Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0003

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Х******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* СӨХ-ийн гүйцэтгэх захирал О.Д******* тус шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн хүсэлтэндээ:

...Х******* СӨХ нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С******* ХХК-нд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх иргэний хэргийг шийдвэрлэх, шүүхээс гаргах шийдвэрийг харгалзан Х******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 1619.1 м.кв орчны газрыг ашиглах эрхийг олгох тухай захиргааны хэргийн нэхэмжлэлээ дэмжих эсэх нь тодорхойгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* дээрх хүсэлтийг тодруулж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

... Х******* СӨХ-ноос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Уг эрх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч надад 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгосон бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсанаас гарах үр дагавартай танилцаж, энэ талаар баримт нь дээр гарын үсэг зурсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* СӨХ-ноос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -Х******* СӨХолбооны 1619.1 м.кв орчны газрыг ашиглах эрхийг олгох тухай захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулсан ба хуулийн эдгээр заалтын агуулгын хүрээнд Х******* СӨХ-ийн гүйцэтгэх захирал О.Д*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* нар нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон этгээд нараас тухайн хүсэлтийг гаргасан гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар маргаан бүхий захиргааны актанд дурдагдсан С******* ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд нь шүүхэд хандан бие даасан шаардлага гаргаагүй байна. Ийнхүү гуравдагч этгээдэд хамаарах захиргааны актыг хүчингүй болгуулах тухай агуулгатай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан нь гуравдагч этгээдийн болон бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар Х******* СӨХ-ийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******д Захиргааны хэрэг

шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* СӨХ-ийн гүйцэтгэх захирал О.Д*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* нар нь ...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -Х******* СӨХолбооны 1619.1 м.кв орчны газрыг ашиглах эрхийг олгох тухай захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2018/0564/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН