Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Отгонбаяр,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ад холбогдох 1729000820036 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Саруул төв”-ийн байранд иргэн Т.Энхсайханыг  хутгалж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “Бид хашаа барьж байгаад ажлаа дуусгаад маргааш Багануур Буцах гэж байсан.

Орой нь найзуудаараа нийлэн караоке орж дуулангаа 3 шил архи уусан. Би ажилдаа ядраад архиндаа согтон ухаан алдсан байсан. Өглөө нь цагдаагийн газар сэрээд Т.Энхсайханыг хутгалснаа мэдсэн гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-12-р хуудас/,

“11,7 см урттай бариул бүхий, 25.8 см урттай 1 ширхэг хутга, юүдэн малгай бүхий, ар хэсэгтээ цоорсон 1 ширхэг хүрэм” мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 16-р хуудас/, 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Энхсайханы өгсөн:”...О.А тавиур дээрээс хутга аваад эргээд над руу дайрсан, би “яаж байна аа” гэхэд Атарбаясгалан юу ч хэлээгүй, би хутга барьсан гарыг нь баруун гараараа хорьж байгаад гарынхаа алганы дотор талыг зүсүүлчихсэн, ингээд зууралдаж байтал гаднаас Баттулга орж ирээд “юу болж байна, яаж байгаа юм бэ” гээд Атарбаясгаланг араас нь татаад надаас салгасан, би эргээд зугтаах үед миний хүзүүний ардаас болон зүүн мөр рүү хоёр удаа хутгаар хатгачихсан. Баттулга, Атарбаясгаланг газар дарж унагаад хутгыг нь булааж авсан. ...Миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд Атарбаясгалан 800,000 төгрөг өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мөнхбаярын өгсөн:”...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед Атарбаясгалан, Баттулга, Өлзий-Орших, Сайханаа нарын хамт Ханбогд сумын Саруул төвийн караокений VIP өрөөнд орж дуулангаа 2 шил 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Би 1 цаг 20 минут орчим дуулаад 22 цаг өнгөрч байхад архи дуусч миний ч хэмжээ болоод би Саруул төвийн хашаан дотор байрлаж байгаа гар рүүгээ орж амрахаар гарсан. Надтай Өлзий-Орших хамт гараад, гадаа салцгаасан. Тэгээд маргааш өглөө нь босоход Сайханаа миний хажуу талд өөр хөнжилд хэвтэж байхаар нь чи чинь яагаад надтай хамт унтсангүй вэ гэхэд шөнө бөөн юм болоод Баттулга, Атарбаясгалан нар цагдаа дээр хоносон гэсэн. ...Энхсайхан өчигдөр орой Атараа намайг зүгээр байж байхад хутгаар 3 удаа хатгачихлаа шөнө эмнэлэг орж оёдол тавиулаад ирсэн гэж байсан. Сайхнаа гараа боочихсон, мөрөн дээрээ хоёр оёдол тавиулчихсан байсан” гэх мэдүүлэг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Алгирмаагийн өгсөн:”...манайд блок хийж байгаа Атараа, Сайханаа гэдэг хоёр залуу барьцалдчихсан нэгнийгээ түрээд голд нь Тука гэх залуу салгах зууралдаад давхралдаад унаж байсан. Тэгээд би тэд нар дээр очтол Атараа гэдэг залуу нь гартаа хутга барьчихсан Сайханаагийн доор нь орж унаад тасарчихсан юм шиг унтаад байхаар нь би гарнаас нь хутгийг нь аваад Сайханааг босготол гарнаас цус гараад байхаар нь гарыг нь боож байтал дахиад цус гараад байхаар нь хартал хүзүүнээс нь цус гарч байхаар нь айгаа эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Баттулгын өгсөн:”...2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой Энхсайхан, Атарбаясгалан бид гурав Саруул төвийн караокед сууж байгаад би утсаар ярихаар гал зуухан дотор нь сууж байхад Атарбаясгалан гал зууханд ороод гарсан. Тэгээд нэг их удалгүй коридорт чанга дуугараад байхаар нь гарч хартал Атарбаясгалан, Энхсайхан нар зодолдож байхаар нь салгаад Атарбаясгаланг барьж байхад Саруул төвийн Алгирмаа эгч дээрээс бууж ирээд Сайханаагийн мөрний дээд хэсгээс цус гараад байна гээд эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №248 дугаартай шинжээчийн

  1. Т.Энхсайханы биед хүзүүний баруун ар, зүүн мөр, баруун сарвууны дотор хэсэг шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/

О.Агийн яллагдагчаар өгсөн: ”...Би найз Баттулга, Мөнхбаяр, Энхсайхан нарын хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Саруул” үйлчилгээний төвд барилгын ажил хийж байсан юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээт ажлаас дуусгаад маргааш нь буюу 11 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хот руу буцахаар болоод тэр өдрөө буюу 11дүгээр сарын 18-ны өдөр найзуудаараа архи уусан юм. Тэнд Баттулга, Энхсайхан, Мөнхбаяр, Өлзий-Орших нарын хамт “Саруул” төвийн караокед орж гурван шил 0,75 литрын “Соёрхол” архи хувааж уусан, би тухайн үед маш их согтсон байсан. Юу болсноо мэдээгүй нэг сэргэхэд цагдаагийн тасаг дээр гавтай байсан. Юу болсон талаар асуухад архи ууж байгаад Энхсайханыг хутгалсан гэсэн тэгээд л ийм хэрэг хийснээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

Шүүгдэгч О.Агийн хувийн байдлыг нотлох Багануур дүүргийн 5-р хорооны Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/,

Шүүгдэгч О.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгч О.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгч О.Агийн гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 44-45-р хуудас/

Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №1/1395 дугаар “...О.Агийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна” гэсэн тодорхойлолт /хх-н 42-р хуудас/,

Шүүгдэгч О.Агийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 48-51-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч О.А нь 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Саруул төв”-ийн байранд иргэн Т.Энхсайханыг  хутгалж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Энхсайхан нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11,7 см урттай бариул бүхий, 25.8 см урттай 1 ширхэг хутга, юүдэн малгай бүхий, ар хэсэгтээ цоорсон 1 ширхэг хүрэмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Ад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Оюунцэцэгийн Атарбаясгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Энхсайхан нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай. 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.Агийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11.7 см урттай бариул бүхий, 25.8 см урттай 1 ширхэг хутга, юүдэн малгай бүхий, ар хэсэгтээ цоорсон 1 ширхэг хүрмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА