Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01368

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104/ШШ2020/00132 дугаар шийдвэртэй

Б.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ад холбогдох эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол, эмчилгээний болон зайлшгүй гарах зардалд нийт 3 034 876 төгрөг, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 1 380 000 төгрөг бүгд 4 414 876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өглөө ажилдаа явах зорилгоор хариуцагч Н.Агийн өмчлөлийн 89-25 УНҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинд суусан. Налайх дүүргээс Улаанбаатар хот орох замдаа зам тээврийн осолд орсон. Шүүх Н.Агийн буруутай үйлдлын улмаас осол гарсан болохыг тогтоосон. Энэ ослын улмаас миний тархи доргиж, зүүн хацрын яс цуурч, зүүн нүдэнд цус хурж, зүүн баруун сүүжний яс бяцарч, баруун талын 8 хавирга, нурууны хоёр сэртэн яс хугарч, баруун талын сүүжний далбаан яс баруун талаасаа салж, хөлийн тавхайн яс цуурч хүнд гэмтэл авсан. Мөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дотуур цус алдаж Налайх дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хариуцагч Н.А эрүүгийн шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө эмчилгээний зардал, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү гэж нийт 7 000 000 төгрөг өгсөн. Харин энэ цагаас хойш ямар ч чимээ сураггүй алга болсон. Харин би олон сар хэвтэрт болон тэргэнцэртэй байсан учир босч, сууж чадахгүй өтгөн шингэнээ хөтөвчинд гаргадаг байсан. Ингэхдээ байнга нойтон сальфетка, нойлын цаас, памперс хэрэглэж байсан. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэхээс өөр аргагүй болсон. Учир нь: удаан хугацаанд хөдөлгөөнгүй суугаа байдалтай байгаа хүний өтгөн хатах магадлал өндөр болсон. Мөн миний сүүжний бөөрөнхий яс гүйцэт бороолохгүй байгаа болохоор эмчийн хяналтанд байж байнга эм тариа, нэмэлт бүтээгдэхүүнийг дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж байна. Тухайн үед аарцаг ясны гэмтэл илүү их байсан учир кальцийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу АБМ ХХК-иас авч уусан. Үүнээс гадна миний нүд, хацрын яс цөмөрснөөс шалтгаалан толгой маш их өвддөг тул тархи, толгойны эмчилгээ хийлгэсэн. Би тэргэнцэртэй нийтийн унаанд сууж явах боломжгүй учир эмчид үзүүлэх, эмнэлэгт хэвтэх болгонд хүний унаа гуйн бензин хийж явдаг байсан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу гарсан эмчилгээний зардал 3 034 876 төгрөг, 2019 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын цалингийн зөрүү 1 380 000 төгрөг нийт 4 414 876 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин шийтгэх тогтоол гарахаас өмнөх эм, тарианы 2 баримтыг эрүүгийн хэрэгт өгөөгүй байсан тул одоо иргэний журмаар нэхэмжилж байгаа. Гэхдээ би хариуцагчийн боломж бололцоог бодож цалингаасаа татгалзсан. Гэтэл надад 200 000 төгрөг өгнө гэснийг уншаад цалингийн зөрүүг шаардаж байна. Хариуцагч Н.А эрүүл саруул ажил хийж эхнэр, хүүхэдтэйгээ хамт байна. Гэтэл би өрх толгойлсон ганц бие эмэгтэй, надаас өөр ажил хөдөлмөр хийдэг хүн байхгүй. Одоо би хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж группийн 310 000 төгрөгөөс өөр орлогогүй болсон. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч 100 000 төгрөг өгье гэж байна. Би осолд орохоосоо өмнө хувийн байгууллагад сарын 1 000 000 төгрөгийн цалинтай байсан. Байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан ч 1 000 000 төгрөгийн цалинтай болохоо дансны хуулгаараа нотолж байгаа. Хариуцагч миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна гэвэл цалингаасаа татгалзаж маргаанаа эв зүйгээр шийдвэрлэх боломжтой. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэхгүй гэсэн тул нэхэмжлэлээ анх гаргасан мөнгөн дүнгээр дэмжиж байна. Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлээ нотолж байгаа тул хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын цалин 1 380 000 төгрөг, эмчилгээний зардал 3 034 876 төгрөг, нийт 4 414 876 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Отгон, өмгөөлөгч Э.Намжилцэрэн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.А гэм буруугийн талаар маргаагүй. Гэхдээ хариуцагч Н.А нэхэмжлэгч Б.Дгийн биед учруулсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг хуульд заасан журмын дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Гэтэл нэхэмжлэгч Б.Д 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эмийн сангаас авсан эм, тарианы зардлуудыг нэхэмжилсэн байна. Энэ хохирлыг эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарахаас өмнө төлөгдсөн байх боломжтой. Б.Д өөрийн ажилладаг компаниас нийт 2 656 476.56 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан байх ба ихэнх нь хоол боловсруулах буюу тураах зориулалттай хоолны ислэг бүтээгдэхүүн байна. Эдгээрээс гадна нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн гэх баримт нь гадаад хэл дээр байх ба ямар зориулалтын бүтээгдэхүүн болох, эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэй, эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгч Б.Д 1 000 000 төгрөгийн цалин орлоготой байснаа нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн баримтаар нотлох ёстой. Гэтэл энэ талаар баримт байхгүй. Иймээс цалингийн зөрүү гэж ямар ч мөнгө төлөхгүй. Ер нь нэхэмжлэгчтэй 200 000 төгрөгөөр эвлэрэх санал тавьсан. Харин нэхэмжлэгч Б.Д хүлээж аваагүй тул эвлэрэх боломжгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн эмчилгээний зардал болон цаашид гарах зардлыг төлөхгүй гэсэн үг биш. Одоо бол эмчилгээний зардлаас 100 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч байна. Харин хариуцагч Н.А сэтгэл гаргаагүй биш гаргасан. Нэхэмжлэгч Б.Дг хохиролгүй болгох үүднээс өөрт байгаа бүх хөрөнгөө барьцаалж, зарж байж шаардсан эмчилгээний зардал болон цалингийн зөрүүнд нийт 7 000 000 төгрөг өгсөн. Одоо Н.А нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Сард 800 000 төгрөгийн цалингаар эхнэр, 0-15 насны 4 хүүхдээ тэжээдэг. Хэрэглээний зардал болон зээлийн төлбөрөө арай ядан төлж байна. Мөн Зам тээврийн гэмт хэрэг нь санаатай бус болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг. Иймд шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Мөр Нямдаваагийн Амарсанаагаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1 581 580 /нэг сая таван зуун наян нэгэн мянга таван зуу ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэцэнван Батбаярын Даваасүрэнд олгож, нэхэмжлэлээс 2 833 296 /хоёр сая найман зуун гучин гурван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Агаас улсын тэмдэгтийн хураамж 40 255 /дөчин мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч Б.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас эмчилгээний зардал нийт 4 414 876 төгрөгийг нэхэмжилж үүнээс 1 581 580 төгрөг батлагдсан бөгөөд 2 833 396 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасан. Энэ хэрэгсэхгүй болгосон шаардлагад нэмэлт амин дэм буюу витамин дархлаа сэргээх бэлдмэл зарим эм тариа байсан. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр аваарт ороод үүнээс хойш хэвтэрт байсан. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс доогуур цус алдаж 8 дугаар сарын 23-ны өдөр өрхийн эмнэлэгт үзүүлж 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Ингээд эмчийн заавраар байнга дархлаагаа сайн дэмж, цусаа төлжүүл гэж зөвлөгөө бичиж өгсний дагуу төмрийн бэлдмэл, дархлаа дэмжих витамин авч уусан. Мөн байнга толгой өвддөг учраас эмчид үзүүлэх болгондоо зовиурт толгой өвдөх гэж байгаа. Энэ нь тархи толгойдоо гэмтэл авснаас үүдэж тархи толгойн витамин авч уусан. Тархи толгойн зураг авахуулж оношилж байгаа. Эмч нар болгон дархлаагаа сайн дэмж гэж зөвлөдөг. Мэдээж ийм хүнд бэртэлтэй хүн нэмэлт амин дэм хэрэглэж ясаа бороолуулна эдгэрнэ гэж зөвлөдөг. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хэвтэрт байсан бөгөөд 10 сараас дөнгөж өндийдөг болсон 11 сараас тэргэнцэр дээр сууж 12 сараас таягтай ганц нэг алхдаг болж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 100 айлын сэргээн засахад ойчероо 1 сар хүлээж хэвтэн эмчлүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авсан витамин 2 сарын хэрэглээ бөөнөөр авсан болно. Хөдөлмөрийн чадвараа 69% -иар алдаж группд орж өвдөн шаналж байгаа дээр сэтгэл санаагаар их унаж байна. Иймээс биеэ хурдан эдгээхийн тулд нэмэлт хэрэглэх нь тодорхой. Одоо миний бие 2 суга таягтай явж байгаа. Яс маань бүрэн бороолоогүй байгаа. Эдгэрэлт болоогүй гэж хяналтад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч Б.Д нь Н.Ад холбогдуулан гэм хорын хохирол болон цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Гэвч нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.10.31-нээс 2019.12.19-ний өдрийн цалин 1 380 000 төгрөгөөс татгалзсан хүсэлт тус шүүхэд гаргасан боловч 2020.04.03-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч цалин 1 380 000 төгрөгөө нэмж нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүх нэхэмжлэгч аль ч үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй хэмээн үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг хязгаарлаж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр олгоно гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Амвэй тээвэр зууч” ХХК-д барааны мэргэжилтэн, тооцоо гаргагч ажилтай, сарын 1 000 000 төгрөгийн цалинтай байсан нь ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга, 2019.11.06-ны өдрийн 2019/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна гэж үзэж 11, 12 сарын цалин 1 380 000 төгрөгийг гаргасан буруу гэж үзэж байна. Иймд тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104/ШШ2020/00132 шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Н.Ад холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол, эмчилгээний болон зайлшгүй гарах зардалд нийт 3 034 876 төгрөг, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 1 380 000 төгрөг бүгд 4 414 876 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг зөвшөөрнө бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоо арилгуулна” гэж заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.А нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 7 цагийн орчимд Төв аймгийн Зуун мод сумын 4 дүгээр багийн нутагт Налайх дүүргээс Зуунмод явах чиглэлд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хажуу руу гарч онхолдон зам тээврийн осол гаргасан байна.

Уг ослын улмаас Х.Жулдыз, Б.Д нарын биед хүнд, Т.Үүрцайхын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болохыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоожээ. /хх.5-18/

Хариуцагч Н.А нь нэхэмжлэгч Б.Дд, уг ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь хэргийн баримт, зохигчдын  тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Н.Агаас эмчилгээний зардал болон зайлшгүй гарах бусад зардал 201 580 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 1 380 000 төгрөг нийт 1 581 580 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Хэрэгт нэхэмжлэгч Б.Дд тархины цахилгаан бичлэг хийлгэсэн тархи толгойны үзлэг хийлгэсэн бичиг өрхийн эмчийн тодорхойлолт авагджээ. Уг тархины бичлэгт үзлэг хийсэн баримтаар тархи мэдэрлийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон гэсэн байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх эмийн сангаас авсан эмийн мөнгийг нэхэмжлэгчийн эмчилгээнд хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. /хх.18/

Учир нь, хэргийн 12 дугаар талд авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчийг Нигезин 550 мг, Кальци, Төмрийн бэлдмэл, Омега-3, Витамин С, тархи толгойн эм уу гэсэн эмчийн жор авагдсан байх бөгөөд уг зааврын дагуу нэхэмжлэгч Кальци-106 501 төгрөг, Төмрийн бэлдмэл-49 211 төгрөг, Омега-3-126 212 төгрөг, Витамин С-185 038 төгрөг, тархи толгойн эм-355 414 төгрөг нийт 822 376 төгрөгийн нэмэлт эм, бэлдмэл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 822 376 төгрөгийг нэмж нийт 2 403 956 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн шаардаж байгаа бусад эмийн баримт дээрх гэмтэлтэй шалтгаант холбоотойгоор зайлшгүй гарах зардал эсэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2 010 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болно.

 Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч цалингийн зөрүү 1 380 000 төгрөг, эмчилгээний зайлшгүй гарсан зардалд 201 580 төгрөг, нэмэлт эм бэлдмэл авсан 822 376 төгрөг зэрэг нь баримтаар нотлогдсон буюу нийт 2 403 956 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.