Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,  

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Э.Оюунбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунбаатарт  холбогдох 1729000630030 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Оюунбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтуугаар “Шанх Транс” ХХК-ийн эзэмшлийн 39-30 ӨМҮ улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2,7, 9.2 дахь хэсгүүдэд заасныг  зөрчиж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 26 дахь км-т “Шинэ Эрмүүн” ХХК-ийн эзэмшлийн 29-51 УНЗ улсын дугаартай норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, иргэн Б.Ганцолмонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Оюунбаатар мэдүүлэхдээ: ” Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр кэмп дээр ажиллаж байгаад засмалын 4 дүгээр зам дээр манай нэг машин эвдэрсэн юм. Тэр машинд сэлбэг хүргэж өгөх гээд байж байхад Б.Ганцолмон кемп дээр ирсэн байсан. Тэгээд бид хоёр сэлбэг хүргэж өгсөн. Тэгээд буцах замдаа машинд байсан архийг уугаад санамсаргүй урд зогсож байсан машины араас мөргөчихсөн. Тухайн үед би ухаа алдсан, юу болсноо мэдэхгүй унтаж байсан. Сэрсэн чинь Б.Ганцолмон намайг хэн зодчихов гээд хэвтэж байсан. Б.Ганцолмонг харсан чинь духнаас цус гарчихсан байхаар  дээр нь гарч дарж сууж байгаад подволкоо тайлаад цусын дарсан. Удалгүй түргэн тусламж ирж Б.Ганцолмонг авч явсан. Түүний дараа цагдаа ирж хэмжилт хийсэн. Маргааш нь Б.Ганцолмонг аваад хот руу эмнэлэгт үзүүлэхээр авч явсан ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганцолмонгийн мэдүүлэхдээ: ” Хохирогч: Э.Оюунбаатар найз маань миний эмчилгээний зардлыг цаг тухайд нь төлж байгаа. Цаашид миний эмчилгээний зардлыг гарсан даруйд нь төлнө гэж ярилцсан” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13-14-р хуудас/

Жолоочийн согтуурлын зэргийг шалгасан магадлагаа /хх-ийн 15-16-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “Э.Оюунбаатарын “ВСЕ” ангиллын 498069 дугаартай жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тоосон ” /хх-ийн 79-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ганцолмонгийн өгсөн:”...Би өмгөөлөгчгүй байцаалт өгнө. ...Миний бие тухайн ослоос болж, толгойн баруун урд хэсэгт цөмөрч, хагалгаанд орж, духны хэсэгт төмөр тавиулсан. Үүнээс үүдсэн гэмтэл бэртэл, хагалгааны дараах явцад машин жолоодож явсан Оюунбаатар миний эмчилгээний зардал мөнгө, гарсан хохирлуудыг төлж барагдуулж байгаа. Миний биеийн байдал одоохондоо анхны байдлыг бодвол дээрдсэн байдалтай байна. Цаашид эмчилгээг сайн хийлгэхгүй бол болохгүй гэж эмч хэлсэн. Оюунбаатараас одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид шаардагдах эмчилгээг хийлгэж байх хэрэгтэй байгаа. Тэр эмчилгээг Оюунбаатар хийлгэж байгаа учир цаашид гарах зардал мөнгийг төлнө гэж хэлсэн. Тийм болохоор цаашид гарах зардал мөнгөнүүдийг гаргуулах хүсэлтэй байна. ...Би шүүх хуралд суунаа. Гэр бүлийн хүний хамтаар сууна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч О.Галтын өгсөн: “...Оюунбаатарын жолоодож яваад осол гаргасан Ниссан патрол маркийн авто машин нь “Шанх транс” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Э.Оюунбаатар нь манай компанид кемп менежерээр ажилладаг юм. ...Компанийн зүгээс автомашинтай холбоотойгоор Э.Оюунбаатараас нэхэмжлэл, гомдол санал байхгүй. ...Би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мөнх-Одын өгсөн:”...жолооны хүрдэн дээр сууж байгаа жолооч зүгээр, харин баруун талын зорчигчийн суудал дээр сууж явсан залуугийн толгойноос цус гарчихсан байдалтай сууж байсан. Тэгээд би Цогтцэций сумын цагдаагийн 70535501 дугаар руу залгаж тухайн ослын талаар мэдээллээд мөн сумын хүн эмнэлэг рүү мэдэгдсэн. Тэгсэн тухайн жолооч залуу унтсан байсан. Машиныг асаах гэж оролдсон тэгэхээр нь битгий асаа цаад зорчигчийн цусыг дарж тогтоо гэж хэлээд өөрийн машинаасаа эмийн сан авч ирээд тухайн залуугийн толгойн цөмөрсөн хэсэгт бинт тавьж даруулаад боосон, тэгээд байж байтал тухайн жолооч залуу “бид хоёр ингээд ийшээ салаад явчихъя” гэж хэлээд байсан. Тэгэх үед зорчигч залуу “хэн намайг цохичихвоо” гэж хэлээд байсан. Тэгсэн удалгүй түргэн ирээд гэмтсэн хүнийг аваад явсан. ...Очоод хаалгыг татахад л машин дотроос архи үнэртэж байсан. ...Тэр 2 шаланз хоёулаа ослын буюу аваарын гэрлээ асаачихсан явж байсан...”гэх мэдүүлэг хх/-ийн 26-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Оюунбатын өгсөн:”...Шунхлай ШТС- руу орох гээд манай найз Батмагнай миний урд аваарын дохио өгөөд хурдаа сааруулж эхэлсэн. Тэгээд би араас нь дагаад мөн адил хурдаа хасаж, аваарын дохиогоо өгөөд байж байтал ард талаас толинд гэрэл тусч эхэлсэн. Тэгээд би хурдаа саарсан байдалтай явж байхад тас хийх чимээ гарахаар нь би шууд зогссон. Тэгээд би цонхоороо хартал миний ард талын зүүн буланг Ниссан Патрол маркийн автомашин мөргөсөн байдалтай байсан. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 -р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 213 дугаартай шинжээчийн

  1. Б.Ганцолмонгийн биед духны баруун хэсэг, баруун нүдний дээд ханын цөмөрсөн хугарал, баруун орбитын дотор ханын хугарал, баруун духны эдэд олон тооны няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонго нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/

Замын цагдаагийн шинжээчийн №07 дугаартай:”...1. Ниссан патрол маркийн 3930 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэбаяр овогтой Оюунбаатар нь ЗХД-д 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2.7а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Норд бенз маркийн 2951 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Одбаатар овогтой Оюунбат нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

3. Эрдэнэбаяр овогтой Оюунбаатар нь №498069 дугаартай ”ВСЕ” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй, Одбаатар овогтой Оюунбатын №624242 дугаартай ”ВСЕ” ангиллын үнэмлэх хүчинтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/

Шүүгдэгч Э.Оюунбаатарын яллагдагчаар өгсөн:”... Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай компанийн засмал замын 4 дэх км-т явж байгаад эвдэрсэн гэж жолооч нь утсаар хэлсэн. Тэгээд би тийшээ сэлбэг хүргэж өгөхөөр 21 цагийн үед үйлчилгээний Ниссан патрол маркийн 39-30 ӨМҮ улсын дугаартай автомашинаа жолоодож, жолооч Ганцолмонгийн хамт явсан юм. Бид хоёр явсаар нөгөө машин дээр очиж сэлбэгээ өгчихөөд кемпрүүгээ шороон замаар төмөр замын даланг дагаж яваад засмал замын 20 дахь км-ын харалдаа зогсоод, машинд байсан 0,5 литрийн “Ерөөл” архийг хувааж уугаад дууссан. Тэр архи тал шил л байсан байх. Архиа дуусгаад тэндээс хөдөлж явсаар шалган нэвтрүүлэх цэгийг тойрч засмал зам руу ороод явсан бөгөөд би урдаа явж байсан шалназтай нэлээд шахсан байдалтай явж байтал тэр шаланз урдаа байсан шаланзыг тойроод гарсан би тэр урд зогсож байсан шаланзыг нь хараад жолоогоо дарсан болов ч яаж ч бололгүй баруун урд талаараа шаланзны чиргүүлийн зүүн хойт буланг мөргөчихсөн юм. Нэг сэргэхэд баахан хүмүүс ирчихсэн байсан. Миний бие зүгээр Ганцолмон “намайг хэн зодчихвоо” гээд машины кабинд сууж байсан. Ганцолмонгийн нүүр нь цус болчихсон харагдсан. Удалгүй түргэн ирж Ганцолмонг аваад явсан. Цагдаа ч ирж үзлэг хийсэн ба намайг согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/

Шүүгдэгч Э.Оюунбаатарын иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн  лавлагаанууд /хх-ийн 55-58-р хуудас/

Шүүгдэгч Э.Оюунбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/

Шүүгдэгч Э.Оюунбаатарын гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 60-61-р хуудас/

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 63-67-р хуудас/

“Шанх транс” ХХК-ийн 17/114, 17/113 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 68-69-р хуудас/

Шүүгдэгч Э.Оюунбаатарын  жолоочийн үнэмлэхийн хуулбар, Ниссан патролын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 73-р хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Засаг дарга С.Батбилэгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 723 дугаартай тодорхойлолт /хх-ийн 78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Э.Оюунбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтуугаар “Шанх Транс” ХХК-ийн эзэмшлийн 39-30 ӨМҮ улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2,7, 9.2 дахь хэсгүүдэд заасныг  зөрчиж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 26 дахь км-т “Шинэ Эрмүүн” ХХК-ийн эзэмшлийн 29-51 УНЗ улсын дугаартай норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, иргэн Б.Ганцолмонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13-14-р хуудас/, Жолоочийн согтуурлын зэргийг шалгасан магадлагаа /хх-ийн 15-16-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ганцолмонгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч О.Галтын өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мөнх-Одын өгсөн мэдүүлэг хх/-ийн 26-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Оюунбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 -р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 213 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/, Замын цагдаагийн шинжээчийн №07 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/, Шүүгдэгч Э.Оюунбаатарын яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Оюунбаатарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ганцолмон нь Э.Оюунбаатар найз маань миний эмчилгээний зардлыг цаг тухайд нь төлж байгаа. Цаашид миний эмчилгээний зардлыг гарсан даруйд нь төлнө гэсэн тул Э.Оюунбаатараас нэхэмжлэх зүйл болон санал, гомдолгүй гэсэн болохыг дурдаж, Хохирогч Б.Ганцолмонг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Оюунбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Оюунбаатарын №498069 дугаартай “ВСЕ” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь  аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Оюунбаатарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мөнхийнхөн овогт Эрдэнэбаярын Оюунбаатарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар Э.Оюунбаатарт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Оюунбаатар нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Э.Оюунбаатар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ганцолмон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Оюунбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Э.Оюунбаатарын №498069 дугаартай “ВСЕ” ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Оюунбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА