Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01438

 

Г.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01524 дугаар шийдвэртэй

Г.Бы нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр Монгол Улсын Засгийн газраас зээл олгож байсан. Уг зээлийг хөөцөлдсөн ч бүтээгүй учир би “Х” ХХК-иас 30 000 000 төгрөг зээлсэн. Төлбөрөө огт төлөөгүй бус зохих хэмжээгээр төлж байсан. Хэсэгчлэн төлж байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч мэдэж байгаа. Би 2013 онд тус байр, газраа үнэлүүлэхэд 72 000 000 төгрөгөөр үнэлсэн. Өнөөдөр долларын ханш 2700 боллоо. Иймд ханш улам өссөн байгаа. Валютын ханш, эдийн засгийн өсөлтөөс болоод эдийн засгийн үнэлгээ нь өссөн. Зараас үзэхэд доод тал нь 100 000 000 төгрөгөөр дээш үнэтэй байгаа. Үүнийг нотлох баримт авч ирсэнгүй. Үнэгүй.мн зэрэг цахим хуудаснаас харахад тийм байгаа. Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гантөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнээс хойш барьцаа хөрөнгийг битүүмжилж 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хурааж авсан. Эд хөрөнгө 15 420 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Тэр үнэлгээнд нэхэмжлэгч Г.Б, н.Золжаргал нар нь нэхэмжлэл гаргаж байсан. Үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Өнөөдрийн байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн түдгэлзсэн. Өнөөдөр мөн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох, Сүхбаатар дүүрэг, 16 хороо, Бэлхийн 11 гудамж, 282а тоот хаягт байршилтай, 72м2 талбайтай, Y-2203031875 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байршилтай 700м2 газар үл хөрөнгүүдийн 45.170.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 102/ШЗ2020/05882 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж хүчингүй болохыг дурьдаж  шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн үнэлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т дахь заалтад “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгө шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж тодорхой заасан. Дээрх хуулийн заалтаас харахад үл хөдлөх дуудлага худалдаа явуулахаас өмнө төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг хооронд нь тохиролцох боломжоор хангах ёстой. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол эрх бүхий этгээд үнэлгээчин буюу шинжээч томилох ёстой. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс бидэнд шууд үнийн саналаа шууд ирүүлэхийг шаардсан ба хэрэв үнийн санал ирүүлэхгүй бол шинжээч томилно гэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 12 дугаар талд авагдсан 2013 оны 09 сарын 05-ны өдрийн үйлчилгээний барилгын үнэлгээний тайлан баримт нь 2016 оны 10 сарын 06-ны өдрийн үнэлгээтэй холбоотой, харин сүүлд гаргасан “Баян модот” ХХК-ийн үнэлгээтэй хамааралгүй гэж шүүх үзсэнийг тайлбарлах нь зүйтэй....” гэж бичсэн байна. Өмнөх шүүх хуралд ашиглагдсан нотлох баримт дараагийн шүүх хуралд хамааралгүй болно гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “Баян Модот” ХХК үнэлсэн үнэлгээг бидэнд үзүүлээгүй бөгөөд үнэлгээний ямар аргууд ашигласан нь тодорхойгүй бөгөөд зөвхөн үнийн дүнг мэдэгдсэн болно. Бидний зүгээс үнэлгээний компани голлон ашигладаг харьцуулсан судалгааны материал нь үнэгүй.мн сайтаас авагддаг гэж бодож байгаа бөгөөд тухайн сайтаас бид харьцуулсан мэдээллүүдийг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн болно. Дээрх зүйлсээс үзэхэд бидэнд төлбөр авагчтай уулзаж үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнэ тохирох боломжоор хангаагүй, үнэлгээний тайланг бүрэн танилцуулаагүй, нотлох баримтыг үндэслэлгүй хамааралгүй болгосонд тус тус гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт засвар оруулж, нэхэмжлэлийн дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03660 дугаар захирамжаар хариуцагч  Г.Золжаргал, Г.Б нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /1хх.4-5/

Дээрх захирамжийн дагуу тохиролцсон хугацаанд Г.Б төлбөрийг төлж барагдуулаагүй байх бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21005 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон байна. /хх.74/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 183/61 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 16 хороо, Бэлхийн 11 гудамж, 282а тоот хаягт байршилтай, 72м2 талбайтай, Y-2203031875 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байршилтай 700м2 газар үл хөрөнгийг битүүмжлэн хураажээ. /1хх.7-10/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар Сүхбаатар дүүрэг, 16 хороо, Бэлхийн 11 гудамж, 282а тоот хаягт байршилтай, 72м2 талбайтай, Y-2203031875 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байршилтай 700 м.кв газар үл хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор санал гаргасан байх тул НШШГГ 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16Б дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх.115-122/

            “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн №01/110 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа “...хөрөнгийн тухай шинж байдал, байрлал, орчинтой газар дээр нь очиж танилцсан, хөрөнгөнд үзлэг, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийсэн. Хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судалж өнөөгийн болон ирээдүйн төлөвийг сонирхож үнэлгээнд зайлшгүй шаардагдах  мэдээллээ олж авсан гэх үйл баримтуудыг харгалзан барьцаа хөрөнгийг 15 420 000 төгрөгөөр үнэлсэн” гэж дүгнэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцжээ.

НШШГГ нь шинжээч томилж барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн, үүнтэй холбоотойгоор албадан дуудлага худалдаа зохион байгуулах болсон талаарх 2016 оны 10 дүгээр сарын 17-ний өдрийн 3/32743 тоот тогтоол, 2016 оны 10 дүгээр сарын 14-ний өдрийн 10/394 тоот мэдэгдэл зэргийг төлбөр төлөгч Г.Б, Г.Золжаргал нарт мэдэгдсэнээ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ. /хх.142-147/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Б “...бидэнд төлбөр авагчтай уулзаж үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнэ тохирох боломжоор хангаагүй, үнэлгээний тайланг бүрэн танилцуулаагүй, нотлох баримтыг үндэслээгүй” гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож байсан, шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж байсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.