Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борчиго овогт Бямбажавын Нямбаярт холбогдох 1729000850047 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Аврора” барны гадна иргэн Б.Отгонбаатарт хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд би мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,

Хохирогч Б.Отгонбаатарын: ”...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой Алтанбагана, Энхтөр хоёрын хамт “Аврора” баранд орсон. Ингээд хаах болсон тул барнаас гараад явж байтал барны гадна хүмүүс маргалдаж байсан. Бид гурав хажуугаар нь гараад явж байтал араас хоёр залуу гүйж ирээд нэг нь над руу дөхөж ирээд үгийн зөрүүгүй шууд нүүр рүү цохиод авсан. Би арагшаа уначихсан. Тэгээд нүүрээ дараад хэвтсэн чинь тэр залуу миний гар руу өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Б.Хишигбаярын: ”...Нямбаяр нь “би андуураад тэр залууг зодчихсон байна” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Х.Энхтөрийн: ”...тухайн орой Алтанбагана, Отгонбаатар нартай “Аврора” баранд орж 2 пиво уучхаад хаах болсон тул гарсан. ...гадаа хэдэн хүмүүс маргалдаж байснаа бид гурав руу дайрч эхэлсэн. Цуг явсан хүүхэн нь энэ гурав биш гэж хэлсэн ч дайраад намайг цохиж аваад цааш түлхсээр байгаад бид гурвыг бие биенээс нь салгасан. Би булан тойроод зугтаачихсан. Би буудалдаа ирэхэд Алтанбагана ирчихсэн байсан. Тэгсэн удалгүй Отгонбаатар таксигаар хүргүүлээд ирсэн түүний уруул нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Алтанбаганын: ”... тухайн орой ажлын газрын Энхтөр, Отгонбаатар нартай “Аврора” баранд орж 2 пиво уучхаад хаах болсон тул гарсан. ...гадаа хэдэн хүмүүс маргалдаж байснаа бид гурав руу дайрч эхэлсэн. Цуг явсан хүүхэн нь энэ гурав биш гэж хэлсэн ч дайраад намайг цохиж аваад цааш түлхсээр байгаад бид гурвыг бие биенээс нь салгасан. Бид гурав салаад зугтаачихсан. Тэгээд буудалдаа ирээд залгатал утаснууд нь холбогдохгүй байсан. Тэгээд байж байтал Энхтөр ирээд удалгүй Отгонбаатар таксигаар хүргүүлээд ирсэн түүний уруул нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч М.Шинэсарын: “...манай ажлын Гантуяа 19 цагийн үед залгаад гадуур гаръя гэхээр нь би зөвшөөрч бид нар “Аврора” баранд ороод сууж байхад Гантуяагийн нөхөр 5 найзын хамт ирсэн. ...зодуулж байсан залуу “би бишээ та нар хүн андуураад байна” гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би “болиочээ” гэж хэлээд салгасан” гэх мэдүүлэг /хх-н 16 дугаар хуудас/,

Гэрч У.Гантуяагийн: “...тэр өдөр манай эгч Туяажаргалын төрсөн өдөр болоод манай нөхөр болон бусад найзууд нь ирсэн. Би оройн 23 цагийн үед ганцаараа гэртээ харих гээд гарсан чинь хэдэн залуу хашаанаас гараад гүйсэн. Тэгсэн бид нартай цуг явж байсан Сосорбарам, Хишигбаяр, Нямка гэх гурван залуугийн нэр мэднэ 2 залуугийн нэрийг нь мэдэхгүй араас нь гүйсэн. Би эд нар зодоон хийж байна гэж бодоод гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/,

Гэрч У.Туяажаргалын: “...Нямбаяр харанхуй шөнө нэг залуу байхаар нь би нөгөө талын хүн юм шиг байна гэж хэлээд өшиглөсөн гэж хэлж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсийг ялгаж салгахгүй байсан гэж ярьцгааж байсан” гэх мэдүүлэг /хх-н 18 дугаар хуудас/,

Гэрч П.Сосорбарамын: “...Нямбаяр нэгийг нь татаж унагаад нүүр рүү нь өшиглөсөн. Би нэг залуутай зууралдаад байж байтал Туяажаргал наад залуучууд биш гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 19 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 249 дүгээр шинжээчийн: ”...Б.Отгонбаатарын биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 23 дугаар хуудас/,

Б.Нын яллагдагчаар өгсөн: “...Хишигбаярын араас гартал “би хүнд цохиулчихлаа” гээд зогсож байсан. Сосорбарам бид хоёр гараад иртэл тэнд гурван залуу байхаар нь “та нар яахаараа хүн зоддог юм” гэж хэлээд  нэг залуугийн нүүр рүү хоёр удаа цохиж аваад газар унахаар нь нэг удаа өшиглөсөн. Хаана өшиглөснөө санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 35 дугаар хуудас/,

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 36 дугаар хуудас/,

Б.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37 дугаар хуудас/,

Б.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Нын гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Б.Нын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 46-49 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Отгонбаатарын хохирол барагдуулсан гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар /хх-н 50 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Аврора” барны гадна иргэн Б.Отгонбаатарт хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Нт ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн, хохрирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох  хүртэлх хугацаанд Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борчиго овогт Бямбажавын Нямбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Отгонбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Нын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Нт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН