Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/925

 


 

     2022         09           21                                       2022/ДШМ/925

П.Х холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Баянжаргал,

Шүүгдэгч П.Х өмгөөлөгч Ц.Э ,

Нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/449 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч П.Х өмгөөлөгч Ц.Э ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Х холбогдох эрүүгийн 2011017331173 дугаартай хэргийг 2022 оны  08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овогт П.Х , ..........  оны ....  дугаар сарын ... -ны өдөр .... аймгийн .............. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , аав, ээж, дүү нарын хамт ............  аймгийн ...... сум 4-11-7 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:............... /,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 12.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаа.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Х нь “Бум” констракшн ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажилд туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд тусгайлан хамгаалсан байр, агуулах болох тус барилгын складанд хууль бусаар нэвтэрч АМ360Р загварын цахилгаан тоолуурыг нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Х холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар П.Х оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан. П.Х нь өөрийн хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй тул шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалт хэмээн үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан  үндэслэлээр шүүхээс ял шийтгүүлээгүй, түүний үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Прокурор Ж.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт П.Х үйлдсэн гэмт хэрэг хамаарахгүй. Мөн давж заалдах гомдолд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүхээс ял шийтгүүлээгүй...” гэж дурдагдсан байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон, тохирох ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

П.Х нь “Бум” констракшн ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажилд туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд АМ360Р загварын цахилгаан тоолуурыг нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч П.Н “... 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би Хадбаатарт складны өрөөний түлхүүрийг хүлээлгэж өгөөд склад, өрөөний доторх хог, шороог нь цэвэрлэчихээрэй ах нь маргааш өглөө эрт ирээд складны өрөөний түлхүүр болон эд зүйлээ хүлээж авья чи склад өрөөгөө цэвэрлэхдээ ширээн дээр байгаа цагаан хайрцагтай 380 вольтын цахилгаан тоолуурыг унагааж эвдчихгүйхэн шиг цэвэрлээрэй тэр цахилгаан тоолуур 650.000 төгрөгийн үнэтэй гэж байна лээ шүү маргааш цахилгаанчин хүрч ирээд цахилгаан тоолуурыг тавина гэж хэлээд би гэрлүүгээ явсан... маргааш өглөө нь 10 цагийн үед ажил дээрээ ирэхэд П.Х ажил дээрээ байхгүй манай ажлын газрын инженер болох П ирчихсэн байсан ба би П.Х хаана байгаа талаар асуухад П.Н “ П.Х склад, өрөөний түлхүүрийг П.Н хүлээлгэж өгөөд хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд цүнхээ үүрээд явсан” гэж хэлсэн...би П.Н складны өрөөний түлхүүрийг авч ороод үзэхэд өрөөг сайхан цэвэрлэчихсэн байсан тэгээд эд зүйлээ шалгаж үзэхэд 380 вольтын цахилгаан тоолуур алга болчихсон байсан ...” /хх 184-186/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч П.Н“ ... 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд П.Х надад хандаж ахаа манай дүү хөдөөнөөс ирчихсэн байна би явж дүүтэйгээ уулзчихаад үдээс хойш буцаад хүрээд ирье гэхээр нь би итгэж найдаад явуулсан. Тэгээд байж байтал манай цахилгааны инженер Б надад хандаж П.Н ахаа та тоолуураа гаргаад ир гялс тавьчихъя гэхээр нь складруу ороод тоолуур авах гэтэл тоолуур байхгүй болсон байсан. П.Н эд зүйл хадгалдаг өрөөнийхөө түлхүүрийг П.Х  үлдээгээд складныхаа өрөөг цэвэрлээд дуусгачихаад цоожлоорой гэж хэлээд үлдээгээд явсан гэж надад хэлсэн ...” /1 хх 37/,

яллагдагчаар П.Х “... засвар хийж байсан өрөөнөөс буюу складнаас гарахдаа ширээн дээр байсан 380-ын цахилгаан тоолуурыг аваад гарсан юм. ... Тэр тоолуурыг 100 айлын цалхилгааны эд зүйл зардаг дэлгүүрт 100000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” /1 хх 110-11/ гэх мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн  2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21/657 дугаартай 380 вольтын тоолуурыг 400.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх44-45/, 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-822/3348 дугаартай 380 вольтын тоолуурыг 380.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1 хх 217-220/ зэргээр давхар нотлогджээ. 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх эдгээрийг үндэслэн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Х холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, П.Х тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгох бөгөөд хууль ёсоор нэвтэрч орсныхоо дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэдэгт хамааруулж ойлгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт  авагдсан баримтаас үзэхэд  шүүгдэгч П.Х нь “Буман констракшн” ХХК-д 2020 оны 07 сараас эхлэн туслах ажилтан болон манаачаар ажиллаж байсан ба  2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ус компанийн менежер П.Н зөвшөөрөлтэйгөөр тус компаний складанд орж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Н “... түлхүүрийг хүлээлгэж өгөөд складны хог шороог нь цэвэрлэчихээрэй ах нь маргааш өглөө складны өрөөний түлхүүр болон эд зүйлээ хүлээж авъя ...” /хх 184-186/, гэрч П.Н “... эд зүйл хадгалдаг өрөөний түлхүүрийг Хадбаатарт үлдээгээд складны өрөөг цэвэрлэж дуусгаад цоожлоорой гэж хэлээд үлдээгээд явсан гэж надад П.Н хэлсэн ...” /хх 37/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Х нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хууль бусаар үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э аас “ ... П.Х нь өөрийн хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх бүрэн үндэслэлтэй ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан  үндэслэлээр шүүхээс ял шийтгүүлээгүй, түүний үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлэлд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агууллага бүхий гомдолыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Х гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Тодруулбал, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Х үйлдсэн гэмт хэрэг нь тус хуульд хамаарч, анхан шатны шүүх түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7,1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан ба шүүгдэгч П.Х үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг нь тус зүйл, заалтад хамаарахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх үндэслэлгүй юм.    

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/449 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.П.Х нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 126 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/449 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 126 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН