Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/947

 



 

  2022           9              28                                  2022/ДШМ/947

Л.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Л.Б өмгөөлөгч Ц.Б ,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1085 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Л.Б өмгөөлөгч Ц.Б  болон дээд шатны прокурор Б.Батбаярын бичсэн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцэл зэргийг үндэслэн Л.Б холбогдох эрүүгийн 2206022291879 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

       ........... овогт Л.Б ...........  аймгийн ........... суманд ...........  оны ...  дүгээр сарын ... -ны өдөр төрсөн, ...  настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Улсын мал эмнэлэгийн төв лабориторид шинжлэгч, их эмч ажилтай, ам бүл ... , нөхөр, ... хүүхдийн хамт, ...........   дүүргийн ............. оршин суух хаягийн бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, /РД: .............. /,

         Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагдаа хотхоны 13-6 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулах ..................... хүнсний дэлгүүрт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн 13 нас 04 сар 01 хоногтой буюу насанд хүрээгүй Э.Э г “дэлгүүрт нохойгоо хошуувчгүй авч явлаа” гэх шалтгаанаар зүүн талын хацарт нь 1 удаа алгадаж, тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ. 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаатайгаар тэнсэж шийдвэрлэсэн. Ингэхдээ Л.Б анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангана гэж үзэж ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгаа боловч тус гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял хамаардаг. Өөрөөр хэлбэл тухайн зүйлчлэлд оногдуулах ялын төрөлд хорих ял оногдуулахаар хуульчлагдаагүй байхад хорих ял оногдуулахгүй тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгдэгчийн эрхэлсэн ажил, албан тушаалыг бичихдээ ‘’Улсын мал эмнэлгийн төв лабораторид шинжлэгч, их эмч ажилтай” гэжээ. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн биеийн байцаалтыг тодруулсан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил эрхэлдэггүй гэсэн байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна’’ гэснийг зөрчиж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Батбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “ ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл заалтад заасан ял шийтгэл оногдуулалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1085 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний төрлийг зөвтгөж өгнө үү” гэжээ. 

Прокурор Б.Цэцэгмаагаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, гэм буруутайд тооцсон байхад тухайн зүйл заалтад заасан ял шийтгэл оногдуулалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1085 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний төрлийг зөвтгөж өгнө үү. Дээд шатны прокурор Б.Батбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Л.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагдаа хотхоны 13-6 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулах ..................... хүнсний дэлгүүрт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн 13 нас 04 сар 01 хоногтой буюу насанд хүрээгүй Э.Э г “дэлгүүрт нохойгоо хошуувчгүй авч явлаа” гэх шалтгаанаар зүүн талын хацарт нь 1 удаа алгадаж, тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Бага насны хохирогч Э.Э гийн “ ... 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед гэрийнхээ доод талын дэлгүүрээс сүү авах гэж орохдоо жижиг тэжээвэр нохойтойгоо дэлгүүрт цуг орсон чинь, нэг танихгүй эгч чи наад нохойндоо хошуувч зүүлгэхгүй яасан юм бэ” гэхээр нь би “за уучлаарай эгчээ, манай нохой хазахгүй ээ” гэж хэлсэн чинь “тэр ямар хамаатай юм, наад нэг араатан, заваан амьтан чинь гэнэт дайрвал яах юм бэ” гэхээр нь би “жоохон юм чинь тэгж хүн рүү дайрахгүй ээ” гээд би сүүгээ худалдаж аваад хаалгаар гарах гэтэд манай нохойны араас тэр эгч өшиглөсөн. Тэгээд манай нохой гаслаад байхаар нь би “та чинь балай юм уу?” гэж хэлсэн. Тэгсэн тэр эгч “сонсож бай, дараа танай нохойг харах л юм бол би нохойг чинь унтуулчихаж чадна шүү” гээд байхаар нь би ”одоо юу ч ярихав дээ энэ авгайтай” гээд хэлтэл миний өмссөн байсан хувцасны малгайнаас татаад намайг заамдаж аваад зүүн талын хацар руу нэг удаа алгадаад “чи юу гээд байгаа муу бацаан бэ? дахиад тэгэх юм бол хохино шүү” гэхээр нь би уйлаад гэр рүүгээ орсон ...” /хх 9/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

яллагдагчаар Л.Б “ ... 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд 1 нас 2 сартай бага охины хамт гэрийнхээ доод талд байрлах ..................... дэлгүүр рүү орж үйлчлүүлж байхад гаднаас үл таних нэгэн охин нохой дагуулж орж ирсэн. Тэгэхээр би “миний дүү нохойгоо гаргачих манай хүүхэд нохойноос айгаад байдаг юмаа” гэсэн чинь “миний нохой яав л гэж дээ” гэхээр нь би хүүхэд рүүгээ заагаад “манай хүүхэд энэ байна нохойгоо гаргачих” гэтэл тоохгүй тус дэлгүүрээр үйлчлүүлээд гараад явахаар нь араас нь гараад баруун хацар руу нь нэг удаа алгадаад би буцаж дэлгүүр рүү ороод хүүхдээ аваад гэр рүүгээ орсон ...” /хх 10-11/ гэх мэдүүлэг, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6503 дугаартай “Э.Э.Э гийн биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 13-14/ дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл явдлаас өмнө болон дараа нь насанд хүрээгүй хохирогч Э.Э.Э  бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх боловч эдгээрийг үндэслэн шүүгдэгч Л.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан бага насны хохирогч Э.Э гийн төрсний гэрчилгээний хуулбараас үзэхэд тэрээр 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд хэрэг болох цаг хугацаанд /2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нас тоолсон тэмдэглэлээр/ 12 нас 6 сартай байжээ.

Шүүгдэгч Л.Б “бага насны хүүхэд”-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан шалгалгүйгээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруу зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ ... шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасныг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, яллах дүгнэлтийг дахин гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжтой байтал, прокурорын гаргасан хууль хэрэглээний алдааг залруулахгүйгээр  хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны журмыг тогтоон хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”-ийн 1.1-т “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүх дээрх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн алдаа гаргасан нь тогтоогдлоо. 

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй байх тул дээр дурдсан хууль хэрэглээний алдааг зөвтгөн арилгуулах хууль зүйн боломжгүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б  болон дээд шатны прокурор Б.Батбаяр нараас “ ... шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтад заасан ял шийтгэлийг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх” гэснийг журамлаж, шүүгдэгч Л.Б хорих  ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн ...” гэх агуулга бүхий гомдол, эсэргүүцэл гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг олгосон, мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх эсхүл албадлагын арга хэмжээ хэрэглэх эрхийг шүүхэд хуулиар олгосон.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, түүний эрх зүйн байдлыг нь дордуулах эрхгүй юм.

Иймд дээрх хуулинд заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л.Б “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гийн “шүүгдэгчийг ялаас чөлөөлүүлэх”-ээр гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв. 

Хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Л.Б яллагдагчаар  өгсөн мэдүүлэг /хх 24/,  2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 50-54/, шийтгэх тогтоол /хх 55-61/ зэргээс үзэхэд шүүгдэгч Л.Б нь Улсын мал эмнэлгийн Төв лабораторид “шинжлэгч, их эмч”-ээр ажилладаг гэж биеийн байцаалт хэсэгт тэмдэглэгдсэн байх бөгөөд шүүгдэгчЛ.Б нь өөрийн ажил, хөдөлмөр эрхлэдэг эсэх талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байх тул “ ... эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, хөдөлмөр эрхэлдэггүй ... ” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Дээд шатны прокурор Б.Батбаяраас “шүүх шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оногдуулсан” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг “торгох ял; нийтэд тустай ажил хийлгэх ял; зорчих эрхийг хязгаарлах ял; хорих ял; эрх хасах ял” гэж тодорхой заасан байх тул тэнсэн харгалзах ял гэх ойлголт байхгүй болохыг дурдаж, мөн шийтгэх тогтоолд ямар өөрчлөлт оруулах хэрхэн зөвтгүүлэх талаар дурдаагүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1085 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Лодойсодовын Баасанбилэгтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй” гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаарЛ.Б нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л.Б “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

2. Шүүгдэгч Л.Б өмгөөлөгч Ц.Б гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, дээд шатны прокурор Б.Батбаярын бичсэн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН