Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 437

 

Я.Б-ын нэхэмжлэлтэй,

ЭМЯ-ны ТНБД-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       Х.Батсүрэн

                                       Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:Ц.Ундрал

Нэхэмжлэлийн шаардлага: “...ЭМЯ-ны ТНБД-д 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0470 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Я.Б, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, Д.Мөнхцэцэг нар, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, Д.Мөнхцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Я.Б-ыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн цалинг ТЗ-12-3 шатлалын дагуу 921,067 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар, зэрэг дэвийн нэмэгдлийг 25 хувиар тооцож нийт 6,635,241 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5,414,545 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0470 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, Д.Мөнхцэцэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, Д.Мөнхцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0470 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажиллаж байсан Я.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. Я.Б-ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хариуцлага алдсан цаашид Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд ажиллах боломжгүй гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлсөн.

6. Я.Б- нь үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр түүний хийж гүйцэтгэх ажил үүргийн талаар тодорхой тохиролцсон бөгөөд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй, гэрээний агуулгыг ажлын чиг үүрэгтэйгээ уялдуулан тодорхойлсон гэж үзэж байна. Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил гаргаж, хариуцаж байсан газрын үйл ажиллагаа нь хангалтгүй гэж үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд Я.Б-ын даргаар ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн газрын эрхлэх асуудлын хүрээнд 10 арга хэмжээ байгаагаас дийлэнх олонх буюу 7 арга хэмжээ “Эрчимжүүлэх шаардлагатай буюу 40%-иар үнэлэгдсэн. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд нийт 4 арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй буюу 30% дийлэнх олонх буюу 3 арга хэмжээ нь Я.Б-ын даргаар ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн газрын эрхлэх асуудлын хүрээнд хамрах асуудал байна.

7. Үүнийг Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа газар, хэлтсийн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг 2018 онд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт даалгаж, холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахдаа хангалтгүй, бүрэн бус, худал зөрүүтэй мэдээллээр хангасан, өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байдаг.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй ба хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, хариуцагчийн гаргасан үнэлэгдээгүй гэх баримт нь хууль бус аргаар цуглуулсан баримт биш, хуулийн шаардлага хангаагүй, хангах боломжтой баримт гэдгийг анхаарч мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг шийдвэрлээгүй гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх бодолтой байгаа талаар хэлэхэд би “эрүүл мэндийн салбарт болон төрийн байгууллагад 30 гаруй жил ажилласан тангараг өргөсөн эмч, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрд алдаатай буруу нэг ч үйлдэл хийгээгүй тул таны гаргах шийдвэрийг хүлээж авах боломжгүй“ гэдгээ хэлсэн гэсэн байдаг. Үүнийгээ шүүх хуралдаанд ч ярьсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх болсныг, мөн шалтгаан нөхцөлийг мэдсэн, шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдгээ шууд хэлж, тайлбар гаргасан гэж үзэхээр байхад шүүх зөвхөн сонсох ажиллагааны тэмдэглэлд дүгнэлт хийсэн.

9. Мөн шүүх “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, ...түүнийг эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд нь түүний хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгож байгаа нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг зөрчжээ” гэж үзсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Я.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайдтай уулзаад ажлаа хийгээд явж байсан хүн, гэтэл тэр өдрөө буюу 23-ны өдөр эмнэлэгт хэвтсэн гэх эмнэлгийн магадлагаа гаргаж өгсөнд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй зэргээс харахад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй гэж үзэхээр байна.

10. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

12. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан байхад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Я.Б-ыг тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актад тавигдах тодорхойлсон шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болжээ.

13. Тухайлбал, Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэсэн зохицуулалттай байна.

14. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий тушаалд “...ажилдаа хариуцлагагүй хандсан...” гэсэн үндэслэлийг тусгасан атлаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан “...улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, ...эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, ...төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэх огт хамааралгүй, хуулийн зохицуулалтыг баримталж, хууль зөрчжээ.

15. Үүнээс гадна хариуцагчийн “...албан үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа зөрчил гаргаж, хариуцаж байсан газрын үйл ажиллагаа нь хангалтгүй үнэлэгдсэн тул төрийн үйлчилгээний албан тушаалд /албан тушаал бууруулж/ томилон ажиллуулах болсон...” гэх тайлбар нь маргаан бүхий тушаалыг зөвтгөх үндэслэл биш байна.

16. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь хэсгүүдэд “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн төрийн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж заасан нь захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах үндэслэл байхаар зохицуулсан бөгөөд энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т ”...үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх,... шагнаж урамшуулах, ...албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж тодорхой зохицуулжээ.

17. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнгээр Я.Б- 99 оноогоор үнэлэгдсэн, түүнд журамд заасан урамшуулал олгож байснаас үзвэл нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээргүй байгааг шүүхүүд тодорхой зөв дүгнэсэн байна.

18. Дээр дурдсанаар “...шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, ...шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.

19. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн, маргааны үйл баримтад хамааралтай Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0470 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ