Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/1014

 

 

 

Ж.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Номин-Эрдэнэ,

хохирогч Ж.Хын хууль ёсны төлөөлөгч Ж.Д,

шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/703 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ж.Цт холбогдох 2108010330873 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Жгийн Ц, 1966 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арьс ширний технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор тодорхой оршин суух хаяггүй, /РД:-/;

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

            Шүүгдэгч Ж.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр -тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох Ж.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас гар, хөлөөрөө болон гурилын элдүүр модоор зодож, түүний биед нь зүүн чамархай ясны хоёрлосон цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай, баруун хатуу хальсан доорх цус хуралт, няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Жгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Цын урьд шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Цын гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Цын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг ганжинг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Уламбаяр гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Ж.Цын 2022 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт сахарын өвчин сэдэрч 2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч биеийн байдал дээрдэхгүй байгаа хувийн байдлыг харгалзан үзээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэснийг хэрэглэхгүй зөвхөн торгуулийн ял биелэгдэх боломжгүй, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан дээрх заалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хөнгөн ялаар шийтгэж өгөөч гэж мэдүүлж байхад ингэж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Гэмт хэргийн улмаас гарсан хохиролгүй, хохирогч гомдолгүй. Мөн дээрх хэргийг үйлдэж, төрсөн ахынхаа эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их гэмшиж, ухаарч ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэн, 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хоригдсоноос хойш хоёр удаа сахарын өвчин минь сэдэрч эмнэлэгт хэвтсэн. Одоогийн байдлаар биеийн байдал муу, дахин эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ж.Хын хууль ёсны төлөөлөгч Ж.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр ах минь архи, согтууруулах ундааны зүйлээс болж өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, ойлгож байгаа. Бидний зүгээс ямар нэгэн гомдол, санал, ашиг сонирхлын зөрчил байхгүй. Том ах болох Ж.Хын биеийн байдал өдрөөс өдөрт дээрдэж, сайжирч байна. Утсаар ах дүү, найз нөхөдтэйгөө ярьж, ойлголцож байгаа. Ах, дүү нарынхаа гэрт өөрөө ирээд, явж чадаж байгаа. Ж.Цын ахын биеийн байдалд нь бид маш их санаа зовж байна. Учир нь, Ж.Ц ах минь сахарын өвчний хяналтад байдаг. Урьд нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Хоригдож байх хугацаандаа сахар нь ихсэж хоёр удаа эмнэлэгт хэвтсэн ба дахин эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгаа. Ж.Ц ах минь сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, зан ааш сайтай хүн юм. Манай дүү охин н.Отай 10 гаруй жил хамт амьдарч байх хугацаандаа гурван хүүхдийг нь өсгөсөн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг нь багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, шалтгаан нөхцөл, хор уршгийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч нь өмнө ял шийтгүүлж байсан ба уг гэмт хэргийг үйлдэхдээ санаатайгаар үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр -тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох Ж.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас гар, хөлөөрөө болон гурилын элдүүр модоор зодож, түүний биед нь зүүн чамархай ясны хоёрлосон цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай, баруун зулайн хатуу хальсан доорх цус хуралт, няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дын “...Х ах өөрийн хэлж ярьж байгаагаа, үйлдлээ сайн мэдэхгүй байх шиг байна. Ц ах Х ахыг зодсон. Өөрөө тэрийгээ хэлсэн. Ц “Х чинь өөрөө урдаас янз бүрийн юм яриад байсан, мөн та нар Хыг архи уулаа, барилаа гэж ад үзээд байдаг биз дээ, одоо би мэдрэл муутай болгочихлоо, та нар баярлана биз дээ” гэж хэлсэн. ...” /хх 24/,

гэрч Т.Эын “...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байх 12-13 цагийн үед ач охины хамт байрныхаа ертөнцийн зүгээр зүүн талд явж байхад манай хөрш 19 тоот айлын тагтны цонх онгорхой, хүн зодуулж байгаа чимээ гараад байсан. Эрэгтэй хүн “май чи, ингээд хохь чинь” гэж чанга дуугаар хашхираад байсан. Би доороос нь “болиоч, цагдаа дуудлаа шүү” гэж орилоход хариу байгаагүй. Тагтан дээрээ нэг хүнийг зодоод байсан. ...17 цагийн үед гэртээ орж ирэхэд тус 19 тоот ямар нэгэн чимээгүй, нам гүм байсан. Хэн нь хэнийгээ яаж зодсоныг мэдэхгүй, доороос харагдаагүй, ойролцоогоор нэлээн удаан орилж, зодсон байх, хугацааг нь хэлж мэдэхгүй байна. ...” /хх 26-28/,

гэрч Ж.Цын “...ах Хын гэрт очиход манай ах гэртээ зодуулсан байдалтай, нүүр, нүд, толгой, нуруу хэсэгт нь маш олон тооны газар том цус хурсан байдалтай, гэртээ ганцаараа байж байсан бөгөөд хэнд зодуулсан талаар асуухад хэлэхгүй байгаад байхаар нь түргэн дуудаад ГССҮТ-д хэвтүүлсэн. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэртээ архи уучихаад байж байсан чинь манай дүү Ц очсон нь ах хэдэн үг хэлсэн чинь уурлаад зодчихоод гарч яваад хэлээгүй байсан. Дараа нь Ц зодсоноо хүлээгээд эмнэлэгт сахиж байгаа. ...” /хх 30/,

гэрч Х.Эын “...2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр эмнэлэг дээр очиход Ц ах -тоотын түлхүүр өгөөд “гэрийг нь цэвэрлэчих” гэж хэлсэн. Би уг байранд ороход энд тэнд цус болчихсон байсан ба гал тогооны шүүгээний урд бор өнгийн гурилын мод байсан. Буйдангийн эргэн тойрон цус болсон байсан. ...” /хх 34-35/,

гэрч Ж.Оын “...2022 оны 6 дугаар сарын 02, 03, 4-ний өдрүүдэд том ах Хын утас нь холбогдохгүй байгаад байхаар нь би дунд ах Цыг гэрт нь очоод үзээд ир гээд 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр явуулсан. Тэгээд ахыг очиход “Х ахын нүд нь хөхөрчихсөн, гэрээр нь цус болсон, бие нь хөх няц болсон байдалтай” юу болсноо ярьж мэдэхгүй, орон гаран байдалтай байсан. Улмаар ГССҮТ-д гавал тархины тасагт очиж үзүүлэхэд хүнд байна гээд хэвтүүлсэн. Х ахыг эмнэлэгт хэвтүүлсний дараа Ц ах руу залгаад “Та яаж байгаа юм бэ, нэгийгээ ийм болгоно гэж байх уу, ядаж зодчихоод надад хэлэхгүй яасан юм бэ, ухаан санаа нь орж гараад хүнд байна” гэхэд “архи уучихаад янз бүрээр хэлээд байхаар нь зодчихсон юм аа, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр энэ асуудал болсон байх” гэдгийг хэлсэн. ...Х ах тархи нь цууралттай байсан учраас хагалгаа хийлгэж титан суулгуулсан. Одоогийн байдлаар хүний ярьж, хэлж байгаа зүйлийг сайн ойлгохгүй, хэнд зодуулсан, яасан гэхээр буруу зөрүү ярьсан байдалтай байгаа. ...” /хх 40-42/,

гэрч Ц.Тийн “...2022 оны 5 дугаар сарын 31-ний орой Х манайд ирээд “Дүнжингарав дээр очиход манай Ц ирээд хэл амаар доромжлоод агсам согтуу тавиад байхаар нь хүрээд ирлээ. Цаадах чинь согтуу унтуулж амраахгүй, танайд хоноё” гэж хэлсэн. Манайд хоноод 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед харихаар гарсан. Тэгээд орой нь 20 цагаас хойшоо хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна Х над руу залгаад “найз нь гэртээ ирсэн, санаа зоволтгүй, Цогоо ирээд ална, хядна гэж байгаад гарлаа, гарахаар нь хаалгаа цоожилчихлоо, одоо оруулахгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр утас руу нь залгахад дуудаад авахгүй байсан ба мөн дараа өдөр нь залгахад утас нь хэд дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Д руу залгаад “ахын чинь утас холбогдохгүй хэд хонолоо, та нартай холбогдов уу, ямар нэгэн юм болчихоогүй байгаа” гэж хэлсэн. Дараа өдөр нь Ц над руу залгаад Ц ах Х ахыг зодсон байна, би гэмтлийн эмнэлэгт хэвтүүлчихлээ гэж хэлсэн. ...” /хх 47-48/,

Ж.Цын яллагдагчаар өгсөн “...Х ах бид хоёр зэрэгцээд сууж байхад баруун гараа атгаад миний толгой, шанаа орчим руу хоёр удаа цохисон. Тэр үед би боль гэхэд Х ах болихгүй дахиж цохиод “чи ингэж явахаар үхээч” гэхээр нь би уурлаад босож ирээд Х ахыг бариад толгой руу нь цохисон. Цаашаа эргэж хараад гурилын элдүүр аваад ар нуруу хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 66-67/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Хын биед зүүн чамархай ясны хоёрлосон цөмөрсөн хугарал, баруун зүүн чамархай, баруун зулайн хатуу хальсан доорх цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1,3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн 8611 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 50-51/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “...Ж.Х нь сэтгэцийн хувьд Р07.2 Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил /Энцефалопати/ ойгүйдлийн хам шинжтэй, тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил /Энцефалопати/ ойгүйдлийн хам шинж эмгэг нь олдмол шалтгаант эмгэг болно. Ж.Хын биед 8611 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь Р07.2 Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил /Энцефалопати/ ойгүйдлийн хам шинж эмгэг үүсэхэд нөлөөлсөн байх боломжтой, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. ...” гэсэн 659 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 55-57/,

дуудлага лавлагааны хуудас /хх 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-11/, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 16/, Ж.Хын өвчний түүх /хх 97-108/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба Ж.Цыг согтуурсан үедээ өөрийн төрсөн ах Ж.Хыг гар, хөлөөрөө болон гурилын элдүүр модоор зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Цын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Цын урьд шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Цын гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Ж.Цын гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нар хамтран “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Гэмт хэргийн улмаас гарсан хохиролгүй, хохирогч гомдолгүй. Мөн дээрх хэргийг үйлдэж, төрсөн ахынхаа эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их гэмшиж, ухаарч ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэн, 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж зааснаас үзэхэд, шүүгдэгч Ж.Цын үйлдэл, учруулсан хор хохирол, хувийн байдал зэрэгт хэрэглэх үндэслэл болж чадахгүй байна.

Учир нь, шүүгдэгч Ж.Цын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хэр хэмжээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8611 дугаартай дүгнэлт /хх 50-51/-ээр тогтоосон хохирогч Ж.Хт учирсан “хүнд” гэмтэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 659 дугаартай эмчийн дүгнэлтээр тогтоосон ойгүйдлийн хам шинж эмгэг /хх 55-57/, хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял тохирсон байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/703 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                                   Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ