Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Отгонбаяр,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бэд холбогдох 1729000670034 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төв Жаргалант гэр хорооллын гудамжаар 68-80 ӨМА улсын дугаартай Хюьндай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн  2.7 а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.8 дахь хэсэгт заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Буджавын жолоодож явсан улсын дугаар, бичиг баримтгүй Хенсим маркийн мотоциклыг мөргөж, зам тээврийн осол гарган 4 настай Г.Чинхүслэнгийн эрүүл мэндэд хүнд, иргэн Б.Буджавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Ууганчулуунд 210,000 төгрөгийн хохирол тус тус учруулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Буджавын өгсөн:”...2017 оны 10 дугаар сарын 15-ны орой, Манлай сумын төвд байх гэрээсээ хадам ах Ууганчулууны мотоцилийг жолоодоод айл руу индүү хүргэж өгчихөөд буцаж явсан бөгөөд мотоцклоо жолоодоод “тамхи”-ны дэлгүүрийн урд талын гудамжаар гараад иртэл ойр хувьд машин байгаагүй, зам чөлөөтэй байсан. Тэгээд би замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш л явж байснаа санаж байна. Цаашаа юу болсон мэдэхгүй байна. Нэг ухаан ороход аймгийн эмнэлэгт байсан. ...Би тийм их хурдтай яваагүй 20-30 км/цагийн хурдтай явж байсан байх. Эрүүл байсан архи уугаагүй. ...Би эмчилгээний зардал, болон цаашид эмчилгээ хийлгэх зардалд 2,500,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ зардлыг гаргаад өгчих юм бол  гомдол, санал байхгүй. ...Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баярцэцэгийн өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед хөдөө гэрээс манай нөхөр Н.Ганболд төрсөн хүү Н.Чинхүслэнг аваад Буяннэмэхийн машинаар сумын төв рүү явсан байсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байх үед манай нөхөр Ганболд гар утсаар сумын төв дээр машины хажуугаас мотоцикльтой хүн ирээд мөргөчихлөө гэж хэлсэн тэгээд би орой 21 цаг өнгөрөөгөөд эмнэлэг дээр ирсэн чинь Ганболд Чинхүслэнг эмчид үзүүлээд байж байсан. Эмч нар аймаг яв гэж хэлж байсан. Тэгээд нар шөнө аймаг руу хүүхдээ аваад явсан. Хүүхдийн биед зүүн өвдөгний тойгны яс мултарсан мөн цууралт байна гэж байсан. Толгой зулайн хоёр талын яс цууралттай, цус хуралттай гэсэн оношоор аймгийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлж байгаад дараа нь сумын эмнэлэгт 10 хоногийн эмчилгээтэй ирж хэвтэж байгаад одоо гадуур гэрээрээ эмчилгээтэй байгаа. ...Би гомдолтой, гомдолгүй гэх хэлэх хэцүү байна аа. Бидний зүгээс эмчилгээний зардал гээд багагүй мөнгө зарцуулсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр хажууд нь сахиж байж эмчлүүлнэ гээд хажууд нь дагаад явж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-34-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Мягмардолгорын өгсөн:”...Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цаг хэд болж байсныг сайн санахгүй байна. Би нөхөр хүүхдүүдтэйгээ хамт сургуулийн хүүхэд хүргэж орж ирсэн байсан. Тэгээд Шонхой гэж залуу пин өргөөд тавиад өгөөч гэхээр нь нь тэр ажлыг нь хийчхээд, гэрт нь хоол цай идэж уучхаад тэндээс гараад урагшаа гудамжаар явж байсан чинь машины баруун гар талаас мотоциклтой хүн хаазалж гарч ирээд машины баруун талын хойд хаалгыг мөргөж зам тээврийн осол болсон. Тухайн тээврийн хэрэгслийг манай нөхөр Буяннэмэх жолоодож явсан. Буяннэмэхийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл...”гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ганболдын өгсөн:”...Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 16 цагийн үед сумын төв рүү Буяннэмэх эхнэр хүүхдүүдийн хамтаар Буяннэмэхийн машинаар нь орж ирсэн байсан. Тэгээд Шонхой гэж хүн айлаас Амбаар авсан юм билээ тэгээд тэр амбаарыг нь Буяннэмэх машин дээрээ ачаад 4 айлийн хашаанд буулгаж өгөөд Шонхойгын гэрт нь орж цай хоол идчихээд, тэндээс гараад урагшаа гудамжаар явж байгаад, хажуу талаас мотоцикльтой хүн хурдтай гарч ирээд машины баруун гар талаас ирж мөргөсөн. Буяннэмэх тормос гишгээд зогссон машинаас буугаад эмч, цагдаа дуудсан эмч ирээд мотоцикльтой хүнийг аваад явсан. ...Айлд Буяннэмэх нэг шил архинаас хоёр гурав татсан. Өөр өөр уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 501 дугаартай шинжээчийн

  1. Г.Чинхүслэнгийн биед баруун, зүүн зулай ясны хугарал, зүүн зулай хэсгийн хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 502 дугаартай шинжээчийн

  1. Б.Буджавын биед баруун богтос яс, цацраг ясны хугарал, зүүн эгэм хэсгийн цус хуралт, баруун шанаа, шилбэ, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/ 

Автотээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №11/01 дугаартай шинжээчийн

“ а/ Портер маркийн 68-80 ӨМА улсын дугаартай автомашины баруун хойд хаалга сэвтэж гажсан цонх нь хагархай, зүүн хойд давхар дугуйны дотор талын дугуй хээгүй хагарсан байдалтай арын тоормосны гэрэл ухрахын гэрэл улсын дугаарын гэрэл асахгүй байдалтай байна.

б/ Портер маркийн 68-80 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодлого хэвийн хойд тэнхлэгний тоормосны систем ажиллагаагүй байна.

в/ Портер маркийн 68-80 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн явуулын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/ 

Автотээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №11/02 дугаартай шинжээчийн

“ а/ Улсын дугаар, бичиг баримтгүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн HENSIM маркийн мотоциклийн урд гэрэл дохионууд хагарч эвдэрсэн. Урд керло эвдэрч дугуйндаа наалдсан байдалтай байна. 

б/ Хөдлөх боломжгүй  байсан учраас жолоодлого болон тоормосны системийг шалгах боломжгүй байна. 

в/ Улсын дугаар, бичиг баримтгүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн HENSIM маркийн мотоцикл нь Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, Улсын дугаар олгох журмын 1,8-д заасны дагуу иргэн хуулийн этгээд автотээврийн хэрэгсэл өмчилж авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой гэсэн журмыг зөрчиж тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй улсын дугаар аваагүй байсан болно.“гэсэн дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/ 

Замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №5 дугаартай

  1. 68-80 ӨМА улсын дугаартай Портер маркийн авто машины жолооч Хайдав овогтой Буяннэмэх нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 12.8-д заасныг зөрчсөний улмаас Батаа овогтой Буджавын жолоодож явсан улсын дугааргүй хэнсим маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байна.
  2. 68-80 ӨМА улсын дугаартай Портер маркийн авто машины жолооч Хайдав овогтой Буяннэмэх нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн буруутай байна.
  3. Улсын дугаар бичиг баримтгүй хэнсим маркийн мотоцикль жолоодож явсан Батаа овогтой Буджав нь МУ-н ЗХД-н 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын  үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын №1184901 тоот дугаартай үнэмлэх хүчинтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 67-р хуудас/

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ  /хх-ийн 72-р хуудас

Шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн:”...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сумын төв орох ажил гараад өөрийнхөө портер машинаар сумын төв орж ажлаа амжуулаад машиндаа ачиж явсан амбаарыг нь хүргэж өгсөн. Түвшинбатын гэдэг айлд хоол идээд дараа нь гаргаж өгсөн 0,5 литрын “ерөөл” архийг нь Түвшинбаттай хувааж уучхаад хөдөө гэр рүүгээ явахаар 6880 ӨМА улсын дугаартай портер машинаа жолоодоод явах болоход кабинд саахалт айлын Ганболд эхнэр Мягмардолгор тэндний бага насны 1 хүүхэд, манай хоёр хүүхэд нийт гурван том хүн, гурван хүүхэдтэй машинд суусны дараа тэндээс хөдөлж, колонкоос түлш авахаар явсан юм.  Би машинаа жолоодоод “тамхи”-ны дэлгүүрийн гудамжаар зорчих шороон замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигтээ явж байтал уг замтай огтлолцож байсан шороон замаар ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн тийш чигтээ мотоцилтой хүн гарч ирсэн. Тэр хүн нэлээд зайтай явж байгаа харагдахаар нь амжих байх гээд хоёр замын уулзвараар ортол тэр мотоциклтой хүн явсаар миний машины кабины баруун талын хойт хаалгыг мөргөчихсөн тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Эмнэлэг хүрч ирээд тэр хүнийг аваад явсан бас кабинд байсан хүүхдийг эмнэлэг рүү явуулсан. Цагдаа ирж үзээд машиныг саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/

Шүүгдэгч Х.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/

Шүүгдэгч Х.Бийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 86-р хуудас/

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын могойт багийн Засаг дарга Ц.Бямбадэлгэрийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 278 дугаартай тодорхойлолт /хх-ийн 82-р хуудас/

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 92-95-р хуудас/

Шүүгдэгч Х.Бийн гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 84-85-р хуудас/

Шүүгдэгч Х.Б нь хохирогч Б.Буджавд 495,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баярцэцэгт 435,000 төгрөг тус тус хохирол төлбөрт төлсөн банкны баримт /хх-ийн 118-119-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төв Жаргалант гэр хорооллын гудамжаар 68-80 ӨМА улсын дугаартай Хюьндай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн  2.7 а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.8 дахь хэсэгт заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Буджавын жолоодож явсан улсын дугаар, бичиг баримтгүй Хенсим маркийн мотоциклыг мөргөж, зам тээврийн осол гарган 4 настай Г.Чинхүслэнгийн эрүүл мэндэд хүнд, иргэн Б.Буджавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Ууганчулуунд 210,000 төгрөгийн хохирол тус тус учруулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/, Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Буджавын өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-42-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баярцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-34-р хуудас/, гэрч И.Мягмардолгорын өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, гэрч Н.Ганболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 501 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 502 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/, Автотээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №11/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/,Замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №5 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-р хуудас/, шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Бийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Н.Ууганчулуун, хохирогч Б.Буджав нар нь шүүгдэгч Х.Бэд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баярцэцэг нь хохирол төлбөрт 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй тул цаашид гарсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Х.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Х.Бийн №641851 дугаартай “В,С” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Бэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Удамж овогт Хайдавын Буяннэмэхийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар Х.Бэд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Х.Б нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.

4. Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч хууль ёсны төлөөлөгч Н.Баярцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Х.Бийн №641851 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА