Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01436

 

Б.Шгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01481 дугаар шийдвэртэй

Б.Шгийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Төд холбогдох 10 904 510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Ттэй 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зуучлалын “Ди Эйч Би” зууч компанийг төлөөлж Б.Ганбатаар дамжуулан орон сууц байрны түрээсийн гэрээ байгуулан сарын түрээс 1 200 000 төгрөгөөр тохиролцон гурван талт гэрээ байгуулсан. Анх гэрээг удаан хугацаагаар түрээслэх, түрээсийн гэрээг эхний ээлжинд 1 жилээр хийж цаашид жил жилээр сунгаж байхаар тохиролцож эхний 3 сарын түрээсийн мөнгийг бөөнөөр өгөх, дараа сараас нь түрээсийн мөнгийг сар сараар өгч байхаар тохиролцон барьцаа 600 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, эхний 3 сарын түрээсийн мөнгө болох 3 600 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нийт 4 200 000 төгрөгийг Т.Тийн дансанд шилжүүлсэн. Гэрээ байгуулахдаа үйл ажиллагаа явуулахад шаардлагатай засвар хийж өгөхийг хүсэхэд Т.Т бид хямд түрээсэлж байгаа тул засвар хийж өгөхгүй засварыг өөрсдөө хий. Энэ 12 давхар барилгыг нураачихгүй бол засвараа яаж хийхээ өөрсдөө мэдээд хий гэсэн. Тэгвэл засварын хугацаа өгнө биз дээ гэхэд гэрээ хийсэн өдрөөс түрээсийн төлбөрийг тооцно гэсэн. Ингээд бид удаан хугацаагаар түрээслэхээр тохиролцсон тул шаардлагатай засвар тохижилтыг өөрийн мөнгөөр хийж дуусгаад үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болгоод байтал түрээслүүлэгч Т.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр утсаар ярьж түрээсийн гэрээг цуцлая. Би байраа зарахаар боллоо гэсэн. Түрээслэгч Т.Т нь уг байрыг зарсан гэж хэлснээс хойш хэн нэгэн ирж үзээгүй болно. Т.Т нь нөхрийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирж Түрээсийн төлбөрөө нэмж 1 650 000 төгрөгөөр бүтэн жилээр бөөн авахаар тохиръё, би хямд түрээслүүлсэн байна гэх шаардлага тавьж үүнийг зөвшөөрөхгүй бол байрыг суллаж өг гэсэн. Түрээсийн төлбөрийг сард 1 650 000 төгрөгөөр тооцож түрээсийг бүтэн жилээр бөөнд нь өгөхийг би хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд Т.Т нь биднийг түрээсийн байрыг суллаж өг, гэрээгээ цуцална гэсэн шаардлага тавьж, анх гэрээ байгуулахад өгсөн барьцаа мөнгө болон түрээсийн гэрээний төлбөрийг завсарын мөнгөний хамт шилжүүлж хохиролгүй болгоно гэсэн боловч эхний 3 сарын түрээсийн төлбөр 3 600 000 төгрөг, барьцаа 600 000 төгрөг, нийт 4 200 000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний данс руу буцаан шилжүүлсэн байсан. Харин завсарын мөнгийг огт өгөөгүй. Энэ талаар өөрт нь хэлэхэд Би байраа зарсан. Байр авч байгаа хүнтэй энэ асуудлаа ярилцаж шийд гэсэн. Иймд Т.Т түрээсийн гэрээг зөрчиж, хугацаанаас өмнө гэрээг цуцалснаас үүдэж учирсан хохирол болох 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хийгдсэн засварын зардал болох нийт 10 904 510 төгрөгийг Т.Төөс гаргуулан өгч, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасны дагуу орон сууцыг амьдран суух зориулалтаар хөлслөн авсан, үүнтэй холбоотойгоор талуудын хооронд эрх үүрэг үүссэн байна. Гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр талууд аргаагүй. Хөлслүүлэгч Т.Т гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлагыг хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн. Орон сууц хөлслөх гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгч засан сайжруулах ажил хийсэн их засвар гэж тодорхойлоод байна. Засан сайжруулах ажил хийсэн юм байна. Гэтэл Иргэний хуулийн 288 дугаар зүйлээр хөлслүүлэгч эрхийн доголдолгүй, биет байдлын доголдолгүй, дотор нь хүн ороод амьдрахад боломжтой эд хөрөнгө хүлээлгэх үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ биелүүлсэн. Явцын дунд гэрээ хэрэгжих боломжгүй болсон, хөлслүүлэгч удаан хугацаагаар гэр бүлээрээ гадагшаа явах болсон, өөрийн хэрэгцээнд үүссэн нөхцөл байдлаас хамаараад энэ гэрээг цуцлах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд гэрээг цуцлах саналаа бичгээр тавьсан, нэхэмжлэгч шаардлагыг хүлээж аваад гарсан, гарсны дагуу орон сууц хөлсөлсөн мөнгийг буцаагаад дансанд нь хийсэн, үүрэг дуусгавар болсон. Энэ тал дээр ямар нэгэн маргаан үүсээгүй. Гэрээ цуцалж байгаа үндэслэл нь ямар нэгэн үүргийн зөрчил үүсээгүй, тодорхой нөхцөл байдал буюу удаан хугацаагаар гадагшаа явах нөхцөл байдлаа үнэнээ хэлээд гэрээг цуцалсан, 2 тал ямар нэгэн маргаангүй гэрээг цуцалсан. Баталгаажуулаад явахаа гэрээний 4.8-д тохирсон. Энэ бол засан сайжруулахтай холбоогүй. Хуулиараа түрээслүүлэгчийн үүрэг, гэрээгээр талууд үүнийг тохирсон. Тэгэхээр гэрээгээр нэхэмжлэгч яриад байгаа шигээ их засварыг хийх ёсгүй. Хийх эрх, үүрэг байхгүй. Гэрээнээс гадна Иргэний хуулийн 288 дугаар зүйлд зааснаар хөлслүүлэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийн зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтыг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй. Тэгэхээр зөвшөөрөл авна гээд тодотгож заасан, ийм засвар хийх юм бол гэрээний зөрчилд тооцно гээд тодотгосон. Энэ засвар хийх үүргийг түрээслэгчид олгосон. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т зааснаар Т.Т хийсэн засан сайжруулалт буюу их засврын ажлыг гэрээний заалтыг зөрчсөн, өөрийн зөвшөөрлийг аваагүй учир төлөхөөс татгалзах буюу нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-т зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн зардлаар засан сайжруулахад гаргасан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.Ш засан сайжруулалттай холбоотой зардлыг шаардах эрхгүй, засан сайжруулалт хийх эрхгүй. Мөн 10 904 510 төгрөгийн хохирлын асуудал ярьж байна. Барилгын засвар, дотор хийц өрөө тасалгаанд өөрчлөлт оруулсан тухай асуудал яригдсан. Тэгэхээр хохирол бодитой биш юм. Гэрээ цуцлагдсаны дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн НӨАТ-ын талонууд байдаг, засан сайжруулах үйл ажиллагаатай холбоогүй. Мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн талонууд цаг хугацааны хувьд хамааралгүй. Хуулийн шаардлага хангаагүй баримтууд байгаа, анхан шатны баримт нь ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэл, төлбөрт төлсөн баримт болон бусад нотолгоо гэж байгаа. Нэхэмжлэгч худалдан авагч гэдэг нь огт харагддаггүй. Мөн хуурамч бичиг баримт байна. Жишээлбэл БМД-ийг олон дурддаг, регистр байдаггүй, төлөөлж дор нь дардаг тэмдгийг маш олон өөр хүнийхээр өөрчлөгддөг. Тодорхой шаардлага хангасан баримтууд байгаа. Жишээлбэл хэргийн 20 дугаар талд авагдсан гал тогооны оффисын ширээ, дүүш зэргийг авсан баримт бол худалдан авагч нь нэрээ бичээд тамга тэмдэг нь худалдан авагчийн нэрээр баталгаажаад авсан 400 000 төгрөгийн баримт байгаа. Гэхдээ энэ бол барилгын засан сайжруулахтай холбоогүй. Тэгэхээр ийм баримтад тулгуурлаж хохирлоо тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Тухайн нэг өрөө байранд хийсэн обойг харахад 40 гаруй обой авдаг. Мөн энд булан 40-50 ширхэг байгаа гэх мэтээр бодитой биш учраас шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн асуудал үүсэхээр байна. Ажил гүйцэтгэх гэрээг Цогтбаатар гэх хүнтэй хийдэг, нөхөж хийгдсэн гэрээ байдаг. Гэрээг хууль ёсны болгож харагдуулахын тулд гэрээ цуцалснаас хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үеэр нотариат дээр очиж бэлэн мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийг хийсэн. Ийм байдлаар шаардлага хангахгүй баримт гаргаж өгсөн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Төөс 3 394 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 509 810 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189 423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Төөс 69 265 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Шд олгож хариуцагч Т.Т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хэрэгт авагдсан баримтаар талууд орон сууц хөлслөхөөр харилцан хүсэл зоригоо илэрхийлж, үүнийгээ баталгаажуулан бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээний зүйл нь хүн оршин суух, амьдрах зориулалттай орон сууц байсан мөн талууд гэрээндээ орон сууцыг энэхүү зориулалтаар хөлслөхөөр харилцан ойлголцож, гэрээнд тодорхой зааж баталгаажуулсан байдаг. Гэтэл шүүхээс тухайн байранд өмнө нь дэлгүүр ажиллуулж байсан учир хөлслүүлэгч хөлслөгчид барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч дээрх зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж засвар хийж өгөхийг хүссэн, хөлслүүлэгч энэ хүсэлтийг хүлээн аваагүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргийг бүх талаас нь бүрэн бодитой судалж, үнэлэн, тухайн харилцааг зохицуулсан холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Хөлслүүлэгч тал гэрээг цуцлахаар мэдэгдэл хүргүүлж үүнийг хөлслөгч хүлээн авч гэрээг цуцалсан талаар талууд маргадаггүй. Гэтэл гэрээ цуцалснаас хойш нөхөж бүрдүүлсэн, хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, засан сайжруулалттай хамааралгүй санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ш хариуцагч Т.Төд холбогдуулан 10 904 510 төгрөг гаргуулах нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулсан, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг 1-р хороо 12-р хороолол 6а байр 2 тоот орон сууцыг сарын 1 200 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Хариуцагч Т.Т нэхэмжлэгч Б.Шд 2020 оны 02 дугаар сараас 10-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлөх талаар бичгээр мэдэгдэл өгсөн, мөн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр амаар мэдэгдэж байсан гэсэн тайлбар гаргасан, мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр 3 600 000, барьцааны мөнгө 600 000 төгрөг нийт 4 200 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.5/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж заасан бөгөөд хариуцагч Т.Т хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан болох нь түүний гэр бүлээрээ удаан хугацаагаар гадаад явах болсонтой холбогдуулан гаргасан нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Б.Ш нь Ц.Цогтгэрэл, С.Ерөөлмаа нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгөнд 2 хана босгосон, хаалга хийсэн, өргөтгөлийн таазанд засвар хийсэн, дулаалгын обой хийсэн, хөөсөнцөр наасан, үйлчилгээний хэсэгт гоёлын хавтан хийсэн, арын хэсэгт будаг оруулсан, дулаалгын обой наасан, банн, угаалтуур суурилуулсан, сантехникийн шугам татсан, хаалга засуулсан гэсэн тайлбар гаргаж, уг байдлаа нотлохоор дээрх ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд үйлчилгээний хэсэгт 13 нэр төрлийн ажил 832 500 төгрөгөөр, гал тогооны хэсэгт 8 нэр төрлийн ажил 1 059 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тусгасан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ц.Цогтгэрэлтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын хөлс төлсөн баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. /хх-67-70/

 

Мөн барилгын материал худалдан авсан талаарх зарлагын баримтууд, нэхэмжлэгч, түүний нөхөр гэх Ж.Болдбаатар нарын дансны хуулгатай цаг хугацаа, үнийн дүн, гүйлгээний утгын хувьд харьцуулан дүгнэж, эко хавтангийн үнэ 84 000 төгрөг, утаа мэдрэгч 13 000 төгрөг, барилгын материал, хэрэгсэл нийт 1 473 200 төгрөгийн бодитой худалдан авалт хийгдсэн гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах боломжгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас дээрх засварын ажлын хөлс 1 891 500 төгрөг /832 500+1 059 000/, материалын үнэ 1 503 200 төгрөг, нийт 3 394 700 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.