Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох 1729000140039 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Ц.Наранхүүтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу тээврийн хэрэгсэл засварлах мөнгийг өгөөгүй гэх асуудлаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:”Ц.Наранхүү хөдөөнөөс орж ирээд над дээр ирсэн. Надаас машин засварлах мөнгө өг гэсэн. Би тэгээд ажил хийж байгаад мөнгөө өгье гээд үл ойлголцоод, хоорондоо муудалцсан. Ц.Наранхүүг нэг цохисон, дээр нь нэг дэвссэн “гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Наранхүүгийн өгсөн:”...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Цогтцэций сумын төвд ирчихсэн байж байгаад найз Төмөрөөгийн гэрт нь Батболдын хамт хоёр шил 0,75 литрын “Ерөөл” архи аваад очтол Төмөрөө гэртээ байгаагүй, надад гэрийнх нь түлхүүр байсан учир гэрийг нь онгойлгож ороод нөгөө архиа Батболдтой хамт хувааж уугаад сууж байтал Төмөрөө орж ирээд сууж байгаад гараад явсан. Тэгээд би тасараад уначихсан унтаж байгаад сэртэл Батболд “мөнгө байвал өгчих” гэхээр нь би “чи надад урдах өрөө өгөөгүй биз дээ, түүнийг өг” гэж хэлтэл Батболд “би ажил хийж мөнгө олоод өгнө гэж хэлээ биз дээ” гэсэн үүнээс болоод Батболд бид хоёр маргалдаж байгаад Батболд намайг цохьж унагаад нуруу руу дэвсэж зодсон. Би газар уначихаад босож чадахгүй хэвтэж байгаад унтчихсан байсан. Нэг сэрэхэд манай Бойцонхүү ах ирчихсэн намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн юм. ...миний баруун нүд хөхөрсөн, бас аймагт рентген зураг авахуулахад 6-10 дугаар хавирга хугарсан байна гэсэн. ...Миний зүгээс эмчилгээний зардалд Батболдоос 3,000,000 төгрөг нэхэмжилж байна, үүнийг өгчихвөл гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бойцонхүү өгсөн:”...Би өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Цогтцэций суманд 21 цагийн үед ирэхэд өөрийн төрсөн дүү болох Наранхүү гэгчийг  сураглаж явж байгаад Төмөрөөгийнх гэдэг айлд байна гэхээр нь очиж үзэхэд Төмөрөө, Наранхүү хоёр байсан ба Наранхүүгийн хоёр нүд нь маш их хавдартай хөх алаг өнгөтэй болсон ба ар нуруу руу нь хатгуулж өвдөөд байна гэсэн байдалтай халамцуу хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар асуутал Наранхүү нь “намайг хулхи Болдоо гэдэг миний таньдаг залуу намайг зодож дэвсэж байгаад яваад өгсөн” гэж ярьж байсан. Тэгээд би эмнэлэг дээр аваачиж эмчид үзүүлчихээд Цагдаагийн байгууллагад хахдах болсон...”гэх мэдүүлэг хх/-ийн 18-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Төмөрбаатарын өгсөн:”...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна. Би гадуур ажилтай явж байгаад найзуудтайгаа таарч хоёр шил 0,75 литрын архи авсан байсаныг нь дөрвүүлээ хувааж уучихаад нэлээд согтуу гэртээ иртэл манайд Наранхүү, Батболд хоёр ирчихсэн бас нэг шил 0,75 литрын “ерөөл” архи уугаад сууж байсан би тэр архинаас нь бараг уугаагүй унтчихсан хүмүүс муудалцах чимээнээр сэрээд хартал Наранхүү, Батболд хоёр гэрийн хойт талд Наранхүүгийн суучихсан Батболд зогссон байдалтай хэрэлдэж байсан. Наранхүүгийн баруун талын нүд нь хавдчихсан байсан. Намайг сэрсэнээс хойш удалгүй Батболд манайхаас гараад явчихсан Наранхүүгээс юу болсон талаар асуухад “машинаас болоод муудалцсан чинь намайг Батболд нүд рүү цохиод газар унагэж зодлоо цээж, хавирга хөндүүрлээд байна” гээд бөхийж суугаад байсан. Ингээд Наранхүү бид хоёрыг манайд байж байтал Наранхүүгийн ах нь болох Бойцонхүү манайд ирээд Наранхүүг эмнэлэгт үзүүлэнэ гээд аваад явсан түүнээс хойш манайд дахин ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 -р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 247 дугаартай шинжээчийн

  1. Ц.Наранхүүгийн биед баруун 6-10-р хавирганы суганы шугамаарх зөрүүтэй далд хугарал, баруун нүдний дээд доод зохинд зөөлөн эдийн няцрал, нүүр, хэвлий хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх шинэ гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цэг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/ 

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн:”...Би хэрэг болдог өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр танил, найз  Наранхүүгийн хамт дэлгүүрээс 0,75 литрын “ерөөл” нэг шилийг худалдаж аваад хамт Төмөрөөгийнд очтол хүнгүй байсан. Наранхүү өөрөөсөө түлхүүр гаргаж гэрийг нь онгойлгоод дотогшоо ороод хоёулаа нөгөө архиа хувааж уусан. Тэгээд би нэлээд согтсон байсан учир дахин архи авахаар Наранхүүд “нөгөө 20,000  төгрөгөө өгчих” гэтэл Наранхүү “үгүй чи машин эвдсэн мөнгөө өг” гээд агсараад байхаар нь би Наранхүүд “би ажил хийж мөнгө олоод машиныг чинь засварлаад өгнө,  гэж хэлээ биз дээ” гэж хэлсэн түүнээс болоод бид хоёр маргалдаж байтал Наранхүү босож ирээд намайг боохоор нь би Наранхүүгийн нүүр рүү нь нэг удаа цохьсон. Наранхүү надад цохиулаад газарт уначихсан. Тэгээд би Наранхүүг газар унасан хойно нь цээж рүү нь нэг удаа дэвссэн тэгээд тэндээс гарч гэртээ очиж амарсан. Маргааш нь Наранхүүтэй уулзахад баруун нүд нь хөхөрчихсөн, хавирга болохгүй байна. Аймаг явж үзүүлнэ гэж байсан. Түүнээс хойш  би уулзаагүй аймгаас баруун тийш алт гардаг газар алт ухахаар очоод тэнд байж байгаад, аймаг руу орж ирээд цагдаа дуудахаар нь энд ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/  

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан Овоо багийн Засаг дарга Ц.Баярсайханы 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 1527 дугаартай тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 39-46-р хуудас/

Шүүгдэгч Б.Бын гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Ц.Наранхүүтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу тээврийн хэрэгсэл засварлах мөнгийг өгөөгүй гэх асуудлаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Наранхүүгийн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бойцонхүү өгсөн гэх мэдүүлэг хх/-ийн 18-р хуудас/, гэрч Ч.Төмөрбаатарын өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 -р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 247 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Наранхүү нь хохирол төлбөрт 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баталгаа гаргасан тул хохирогч нь түүнийг хүлээн зөвшөөрч гомдол, санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт Баясгалангийн Батболдыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Наранхүү нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Б.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА