Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0035

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.А*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* нарыг оролцуулан Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төлөөлөгч Д.Б******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр шүүх хуралдаан дээр гаргасныг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Х******* ХХК нь тус шүүхэд Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгийн Х******* ХХК-ийн ирүүлсэн саналаас Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасан шаардлагыг хангаагүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байдаг гэх хэсгийг хүчингүй болгуулах, Х******* ХХК-иас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, гэрээний лавлагааг гаргуулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээнд дахин дүгнэлт гаргахыг Сангийн яаманд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.

Нэхэмжлэгчийн энэхүү шаардлагаар сэргээлгэхийг хүссэн эрх минь сэргээгдэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зарласан ТӨБЗГ-2018/XVIII.1.40 дугаар бүхий Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор /Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум/ төсөл, арга хэмжээний гадна холболтын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил-ын тендерт Х******* ХХК ялж, одоо гэрээ байгуулах шатанд явж байна.

Өөрөөр хэлбэл, ТӨБЗГ-ын тендерийн үнэлгээний хороо нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж Х******* ХХК-ийг тендерийн ялагчаар шалгаруулсан бөгөөд уг шалгаруулалтын талаар гуравдагч этгээд Тэргүүн чансаа ХХК-иас Сангийн яам болон захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, мөн тус компани шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахдаа нэгэнт биелэгдчихсэн шүүхийн шийдвэртэй холбогдуулан хүсэлт гаргаагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна.

Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн тул цаашид маргах шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төлөөлөгч Д.Б******* нь Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгийн Х******* ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /а/, ТОӨЗ 31.1 /з/-д заасан шаардлагыг хангаагүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байдаг гэх хэсгийг хүчингүй болгуулах, Х******* ХХК-аас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, гэрээний лавлагааг гаргуулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээнд дахин дүгнэлт гаргахыг Сангийн яаманд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төлөөлөгч Д.Б******* 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр бичгээр гаргасан.

Мөн нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төлөөлөгч Д.Б*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төлөөлөгч Д.Б*******ы гаргасан Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгийн Х******* ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /а/, ТОӨЗ 31.1 /з/-д заасан шаардлагыг хангаагүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байдаг гэх хэсгийг хүчингүй болгуулах, 2. Х******* ХХК-аас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, гэрээний лавлагааг гаргуулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээнд дахин дүгнэлт гаргахыг Сангийн яаманд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН