Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2024/01207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01167/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)

“Орон сууцнаас албадан гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. (цахимаар),

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* (цахимаар),

Хариуцагч В.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч В.*******од холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Нэхэмжлэгч С.******* би хариуцагч В.*******той 2014 оноос хамтын амьдралтай байсан боловч В.******* нь архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэн, миний биед хүч хэрэглэн зодож, байрнаас маань хөөж, орцонд хонодог болсон аргагүй нөхцөл байдлын улмаас 2021 оны 04 дүгээр сараас Улаанбаатар хотод төрсөн охин дээрээ ирж, тусдаа амьдардаг болсон. Ийнхүү хамтын амьдралтай байх хугацаандаа миний бие Худалдаа хөгжлийн банкнаас ипотекийн зээл авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот 41.29 м.кв талбай бүхий байрыг өмчлөх болсон ба В.******* нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан. Ийнхүү 2021 оноос тусдаа амьдарсан боловч ипотекийн зээлээ төлдөг байранд маань В.******* амьдарч, миний бие тус байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч, эзэмшиж, ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Ийнхүү 2022 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг хуваалгах, В.*******од оногдох хэсгийг өгч, орон сууцны өмчлөх эрхийг авах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.*******од холбогдуулан гаргахад тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаар шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч В.*******оос давж заалдах гомдол гаргалгүй тус шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд С.******* миний бие Худалдааны хөгжлийн банк дахь ипотекийн зээлийн үлдэгдлийг бүрэн төлсний дагуу тус байрны 100 хувийн өмчлөгч бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний өмчлөл дээр гарсан. Ийнхүү тус байрны хууль ёсны ганц өмчлөгч нь би болсон бөгөөд В.******* нь миний өмчлөлийн байранд ямарваа нэгэн үндэслэлгүйгээр амьдарч, хууль бусаар эзэмших болсон.

Гэрчилгээ гарсны дагуу В.*******ыг байрыг чөлөөлөхийг хүссэн боловч уг шаардлагыг хүлээн авалгүй, тус байрандаа өнөөдрийг хүртэл амьдарсаар байх тул С.******* миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот 41.29 м.кв талбай бүхий байрыг хариуцагч В.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ. 

2.Хариуцагч В.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...С.*******гийн тус шүүхэд хандаж миний эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бид гэр бүлийн маргаанаа тус шүүхээр шийдвэрлүүлэхэд анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаартай шийдвэрээр С.*******гийн өмчлөлд орон сууцыг үлдээж надад ноогдох хэсэг буюу 17,820,346 төгрөгийг түүнээс гаргуулан надад олгуулах, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар С.*******гаас 2,622,200 төгрөг гаргуулж надад олгуулах, улсын тэмдэгтийн хураамж 56,905 төгрөг, нийт 20,440,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй байна. Мөн хамтын амьдралтай байх хугацаанд миний данснаас 11,200,000 төгрөг авч ашиглаад эргэн төлөөгүй тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний хооронд дээр дурдсан мөнгөний тооцоо байгаа бөгөөд С.******* нь төлөхгүй байх тул миний хувьд мөнгөө авахаас нааш орон сууцыг чөлөөлж өгөх бодолгүй байна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 135/ШЗ2024/03990 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” захирамж, итгэмжлэл (хх 2-10, 29 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн В.*******ын нэхэмжлэл, Дархан-Уул  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаартай шийдвэрийн хуулбар, 5073080746 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх 23-26, 49-51 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч В.*******од холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...В.*******той 2014 оноос хамтын амьдралтай байсан. Хамтын амьдралтай байх хугацаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот орон сууц бий болсон ба Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаартай шийдвэрээр орон сууцыг миний өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан боловч В.******* нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байх тул түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү” гэж тодорхойлсон.

3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг “...Бид гэр бүлийн маргаанаа тус шүүхээр шийдвэрлүүлэхэд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаартай шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг С.*******гийн өмчлөлд үлдээж, С.*******гаас 17,820,345 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь нэг ч төгрөг өгөөгүй. Би уг мөнгийг аваад өөр байр түрээслэх, амьдрах газраа олох хэрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь байрны ипотекийн зээлийг төлөөд өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авчхаад надад нэг төгрөг ч өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэж байна.

4.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т заасныг баримтлан Улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч С.*******гийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч С.*******гаас 17,820,345 төгрөгийг гаргуулан хариуцагч В.*******од олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар С.*******гаас 2,622,200 төгрөгийг гаргуулан В.*******од олгож, үлдэх 7,630,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, уг ажиллагааны хүрээнд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч С.*******гийн нэр дээр гарсан, тухайн орон сууцанд хариуцагч В.******* амьдарч байгаа талаар зохигчид хэн аль нь тайлбар гаргасан. Энэ үйл баримтад маргаагүй.

6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт байршилтай, 41.29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны  зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч С.******* мөн болох нь тогтоогдож байна. /хх4х/

7.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, өмчлөгч нь эзэмших эрхгүй этгээдээс өөрийн эд юмсыг буцаан шаардах эрхтэй.

8.Иймээс маргаан бүхий буюу чөлөөлүүлэхийг хүссэн орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч С.******* байх бөгөөд орон сууц хариуцагч В.*******ын эзэмшилд байгаа, хариуцагч В.*******ын эзэмшил хууль бус буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй орон сууцанд оршин сууж байх тул түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй.

9.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч В.*******ын эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт байршилтай, 41.29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны  зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН