Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0441

 

    2024          05           22                                   128/ШШ2024/0441

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.У*******,                                                                                                 

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н******* нарын хооронд үүссэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч С.У*******, хариуцагч Ц.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлтийн шаардлага:

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Уын дүгнэлтэд “...Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч Ц.Н*******ийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0215249 дугаартай шийтгэлийн хуудсаар С.А*******д 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт ирүүлсэн.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.У*******ас ирүүлсэн СЗХ-27 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэсэн материалыг хуулбарлан хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч Ц.Н******* нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж, Х******* ББСБ ХХК нь Баянзүрх дүүрэг, 24 хороо, Шар хад авто плаза байршилд салбарын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй  үйлдлийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр илрүүлж, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авч, Х******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А*******гээс 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр  мэдүүлгийг авсан байна.

2.2. Зөрчлийн хэргийн материалд Х******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 24/10 дугаартай тушаалыг хавсаргажээ.

2.3. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч Ц.Н******* нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдэж, ...Х******* ББСБ ХХК нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Шархад авто плаза байршилд зөвшөөрөлгүй салбар нээн ажиллуулсан нь ажлын байр, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлийг тусгасан байна.

2.4. 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0215249 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч С.А*******г Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй Х******* ББСБ ХХК-ийн салбар нээсэн зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.5, 11.5.1-д заасны дагуу 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.5. Дүгнэлт гаргагч нь хянан шалгагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтдээ ...Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулсан эсэх, салбарын үйл ажиллагаа явуулсан бол хэзээнээс ямар хугацаанд явуулсан эсэх, энэ үйл ажиллагааны үр дүнд хөрөнгө, орлого олсон эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа гүйцэтгээгүй, ...зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй, ...хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн гэж буруутгасан атлаа ажилтанд нь шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан.

2.6. Хариуцагчийн зүгээс ...Х******* ББСБ Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолгүйгээр Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох зөвшөөрөл авалгүйгээр салбарын үйл ажиллагааг эхлүүлсэн. Х******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаалд “…зах зээлийн судалгаа хийх зорилгоор 2024.02.01-2024.03.15-ны өдрийн хүртэл хугацаанд мягмар - баасан гарагт 10.00-18.00 цагийн хуваарийн дагуу ахлах эдийн засагч О.О*******, эдийн засагч Б.Б******* нарыг ажиллуулахаар заасан…”, Х******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А******* нь төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр болон Хорооны зөвшөөрөлгүйгээр салбарын үйл ажиллагааг эхлүүлэх тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрч тухайн зөрчил үйлдэгдсэн гэж үзэж хувь хүнээр нь торгуулийн арга хэмжээ авсан. Үүнийг холбогдогчийнхоо мэдүүлгээр өөрийнхөө буруутай үйл ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1-д заасны дагуу хувь хүн буюу С.А*******г 4,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан гэж  тайлбарлаж байна.

3. Дүгнэлт гаргагч хяналтын прокурор С.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н******* нь Х******* ББСБ-ын гүйцэтгэх захирал С.А*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 м*******н нэгж буюу 4 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Дүгнэлтийн үндэслэл нь банк бус санхүүгийн байгууллагыг иргэн биш, хуулийн этгээд эрхэлдэг. Гэтэл энэ дээр эрх бүхий албан тушаалтан нь хувь хүнээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзсэн.

Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт банк бус санхүүгийн байгууллагын салбарыг нээсэн гэсэн зөрчлийг хуульчилсан. Гэтэл энэ материалд авагдсан энэ баримтуудаар банк бус санхүүгийн байгууллагын салбар нээсэн зөрчил гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь энэ материалд авагдсан холбогдогчийн өгсөн мэдүүлэг, тушаалын хуулбар зэрэг баримтуудаар салбар гэж үзэх үндэслэл байгаагүй. Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хохирол нөхөн төлбөр гаргуулах, албадлагын арга хэмжээ авах ийм зохицуулалттай. Гэтэл энэ дээр эрх бүхий албан тушаалтан зөвхөн торгох шийтгэл оногдуулсан байдаг. Салбар яагаад биш гэж үзсэн бэ гэхээр Х******* банк бус санхүүгийн байгууллага нь салбарыг нээсэн гэдэг нь өөрөө яг банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрхэлсэн байх ёстой. Гэтэл энэ дээр яг үйл ажиллагаа явуулсан гэх зүйл байгаагүй гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд практик дээр гарч ирж байгаа хуульд заасан хуулийн зүйл заалтыг яаж хэрэглэх вэ гэдэг дээр, хууль хэрэглээний хувьд хэрхэн хэрэглэх ёстой юм бэ гэдэг дээр асуудлууд үүсээд байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлд банк бус санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд салбар байгууллагатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч байж эрхэлнэ гэж заасан. Үүнийг зөрчсөн бол хувь хүнийг 4 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 40 сая төгрөгөөр торгоно гэсэн санкцтай. Энэ санкцын хүрээнд хувь хүнийг торгох боломжтой юм шиг. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд заасны дагуу хувь хүн болон хуулийн этгээдийг аль алийг нь зөрчил үйлдсэн бол торгоно гэсэн заалт байна.  Хуулийн этгээдийг төлөөлнө, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийг торгоно гэсэн заалттай. Гэхдээ энэ гаргасан зөрчлийн хүрээнд байцаагчийн зүгээс шалгаад үзэхэд Төлөөлөн удирдах зөвлөлөөс салбар байгуулах шийдвэрийг гаргах бүрэн эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй байхад судалгаа хийх зорилгоор ингээд салбарын үйл ажиллагааг журмаар түр хугацаанд байгуулчихсан байснаа хүлээн зөвшөөрч байна гэдэг зөрчил гаргагч мэдүүлгээрээ илэрхийлсэн. Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаараа Баянзүрх дүүрэгт салбартай. Гэхдээ салбарынхаа хаяг байршлыг өөрчлөхтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааг явуулчихсан гэдэг тайлбаруудыг өгсөн байгаа. Зөрчлийн тухай хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасныг хэрэгжүүлэх хүрээнд яг хуулийн этгээдийн өмнө хувь хүнийг торгох юм уу гэдэг дээр маргаантай байгаа боловч Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргах бүрэн эрхтэй этгээд нь Төлөөлөн удирдах зөвлөл нь байсан байна. Гэтэл түүнээс эрх хэмжээний эрхийг хэтрүүлэн гүйцэтгэх захирал нь салбар байгуулчихсан байна гэж үзээд хувь хүнийг буюу тухайн гүйцэтгэх захирал С.А*******ийг хувь хүнээр торгосон үйл баримтууд байгаа. Тийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийг хэрхэн хэрэглэх вэ гэдгийг тайлбарлах боломжтой учраас эрх бүхий албан тушаалтан нь практик дээр гарч байгаа энэ зөрчлүүдийн хүрээнд шийдвэрлээд, шийдвэрлэсэн хэрэг маргаан, кэйсүүдийг шүүх хэрхэн шийдвэрлэж байна вэ, цаашид ямар практик тогтох ёстой гэдэг үүднээс эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөв гэдэг байр суурьтайгаар орж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч Ц.Н*******ийн Х******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А*******д холбогдох 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0215249 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч Ц.Н******* нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0215249 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.А*******г Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж буруутган 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.У*******ас “…Х******* ББСБ ХХК-ийн  эдийн засагч О.О*******, Б.Б******* нар нь гүйцэтгэх захирал С.А*******гийн 2024 оныы 02 дугаар сарын 01-ний өдрийн  тушаалаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хад автоплаза төвийн 2 дугаар давхарт байрлах ажлын байранд зах зээлийн судалгаа хийх зорилгоор тодорхой хугацаанд ажиллахаар томилогдсон бөгөөд зээлийн хүсэлт хүлээн авч, хүсэлтийг өөр салбараар шийдвэрлүүлдэг  байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул салбар нээсэн гэж үзэхгүй, түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн зөрчлийг хувь хүн үйлдэх боломжгүй, энэ зөрчил тогтоогдсон тохиолдолд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр байхад хуулийг буруу хэрэглэсэн…” гэх үндэслэлүүдээр эс зөвшөөрч маргасан.

3. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

4. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно,  4.1.1 дэх заалтад "банк бус санхүүгийн үйл ажиллагаа" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ гэж тус тус заасан.

5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, банк бус санхүүгийн үйл ажиллагааг иргэн бус, харин Компанийн тухай хуульд заасан хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу эрхлэх бөгөөд тухайн хуулийн этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг нээж байгуулахад мөн адил хамаарахаар зохицуулсан байна.

6. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагааг гүйцэтгэж, зөрчлийг нотолсон гэх нотлох баримтыг цуглуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

7. Хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ЗХБ-22 маягтаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд ...Х******* ББСБ ХХК нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Шархад автоплаза байршилд зөвшөөрөлгүй салбар нээн ажиллуулсан нь ажлын байр, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй... гэсэн атлаа Х******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А*******д шийтгэл оногдуулснаас үзвэл дүгнэлт гаргагчийн “…банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн зөрчлийг хувь хүн үйлдэх боломжгүй, энэ зөрчил тогтоогдсон тохиолдолд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр байхад хуулийг буруу хэрэглэсэн…” гэх үндэслэлийг хүлээн авахаар байна.

8. Тодруулбал, Х******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтан С.А******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлж оролцох эрх, үүрэгтэй байхад түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцуулж, улмаар шийтгэл оногдуулсныг шүүх зөвтгөх үндэслэлгүй.

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 1.4-д "оролцогч гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-д “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл С.А******* нь зөрчлийн хэргийн холбогдогчоор бус Х******* ББСБ ХХК-ийн төлөөлөгчөөр оролцохоор байна.

10. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус этгээдийн мэдүүлгээр зөрчлийг нотлогдсон гэж дүгнэж, хуулийн этгээдээс баримт бичиг гаргуулан авах, гэрчээс мэдүүлэг авах, гэрээ, санхүүгийн баримт зэргийг цуглуулах замаар зөрчлийг нотлох ажиллагаа явуулах ажиллагаа хийгээгүй буруутай юм.

11. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд буюу тусгай субъектэд хамаарах зөрчилд тухайн компанийн ажилтныг холбогдогчоор оролцуулсан төдийгүй, мэдүүлгийг дангаар үндэслэн зөрчлийг илэрхий тогтоогдсон гэж үзэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан  дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

12. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээх зөрчлийн субъектыг хуулийн этгээд байна гэж Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд тусгайлан заасан байхад дээрх зөрчилд хүнийг холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх процессын зөрчил гаргасан гэж үзэхээр байна гэж шүүх дүгнэв.

13. Иймд тухайн зөрчлийг нотлох үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтны өмнөөс шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуулийн хугацаатай, уг хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байх тул Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Уын дүгнэлтийг хүлээн авч, маргаан бүхий 0215249 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                              ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч Ц.Н*******ийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0215249 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ