Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 8

 

Б.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

              Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 953 дугаар магадлалтай, Б.Ад холбогдох 1807004020144 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Г овогт Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ”гэмт хэрэгт холбогджээ.

             Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

       Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдолдоо: “Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ гүнээ гэмшиж байгаа бөгөөд анхнаасаа зүйлчлэл дээр маргаагүй. Хохирлыг шүүхийн тогтоолд заагдсан үнийн дүнгээр арилгасан. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлбэл махны жижиглэнгийн худалдаа явуулах боломжгүй болж, гэр бүлийн амьжиргаа залгуулдаг үйл ажиллагаа зогсож, манай гэр бүлийн амьдрал туйлын хүнд байдалд орох гээд байна. Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялыг сонгох асуудлын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь гэр бүлийн амьдралд маань учруулах хор уршгийн хувьд маш хүнд байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

            Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хэлсэн саналдаа: “Шүүгдэгчид оногдуулсан ял түүний хувийн байдалд тохироогүй гэж үзэж байна. Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлсөн бөгөөд торгох ял оногдуулбал төлөх боломжтой тул ялыг өөрчилж өгнө үү” гэв.

         Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан түүний гэм бурууд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүгдэгч Б.Агийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

          Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

               Шүүгдэгч Б.А нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Хаадын тамга” амралтын газарт хохирогч М.Эийг хувийн сэдэлтээр татаж унаган явган хүний замын боржур мөргүүлж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

         Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

              Харин шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээний зардалд 1.163.610 төгрөг төлж барагдуулсан, мөн түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

         1.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

           2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                      ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН