Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/892

 

 

 

 

 

2022             09             08                                         2022/ДШМ/892                                                                                                                                                            Т  M 546                       Л

А.А-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30ы өдрийн 2022/ШЦТ/840 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.А-эд холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн А-ын А.А-, Улаанбаатар хотод 1985 оны 01 дүгээр сарын 24ий өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, ............... дүүргийн .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000000/

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2006 онд эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нийт 4 жил хорих шийтгүүлж, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэж сулласан шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоног хорих ялаар сольсон.

А.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ................. дүүргийн .................. орчимд А.А-гийн “Samsung s6” загварын гар утас, хар савхин хүрэм, цүнхийг хүч хэрэглэн авахаар довтолж эрүүл мэндэд тархи доргилт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.А-ийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч А.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, 4 жилийн хорих ял дээр 480 цаг буюу 2 сарын хорих ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлүүлэхээр тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 5 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрээн өнгийн цүнхийг хохирогч А.А-д буцаан олгож, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй хохиролд 300,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч А.А- давж заалдах гомдолдоо: “...Би Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд F07.8 буюу тархины гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаан гэсэн оноштойгоор 70 хувийн группэд байдаг бөгөөд байнгын уналт таталтын эсрэг болон нойргүйдлийн эмүүд уудаг. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх гэм хорын төлбөрөө барагдуулсан. Миний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар хэсэгт “... иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, улсын яллагчийн ялын саналыг харгалзан ...” гэжээ. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А- үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчид учруулсан 300,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан шүүгдэгч А.А-ийн тархины өвчин гэмтэл үйл ажиллагаа хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг оноштой Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд А.А- нь хохирогчийн эд хөрөнгийг авахаар довтолсон үйлдэл нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч А.А- сэтгэцийн хувьд хэрэг хариуцах, үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай. Тэр өмнө нь шүүхээр 3 удаа ял шийтгүүлсний дотор дээрэмдэх гэмт хэрэг удаа дараа үйлдсэн байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил хорих ял шийтгэснийг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан байхад тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн учраас анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.А-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч А.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ............. дүүргийн .............д А.А-гийн гар утас, савхин хүрэм, цүнхийг авах зорилгоор хашааны булан руу чирч нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд тархи доргилт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь:

хохирогч А.А-гийн “... ажлаа тараад явж байтал араас хүн дагаад байгаа нь мэдэгдсэн. Удалгүй зүүн мөрнөөс татахаар нь эргээд харахад таньдаг хүнтэйгээ ярьж байгаа юм шиг “Чи хайччихдаг юм бэ” гэхээр нь би гайхаад “Та хэн бэ, би таныг танихгүй, миний мөрнөөс гараа авчих” гэхэд мөрнөөс гуд татаж суулгасан. “Та яаж байна аа” гэтэл гарт байсан гар утсыг минь булаах гэхээр нь өгөөгүй. Цүнх авах гээд татахаар нь өгөөгүй учраас нүүр лүү 3 удаа цохьсон. Би түлхээд зугтахад хойноос хөөж барьж аваад араас тэврэн куртик тайлах гээд оролдоод байсан... гүйж байгаад автобусны буудал дээр зогсож байсан таксинд орж суусан ...” /хх 33/,

гэрч Ц.Б-ны “... автобусны буудал дээр зогсож байтал үл таних 20 орчим насны эмэгтэй суугаад надаас тусламж хүссэн. Би юу болсныг асуугаад 102 дугаарт дуудлага өгсөн ... согтуу эрэгтэй хүн ирээд миний автомашины хаалгыг татаж үзээд ойролцоо суугаад байсан. Тэр эмэгтэй “Энэ залуу намайг зодоод, миний цүнхийг авах гээд байгаа юм. Та битгий хаалгаа онгойлгоорой” гээд айсан байдалтай байсан...” /хх 105/,

гэрч С.Н-ийн “... 23 цаг 27 минутанд ................. дүүргийн ................. дээр “Нэг залуу эмэгтэй хүүхэд хөөгөөд, зодоод байна” гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад А- гэх эмэгтэй “Намайг гудамжинд явж байтал үл таних залуу нүүр рүү цохиод кароке орно гээд чирсэн, намайг зодсон эрэгтэй автобусны буудал дээр байдаг “.......” караокед орсон” гэсний дагуу А.А- гэх хүнийг эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгсөн...” /хх 31/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх 40-41, 45-46/,

хохирогч А.А-д тархи доргилт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 10909 тоот дүгнэлт /хх 35-36/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч А.А-ийн хохирогч эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх ба энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч А.А-ийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч А.А- нь тархины гэмтлийн улмаас бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн өвчнөөр өвчилсөн боловч хэрэг үйлдэх үед болон үйлдсэний дараа өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлд хамаарах боловч шүүхээс энэ зүйлийн дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч А.А- өмнө нь өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхээр гурван удаа ял шийтгүүлсний дотор хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг байгаа бөгөөд хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг хугацаанаас өмнө тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд дахин дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэсэн нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, сэтгэцийн өвчнөөр өвдсөн үндэслэлээр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.А-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 40 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30ы өдрийн 2022/ШЦТ/840 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН