Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн ­Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч

 Б.Саранчимэг, шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч:   оршин суух *******ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: тус аймгийн *******д холбогдох 2015 оны 09 сарын 09-ний өдрийн Б/59 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, өмнө нь ажиллаж байсан 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын  20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.                                                           

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Миний бие боловсролын байгууллагад тасралтгүй 29 жил ажилласан. Би 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орж 2013 онд орж тэнцээд ажиллаж байсан. Би ажлаа хийж байтал ******* даргын өрөөнд дуудахад Боловсрол соёлын газрын дарга ******* дарга байж байсан. Цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэх гэж байна хүсэлтээ бичиж өг гээд бичиж өгсөн. Намайг 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн оруулсан. Харин тухайн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн томилогдож миний бие ажилгүй болсон. 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/59 тоот ажил сэлгэсэн захирамжийг хүчингүй болгуулаад өмнө нь хийж байсан 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн орох шаардлага хэвээрээ байгаа. Н.Туяа нь шүүхийн шийдвэрээр ажилдаа орчихсон учраас 5 дугаар цэцэрлэгтээ орохгүй. Тийм учраас яг юу шаардаад байгаа вэ гэхээр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр ажилд орсон бол шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж бололцооны дагуу өөр ажлыг олж өгөхөөр байгаа. Ийм учраас ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй учраас 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Гуравдагч этгээдээр ******* татагдсан бөгөөд энэ ******* нь 2 дугаар цэцэрлэгийн багш байсан төрийн үйлчилгээний албан тушаалд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж томилогдсон. Анх 2015 оны 11 дүгээр сарын сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй бөгөөд энэ хүний дүнг яаж дүгнэсэн талаар нотлох баримтыг хэрэгт өгчихсөн байгаа. 2015 оны 12 дугаар сард дахин сонгон шалгаруулалт зарлагдахад тэнцээд орсон байгаа. Шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлага Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, авах ёстой цалин хөлсийг маань гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын  шимтгэлийг зохих ёсоор тооцож олгож өгөхийг хүсэж байна гэжээ.

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манайх төрийн албаны зөвлөлийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандах болсон.  Захиргааны хэргийн шүүх нь заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байх онцлогоороо ялгаатай байдаг. Тийм учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь *******ийг ажилтай болгоогүй учраас төрийн албаны зөвлөлийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч талаас мөн л хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар ирүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хүний ажилгүй болсон хугацаа нь 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр. Өмнө нь бол нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд шилжиж ажиллуулсан буюу энэ хүний эрх зүйн байдлыг дордуулаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа. Энэ хүнийг ямар ч ажилгүй болгож хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн учраас шүүхэд хандах болсон. Сүүлийн Б/11 тоот захирамжид өөрчлөлт оруулчихвал Б/59 тоот захирамжийг ярих шаардлагагүй гэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 д зааснаар маргаан бүхий  2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож *******ийг 2 дугаар цэцэрлэгийг эрхлэгчийн ажилд буцаан томилж өгнө үү. Мөн цалинг нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байдлаар нь  Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс бодох журмын дагуу энэ хүний 3 дугаар сарын цалин нь дутуу бодогдсон учир 2015 оны 12 сар, 2016 оны 1, 2 дугаар сарын цалингийн дунджийг авахад энэ хүн сард 1.097.665 төгрөгийн дундаж цалин авч болох байсан бөгөөд өдрийн цалин нь 49 893 төгрөг, нийт 72 хоног ажилгүй байсан бөгөөд нийт 3.592.296 төгрөг байгаа учраас энэ ажилгүй байсан хугацааны цалинг нь олгож өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид томилсон аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/59 дугаар захирамж, 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн  үүрэгт ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2016 оны 03  дугаар сарын 21-ий өдрийн Б/11 дүгээр захирамж нь холбогдох хууль тогтоомж, хууль зүйн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 Үүнд. Тус аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 248 дугаар албан бичигтэй аймгийн ******* танилцаж, судалж шийдвэрлэх талаар Хууль зүйн хэлтсийн даргад үүрэг өгсний дагуу нэхэмжлэгч *******тэй уулзаж тохиролцсны үндсэн дээр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/59 дугаар захирамжаар 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон.

Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр *******г 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас *******ийг чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу бололцооны дагуу өөр ажил олж өгөх гэсэн боловч тухайн ажлын байранд ажиллах хүсэлгүй байна. нэхэмжлэгч өмнө ажиллаж байсан нэхэмжлэгч өмнө ажиллаж байсан 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах талаар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа дурдсан байна. нэхэмжлэгч ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо шийдвэрийг хүлээн авснаа хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд шүүхэд гаргаха байтал 6 сарын дараа шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжэ дүгнэж байна.

        Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие  ******* нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/59 дугаар захирамжаар Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байна. Эрхлэгчийн ажлыг хүлээж авснаар  Боловсрол соёлын газрын даргатай цэцэрлэгийн эрхлэгчийн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг байгуулан удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт нээлттэй зарлагдаж 2015 оны 12 дугаар сард шалгалт өгөн тэнцэж Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ий өдрийн Б/14 дугаар захирамжаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн албан тушаалд жинхлэн ажиллаж байна.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

     Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       Аймгийн ******* 2015 оны 09 дүгээр сарын 09-ны Б/59 дүгээр Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамж гарган Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******ийг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт явагдах хүртэл *******ийг тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилж, Б/60 дугаар захирамж гарган Есөнбулаг сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******г 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Шарга сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилж, 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр *******ийг тухайн өдрөөс томилсон байна.

  Есөнбулаг сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь шүүхэд гомдол гаргаж 2016 оны 01 дүгээр сарын 18-ны 03 дугаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр *******г Есөнбулаг сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон. Аймгийн ******* шүүхийн шийдвэрийг биелүүлж 2016 оны 03 дугаар сарын 21-ны Б/11 дүгээр захирамж гарган *******ийг ажлаас нь чөлөөлж *******г Есөнбулаг сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон байна.

   Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа “... Боловсрол соёлын газрын  дарга 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг ав гэсэн би ******* бид хоёрыг хооронд нь солих юм уу гэж асуухад Засаг даргын захирамжийг эсэргүүцэж байгаа бол заавал ажил авах албагүй ... чамайг ажил сайжруулахаар явуулж байгаа гэсэн. Тэгэхээр нь ажилгүй болохгүйн тулд энэ ажлыг авсан. Тухайн ажлыг авсаны дараа ******* шүүхэд хандасныг сонсоод би ажилгүй болно шүүхэд хандана гэхэд *******гийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлөхөд нэхэмжлэлээ буцаан авах гэж байгаа гэрээ нүүлгээд хотод ажилд орсон байгаа” гэсэн тайлбараас үзэхэд *******ийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авахгүй албан тушаалтны шахалт шаардлагаар тухайн албан тушаалд томилосон байх бөгөөд итгэл үзүүлэх нэрийдлээр шүүхэд гомдол гаргах эрхийг нь хязгаарласан гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын “... өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо шийдвэрийг хүлээн авснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд шүүхэд гаргах байтал 6 сарын дараа  шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн  тайлбар нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй юм, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн үеэс буюу ажлаас халагдсан хугацаанаас тоолох нь зүйтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж шүүх үзлээ.

       Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн  аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ны Б/59 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дэх хэсэгт заалт, аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 148 дугаар албан бичгээр ирсэн саналыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн.

   Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоо зарлагдсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж шалгалтын дүнг үндэслэн томилох, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт байна.

   Нэхэмжлэгч *******ийн тухайд аймгийн Боловсрол соёлын газраас 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 248 дугаар албан бичгээр ажлаас нь чөлөөлөх саналыг аймгийн *******д хүргүүлсэн. Санал хүргүүлэхдээ үр дүнгийн гэрээний хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх бус алдаа дутагдал байгаа тул ажлаас чөлөөлөх санал хүргүүлсэн гэж үзэхээр байна.  Уг саналыг захирамжийн үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн хэдий ч ажил албан тушаалыг нь бууруулахгүйгээр Есөнбулаг сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон байна. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд *******ийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, алдаа дутагдал гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл алдаа дутагдал гаргаж ажлаас чөлөөлсөн нөхцөлд албан тушаалыг нь бууруулахгүйгээр өөр ажилд буюу цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд “...надад ажил сайжруулах зорилгоор сэлгүүлэн томилж байгаа гэж тайлбарласан...” гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй байна.

  Иймд Боловсролын тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.15, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ны Б/59 дүгээр захирамж хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан захирамж гэж үзэх үндэслэлгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгож, *******ийг  Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

  Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5. “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар аймгийн ******* 2016 оны 03 дугаар сарын 21-ны Б/11 дүгээр захирамжаар *******ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтаны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалтыг анхаарах ёстой байсныг дурдах нь зүйтэй байна.

  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу *******ийн 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 73 хоногийн олговор 2539547 хариуцагчаас гаргуулж, уг олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

  Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтас хэргийн материалд авагдсан *******ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн нийлбэрийг нийт ажилласан хоногт хувааж нэг өдрийн дундаж цалинг, нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

      1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгүүдэд заасныг баримтлан аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ны Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгож, *******ийг Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

      2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *******ийн 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 73 хоногийн олговор 2539547 хариуцагчаас гаргуулж,, уг олговороос нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.

      3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуурамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

     4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                       Ш.БАТТОГТОХ

                            ШҮҮГЧИД                            Б.САРАНЧИМЭГ                                                                 

                                                                        Э.ЗОЛБАДРАХ