Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ж.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арслан овогт Жанчивын Отгонбаярт холбогдох 1729000710040 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Гашуун сухайт боомтоос Ухаа худаг уурхай хүртэлх хатуу хучилттай авто замын 122 дахь км-т 48-24 УНО улсын дугаартай “Нордбенз” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 80-26 ӨМҮ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж А.Эрдэнэбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: “ Би эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй. “ гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8, 14-18 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-13 дугаар хуудас/,

Хохирогч А.Эрдэнэбатын: ”...Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө босоод “Их хурд хүч” ХХК-ийн эзэмшлийн 80-26 ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож нүүрс тээврийн засмал замаар Цагаан хад чиглэлд хөдөлсөн. Тухайн үед би компанийнхаа 2 нүүрс тээврийн машинтай хамт цуваад явж байсан. Тэгээд нүүрс тээврийн Гашуун сухайт авто замын 122 км-т замын зүүн талд байрлах зогсоол дээр манай нөгөө 2 машин надаас түрүүлж очоод зогссон байхаар нь би очих гээд засмал замын 122 дахь км-т байрлах уулзвараар зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед гэнэт миний араас урсгал сөрөөд нүүрс тээврийн автомашин орж ирээд тухайн тээврийн хэрэгслийн чиргүүл нь миний машины кабиныг дайрсан. Түүний дараагаар би яг юу болсныг мэдэхгүй байгаа юм харин нэг сэрсэн машиныхаа кабины урд хэвтэж байсан. Би эмчилгээний зардал 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Батсуурийн: “...Би “Грийнлан ричис” ХХК-нд тээвэр хариуцсан менежерээр ажилладаг. Манай компанийн кемп Цагаан хад гэх газарт байдаг. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр осол болсон талаар жолооч Отгонбаяр утсаар хэлсний дагуу механик Чулууныг осол болсон газар руу явуулан үзүүлсэн бөгөөд манай компанийн жолооч Отгонбаяр нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол  гарсан байна гэсэн дүгнэлт гарсан. Ж.Отай манай компани хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, компанийн зүгээс автомашинтай холбоотой нэхэмжлэл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 33 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн: ”....Би “Их хурд хүч” ХХК-ийн тээвэр хариуцсан менежерээр ажилладаг. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр осол болсон талаар цагдаагаас мэдэгдсэний дагуу нүүрс тээврийн засмал замын Ухаа худаг талаас 122 дахь км-т очиход манай компанийн эзэмшлийн 80-26 ӨМҮ улсын дугаартай “Хово” маркийн автомашин 48-24 УНО улсын дугаартай “Нордбенз” маркийн автомашинд мөргүүлсэн байдалтай кабин нь салчихсан маш их эвдрэлтэйгээр замын хойноос урагш чиглэлтэйгээр зам хаасан байдалтай зогсож байсан. Цагдаа нар ирчихсэн үзлэг хийж дуусаад замыг чөлөөлүүлж, бид нар машинаа аваад тэндээс явсан. А.Эрдэнэбаттай хөдөлмөрийн гэрээ хийж амжаагүй байсан. Манай компанийн зүгээс автомашинтай холбоотой нэхэмжлэл, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг хх/-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Д.Санжжавын: ”...“Их хурд хүч” ХХК-ийн 3 автомашинтай Эрдэнэбат, Доржсүрэн бид гурав Таван толгой уурхайгаас нүүрс ачаад нүүрс тээврийн 57 дахь км-т хоносон. Тэгээд өглөө 6 цагт босоод Цагаан хадны чиглэлд ар араасаа цувж явсан. Тэгээд Гашуун сухайт авто замын 122 дахь км-т байрлах уулзвараар Доржсүрэн бид хоёр эргээд замын зүүн талд байрлалаа эзлээд зогссон араас Эрдэнэбат ирж байсан. Тэгээд Эрдэнэбат уулзвар дөхөж ирээд зүүн гар тал руугаа дохио өгч эргэж байгаа харагдсан. Яг тэр үед Эрдэнэбатын машины араас урсгал сөрөөд цагаан толгойтой нүүрс тээврийн автомашин нэлээд хурдтай ирж байгаа харагдсан. Тэгтэл гэнэт түс тас хийх маш хүчтэй чимээ гарах шиг болохоор нь би хартал нөгөө урсгал сөрөөд ирж байсан автомашин замын зүүн гар тал руу буугаад шороогоор чигээрээ маш хүчтэй явж байгаа харагдсан. Харин Эрдэнэбатын машины кабин нь урдаа салаад уначихсан байсан. Тухайн үед би шууд машинаасаа буугаад гүйгээд очтол Эрдэнэбат кабиныхаа урд хэсэгт биедээ гэмтэл авсан байдалтай хэвтэж байсан. Харин нөгөө мөргөсөн машины жолооч машинаасаа гүйгээд ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч З.Батжаргалын: “...Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Монпорд” ХХК-ийн кемп дээр байж байтал манай компанийн нүүрс тээврийн жолооч Манлайбаатар над руу гар утсаар залгаад “манай компанийн 80-26 ӨМҮ улсын дугаартай автомашин нь Гашуун сухайт авто замын 122 дахь км-т Оюутолгой руу салдаг уулзвар дээр нүүрс тээврийн автомашинтай мөргөлдсөн байна. 80-26 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч биедээ гэмтэл авсан байдалтай байна” гэх хэлэхээр нь Цагаан хаданд байрлах гэрээт цагдаагийн тасгийн жижүүрийн утас руу залгаж дуудлага өгч, компанийн менежер Бат-Эрдэнэ болон Эрдэнэжаргал нарын хамтаар зам тээврийн осол гарсан газарт очиход 80-26 ӨМҮ улсын дугаартай автомашины жолоочийг Ханбогд дахь Сум дундын эмнэлгийн эмч нар аваад явсан харин манай компанийн 80-26 ӨМҮ улсын дугаартай автомашины кабин салаад чирэгч толгой доогуур орсон байдалтай харагдаж байсан. Удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 38 дугаар хуудас/,

Гэрч Н.Доржсүрэнгийн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөөний 08 цагийн үед нүүрс тээврийн 122 дахь км-т замын баруун гар талын зогсоолд машинаа байрлуулаад зогсож байх үед 80-26 ӨМҮ улсын дугаартай автомашин хурдаа сааруулаад тормозлох байдалтай өнгөрсөн. Тэгээд тухайн автомашин Оюутолгойн уулзаваар зүүн гар тал руугаа эргэх үйлдэл хийхээр дохиогоо өгч чирэгч толгой хэсэг нь зүүн гар тал руугаа эргэж засмал замын голын тасархай цагаан зураас давж байх үед нь цагаан толгойтой цэнхэр чиргүүлтэй Нордбенз маркийн автомашин миний нүдэн баримжаагаар 30-40 миллийн хурдтай эсрэг талын урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцон чигээрээ явсаар байгаад нөгөө эргэх үйлдэл хийж байсан автомашиныг чирэгч толгой хэсгийг зүүн гар талаас нь буюу жолооч талаас мөргөсөн. Би машинаасаа буугаад осол гарсан газар ирэхэд 80-26 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч машинаасаа 50 орчим см-ийн зайтай кабины халз урд хэвтэж байсан. Нөгөө мөргөсөн машин замын зүүн гар тал руу буун осол гарсан газраас нэлээд зайтай зогсож тухайн жолооч машинаасаа буугаад гүйгээд ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 42 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №220 дугаартай шинжээчийн “...А.Эрдэнэбатын биед хамрын зүүн хажуу хана хянга цөмөрсөн, зүүн 4,5,6,7 дугаар хавирга суганы урд шугамаар баг зэрэг зөрүүтэй, бүсэлхийн L3 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэн зөрүүтэй хугаралтай, дух, баруун зүүн хацарт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу ЗТО-н үед үүссэн байх боломжтой. Дээрх зүүн 4,5,6,7 дугаар хавирга, L3 дугаар нугалмын хугарал гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, хамрын зүүн хажуу хана хянга хэсэгт цөмөрсөн хугарал, дух, баруун зүүн хацрын зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №221 дугаартай шинжээчийн “...Ж.Оын биед зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээр гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантад нөлөөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас /,

“Вендо” ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “Их хурд хүч” ХХК-ийн эзэмшлийн 80-26 ӨМҮ улсын дугаартай “Хово” маркийн автомашинд “...тээврийн хэрэгслийн радиатор, кабины баруун, зүүн, хойд салхины шил,  кабины урд салхины шил, татуурга, их гэрэл 2 ширхэг, хаалга ком 2 ширхэг, агаар шүүгч, хийн баллон 1 ширхэг,  толь 2  ширхэг, кабин, цээж утас, хийн труп, урд гуфер, амортизатор 4 ширхэг, чиргүүлийн нугас 4 ширхэг,  чиргүүлийн лоом, чиргүүлийн шагай 4 ширхэг ослын улмаас учирсан хохирол зах зээлийн үнэлгээгээр 5,995,000 төгрөгөөр тогтоогдсон” гэх тайлан /хх-н 61 дүгээр хуудас/,

“Вендо” ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “Грийнлэйд Ричис” ХХК-ийн эзэмшлийн 48-24 УНО улсын дугаартай “Нордбенз” маркийн автомашинд “...баруун хаалга, урд салхины шил ослын улмаас учирсан хохирол зах зээлийн үнэлгээгээр 480,000 төгрөгөөр тогтоогдсон” гэх тайлан /хх-н 66 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн:”...2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 8 цаг 30 минутын үед Ухаа худаг талаасаа 122 дахь км-т дөхөж иртэл миний урд талд явсан Хово маркийн ачаатай автомашин баруун гар тийш зогсох шиг болохоор нь би зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхээр эсрэн урсгалд ороод явж байтал нөгөө машин гэнэт зүүн гар тийш эргэсэн би хурдаа хасаад тоормос гишгэсэн боловч нөгөө машины кабиныг мөргөсөн. Тэгээд машин зогсолгүй хүчиндээ цаашаа 40 орчим метр яваад зогссон. Ингээд би машинаас буугаад осол болсон талаар компанийн хүн рүү хэлчихээд нөгөө машины жолооч руу очиход кабиныхаа урд талд газар хэвтэж байхаар нь яаж байна гэж асуухад “хөл эвгүй болчихлоо, гайгүй байна” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 76 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Оын гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

“Их хурд хүч” ХХК-ийн албан тоот /хх-н 80-81 дүгээр хуудас/,

“Грийнлэнд ричис” ХХК-ийн албан тоот /хх-н 82-83 дугаар хуудас/,

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 93-96 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн авто тээврийн төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 85-91 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Гашуун сухайт боомтоос Ухаа худаг уурхай хүртэлх хатуу хучилттай авто замын 122 дахь км-т 48-24 УНО улсын дугаартай “Нордбенз” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 80-26 ӨМҮ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж А.Эрдэнэбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.О нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч А.Эрдэнэбат нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,500,000 төгрөгийг нэхэмжилжээ. Хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Эмчилгээний зардалтай холбогдуулан шүүх хуралдаанд ирүүлсэн нотлох баримтуудаас тархи мэдрэлийн “Баяр” эмнэлэгт 25 хоног хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,750,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул шүүгдэгч Ж.Оаас 1,750,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,750,000 төгрөгийн баримтыг ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна. Ж.О нь 1,000,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн баримтыг шүүх хуралдаанд өгсөн байх тул дээрх хохирлын төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ж.Оаас 750,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Эрдэнэбатад олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч А.Эрдэнэбат нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.От ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Арслан овогт Жанчивын Отгонбаярыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Оыг 1000 /нэг мянга/-н нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан 1000 /нэг мянга/-н нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь хохирогчид 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Эрдэнэбатад олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Эрдэнэбат нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ж.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ӨЛЗИЙ-ОТГОН