Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан овогт Болор-Эрдэнийн Шинэбаярт холбогдох 1729000700037 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Анар” зочид буудлын гадна иргэн Э.Мөнхбаяртай маргаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-6 дугаар хуудас/

Хохирогч Э.Мөнхбаярын:”...Бямбадоржтой таксинд явж байтал дуудлагын утас руу нэг хүн залгаад “тамхи аваад ир” гэсэн. Бид хоёр тамхийг нь аваад очтол манай дүү Бямбадоржийг нэг залуу хэл амаар доромжлоод байхаар нь би дүүгээ аваад явах гээд очих гэтэл миний араас Шинэбаяр гэх залуу татаж унагаад намайг газар унасан хойно нүүр рүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 9-12 дугаар хуудас/

Гэрч Г.Бямбадоржийн: ”...хүргэн ах Э.Мөнхбаярын хамт таксинд явж байтал 88985808 гэсэн дугаараас залгаад т”амхи байна уу” гэж асуусан. Тамхи аваад очтол үл таних 3 залуу зогсож байсан. Тэгэхээр нь би буугаад өндөр шар царайтай залууд тамхийг нь өгтөл “хэдийг өгөх юм бэ, пизда минь” гэж хэлсэн. Бид 2  маргалдаад байж байтал Мөнхбаяр ах бид хоёрыг салгах гэтэл Шинэбаяр Мөнхбаяр ахын араас татаж унагаад өшиглөсөн. Тэгсэн чинь Мөнхбаяр ах босож ирээд “шүд” гээд орилтол бүгд тараад зугтаачихсан.” гэх мэдүүлэг /хх-н 14 дүгээр хуудас/

Гэрч Т.Ууганбаярын: ”...би тухайн өдөр “Словак” нэртэй талхны дэлгүүрт туслах ажилчин хийж байтал Мөнхсайхан 88985808 дугаараас залгаад хүрээд ир гэсэн. Тэгээд ажлаа тараад 22 цаг 40 минутын орчим ирэхэд Шинэбаяр, Мөнхсайхан нар Анар зочид буудлын урд гадаа хэдэн лааз пиво уугаад сууж байсан. Мөнхсайхан дэлгүүрээс тамхи авах гээд явтал хаасан байсан. Тэгээд энэ такси тамхи зардаг юм гээд залгасан. Таксинаас нэг өндөр залуу бууж ирээд манайх такси болохоос дэлгүүр биш гэж хэлээд тамхиа өгсөн. Мөнхсайхан тамхи зардаг биз дээ гэж хэлтэл манайх тамхи зардаггүй гэж хэлээд түүнийг түлхсэн. Машинаас нэг залуу гарч ирээд манай дүүгийн буруу гэж хэлсэн. Бид хоёрын барьж байсан залуу та нар манай дүүг зодох гэж байна гээд Мөнхсайханыг цохих гээд дайртал Шинэбаяр барьж аваад татаж унагаад нэг өшиглөсөн. Тэгсэн чинь миний шүд гэж орилход нь Мөнхсайхан бид нарыг салгаад тарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 15 дугаар хуудас/

Гэрч Б.Мөнхсайханы: ”...тухайн өдөр Шинэбаяртай уулзахаар болоод “Далай” дэлгүүрээс 10 ширхэг 0.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво авч бид хувааж уусан. Дэлгүүр хаасан байсан учир тамхи, пиво зардаг 89598080 дугаарын утастай такси руу залгаж асуусан. Удалгүй такси ирж өндөр залуу машинаас бууж ирээд манайх дэлгүүр биш гээд тамхи өгөхөөр нь бид маргалдахад машинаас бас нэг залуу гарч ирээд манай дүүгийн буруу гэсэн. Түрүүлж бууж ирсэн залуу намайг түлхээд авахаар нь би маргалдаж байтал машинаас нэг залуу над руу ирэх гэтэл араас нь Шинэбаяр татаж унагаад өшиглөсөн. Тэгсэн “миний шид” гэж орилохоор нь би очиж тэр хоёрыг салгаад бид тарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 16 дугаар хуудас/

Гэрч Э.Шинэбаатарын “...такси ирээд зогсчихсон нэг залуу Мөнхсайхан 2 хэрэлдээд хажууханд нь Шинэбаяр, Ууганбаяр 2 нэг залуутай хамт зогсож байсан. Тэгсэн тэр залуу манай дүүг гээд очих гэтэл Шинэбаяр тухайн залууг татаж унагаад нэг өшиглөсөн. Тэгтэл тухайн залуу “миний шүд” гэж орилсон. Бид нар тараад явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 222 дугаар шинжээчийн: ”...Э.Мөнхбаярын биед зүүн доод 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, духанд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын 5%-р алдагдана. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 21 дүгээр хуудас/

Б.Шын яллагдагчаар өгсөн: “...би Мөнхбаярыг араас  нь татаж унагаад нүүр рүү  нь 2 удаа өшиглөсөн. Мөнхбаяр “миний шүд” гэж орилохоор нь тэндээс бүгдээрээ зугтаасан.” гэх мэдүүлэг /хх-н 27-29 дүгээр хуудас/

Б.Шын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 31 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Шын гэрэл зураг, гарын дардас /хх-н 33-34 дүгээр хуудас/

Б.Шын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 38-40 дүгээр хуудас/

Хохирогч Э.Мөнхбаярын хохирол барагдуулсан гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар /хх-н 50 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Анар” зочид буудлын гадна иргэн Э.Мөнхбаяртай маргаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох  хүртэлх хугацаанд Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаан овогт Болор-Эрдэнийн Шинэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 250,000 /хоёр зуун мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Мөнхбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Шын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Шт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН