Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0502

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, М.А*******ийн нэхэмжлэлтэй, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

М.А******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Иргэн М.А******* миний бие 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Үүгээрээ Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 тоот тушаалын хүрээнд маргах эрхгүй болохыг ойлгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А******* нь тус шүүхэд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч М.А*******ийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн газрын даргын албан тушаалд томилж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0206 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0334 дүгээр магадлалыг тус тус үндэслэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.А*******ийг чөлөөлж, улмаар А.Н*******г Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч М.А******* нь тус шүүхэд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Н*******г томилсон Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Өргөдөлд хариу өгөх тухай 900 дүгээр албан бичигт ...А.Н*******г шүүхийн шийдвэрээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. ...Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх арга хэмжээ авахыг томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж хүргүүлсэн... гэсний дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа тус шүүхэд илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.

Иймд нэхэмжлэгч М.А******* тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны улмаас үүсэх үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан тул шүүх М.А*******ийг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.А*******ийн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ