Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ц.Т /өөрийгөө өмгөөлөн оролцсон/

Шүүгдэгч Т.Ц, өмгөөлөгч: Б.Энхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Тогтохын Цэен, Галт мэргэн овогт Цэвээндоржийн Төмөрмөнх нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1729000180031  дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Т.Ц нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2017 оны 06 сард, 2017 оны 07 дугаар сарын 23, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрүүдэд каффейн буюу эмийн түүхийн эдийг хууль бусаар худалдан борлуулсан,

Яллагдагч Ц.Т нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, “Таван толгой” ХК-ийн 4-р амны орчимд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар худалдан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ: “ Энэ МиМи гэдэг зүйлийг би юу гэдгийг мэдэхгүй 6 сард 20 ширхгийг авч зарсан. Тэгээд хортой, зарж болохгүй гэдгийг мэдээд зарахгүй бодолтой цааш нь хийсэн. 7 сард сувилалд амралтад явахдаа үүнийг зарахгүй орхиод явахаар шийдсэн. Тэгтэл Төмөрмөнх хүрч ирээд эгчээ наадахаа надаа өгчих би зараад таны араас мөнгийн хийе гэсэн.  Тэгэхээр нь өгөөд орхисон.  Байцаагдах хугацаанд хортой зүйл гэдгийг мэдсэн. Жолооч нар нойр хүргэдэггүй. Толгой өвдөхөд намдаадаг гэж ярьдаг болохоор нь хэрэгтэй юм байна гэж бодоод мэдэхгүй 20 ширхгийг зарсан. Сүүлд 7 сард Төмөрмөнхөд 20 ширхгийг зарсан. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Дахиж ийм зүйл хэзээ ч хийхгүй гэж бодож байна. Тэтгэврийн зээл аваад эмчилгээнд зарцуулсан болохоор торгуулийн ял оногдуулахад мөнгөний боломж муу байгаа учраас тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: “...Би буруу зүйл хийсэн. Цэен гуайгаас гуйж авсан нь үнэн. Надаас нэг жолооч ирээд толгой өвдөөд хэцүү байна. Нэгийг өгчих гээд гуйсан. Тэгээд нэгийг өгөөд явуулсан. 10 минутын дараа намайг барьж авсан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Жамбалын өгсөн: ”...2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед Таван толгой уурхай руу таксигаар яваад Таван толгойн уурхайн амны оочирт зогсож байсан жолооч нараас ми ми гэдэг зүйлийг асуусан чин гэр гуанзангуудын хамгийн хойд талаасаа хоёр дахь эгнээд байх Цэен гэх нэртэй гуанзанд зардаг гэж хэлсэн тэгээд тэр гуанзанд очоод үзтэл гэр нь цоожтой байсан ба гадаа хаяган дээр байсан 88214171 гэсэн дугаар байхаар нь залгаад ми ми байна уу? гэж асуусан чинь хөрсний кемпийн цэнхэр өнгийн бекап маркийн машинтай Мөнхөө гэх хүнд үлээсэн гэж хэлсэн тэгэхээр нь би кщемпийнх нь байршилыг тодруулж асуугаад /заалгаад/ уг кемп дээр очоод Мөнхөө гэх хүнийг асуусан халзан толгой малгайтай цамцтай нэг залуу байсан тэгсэн би байна яасан гэхээр ми ми байна уу? надад 2-3 ширхэг уут хэрэгтэй байна гэсэн чин надад байхгүй дууссан ганцхан уут үлдсэн байна. Тэгээд уг мими гэх зүйлийг надад 10,000 төгрөгөөр худалдаж аваад эргээд сум руу явж байхдаа замдаа цагдаад шалгагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Болортуяагийн өгсөн: ”...Коффейн нь Монгол Улсын бүртгэлд эмийн түүхий эд гэдэг нэршилээр бүргэгдсэн. Хэрэв тухайн каффейны  хэрэглэн ашиглах тохиолдолд эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлөөр хэрэглэх, ашиглах эрхгүй байдаг. Монгол улсад эм, эмийн түүхий эд бүртгэх үйл ажиллагаа Эрүүл мэнд, спотын сайдын 2015 оны 13 дугаар тушаалаар баталсан журмын дагуу явагддаг ба мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгуулага, үндэсний эмийн үйлдвэр болон тухайн гадаадын үйлдвэрийг Монголд төлөөлөх хууль ёсны эрхтэй төлөөлөгчийн газар нь Улсын бүртгэлд эм, эмийн түүхий эд бүртгүүлэх хүсэлтийг гаргадаг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмийн түүхий эдийг экспортлох болон импортлох асуудал нь Эрүүл мэндийн Сайдын 2011 оны 343 дугаар тушаалаар зохицуулагддаг ба тул тушаалын нэгдүгээр хавсралтаар лиценз хүсэгч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрөлтэй байгууллага байхыг заасан. Хувь хүн эм, эмийн түүхий эдийг гар дээрээс худалдан борлуулах болон худалдаалах зорилгоор гаднаас импортлох эрхгүй ба энэ талаар эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн холбогдох заалтад хуульчлан өгсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-25-р хуудас/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7769 дугаартай шинжээчийн

  1. Шинжилгээнд ирүүлсэн “1100.043.017.001749. гомдол мэдээлэлийн эд мөрийн баримт” гэж хаягласан нунтаг цагаан өнгөтэй зүйлд кофейн /caffeine/ илэрч байна.
  2. 3. Шинжилгээнд илэрсэн кофейн /caffeine/ нь НҮБ-ын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаггүй болно.

4.Уг бодисын найрлагад байгаа түүхий эдүүдэд Монгол улсад импортлохыг хориглосон, эмчилгээнд хэрэглэхийг хориглосон түүхий эд байгаа эсэх гэсэн асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно.”

гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/

            Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1088, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1261 дугаартай албан бичгүүд /хх-ийн 33,34, 36-49-р хуудас/

Шүүгдэгч Ц.Тийн яллагдагчаар өгсөн: “...Миний ажиллаж байгаа компани нь Таван толгойн уурхай доторхи зам засвар болон зам тавих ажиллагааг явуулдаг учир би байнга л уурхайн амны гуанзуудаар орж гарч хоол иддэг юм. Хэрэг гарах үеэр буюу 2017 оны 07 дугаар сард ажил ихтэй бас бие ядраад байсан учир хүмүүсийн ярьдаг “ми ми” гэдэг зүйлийг хэрэглэж үзье гэж одоод уурхайн амны орчимд гуанз ажиллуулдаг Цэен эгчээс “ми ми” байгаа юу гэж асуухад Цэен эгч “байгаа, нэг боодлыг нь 10,000 төгрөгөөр зарна гэхээр нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шиг санаж байна. Цэен эгчээс 1 боодол “ми ми”-г худалдан авч өөрөө хэрэглэсэн түүний дараа дахин 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэг боодол “ми ми”, 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  нэг боодол “ми ми” тус тус авч татаж дууссан тэгээд 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Цэен эгчээс “ми ми” авахаар очоод хэлтэл Цэен эгч “би Хөвсгөл явж амарлаа чи надад байгаа “ми ми”-г бүгдийг нь аваад зарахгүй юу” гэхээр нь би хэдэн боодол байгаа юм бэ? гээд тэнд байсан бүх “ми ми”-г тоолоход 18 боодол “ми ми” байсаныг нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр бодож 180,000 төгрөгөөр бүгдийг нь аваад өөрөөр хэрэглээд дууссан байсан. Цагдаа ирдэг өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр кемп дээрээ байж байтал нэг танихгүй залуу ирээд надад “Цэен эгч явууллаа таньд “мими” байгаа гэсэн мөнгийг нь өгөөд ав гэсэн гэхээр нь би “байхгүй байхаа чи юу ч гэсэн машины кабинд үзээтэх гэсэн тэр залуу машины кабинд үзээд “нэг боодол “мими” байна гээд гаргаад ирэхээр нь би ”наадах чинь л байгаа байх өөр байхгүй гээд Цэенгээс худалдаж авсан үнэ буюу 10,000 төгрөгийг тэр залуугаас авч үлдсэн нэг боодол “ми ми”-г өгсөн ийм л юм болсон юм. ”гэсэн мэдүүлэг /хх-н 54-55-р хуудас/

Шүүгдэгч Т.Цгийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын сүүлчээр Архангай явах гээд байж байтал нутгын дүү болох Төмөрмөнх манайд ирээд “ми ми” байна уу? байвал зараач гэхээр нь би өөртөө байсан 20 боодол мимигээс нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр бодож 180,000 төгрөг авахаар болоод 2 боодлыг нь зүгээр өгчихсөн юм. Төмөрмөнх цааш нь хэнд зарсан, өгсөн талаар бол мэдэхгүй байна.Төмөрмөнх надаас “би зараад өгье” гэж гуйж байгаад л 20 боодол “мими”-г авчихсан. Би яах вэ танидаг нутгийн дүү гэж бодоод 18 боодлын үнийг өгөөрэй гэсэн одоо болтол өгөөгүй байгаа...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/

Шүүгдэгч Ц.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62, 65-р хуудас/

Шүүгдэгч Ц.Тийн гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 63,64-р хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Засаг дарга С.Батбилэгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 946 дугаартай тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/

Шүүгдэгч Т.Цгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67, 68-р хуудас/

Шүүгдэгч Т.Цгийн гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 69-70-р хуудас/

Шүүгдэгч Т.Ц, Ц.Т нарын Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 73-77-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Т.Ц нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2017 оны 06 сард, 2017 оны 07 дугаар сарын 23, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрүүдэд каффейн буюу эмийн түүхийн эдийг хууль бусаар худалдан борлуулсан,

Шүүгдэгч Ц.Т нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, “Таван толгой” ХК-ийн 4-р амны орчимд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар худалдан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Жамбалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, гэрч Ц.Болортуяагийн өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-25-р хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7769 дугаартай шинжээчийн гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1088, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1261 дугаартай албан бичгүүд /хх-ийн 33,34, 36-49-р хуудас/ шүүгдэгч Т.Ц, Ц.Т нарын яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Ц, Ц.Т нарыг каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч Т.Ц, Ц.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн МиМи гэх 14.4 грамм жинтэй улаан алаг ууттай, мөнгөлөг цаасанд боосон нунтаг цагаан өнгөтэй каффейн буюу эмийн түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Ц, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Тогтохын Цэен, Галт мэргэн овогт Цэвээндоржийн Төмөрмөнх нарыг эмийн түүхий эдийг хууль бусаар худалдан борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ц, Ц.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Т.Ц, Ц.Т нар нь тэнсэгдсэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Ц, Ц.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

5.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Т.Ц, Ц.Т нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн МиМи гэх 14.4 грамм жинтэй улаан алаг ууттай, мөнгөлөг цаасанд боосон нунтаг цагаан өнгөтэй каффейн буюу эмийн түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссид даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Ц, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА