байна. Мөн оршуулгын зардлын үлдэгдлийг Д.Пүрэвсүхээр төлүүлмээр байна. Том тэрэг жолоодно гэдэг бол “Е” ангилалтай байх ёстойг өөрөө бол мэдсэн гэж байгаа. Ер нь дадлага туршлагатай байх ёстой. Манай нөхөр нүүрс тээврийн машин барьдаг. Уртын тээвэр 5,6 жил жолоодож байдаг. Зогссон л бол машинаа эргэж тойрч, дугуйгаа шалгаж байж хөдөлдөг. Нөхөртэйгөө хамт нүүрс тээвэрт явж байсны үүднээс үүнийг ярьж байна. Эцэст нь хэлэхэд нэг хүүхэд ааваа гэж дуудах эрхгүй, нэг эцэг хүн үр минь, хүү минь гэж дуудах эрхгүй, мөн ахаа гэж тусламж, дэмжлэг гуйх ахгүй бидний нөмөр, нөөлөг болсон, хэн ч орлож чадахгүй ийм хүн байхгүй болсонд маш их харамсаж байна. Хууль үнэн мөнийг ялгаж, тунгаа, шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч И.Олонмөнх мэдүүлэхдээ: ” Иргэний хариуцагчийн төлөөлөгч: Миний бие энэ хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байна. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болсон ослын улмаас эрдэнэт хүний амь нас эрстсэнд “Божманайзууд” ХХК-аас гүн эмгэнэл илэрхийлснийг энд хэлье. Харамсалтай зүйл болсон. “Божманайзууд” ХХК нь тухайн автомашиныг эзэмшигчийнхээ хувьд нийгмийн хариуцлагаа хүлээж хохирол төлбөрийг нэн даруй шийдэж хохирогчийн ар гэрийнхэнд  нийтдээ 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн дүнгээр нь төлж барагдуулсан. Тийм учраас иргэний хариуцагчаар мөрдөн байцаалтад тогтоогдож хариуцлага хүлээж хохирлоо барагдуулсан нь хавтаст хэргийн 250-р хуудсанд байгаа эвлэрлийн гэрээ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар зэргээр харагдаж байна” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-28-р хуудас/

Цогцос болон түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-46-р хуудас/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-58-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 61-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Алтантуяагийн өгсөн:”...Бид хоёр бусад ах дүү нараасаа дотно харьцаатай, талийгаач манайхаар ирж байдаг байсан. Манай талийгаач ах даруухан инээгээд явж байдаг, бусадтай нийтэч, хүний хэлсэн үгээр хүүхэд шиг ааштай, нямбай хүн байсан. Талийгаач архаг хууч өвчингүй, зүүн талын нүд харахад зүгээр харагддаг юмыг муу хардаг гэдэг байсан. Нүдээрээ групп тогтоолгосон байдаг байсан. ...Тухайн өдөр үдээс хойш 16-17 цагийн үед талийгаач манай нөхрийн дугаар руу дохихоор нь би эргэж залгаад юу болж байгаа талаар нь асуухад машины засвар дуусч байна гээд архи уугаагүй эрүүл ярьж байсан. Тэгээд орой нь 21-22 цагийн үед манай нөхрийн ах, дүү нар нь над руу утасдаад танай ах чинь архи уугаад алга болчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн өгсөн: “...Тухайн үйл явдлын улмаас манай байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсан тул “Дээдийн говь” ХХК-ийг төлөөлж, би буруутай этгээдээр хохирлоо төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр энэ хэрэгт би оролцож байна. ...том машин ирэх чимээ гарахаар  би байрнаасаа гарахтай зэрэгцээд төмөр түчигнэх чимээ гараад дэргэдүүр толгойтой улаан чиргүүлтэй /өмнө нь урд зогсож байсан машин мөн байсан/ машин өнгөрөөд зам руу нийлээд хойшоо чигтээ явчихсан. Би клонк дайрагдаж байгааг мэдээд зогс гэж дохьсон боловч тэр жолооч машинаа зогсоогоогүй явчихсан. ...клонк дээрээ очоод намайг эвдэрсэн зүйлсээ үзэж байхад нөхөр маань машины мөр дагаж үзэж байснаа хүн дайрагдсан байна. Нөгөө машины зогсож байсан газар байна гэж хэлсэн. ...тэр жолооч буруу талын толиндоо намайг харвал харчихаар байсан. Яагаад гэвэл би байрны үүдний гэрлийн тусгалд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Ж.Борын өгсөн: “...Энэ ослын улмаас тээврийн хэрэгсэлд ямарч эвдрэл, хохирол учраагүй. Манай компанийн зүгээс талийгаачийн оршуулгатай холбоотой гарсан зардлыг төлж барагдуулъя гэсэн байр суурьтай байна...“гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дарханбаатарын өгсөн:”...Рэнцэнпүрэв бид 2 машинаас буугаад Рагчаатай уулзсан. Тэгээд удалгүй эргээд машиндаа суутал талийгаач байхгүй байсан. Тэгэхээр нь би тухайн үед Рэнцэнпүрэвээс “Төмөрөө хаачив” гэхэд “Рагчаатай уулзаж байх хооронд машинаас буугаад явсан шүү дээ ” гэж хэлж байсан. Тэгээд Рэнцэнпүрэв бид 2 Цагаанхад руу ороод би өөрийн эхнэр Мөнхзулыг аваад гэртээ харьж амарсан...”гэх мэдүүлэг хх/-ийн 75-76-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бат-Эрдэнийн өгсөн:”...түгээгүүрийн дайрагдсан хэсгийг үзчихээд мөрийг нь харах санаатай клонк дайрсан машины зогсож байсан хэсэгт очтол үл таних эрэгтэй хүн машинд дайруулсан байдалтай дээшээ харан, ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй болсон хэвтэж байсан. Тэгээд би эхнэртээ энд машин хүн дайрчихсан байна. Цагдаад хэл гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...Миний гар утсаар 3 удаа дуудлага хийсэн тээврийн хэрэгслийн жолооч өөрийн жолоодож явсан цагаан толгойтой улаан өнгийн чиргүүлтэй тээврийн хэрэгслээр дайрсан. Учир нь тухайн үед манай клонкийн талбай дээр өөр тээврийн хэрэгсэл байгаагүй. ...Манай клонкийн хоёр хоёроороо байрладаг 4 түгээгүүрийн зүүн талын 2 түгээгүүрийн эхний буюу 1-р түгээгүүрийн зүүн талын суурин хэсгийг дайрсан. Түгээгүүрийн дээд талын саравчны доод хэсгийн төмрийг хуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 -р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Санжрагчаагийн өгсөн:”...Би Дарханбаатар, Рэнцэнпүрэв нартай 2017 оны 09-дүгээр сарын 05-ны орой би одоо цагийг сайн санахгүй байна. Ямарч байсан гадаа бүрэнхий болж байсан. нүүрсний машинууд зогсоод хөдлөхдөө машиныхаа гэрлийг асаагаад хөдөлж байсан. ... Дарханбаатар, Рэнцэнпүрэв хоёртой миний танихгүй 2 залуу цуг явж байсан. Тэр дөрөв дөрвүүлээ архи согтууруулах ундааны зүйл уусан байдалтай мөн нэг шил архи барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Рэнцэнпүрэвийн өгсөн: “...Рагчаатай уулзаад юм яриад сууж байтал талийгаач Дарханбаатарын машинаас буугаад машины ард шээж байгаа харагдсан. Тэгтэл гэнэт нүүрс тээврийн засмал зам чигтээ алхаж яваа харагдаад алга болсон. Түүний дараагаар Дарханбаатар эхнэр рүүгээ явсан. ...Талийгаач тухайн үед биеэ удирдан жолоодох чадвартай байсан. Ер нь миний хажууд байхдаа нээх уугаагүй, харин хамгийн анх уулзахдаа архи уусан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Батхуягийн өгсөн:”...Тэр клонкын талбай дээр Пүрэвсүхийн машинаас өөр машин бол байгаагүй. Ил харагдах л хүн байгаагүй. Клонкын талбайн гэрэл унтарчихсан байсан ба тэр үед гадаа гэгээ бүрэн тасарч харанхуй болчихсон машинууд бүгд гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож байсан. Би клонк руу эргэж ороход Пүрэвсүхийн машины зөв талын хойноос чигтээ миний машины гэрэл тусаж байсан. Би түүний машинаас ертөнцийн зүгээр баруун талд нь 20-30 метр зайд зогсож, түүнийг буулгаад машин тэргээ ч унтраалгүй цааш хөдлөөд явсан. Пүрэвсүхийн машин руу нарийн анзаарч хараагүй. Тэр машины баруун талын хэсэг, мөн доогуурх хэсэг надад харагдах ямар ч боломжгүй байсан. ...тэр өөрийнхөө машины жолооч тал руу буюу кабины зүүн тал руу алхаж байгаа харагдсан. Тэр хөдөлгөөн эхлэхээсээ өмнө орчныхоо байдлыг биеэр шалгасан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Намайг замаас баруун тийш гараад зогссоны дараа 5-7 орчим минутын дараа хойшоо өнгөрөөд явахыг би харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Амгаабазарын өгсөн:”...Тэр үед би талийгаачийн хамтаар машины арын суудалд сууж байсан. Тэгтэл талийгаач би буугаад шээлээ гэж хэлээд машины арын хэсэгт буугаад шээж байснаа Дархаа би Цагаан хад руу явлаа шүү гэж хэлж байсан. Харин түүний хариуд Дарханбаатар нь одоо удахгүй явлаа байж бай гэж хэлж байсан. Гэтэл нөгөө залуу гэнэт алга болчихсон байсан. Түүний дараагаар удалгүй очерлож байсан тээврийн хэрэгслүүд урагшаагаа хөдлөхөд Дарханбаатар Рэнцэнпүрэв нартай уулзаж байсан жолооч за би явлаа гээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд бид 3 буцаад Оюут-Сүмбэр дээр ирээд би машинаас нь буугаад үлдсэн. Тэр 2 машин руугаа явлаа гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 31 дугаартай шинжээчийн

  1. Талийгаачийн биед гол судасны аортын нумрах хэсгийн тасрал, баруун, зүүн уушгины урагдал, тасрал, үнхэлцэг хальсны урагдал, элэгний баруун, зүүн дэлбэн ургадал, няцрал, тасрал, дэлүүний язрал урагдал, дотор эрхтний доргилт, баруун эгэм, 1-7-р хавирга эгэмний дунд шугамаар, 1-10-р хавирга далны шугамаар шугаман хоёрлосон, зүүн 9-р хавирга эгэмний дунд шугамаар, 10-р хавирга суганы арын шугамаар ташуу хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн цус хуралт, баруун дунд чөмөг дээд 1/3 хэсгээр ташуу ил хугарал, зүүн дунд чөмөгний дээр 1/3 хэсгийн далд хугарал, төмсөг, баруун гуя, хөлийн 1,2-р хурууны завсарын шарх, дээд уруулын дотор салстын язрал, цээжний урд дээд хэсэг, баруун, зүүн далны хэсэг, бүсэлхий, нуруу, баруун бугалга, сарвуу, гуя, өвдөг, шилбэ, зүүн ташаа, гуя, шилбэнд зулгаралт, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Талийгаачид учирсан хугарал гэмтэл нь автомашины дугуйгаар дайрагдах үед үүсэх боломжтой.
  4. Талийгаачид үүссэн гэмтлүүд нь даацын  машины дугуйгаар дайрагдах үед үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 102-103-р хуудас/ 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...Талийгаач А.Төмөртогоогийн биед учирсан духны буруун дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, эрүүн дээрх хүрэн улаан өнгийн зулгаралт, дээд уруулын дотор салстын язарсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг учралын үед буюу талийгаачийн биед учирсан бусад гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач А.Төмөртогоогийн биед учирсан духны баруун дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, эрүүн дээр хүрэн улаан өнгийн зулгаралт, дээд уруулын дотор салстын язарсан гэмтлүүд нь зам тээврийн осол хэргийн үед үүссэн байх боломжтой. Талийгаач нь тээврийн хэрэгслийн эд анги болон бусад биет зүйлд цохигдох, мөргөх, унах үед дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой... /хх-ийн 104-105-р хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 8684 дугаартай шинжээчийн

  1. Шинжилгээнд ирүүлсэн Төмөртогоогийн гэх цус нь GBO системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.”гэсэн дүгнэлт /хх-ийн 107-р хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 8683 дугаартай шинжээчийн

  1. Шинжилгээнд ирүүлсэн “А.Төмөртогоо 38н эр 5/09 Ханбогд” гэж хаягласан цусанд 3,0 промилли спиртийн агууламж илрэв.
  2. Цусанд 3,0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 109-р хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4654 дугаартай шинжээчийн

  1. Шинжилгээнд илүүлсэн футболканд 125х15мм хэмжээтэй, өмдөнд 105х53мм, 74х10мм хэмжээтэй тэлэлтийн үйлчлэлээр гарсан шинэ урагдалт, ханзралт байна. Футболканд 8мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалт байна. Өмдөнд 22х19мм, 36х10мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэл /үрэлтийн хүч/-ээр гарсан шинэ урагдалт байна. Гутлын хоншоор хэсэгт 15х15мм хэмжээтэй хатуу үзүүртэ зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн футболк болон өмдөнд тоосон мөр байна. Уг тоосон мөр болон шинжилгээнд ирүүлсэн плашинд “өдрын хгү”, “хгү” гэсэн хавтсанд ирүүлсэн “DSC_0490, DSC_0677” нэртэй зурагт автомашины дугуйгаар үүссэн байж болох тоосон мөрүүд байна.
  1. Футболк болон “DSC_0490” зургийн тоосон мөр нь “3” гэж дугаарласан баруун талын залуурын арын арын тэнхлэгийн дотор талын дугуйгаар, өмд болон “DSC_0677” зургийн тоосон мөр нь “2” гэж дугаарласан баруун талын залуурын арын арын тэнхлэгийн гадна талын дугуйгаар гарсан байж болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 111-120-р хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8685 дугаартай шинжээчийн

  1. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 гэж дугаарласан дугуйн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
  2. №1, №2 гэж дугаарласан дугуйн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.
  3. №3 гэж дугаарласан дугуйн дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 122-127-р хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4757 дугаартай шинжээчийн

  1. Шинжилгээнд ирүүлсэн 15 ширхэг зургаас 10 гэж дугаарласан гутлын мөрийн зураг нь шинжилгээнд тэнцэнэ. Уг 10 гэж дугаарласан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн талийгаачийн гэх гутлын зүүн талын улаар дарагдаж гарсан мөр байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 128-131-р хуудас/ 

 “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн №157/01 дугаартай дүгнэлт/хх-ийн 133-р хуудас/

Замын цагдаагийн шинжээчийн №11дугаартай:”...а/Ослын үед Норд бенз маркийн 86-75 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Дорж овогтой Пүрэвсүх нь МУ-ын ЗХД-ийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдадд аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн ЗХД-ийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг осол гарсан байна. Мөн ачааны автомашин жолоодох “Е” ангилалгүй ачааны автомашин жолоодсон байна.

Б./ Ослын үед талийгаач Андрей овогтой Төмөртогтоо нь мөн МУ-ын ЗХД-ийн 3.9.б-д заасан “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх”, мөн МУ-ын ЗХД-ийн 3.9.г-д заасан “Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг осолд холбогдсон байна.”

В./ Жолооч Дорж овогтой Пүрэвсүх нь “В,С” ангиллын №169688 дугаарын жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 137-р хуудас/

Шүүгдэгч Д.Пүрэвсүхийн яллагдагчаар өгсөн:”...Талийгаач Аш.Төмөртогтоо миний жолоодож явсан 86-75 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн машины дугуйнд дайрагдсан гэдгийг хэргийн газрын үзлэг хийх үед болон шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаад би ойлгосон. Машиныг клонк дээрээс хөдөлгөх үедээ миний машинд хүн дайрагдаж байгааг би мэдээгүй юм. Тиймээс хүн дайрчихаад хэргийн газраас зугтаасан гэж би өөрийгөө бодохгүй байна. ...тэгэхэд машины чиргүүлийн тэвш ямар нэгэн юманд шүргэснийг би мэдсэн. Тэгэхэд юм шүргэж байгаа дуу чимээ гарсан юм. Би гайгүй байх гэж бодоод тэнд зогсолгүй зам руу ороод хойш явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146-148-р хуудас/

Шүүгдэгч Д.Пүрэвсүхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 150-р хуудас/

Шүүгдэгч Д.Пүрэвсүхийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, гадаад паспортын  хуулбарууд /хх-ийн 149, 152-р хуудас/

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 06/21 дугаартай тодорхойлолт /хх-ийн 153-р хуудас/

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 158-164-р хуудас/

Шүүгдэгч Д.Пүрэвсүхийн гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 165-166-р хуудас/

Өмнөговь аймгийн автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 171-172-р хуудас/

Хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 197-238-р хуудас/

Хохирол төлбөр барагдуулсан тухай баримт, эвлэрлийн гэрээ, /1-р хх-ийн 250, 2р хх-ийн 1, 2 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Д.Пүрэвсүх нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 26-45 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 86-75 ӨМӨ улсын дугаартай, Beiben маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайран багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 214 дэх километрт байрлалтай “Дээдийн говь” шатахуун түгээх станцын талбай дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 7.6 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Төмөртогоогийн амь насыг хохироон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-28-р хуудас/, Цогцос болон түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-46-р хуудас/, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-58-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 61-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Алтантуяагийн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/, иргэний хариуцагч Ж.Борын мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/, гэрч С.Дарханбаатарын мэдүүлэг хх/-ийн 75-76-р хуудас/, гэрч Р.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 77-78 -р хуудас/, гэрч Н.Санжрагчаагийн мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/, гэрч Х.Рэнцэнпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/, гэрч Ц.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр хуудас/, гэрч Ч.Амгаабазарын мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-103-р хуудас/, шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг /хх-ийн 104-105-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 8684 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4654 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-120-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8685 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-127-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4757 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128-131-р хуудас/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн №157/01 дугаартай дүгнэлт/хх-ийн 133-р хуудас/, Замын цагдаагийн шинжээчийн №11дугаартай дүгнэлт /хх-ийн 137-р хуудас/, шүүгдэгч Д.Пүрэвсүхийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож  байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Пүрэвсүхийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч А.Алтантуяа, Х.Андрей нарт хохирол төлбөрт иргэний хариуцагч “Божманайзууд” ХХК-ийн зүгээс оршуулгын зардалд 4,000,000 төгрөг, аав Х.Андрейн асаргаанд 3,000,000 төгрөг, хүү Т.Билгүүний асаргаанд 3,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрийг “Божманайзууд” ХХК-ний зүгээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар барагдуулсан хэдий ч шүүгдэгч Д.Пүрэвсүхээс хохирол төлбөрт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг  хохирогч А.Алтантуяад нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гаргуулах,  750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХК-нд тус тус олгох нь зүйтэй.

Хохирогчийн төлөөлөгч А.Алтантуяа нь уг гэмт хэргийн хохирогч А.Төмөртогоогийн нийгмийн даатгалын сангаас сар бүр авдаг байсан хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан гэж сар бүр авдаг байсан 216.000 төгрөгийг 10 жилийн хугацаатай нийт 25.920.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэдий ч энэ эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь:

 Өмнөговь аймгийн Булган сумын 4-р багийн засаг даргын 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 568 дугаартай тодорхойлтод “... Өмнөговь аймгийн Булган сумын 4-р багийн иргэн өндөр настан Халтмаагийн Андрей нь ам бүл ганцаараа амьдардаг. Үр хүүхдүүд нь өрх тусгаарлан тус тусдаа гарч Улаанбаатар хот болон аймгийн төвд оршин сууцгаадаг. Төрсөн хүү талийгаач А.Төмөртогоо нь энэ хүнийг асарч тэтгэж байсан ганц хүү нь байсныг үнэн болохыг тодорхойлов” гэсэн хэдий ч хохирогчийн эцэг болох Х.Андрей нь А.Төмөртогоогийн байнгын асрамжинд байдаг талаар бусад нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна. Нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Пүрэвсүх нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, өөрийн зүгээс нэмж 4 сая төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оточ лам овогт Доржийн Пүрэвсүхийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Пүрэвсүхэд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх ялд нэмж нэгтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

5. Д.Пүрэвсүх нь тэнсэгдсэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Д.Пүрэвсүхээс хохирол төлбөрт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Алтантуяад, 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХК-нд тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Алтантуяа нь гэмт хэргийн улмаас бий болсон бусад хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Д.Пүрэвсүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач А.Төмөртогоогийн өмсч явсан гэх хар өнгийн футболик 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, түрийгүй гутал 1 хос, саарал өнгийн оймс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, эд мөрийн баримт устгах комиссод даалгаж, Шаланз машины 3 дугуйг “Божманайзууд” ХХК-д  хүлээлгэн өгч, Д.Пүрэвсүхийн №169688 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Пүрэвсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА