Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2019/0025

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Батсүрэн би Б.М*******ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.049.387 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М*******ын тус шүүхэд гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.049.387 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.М******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдсон бөгөөд энэхүү ажлын байр нь ямар нэг маргаангүй, үндсэн орон тооны ажил юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анх Б.М******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.М******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...ажилгүй байсан хугацааны цалин 1.049.387 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* нь Б.М*******ын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******д олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц*******ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9094 тоот итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан олгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Б.М*******ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.049.387 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын

тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Ц.БАТСҮРЭН