| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2017/0049/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгонбаяр
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Ц.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогтбаатарын Алтаншагайд холбогдох 201716010066 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төвийн Далай багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Батнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ:” би 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Одоогоор Өмнөговь аймгийн Манлай суманд эхнэр 2 хүүхэд, хадам аавын хамт амьдардаг. 2017 оны 03дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Баярцог бид 2 нохой зодолдуулахаар Батнямынд очсон. Тэгээд Батням, Баярцог нар нохойгоо хөтлөөд хашаа руу орсон. Би хашааны гадна хүлээгээд зогсож байсан. Гэтэл 2 нохой зодолдохгүй байж байгаад Батнямын нохой Баярцогийн баруун тохойноос хазахад би очиж Баярцогийг авч Вакцин хийлгэхээр эмнэлэгт очсон боловч вакцин байхгүй байсан. Тэгээд бид буцаад гараад иртэл Батням гадаа ирчихсэн байсан. Бид 2 хүргүүлэхээр Батнямын машинд суугаад явж байх замдаа би Батнямыг “нэг шил архи аваад өгөөч” гэхэд тэр “чадахгүй би яагаад авч өгдөг юм бэ, даварсан хулгайчууд вэ?” гэсэн. Бид маргалдсаар Батнямын гэрийн ойролцоох дэлгүүрийн гадаа ирээд машинаас буухад Батням “та 2 наашаа ороод ир” гээд хашаа руугаа ороход нь бид дагаад орсон. Гэтэл Батням нохойныхоо уяаны цаанаас прүүс хэлбэрийн мод барьж ирээд миний зүүн ташааны орчимд цохиход мод нь хугарч унасан. Би зууралдаж байгаад түүний гараас модыг нь булааж авахад Батням зугтаж хашаанаас гарсан. Бид даган хашааны гадна гарч ирэхэд Батням та 2 байж байгаарай гэж хэлээд буцаад гүйгээд орчихсон. Тэр хооронд бид 2 дэлгүүрийн үүдэнд сууж байтал Батням бейсболын цохиур барин гарч ирээд цохихоор далайхад нь би гарыг нь бариад автал Батням намайг мөргөж, дугтраад газарт унасан. Намайг босох хооронд Батням Баярцогийн зүүн бөөрний орчим цохиураараа цохиж унагасан. Батням надруу цохиураа дахин далайхад нь би ноцолдон байж цохиурыг нь булааж аваад түүний зүүн мөр орчимд зөөлөн цохитол Батням бултахаар доош тонгойж таараад тэгээд л чих, шанаа орчимд нь цохичихсон. Би цохиурыг нь Батнямын эхнэр Уянгад өгчихөөд дэлгүүрийн үүдэнд очоод сууж байтал цагдаа ирж Баярцог бид 2-ыг авч явсан. Батнямын хувьд цохиулсан газраа сууж байгаад босож машинаа унасаар хашаа руугаа орсон. Би Батнямыг цохисон гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна ” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудаст/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-22 дугаар хуудаст/
Хураан авах тухай тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд /хх-ийн 23-26 дугаар хуудаст/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 27 дугаар хуудаст/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Баярцогийн мэдүүлэгт:“...Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйлгүй. ...Эмнэлэгт тариа байхгүй гээд буцаад гараад ирсэн чинь Батнямтай эмнэлгийн үүдэнд таараад гэртээ хүргүүлье гээд Батнямын машинд Алтаншагай бид хоёр суугаад Ганбаярын дэлгүүрийн үүдэнд очоод бууцгаасан. Үүнээс өмнө машинд байхад Алтаншагай Батнямыг ганц шил архи аваад өгчих гэж хэлж байсан. Батням үгүй, яахаараа архи авч өгдөг юм гэж уурлаад машинаас буусан байсан.Тэгээд Батням хашаа руугаа ороод хаанаас авсан бүү мэд нэг урт мод бариад буцаж ирээд Алтаншагайгийн нуруу руу нь цохиж, модоо хугалсан. Алтаншагай тэр модыг нь булаагаад авсан чинь Батням буцаад зугтааж байхдаа та хоёр байж байгаарай гээд буцаад гэр рүүгээ явах шиг болсон, бид хоёр хашааны гадаа зогсож байсан чинь Батням бэйсболын цохиур бариад гарч ирэхээр нь Алтаншагай цохиурыг нь булааж авах гээд зууралдаж байгаад Батням Алтаншагайг мөргөсөн. Би бас цохиурыг нь авах гээд хөөцөлдөөд ухарч байхдаа цохиураар миний зүүн талын хавирга орчимд цохисон. Би зүүн талын дэлгүүрийн хажууд очоод эвхрээд суучихсан тэгээд тэндээ унтаж байсан. Би дэлгүүрийн үүдэнд эвхрээд сууж байхдаа урагшаа харсан чинь Батням зам дээр сууж байсан. Тэгээд нэг мэдсэн цагдаа дээр ирчихсэн байсан. Би зүүн талынхаа хавирган дээрээ бэйсболын цохиураар нэг удаа цохиулснаас болж хавирга орчимд гэмтэл учирсан, өөр гэмтсэн зүйл байхгүй. Намайг Батням нэг удаа бэйсболын цохиураар цохисон...” /хх-ийн 30-31 дүгээр хуудаст/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Агийн мэдүүлэгт:“...Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйлгүй. ...Батням хашааныхаа хойд талаас нохой уяаны орчмоос прүс хэлбэртэй мод аваад бид хоёр луу дөхөж ирсэн, бид хоёр арагшаа ухарсан чинь миний нуруу бөөр орчимд нэг удаа цохисон, мод нь голоороо хугарсан. Батнямын гарт нь үлдсэн хугархай модны үзүүрээс барьж аваад модыг нь Батнямаас би булааж авсан. Тэгсэн Батням хашаанаасаа гүйж зугтааж гараад хашааны гадаа гарчихаар нь бид хоёр араас нь гараад ирсэн чинь Батням бид хоёрыг байж байгаараа гэж хэлчихээд хашаа руугаа гүйгээд орчихсон, энэ хооронд Баярцог бид хоёр Ганбаярын дэлгүүрийн үүдэнд оччихсон байж байсан чинь Батням араас бэйсболын цохиур бариад гараад ирсэн. Тэгээд намайг цохих гээд цохиураараа далайхаар нь би цохиурнаас нь бариад авсан. Тэгээд цохиур булааж байх үедээ Батням намайг мөргөж, цохиуртай хамт намайг татаж газар унагасан. Дараа нь Батням бэйсболын цохиураар Баярцогийн нуруу орчимд нь цохисон, тэгэхээр нь би босож очоод цохиураас нь барьж, цохиур төмрийг булааж аваад төмрөөр Батнямын зүүн талын хүзүү, чих орчимд нь нэг удаа цохисон. Батням дороо газар суусан, дараа нь би хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, тэр нь оноогүй. Тэгээд би дэлгүүрийн үүдэнд очоод суусан. Батням машиндаа суугаад машинтайгаа хашаа руу орсон. Дараа нь цагдаа ирээд Баярцог бид хоёрыг аваад явсан. Батням миний нуруу болон зүүн талын бөөр орчимд модоор нэг удаа цохисон мод нь голоороо хугарсан. Баруун талын нүд рүү мөргөсөн, мөн газар татаж унагаасан. Миний биед нуруу орчимд зөөлөн эдийн гэмтэл учирсан, нуруу сайн хөдөлж болохгүй байгаа. Баруун нүд хөхөрч хавдсан байсан. Зүүн талын цээж орчимд хөндүүртэй амьсгаа авахад хөндүүртэй байгаа...” /хх-ийн 34 дүгээр хуудаст/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Батнямын мэдүүлэгт: “...Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйлгүй. ...Би хашаа руу гүйж орсон, араас Баярцог, Алтаншагай хоёр хашаанд орж ирээд надтай зодолдох гээд дарсан, би арагшаа ухарч байгаад хашаан дотор нохой уяаны хажуугаас мод аваад Алтаншагайг нэг удаа мөр орчимд нь цохисон, мод голоороо хугарсан, хугарсан модны нэг хугархайг Алтаншагай авсан, түүнээс хойш хашаанд хэсэг хугацаанд бид нар хоорондоо зодолдсон, би яаж зодолдсоноо сайн санахгүй байна. Гар, хөл мод чулуугаар зодолдсон, тэгж байгаад Баярцог, Алтаншагай хоёр модоо бариад хашааны гадаа гарчихсан байсан би араас нь бэйсболын цохиур аваад хашаанаас гарч очоод Баярцогийг нэг удаа зүүн хавирга орчимд нь цохисон, дараа нь Баярцог намайг модоор цохисон, би баруун гараараа толгойгоо хамгаалсан, миний баруун гар атгаж болохгүй болсон. Дараа нь Алтаншагай надтай ирээд зууралдсан, энэ үед Баярцог модоор цохиод байсан. Миний зүүн гарын сарвуу атгаж чадахгүй болчихсон байсан. Тэгээд гар атгаж чадахгүй болж, цохиур төмрийг Алтаншагайд алдсан. Дараа нь би тэр 2-оос холдож, зугтааж байгаад нэг мэдсэн газар уначихсан байсан. Би босох гэсэн чинь босож чадахгүй байхад Алтаншагай намайг өшиглөж байсан санагдаж байна...” /хх-ийн 38 дугаар хуудаст/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэгт: “...Өөрийн суудаг барааны дэлгүүр орох гээд гараад ирсэн чинь дэлгүүрийн зүүн талын хашааны урд талд Батням, Алтаншагай, Баярцог гурав маргалдаад гурвуулаа зогсож байсан. Тэгээд би дэлгүүрт Батнямын эхнэр Уянгаад Батням гадаа хүнтэй маргалдаад байна гэж хэл гэж хэлээд нэгдүгээр ангийн эрэгтэй хүүхэд явж байхаар нь хэлүүлчихээд би өөрөө барааныхаа дэлгүүр рүү орсон байсан. Тэгээд дараа нь би дэлгүүрээсээ гараад ирсэн чинь Тулга дэлгүүрийн урд талын зам дээр Батням газар уначихсан, эхнэр Уянга нь хажууд нь оччихсон байсан...” /хх-ийн 47 дугаар хуудаст/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ганбаярын мэдүүлэгт: “...Батням баруун гартаа бейсболын цохиур барьчихсан байсан, тэгснээ бие биенээ түлхэлцсэнээ Батням цохиураар Алтаншагайг цохихоор ширвэсэн. Тэр хоёрын цаана Баярцог банз барьчихсан ойртоод иртэл Батням хоёр гараараа цохиураа барьж далайж байгаад Баярцогийн бөөр хавьцаа нилээд жинтэй нэг удаа цохисон. Батнямд цохиулаад Баярцог дахиж тэр хоёр луу ойртоогүй. Тэр үед Алтаншагай цохиураас нь барьж, Батнямтай цохиурыг нь булаацалдсан. Тэр үед Батням цохиураа татаад Алтаншагайгийн нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Алтаншагай түүнд мөргүүлээд цохиураасаа чирэгдэх үед нь Батням цохиураа алдаад ухраад зугтсан. Атаншагай цохиурыг барьж аваад Батнямыг хөөтөл Батням ухарч явж байгаад замын ховилд бүдрээд хөл алдаад эргээд харах үед нь Алтаншагай бейсболын цохиураар тийм ч их хүчтэй биш саваад цохисон. Цохиурын үзүүр Батнямын зүүн эрүү, шанаа орчим руу нь онох шиг болсон. Батням Алтаншагайд цохиулаад баруун талаараа газар унасан. Тэр үед Батнямын эхнэр Уянга ирж, Алтаншагайгаас цохиурыг нь авсан...” /хх-ийн 50-51 дүгээр хуудаст/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Уянгаагийн мэдүүлэгт: “...Батнямын толгой руу Алтаншагай юмаар цохиод унагаж харагдсан. Унасан хойно Алтаншагай нөхрийг маань өшиглөж байсан. Би дундуур нь ороод хорьсон. Алтаншагайгийн барьсан юмыг би салгаж авсан. Тэр үед манай нөхөр унасан газраасаа босоод цаашаа очоод толгойгоо бариад суугаад байсан...” /хх-ийн 54 дүгээр хуудаст/
Мөрдөн байцаалтын шатанд шүүх эмнэлгийн шинжээчийн 5204 дугаартай дүгнэлт: “...1. Г.Батнямын биед зүүн чамархайн ясны антрумын ар ханын хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.” /хх-ийн 65 дугаар хуудаст/
Шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэсэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 268 дугаар дүгнэлт: “...
1. Г.Батнямын биед зүүн чамархайн ясны антрумын ар ханын хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Шинжээч эмч М.Золжаргалын гаргасан 5204 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” /хх-ийн 67-68 дугаар хуудаст/
Шүүгдэгч Ц.Ан хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 128/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 132/, Өмнөговь аймгийн Манлай сумын 2-р багт оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 130/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-н 136/, хохирол, төлбөр төлсөн баримт /хх-н 139/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төвийн Далай багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Батнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болох мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Батнямын мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/ болон гэрч нарын мэдүүлэг / хх-ийн 47, 50-51, 54 дүгээр хуудас/, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5204 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Ц.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жилээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар Ц.Ад тус хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээ 40,000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн хоёрны нэг хэмжээ болох 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс ихгүй, доод хэмжээ болох 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн хоёрны нэг хэмжээ болох 5,000,000 /таван сая/ төгрөгөөс багагүй хэмжээгээр торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Г.Батнямд эмчилгээний зардалд 7,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Ц.Ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.
Шүүгдэгч Ц.Ан цагдан хоригдсон 115 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож торгох ялаас хасаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Ан иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг мод, 1 ширхэг бейсболын цохиур, хохирогч Г.Батнямын өмсөж явсан гэх майкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, КТГ-ын 6 ширхэг зураг, 1 ширхэг CD-г хохирогч Г.Батнямд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Ц.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Гөрөөчин овогт Цогтбаатарын Алтаншагайг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цогтбаатарын Алтаншагайг 5000 /таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 5000 /таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая / төгрөгөөр торгох ялыг /10/ сарын хугацаанд сар бүр 500,000 /таван зуу/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Ан цагдан хоригдсон 115 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож торгох ялаас 1,725,000 /нэг сая долоон зуун хорин таван мянга/-н төгрөгийг хасаж тооцсугай.
7. Шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Батнямд 7,000,000 /долоон сая/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Ан иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг мод, 1 ширхэг бейсболын цохиур, хохирогч Г.Батнямын өмсөж явсан гэх майкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, КТГ-ын 6 ширхэг зураг, 1 ширхэг CD-г хохирогч Г.Батнямд буцаан олгохоор тогтоосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА