Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01405

 

ЖДҮСгийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01131 дугаар шийдвэртэй

ЖДҮСгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б” ХХК, Р.Д нарт холбогдох

2016-12-14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 137 303 056 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч М.Цэцэгсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ЖДҮСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Б” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2016/3-30 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 180 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, “Мах махан бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах” төслийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд Б.Төгсбаяр, Б.Батчимэг, О.Хишигмөнх, Т.Халиун, Т.Хулан нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоот хаягт байрлалтай 108,2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007962 дугаартай, гэрчилгээний 000197498 дугаартай хувийн сууц, Б.Төгсбаяр, Б.Батчимэг, О.Хишигмөнх, Т.Халиун, Т.Хулан нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоот хаягт байрлалтай, 562 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2206002008 дугаартай, гэрчилгээний 000070339 дугаартай, 18633304897965 нэгж талбарын дугаартай өмчлөх эрхийн бүртгэлтэй газар, Р.Дийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 153/7 байрны, 18 тоот хаягт байрлалтай 85,80 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2201015356 дугаартай, гэрчилгээний 000431962 дугаартай 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 33 912 614 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13 628 919 төгрөг, нийт 47 541 533 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1028 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2016/03-30 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, үндсэн зээлийн төлбөрт 146 087 386 төгрөг, зээлийн алданги 297 584 төгрөг, нотариатын зардалд 25 000 төгрөг, нийт 146 384 970 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргаж байна. “Б” ХХК нь 2016 оноос 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 53 514 451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14 069 082 төгрөг, нийт 67 583 533 төгрөгийг төлсөн байна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн санхүүгийн тооцооллоос хойш “Б” ХХК нь төлөлт хийсэн учир үндсэн зээлийн төлбөрт 136 485 548 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 417 720 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 399 788 төгрөг, нийт 137 303 056 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж байна гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь тус сантай 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2016/3-30 тоот зээлийн гэрээг байгуулан 180 000 000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусах юм. Хүчин төгөлдөр гэрээ цуцлагдаагүй байгаа тохиолдолд гэрээний үүрэгт мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага яригдахгүй юм. Тийм учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдүүлэгчээс зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдээгүй, зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлээгүй болно. Манай компанийн зүгээс дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр 3 984 200 төгрөгийг төлөх ёстой, төлж байсан төдийгүй заримдаа төлбөл зохих мөнгөн дүнгээр төлөх боломжгүй тохиолдолд компани нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж, үндсэн зээлээс нэг сард хэд хэдэн удаа хувааж төлж байсан. Ингэхдээ тус сангийн эрх бүхий ажилтан, албан тушаалтантай манай компанийн нягтлан бодогч биечлэн уулзаж, санал, хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр харилцан зөвшилцөж асуудлыг шийдвэрлэж байсан. Түүнчлэн манай компани тус сантай 2017, 2018, 2019 онуудад тооцооны үлдэгдлийг баталгаажуулж, тооцоо нийлсэн баримт үйлдэж байсан. Уг баримтуудаас үзэхэд тус сан нь зээлдэгч зээлийг төлбөл зохих мөнгөн дүнгээр төлөөгүй, төлөх боломжгүй байгаа тохиолдолд үндсэн зээлээс нэг сард хэд хэдэн удаа хувааж төлж болохыг хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь харагддаг. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрт 146 384 386 төгрөгийг гаргуулахаар дурдсан байх ба дээрх цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл манай компани нь зээлийн эргэн төлөлтөд тус сангийн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 02, 13, 24, 29-ний өдөр 02 дугаар сарын 05, 10, 14, 17, 19-ний өдрүүдэд нийт 4 500 000 төгрөгийг, зээлийн эргэн төлөлтөд нийт 60 000 000 орчим төгрөгийг төлсөн бөгөөд цаашдаа төлөөд явах болно. Түүнчлэн тус сангаас манай компанид ямар нэгэн мэдэгдэл, шаардлага ирүүлээгүй, албан ёсоор мэдэгдээгүй атлаа урт хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь бидний байгуулсан зээлийн гэрээний 12.1-д “Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг сан болон зээлдэгч юуны түрүүнд хэлэлцээр хийх замаар, эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ...” гэж заасан. Мөн гэрээний 6.2.10-д “Зээлийг буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх” 10.2.6-д “Энэхүү гэрээний гарсан зөрчлийг арилгахыг сан зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй” 10.4-д “Гэрээг цуцалсан нөхцөлд сан зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу эхлүүлэх бөгөөд энэ тухай зээлдэгчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан. Эдгээр гэрээний заалтууд хангагдаагүй, зээлдүүлэгч уг заалтуудыг урьдчилан хэрэгжүүлээгүйгээс гадна Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” 204.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” 221.1 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаантай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд 225.4.1-д “Үүргийг ялимгүй зөрчсөн” гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь тус сантай 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2016/03-30 тоот зээлийн гэрээг байгуулан 180 000 000 төгрөгийг зээлж авахад миний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд би өөрийн өмчлөлийн СХД, 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 153/7 байр 18 тоот хаягт байрлалтай 85.80 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Уг зээлнйн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусах юм. Зээлдүүлэгчээс зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг надад урьдчилан мэдэгдээгүй, зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлээгүй атлаа нэхэмжлэлдээ “буцаан дуудах мэдэгдэл” гэж хавсаргасан байна. Мэдэгдлийг хэнд, хэзээ, ямар эх сурвалжаар хүргүүлсэн нь тодорхойгүй байна. Өвчлөл, эдийн засгийн хямралтай холбоотойгоор компанийн болон өөрийн ашиг орлого багассан учраас зарим тохиолдолд зээлийн эргэн төлөлтийг бүрэн хэмжээгээр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч зээлдэгч нь зээлийг боломжоороо өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа, цаашдаа ч төлөх болно гэдгийг хэлмээр байна. Бидний байгуулсан зээлийн гэрээний 12.1, 6.2.10, 10.2.6, 10.4-д энэ талаар заасан учраас миний хувьд зээлийн гэрээний буюу 2021 оны 12 сарын 14-ний хугацаанд зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа учраас нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК /РД:6050786/, Харууд овогт Рэнцэнсамбуугийн Дашбилэг /УЗ89111739/ нарт холбогдох 2016-12-14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 137 303 056 /нэг зуун гучин долоон сая гурван зуун гурван мянга тавин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮС /РД:5290082/-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Р.Дийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 153/7 байрны 18 тоотын 85,80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч “Б” ХХК-ийн захирал Б.Төгсбаяр болон түүнд итгэмжлэлээр эрх олгосон өмчлөгч нарын Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоотод байрлах 562 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, 108,2 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ЖДҮС нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК, Р.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 914 665 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Гэрээг тогтвортой, талуудын итгэл найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, хүссэн үедээ гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Хэдий талууд зээлийн гэрээгээр хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах нөхцөл, тохиолдлыг харилцан тохиролцож тогтоосон боловч энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн гэрээний эрх зүйн болон үүргийн зохицуулалтад нийцсэн байх ёстой. Нэхэмжлэгч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 8.1.1, 10.2.1-д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг гаргасан гэх боловч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй бөгөөд зээлийн гэрээний хавсралт буюу зээл буцаан төлөх хуваарь нь нотлох баримтаар хэргийн материалд авагдаагүй ба энэ нь талуудын 2017, 2018, 2019, 2020 онд төлөлт хийсэн, тооцоо нийлсэн акт, баримтууд /хх-7, 14, 44-45, 46-50х болон бусад/-аар үгүйсгэгддэг юм. Мөн зээлийн гэрээний 2.1.12-т “Зээл буцаан төлөх хуваарь” зээлийн гэрээнд заасан хугацаан дотор зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа болон хэмжээг тодорхойлсон талуудын тохиролцоог” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн “Б” ХХК-ийн 2017, 2018 оны зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үндэслэн, гэрээний хавсралт буюу зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт тус тус заасанд нийцээгүй байна. Бидний 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2016/3-30 тоот зээлийн гэрээний 12.1-д “Энэхүү гэр хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг сан болон зээлдэгч юуны түрүүнд хэлэлцээр эв замаар эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв нэгдсэн шийдвэрт эс хүрвэл Монгол улс хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Уг заалтыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх урьдчилсан нөхцлийг 6.2.10, 10.2.6-д тус тус заасан. Дээрх гэрээний заалтууд шүүхийн өмнөх шатанд хангагдаагүй, зээлдүүлэгч нь заалтуудыг урьдчилан хэрэгжүүлээгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан заалт нэхэмжлэгчийн зээлийн гэрээ хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага нь зээлийн гэрээ болон хуульд заасантай нийцээгүй байгааг шүүх анхааралдаа авахыг хүсч байна. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээл буцаан дуудах мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн гэж 1/494 дугаартай албан бичгийг болон уг албан бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн боловч уг нотлох баримт нь албан ёсны шуудангийн байгууллагын тамга, тэмдэгтэй баримт бус, Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн хүснэгт бүхий баримт байсан бөгөөд уг баримтад зөвхөн Р.Дийн гэрийн хаягийг дурдсан харин “Б” ХХК-ийн хаягийг дурдагдаагүй буюу хариуцагч нарын зүгээс баримтыг үгүйсгэж, уг мэдэгдлийг хүлээж аваагүй гэдэг тайлбарыг шүүхэд амаар болон бичгээр гаргасан ба хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтөд нийт 67 583 533 төгрөгийг төлөөд байна. Түүнчлэн зээлийн барьцаанд Б.Төгсбаяр, Б.Батчимэг, О.Хишигмөнх, Т.Халиун, Т.Хулан нарын өмчлөлийн хувийн сууц, газар барьцаалагдсан боловч эдгээр өмчлөгч нарт Б.Батчимэг, О.Хишигмөнх нар нь Б.Төгсбаярт зээлийн барьцаанд тавих, гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлүүдийн хугацаа дуусгавар болсон байх ба өмчлөгч Т.Халиун, Т.Хулан нараас Б.Төгсбаярт эрх олгосон итгэмжлэл хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүй ба үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь өмчлөгч Т.Халиун, Т.Хулан нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгааг мөн анхааралдаа авахыг хүсье. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч ЖДҮС нь хариуцагч “Б” ХХК, Р.Дт нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 137 303 056 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 137 303 056 төгрөг гаргуулахаар багасгасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ЖДҮСг төлөөлж О.Мөнгөнцэцэг “Б” ХХК-ийг төлөөлж Б.Төгсбаяр хамтран зээлдэгч Р.Д нар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2016/З-30 тоот зээлийн гэрээ болон 2016/Б-30 тоот барьцааны гэрээ байгуулж, 180 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн байна. /хх.11-21/

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний дагуу зээлдэгч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар хэн аль нь маргаагүй.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...зээлдүүлэгчээс зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн болон хүүгийн дагуу зохих арга хэмжээ авахыг мэдэгдээгүй, зээл төлөх болон буцаан дуудах талаар мэдэгдэл ирүүлээгүй” гэсэн агуулгаар тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч ЖДҮС нь хариуцагч нарт зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн талаар тайлбарлаж, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/494 дугаартай албан бичиг, уг албан бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаарх баримтыг нотлох баримтаар гаргасан.

 Гэрээний 8.1.1-д “Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд зээлийн үүргийг зөрчсөнд тооцно”, 10.2.1-д “Энэхүү гэрээний 8.1.1.-8.1.9-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан нөхцөлд гэрээг зөрчсөн гэж тооцон, гэрээг хугацаанаас өмнө цуцална” гэж заажээ.

Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 60 сар байна. Зохигчид зээл төлөх, хуваарийг баталсан байх бөгөөд зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг 1028 хоногоор хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хэргийн 44-45 дугаар талд “Тооцоо нийлсэн акт” нотлох баримтаар авагдсан, уг актаар хариуцагч тал 2017 оны 2, 4, 6-9, 12, 2018 оны 1, 2, 5, 7-8, 10-12 дугаар саруудад хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, талууд 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгааг 151 233 688 төгрөг гэж тооцжээ.  

Хариуцагч нар гэрээгээр тохирсон үүргээ хугацаанд нь тогтмол биелүүлж байсан, одоо биелүүлж байгаа гэх үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу нотлоогүй боловч зохигчид 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж тооцоо нийлсэн байх тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хүлээн аваагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. /хх-45/.

Гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой нөгөө тал нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч ЖДҮС Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК, Р.Дашзэвэг нартай 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 2016/3-30 тоот зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй.

Шүүх зээлдүүлэгч байгууллагын гаргасан нотлох баримт болох зээл, хүүгийн тооцоололд үндэслэж хариуцагч нараас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2016/З/30 тоот зээлийн гэрээний дагуу зээл 136 485 548 төгрөг, зээлийн хүү 417 720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 399 788 төгрөг нийт 137 303 056 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалттай нийцжээ.  

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.