Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Хохирогч Н.Алтанбанзрагч,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Идэрхангай

Шүүгдэгч Ш.М, С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрчүүд овогт Шүнгээгийн Мартбаяр, Харнууд овогт Сэлэнгийн Санчирхүү нарт холбогдох 1729000650033 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.М нь С.Стэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэр Бага-Уул гэх газарт иргэн Н.Алтанбанзрагчтай мал хөөсөн асуудлаар маргаж, улмаар хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ: “...Аль халуун намраар Н.Алтанбанзрагч гэдэг хүн 2,000,000 гаруй малтай манай бэлчээрийг идээд болдоггүй. Би тэгээд нэг уулзаад чи малаа цаашаа явуулаа, өвөлжөө битгий идээд бай гэж гуйсан. Тэгсэн чинь би танай бэлчээр рүү малаа оруулахгүй гэж хэлчхээд маргааш нь манай гадаа нөгөө 2,000,000 гаруй мал байж байсан. Тэгээд малтай нийлэх гээд байхаар нь би машинаараа хөөлөө. Зүүн тийшээ 800 метр газар хөөсөн. Ямар өөрийнхөө малыг хөөлтэй биш. Тэгсэн миний ар хударгаар урд зоон дээгүүр давж байсан. Би малаа эргүүлэх санаатай араас нь давхиад гараад очсон чинь дахиад цаана хэдэн мал байж байсан. тэгээд би тэгээд би малаа нийлүүлэлттэй нь биш бас хөөсөн. Тэгтэл мотоциклтой хүн давхиад ирсэн. Би энэ Н.Алтанбанзрагчийг мэддэг ч үгүй, таних ч үгүй. Байцаагдаж байгаад л мэдсэн. Тэгтэл малын эзэн мөн байна. Би харвалттай болохоор машинаас түшиж, тулж байж буудаг хүн шууд миний хаалгыг онгойлгоод өшиглөж, өшиглөж зодоод тун болохгүй болохоор нь хаалгаа хүчээр татаж хаагаад машины хаалгаа түгжсэн. Тэгсэн хаалга онгойлгох гэж хэсэг үзээд болохгүй болохоор нь миний машиныг өшиглөөд байсан. Тэгэхдээ чамайг би гэрчгүй хутгалж ална гээд кармегаа ухаад байсан. Хутгийн би хараагүй. Тэгээд давхиад явсан. Түүнээс хойш 4,5 хоногийн дараа би малаа эргүүлээд машинтайгаа явж байсан. Машингүй бол малаа гүйцэдгүй хүн. Тэгээд явж байтал цагаан портер зам тосоод давхиад ирлээ. Энэ чинь юу хүн явдаг бол доо гээд харж байсан чинь зогс гэсэн. Зогссон чинь би чамайг ална. Наранд нэг хэд хоног баймаар байна, болж байна уу, үгүй юу Март гуай гэсэн. Буугаад ир чи муу гэсэн. Тэгэхээр нь би буу гэсэн дээр нь бууя тэгэхгүй бол  энэ муу чинь зодочдог гээд би буусан. Би бууж байхдаа хэлсэн. Чи муу миний мэдээгүй талыг өшиглөснөөс болж би нойргүй хонож байна гэсэн. Тэгсэн чи бид хоёр адилхан байж гэсэн. Тэгэхээр нь яадын бол доо гээд харж байсан чинь гэнэт миний дургүй хүрээд солиор хуц чи, чи бид хоёр яахаараа адилхан байдаг юм. Би чам шиг хүчин хийгээгүй, хулгай хийгээгүй гэж хэлсэн. Тэгж хэлээд явж байх хооронд хажууд нь очсон байсан. Тэгээд энэ хүн урагшаа гараад зогсож байсан, би эндээс нь очсон. Тэгсэн цагаан портерын зөв талын хаалгын нээтэл энэ их согтуу байж байгаад ойчоод хэвтсэн. Тэгээд би буруу талаар нь тойроод хаалгын онгойлгоод хартал энэ цавууны лааз байсан. Тэгээд би аваад толгойны орой руу 3 цохисон. Тэгээд босоод ирсэн. Би харвалттай юм чинь газар унасан байхад Н.Алтанбанзрагч миний дээр гараад суучихсан байсан. Тэгээд нэг хартал алга болчихсон байсан. Хүүгээ ирээд цохичихсон юм бол уу гэж бодсон. Бусдаар бол би хүүгээ цохиж байхын хараагүй. Тэгсэн бүлэг болгоод байх юм. Мөн би Н.Алтанбанзрагчид зодуулчхаад за яахав дээ миний хүүгээс ялгаа нь юу байхав гээд эмнэлэг, цагдаагаар ч яваагүй. Би ганц хүүтэй хүн. 4,5 хоногийн өмнө намайг зодсон тэр үедээ их согтуу байсан. Согтуу байсан байж л надад зодуулсан. Бусдаар бол 30 настай ийм залуу хүн харвалттай 50 настай надад зодуулна гэж байхгүй. Тийм л зүйл болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “...Би ээжтэйгээ гадаа ямаа холбож байсан.  Ямаагаа холбочоод гэрээс саалийн хувин авах гээд гэр рүү орчихоод гараад иртэл мал туугаад явж байсан хүний хажууд цагаан портер ирээд зогсчихсон байсан. Цагаан портер ирээд зогсчихоор нь би дуран аваад хартал манай аавыг сарвагануулаад, тонгорч унагаад байгаа харагдсан. Тэгээд би дурангаар харчихаад ямаа сааж байсан хүн орхичихоод очиж аавыг авсан. Тэгээд аав дээр очсон чинь аавыг унагачихсан байсан. Би тэгээд салгасан. Салгасан чинь хэрэгтэн болоод бүүр сүүлдээ бүлэг болчихлоо. Тэгээд би аавыгаа зодуулаад аавыгаа алуулах байсан юм уу, аавыгаа аварч болдоггүй хүн гэж байхгүй баймаар юм. Харвасан эцгийгээ хэн ч өмөөрнө” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Алтанбанзрагч мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би энэ хүнийг малдаа явж байхад нь би машинтай явж байсан. Зам сурах гээд би энэ хүнтэй уулзсан. Энэ хүний хажууд нь машинтай очиж зогсоод зам сурах гээд энэ хүний  машины нөгөө хаалгаар нь шар хад яаж явдаг юм бэ? гэхэд би чамд зам зааж өгөхгүй. Чи надаас зам сурах гэж байгаа бол битгий хуц гээд хэл амаар доромжилхоор нь би заа тэгвэл байлаа гээд эргээд машин руугаа явсан. Эргээд машин руугаа алхаж байтал энэ хүн миний араас гарч ирээд дуудсан. Чи намайг өшиглөж зодоо биз дээ. Үгүй 4,5 хоногийн өмнө таарсан. Би өшиглөж зодоогүй.  Би өөрөө хазгар, доглон, хөл хугархай хүн. Ийм хүний зовлонг би мэднэ. Та битгий тэгж худлаа ярьж бай гэж хэлчихээд цааш эргээд явсан чинь араас яваад байсан. Та худлаа гэвэл би тань шиг ханчир хүн шүү дээ миний хөлийг үзэх юм уу гээд эргэтэл энэ хүн намайг цохиод авсан. Тэгэхээр нь би ерөөсөө болохоо байх нь гээд эргээд машин руугаа алхаад машиндаа ороод суутал энэ хүн миний машины цонх онгорхой байсан. Миний машины цонхоор зуураад намайг цохиж авах гээд байсан. Тэгтэл ойролцоо гэрийнхэн гаднаас хүүгийнх нь машин ирээд миний машины буруу талын өмнө зогссон. Тэгээд зогссоноо зөв талаар аавтай нь зууралдаж байсан чинь хүү нь буруу талын хаалгаар орж ирээд миний толгойны ар хэсэг рүү төмрөөр цохисон. Тэгээд тэгтэл аав нь цохиод авсан. Би ухаа алдаад нэг мэдсэн намайг машины ард гаргачихсан зодож байсан. Тэгээд би нэг арай ухаан ороод би Санчирыг аавыгаа ав битгий намайг зодуулаад бай гэж хэлсэн. Тэгээд Санчирынхан араар ортол энэ хүн  чулуугаар толгой руу шидээд, чулуугаар толгой руу цохисон. Тэгээд би Санчирынхан араар ороод цус гоожоод байхаар нь нэг юм тонгойгоод цусаа гоожуулаад сууж байтал энэ хүн машинаа унаж ирээд намайг 2,3 удаа ухраад эргээд л миний энэ түнх хэсэг рүү мөргүүлээд байсан. Би босож чаддаггүй толгой эргээд янз бүр болоод байсан. Тэгээд дайрч ална гээд харж байсан чинь ойролцоо арай товгор бут байсан. Тэр нь гараад суутал ойролцоо тойроод миний араас дайрах гээд өмнөөс ирж дайрах гээд, би эргэж харж ийш, тийш харж цусаа гоожуулсан. Тэгээд алга болсон. Тэгээд сууж байтал Санчирхүү ирсэн. Санчирхүү ирээд гэрт очиж цусаа угаа явъя гээд босоод ирсэн чинь миний машин хэрэг болсон газар байгаагүй. Тэгээд Санчирхүүгийн машинд суугаад гэрийнхэн гадаа очсон. Тэгтэл эцэг нь дахиад намайг зодож дарамталсан. Тэгснээ чи  хүн гэрчгүй хүн хутгалж ална гэдэг хүн гэсэн. Тэгтэл нэг эмэгтэй хүн. Миний нүд хавдсан харж болохгүй. Тэгтэл нэг эмэгтэй хүн хажуунаас нь хашгираад хүн гэрчгүй хутгалдаг гэсэн хутгал, ал гээд эмэгтэй хашхирсан. Тэгтэл энэ хүн хутга бариад над руу ойртоод ирсэн. Би нэг юм гарын барьж авсан. Би хутгийг булааж аваад хажууд тийшээ шидтэл чи бас л зууралдсаар байна уу гээд намайг бас зуураад авсан. Тэгтэл Санчирхүү хүрээд ирсэн, би бас л зодуулж байгаад ухаан алдсан. Нэг мэдэхэд энэ хүмүүс миний толгой дээрээс ус цацаж байсан. Тэгээд босож ирээд Санчирхүүг би аавыгаа аваарай. Ахид битгий намайг зодуулаарай гээд босож ирээд суусан чинь энэ хүн нэг төмөр барьчихсан. Миний машиныг нүдэж байгаа харагдсан. Тэр хооронд Санчирхүүг миний гар дээр ус хийж өгсөн, нүүрээ угаасан. Тэгээд энэ хүн төмрөө бариад ахиад над руу зодох гээд ирэхэд нь би Санчирхүүг чи аавыгаа ав битгий намайг зодуулаарай гээд тэгтэл аавыгаа аваад цааш нь эргэсэн. Би араар нь машиндаа орж ирээд түлхүүрээ үзсэн. Түлхүүр байсан. Тэгээд машинаа асааж аваад ойрхон Гантогтохын гэж айл 3 километр байдаг. Тэр айл руу явж байснаа мэдэж байгаа. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт байсан. Энэ хүмүүс болохоор намайг зодсон энэ хэргээ үнэнээ хүлээдэггүй. Хохирол мөнгө өгдөггүй. Хүн нэг ганц цохиод авсан биш дээ. Хүнийг тийм болгочхоод зардал мөнгө өгөхгүй, хүнийг өрөвдөх сэтгэлгүй тийм хүмүүс байна. Үүнийг л та бүгд үнэн зөв шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9 дүгээр хуудас/

Хохирогч Н.Алтанбанзрагчийн: ”...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний толгойны ар дагз руу болон дух, зүүн талын шанаа руу Санчирхүү хатуу зүйлээр олон удаа цохисон. Мартбаяр бол гартаа чулуу бариад баруун гараараа нүүр, хацар шанаа руу цохиж зодсон. Дээрх гэмтлүүдийг Мартбаяр, Санчирхүү нар учруулсан. Мөн Мартбаяр миний машиныг гэрийнхээ гадаа аваад ирчихсэн “энэ муу миний машиныг өшиглөсөн. Одоо би энэний машиныг зодно гээд гартаа төмөр барьчихсан балбаж гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар хуудас/

Гэрч Н.Одгэрэлийн: ”...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр худаг дээр байж байтал Гантогтох над руу залгаад зүрхний эм байна уу гэж асуусан. Зүрхний эм аваад Гантогтохын гэрт очиход Алтанбанзрагчийг Гантогтох машин нь өмнө тэвэрчихсэн тэрээ хүнд зодуулсан бололтой нүүр нь тэр чигээрээ цус болсон байсан. Алтанбанзрагчийн бие хүнд, хааяа ухаан алдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Э.Гантогтохын: ”...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Алтанбанзрагч нүүр хэсэг нь цус болчихсон, ухаан нь орж гарсан байдалтай манай гэрээс урагш 30-40 орчим метрийн зайтай ирээд зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд хоёр алхаад шууд газарт ойчсон. Яваад очтол “намайг Мартбаяр хүүхэдтэйгээ нийлээд зодчихлоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Гэрч Ө.Булганаагийн: ”...Мартбаяр гэдэг хүн манай малыг машинаар туугаад байсан юм. Тэгээд тэр асуудлаас болж манай нөхрийг зодох болсон. Би мэдэхгүй байна. Манайхыг нүүгээд тэнд ирэхэд нутгийн хүмүүс хэлэхдээ Мартбаярыг гаднаас ирсэн хүмүүсийг дандаа хэл ам хийдэг, малыг нь хөөж туудаг, ална гэж заналхийлдэг, хэл амаа олоход хэцүү хүн байдаг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 218 дугаар шинжээчийн: ”...Н.Алтанбанзрагчийн биед духны зүүн хэсэг, нүүр, хацарт шарх, толгойн зүүн тал болон хацар шанаагаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонго нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/

“Вендо” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд “...Н.Алтанбанзрагчийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 49-09 ӨМӨ улсын дугаартай авто машинд зах зээлийн үнэлгээгээр 335,400 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хх-н 49 дүгээр хуудас/,

Ш.Мын яллагдагчаар өгсөн: “...Би Алтанбанзрагчийн нүүрний зүүн талаас нь гараараа нэг удаа, цавууны төмөр саваар толгойны орой хэсэг рүү нь 3 удаа цохисон. Би Алтанбанзрагчийг зугтаахаар нь айлгах гээд машинаараа араас нь жаахан хөөсөн.” гэх мэдүүлэг /хх 70-73 дугаар хуудас/

С.Сгийн яллагдагчаар өгсөн: “...Манай аав Мартбаяр Алтанбанзрагчийн машиныг төмрөөр цохисон. Алтанбанзрагчийг аав ямар ч гэсэн нэг цохисон гэсэн. Цавууны саваар цохьсоны улмаас Алтанбанзрагчийн толгойноос нь цус гарсан. Би хэн цохисныг хэлмээргүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 74-77 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 78-79 дүгээр хуудас/

Ш.М, С.С нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 83-84 дүгээр хуудас/

С.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 85 дугаар хуудас/

Ш.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 86 дугаар хуудас/

Ш.М, С.С нарын гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 87-90 дүгээр хуудас/

Ш.М, С.С нарын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 92-97 дугаар хуудас/

Хохирогч Н.Алтанбанзрагчийн хохирлын баримтууд  /хх-н 98-120 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ш.М, С.С нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Ш.М нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэр Бага-Уул гэх газарт иргэн Н.Алтанбанзрагчтай мал хөөсөн асуудлаар маргаж, улмаар хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Н.Алтанбанзрагчийн: ”...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний толгойны ар дагз руу болон дух, зүүн талын шанаа руу Санчирхүү хатуу зүйлээр олон удаа цохисон. Мартбаяр бол гартаа чулуу бариад баруун гараараа нүүр, хацар шанаа руу цохиж зодсон. Дээрх гэмтлүүдийг Мартбаяр, Санчирхүү нар учруулсан. Мөн Мартбаяр миний машиныг гэрийнхээ гадаа аваад ирчихсэн “энэ муу миний машиныг өшиглөсөн. Одоо би энэний машиныг зодно гээд гартаа төмөр барьчихсан балбаж гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар хуудас/ ,

Гэрч Ө.Булганаагийн: ”...Мартбаяр гэдэг хүн манай малыг машинаар туугаад байсан юм. Тэгээд тэр асуудлаас болж манай нөхрийг зодох болсон. Би мэдэхгүй байна. Манайхыг нүүгээд тэнд ирэхэд нутгийн хүмүүс хэлэхдээ Мартбаярыг гаднаас ирсэн хүмүүсийг дандаа хэл ам хийдэг, малыг нь хөөж туудаг, ална гэж заналхийлдэг, хэл амаа олоход хэцүү хүн байдаг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Ш.Мын гэрчээр өгсөн: “... тэр залуу машиндаа ороод жижиг цавуу гаргаж ирээд манай хүү Санчирыг цохих гэхээр нь би тэр жижиг цавууг булааж аваад тэр залуугийн толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан, тэгсэн цус гараад тэр залуу толгойгоо дараад машиндаа суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 218 дугаар шинжээчийн: ”...Н.Алтанбанзрагчийн биед духны зүүн хэсэг, нүүр, хацарт шарх, толгойн зүүн тал болон хацар шанаагаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2. С.С нь Ш.Мтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэр Бага-Уул гэх газарт иргэн Н.Алтанбанзрагчтай мал хөөсөн асуудлаар маргаж, улмаар хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар дүгнэхэд:

Гэрч Н.Одгэрэлийн: ”...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр худаг дээр байж байтал Гантогтох над руу залгаад зүрхний эм байна уу гэж асуусан. Зүрхний эм аваад Гантогтохын гэрт очиход Алтанбанзрагчийг Гантогтох машины нь өмнө тэвэрчихсэн тэрээ хүнд зодуулсан бололтой нүүр нь тэр чигээрээ цус болсон байсан. Алтанбанзрагчийн бие хүнд, хааяа ухаан алдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/ ,

Гэрч Э.Гантогтохын: ”...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Алтанбанзрагч нүүр хэсэг нь цус болчихсон, ухаан нь орж гарсан байдалтай манай гэрээс урагш 30-40 орчим метрийн зайтай ирээд зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд хоёр алхаад шууд газарт ойчсон. Яваад очтол “намайг Мартбаяр хүүхэдтэйгээ нийлээд зодчихлоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/ хэрэгт авагджээ.

Дээрх гэрч нарын мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 25.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар буюу С.Сг бусдын биед хөнгөн гэмтэл учруулах үйлдэл хийсэн талаар нотлоогүй байна.

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С.Сг гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг тайлбарлан танилцуулсан баримт байх боловч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээ хэрэгжүүлэх эсэх талаар асууж тодруулаагүй нь гэрчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэв .

Хохирогч Н.Алтанбанзрагчийн: ”...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний толгойны ар дагз руу болон дух, зүүн талын шанаа руу Санчирхүү хатуу зүйлээр олон удаа цохисон. Мартбаяр бол гартаа чулуу бариад баруун гараараа нүүр, хацар шанаа руу цохиж зодсон. Дээрх гэмтлүүдийг Мартбаяр, Санчирхүү нар учруулсан. Мөн Мартбаяр миний машиныг гэрийнхээ гадаа аваад ирчихсэн “энэ муу миний машиныг өшиглөсөн. Одоо би энэний машиныг зодно гээд гартаа төмөр барьчихсан балбаж гарсан.” /хх-ийн 18-22 дугаар хуудас/ гэж мэдүүлдэг боловч С.Сгийн цохисон үйлдлээс биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан, энэ нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 218 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлээс аль нь болох талаар ялгаж мэдүүлсэн зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээс С.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас С.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Мт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Ш.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ш.Мт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

3. Хохирол, төлбөрийн талаар:

Хавтаст хэргийн материалд хохирогч Н.Алтанбанзрагч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон эмчилгээ, бусад зардалд нийт 5,107,380 төгрөгийг нэхэмжилжээ. Хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Эмчилгээний зардалтай холбогдуулан шүүх хуралдаанд ирүүлсэн нотлох баримтуудаас 477,860 төгрөгийн төлбөр төлсөн баримтууд /хх-ийн 104, 105, 109-117 дугаар хуудас/, “Вендо” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд “...Н.Алтанбанзрагчийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 49-09 ӨМӨ улсын дугаартай авто машинд зах зээлийн үнэлгээгээр 335,400 төгрөгийн хохирол учирсан...”  /хх-н 49 дүгээр хуудас/ гэх үнэлгээ нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул шүүгдэгч Ш.Маас хохирол төлбөрт 813,260 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,294,000 төгрөгийн зардал нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Н.Алтанбанзрагч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас С.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Мт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Бөө овогт Шүнгээгийн Мартбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мт оногдуулсан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд, тус бүр 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ш.Маас 813,260 төгрөг гаргуулж хохирогч Н.Алтанбанзрагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,294,120 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай .

6. Хохирогч Насанбат овогтой Алтанбанзрагч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ш.М, С.С нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цавууны төмөр сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.М, С.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН