Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0431/З |
Дугаар | 128/ШШ2024/0439 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0439
2024 05 22 128/ШШ2024/0439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, шүүгч Б.А*******, шүүгч У.Б******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Д.Б,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б нарын хоорондын гурван талт гэрээний дагуу инженерийн болон дэд бүтэц барих санхүүжилтийн тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, иргэдийн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлээгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХДТ-2014/2 багцын "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан Б ХХК-ийн 3,889,154,716 төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулжээ.
2. Б ХХК нь нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХДТ-2014/2 багцын "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, батламжилснаар "Ө" төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
3. Дээрх төслөөр уг байршилд 3940 айлын орон сууц, 1520 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн ба 2940 айлын орон сууцны “Ө" төсөл 960 хүүхдийн сургууль, 340 хүүхдийн цэцэрлэг, хорооны нэг цэгийн үйлчилгээний төв, хүүхэд хөгжлийн төв, худалдаа, үйлчилгээний төв, оффис, иргэд, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, тоглоомын талбай бүхий төслийг 2019-2026 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.
4. Нэхэмжлэгч Б ХХК нь уг талбайд дэд бүтцийн ажил буюу барилгын гадна шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх ажилд нийт 3,889,154,716 /гурван тэрбум найман зуун наян есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг зарцуулсан тул дээрх зардлаа 2023 оны төсөвт тусгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 532/01 тоот албан бичгээр, дахин төлөвлөлтийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газарт 2022 оны 10 сарын 20-ны өдөр тоот албан бичгээр хүсэлтээ гаргасан боловч хариу өгөөгүй тул дахин 2023 оны 02 сарын 06-ны өдөр тоот албан бичгээр нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сд хандаж, ямар нэг хариу аваагүй тул шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
5.1. Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий архитектур нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төслийн талбайд барих инженерийн дэд төвийн барилга барих дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн ба одоогийн байдлаар эхний ээлжийн 3 блок 330 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулж, дараагийн ээлжийн 3 блок орон сууцны барилгын угсралтын ажил явагдаж байгаа гэж,
5.2. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г дэх хэсэгт заасны дагуу төслийг хэрэгжүүлэх талбай бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид болох Ч.У, Д.Ц, Н.Б, Л.Ц, Б.Б*******, Б******* ХХК-ийн ерөнхий захирал М.Ц******* болон Нийслэлийн Засаг дарга нар гурван талт гэрээг байгуулсан байх ба тус гэрээ болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ажлыг Нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон нийслэлийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэх үүрэгтэй гэж,
5.3. Гадна шугам сүлжээ болон дэд төвийн барилгын трасст өртсөн нийт 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 /нэг тэрбум нэг зуун ерэн таван сая найман зуун ерэн мянга/ төгрөг, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн угсралтын ажилд 1,541,770,348 /нэг тэрбум таван зуун дөчин нэгэн сая долоон зуун далан мянга гурван зуун дөчин найм/ төгрөг, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн тоног төхөөрөмжид 399,482,546 /гурван зуун ерэн есөн сая дөрвөн зуун наян хоёр мянга таван зуун дөчин зургаа/ төгрөг, захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж, түүнд 46,223,421 /дөчин зургаан сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун хорин нэг/ төгрөг, бусад нэмэлт ажил хийгдэж, түүнд 120,567,483 /нэг зуун хорин сая таван зуун жаран долоон мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг, нормчлолын сангийн зардалд 4,160,108 /дөрвөн сая нэг зуун жаран мянга нэг зуун найм/ төгрөг, зураг төсөл, инженер геологийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, 31,257,900 /гучин нэгэн сая хоёр зуун тавин долоон мянга есөн зуу/ төгрөг, зохиогчийн хяналтын зардалд 23,111,711 /хорин гурван сая нэг зуун арван нэгэн мянга долоон зуун арван нэг/ төгрөг, магадлалгүй ажилд 46,223,421 /дөчин зургаан сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун хорин нэг/ төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 231,117,105 /хоёр зуун гучин нэгэн сая нэг зуун арван долоон мянга нэг зуун тав/ төгрөгийг тус тус зарцуулсан боловч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаартай Нийслэлийн 2023 оны төсөв батлах тухай тогтоолоос үзэхэд Нийслэлийн Засаг дарга нь дээрх төслийг хэрэгжүүлэх зардлыг 2020, 2021, 2022 онуудад төсөвт тусгуулаагүй гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сунгасан талбайд инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжтай холбоотой жагсаалт гаргах, улсын төсөвт суулгах энэ үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор Б ХХК нь инженерийн шугам сүлжээнд гаргасан 3.8 тэрбум төгрөгийг гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, дээрх төгрөгийг гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4.6-д, мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4.1, 14.4.2, 14.4.3, 14.4.4-д зааснаар хууль зүйн үндэслэл нь эдгээр байгаа юм.
Анх 2019 онд гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагаанд дүүргийн 12 дугаар хорооны А хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байдаг. Манай төсөл хэрэгжүүлэх талбай нь 22,2 га. Барилгын ажил эхлээд явж байхад орон сууцны барилгажилтыг хийгээд явж байсан. Орон сууцны барилгажилттай холбоотойгоор инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтэцтэй холбоотой зардлаа нийслэлийн Засаг даргаас гаргуулахаар 2020 оноос эхлээд хүсэлт тавьж байсан. Барилгын ажил эхлээд холбогдох зөвшөөрлөө авч байх явцдаа. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай 3 талт гэрээ, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах журмын дагуу Нийслэлийн Засаг дарга үүргүүдээ биелүүлээч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Бичгээр болон амаар. Бичгээр хандахаар тодорхой хариу ирж байгаагүй. Биеэр очиж уулзахаар юу гэдэг вэ гэхээр “Та нар эхлээд өөрсдийнхөө санхүүжилтийг гаргачих аа, тэгээд сүүлд нь олгоё” гэдэг байдлаар хэлж байсан. Гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагаа нь иргэдийн газар өмчлөх, үл хөдлөх өмчлөх эрхтэй холбоотой үйл ажиллагаа байдаг. Тухайн өмчилж байгаа газрыг худалдаж авах ч юм уу, орон сууцаар солих. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу бид нар сольж аваад, орон сууц юм уу худалдан авах замаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Үүнтэй холбоотойгоор гурван талт гэрээний өмнө бид нар үүрэг хүлээсэн байдаг. Үүргийнхээ дагуу бид нар 6 сарын дотор гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй бол журмынхаа дагуу тэр үйл ажиллагаа маань хүчингүй болчихдог. Тийм учраас бид нар тэр 6 сарын хугацаанд өөрөөсөө холбогдох бүхий л үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гараад ирдэг. Ийм учраас инженерийн шугам сүлжээнийхээ ажлыг эхний ээлжид өөрийнхөө санхүүжилтээр гарах ёстой гээд түрүүлээд гаргаад явж байсан байгаа. Нэхэмжлээд байгаа 3.8 тэрбум төгрөгийн 2,6 тэрбум төгрөг нь юу вэ гэхээрээ яг энэ төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор инженерийн шугам сүлжээний инженерийн шугам сүлжээг тавихтай холбоотой 7 айлын асуудал яригдаж байгаа. Нийт зөндөө олон айлын газрыг аваад оронд нь орон сууц барих өөр үйл ажиллагаа бол явагдаж байгаа. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийн дагуу төсөл хэрэгжүүлэгч өөрийн хөрөнгөөр гэдэг ажлыг бид нар хийж байгаа юм. Нэхэмжлээд байгаа 3.8 тэрбум төгрөгийн 2,6 тэрбум төгрөг нь яг инженерийн шугам сүлжээ тавихтай холбоотой зардал. 1,1 тэрбум төгрөг нь 7 айлыг газар чөлөөлсөнтэй холбоотой зардал юм.
Нийслэлийн Засаг даргад бид нар 2020, 2021, 2022, 2023 онд удаа дараа албан бичгээр энэ зардлаа шийдэж өгөөч ээ гэдэг байдлаар хандсан байдаг. 2023 оны 1 сард Барилга хот байгуулалтын сайд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бүхий л нөгөө хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзсан байдаг. Гэр хороолол болон ашиглалтын шаардлага хангахгүйтэй холбоотой ер нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт ямар байгаад байгаа юм бэ гээд. Барилга хот байгуулалтын сайд маань өөрөө энэ инженерийн шугам сүлжээтэй холбоотой зардлыг бид нар олгож байгаа гэдэг байдлаар нийт компаниудын өмнө хэлсэн байдаг. Манай компани удаа дараа хүсэлт тавиад байдаг. Ерөөсөө инженерийн шугам сүлжээтэй холбоотой зардал аваагүй байдаг. Энэ талаар дахиад хандсан байдаг юм. Тэгэнгүүт зардлыг чинь өгнө өө гэдэг байдлаар удаа дараа л хандаад байдаг.
Үнэхээр гэр хорооллыг дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа компаниудад ерөөсөө Нийслэлийн Засаг дарга инженерийн шугам сүлжээтэй холбоотой зардал гаргахгүй байгаа юм уу гэхээр гаргаад байдаг. Тодорхой хэмжээний иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад өгөөд байдаг, манайд өгөхгүй байдаг ийм эрх тэгш бус харилцаа бол үүсчхээд байгаад байгаа юм.
Өмнөх анхан шатны хурал дээр нотлох баримт шинжлэн судлах хүрээнд нийслэлийн Засаг даргад 2022 оны 10 сард өгсөн хүсэлтийг шийдвэрлээд 2023 оны төсөвт суулгах гэдэг байдлаар албан бичиг дээрээ цохолт хийчихсэн байдаг. Гэтэл тэрийг хийгээгүй байгаад байгаа юм. Нийслэлийн Засаг дарга Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гэрээ журмын дагуу энэ үүргээ хүлээхээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Өнөөдрийн миний гаргасан хүсэлтэй холбоотойгоор Б******* ХХК байгаа юм. Орон сууцны 14 дүгээр хорооллын бас хэсэгчилсэн талбайнууд байгаа. Т******* хороолол гээд байгаа. Зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд цугласан 3 захирамжийн хүрээнд л гэхэд хэд хэдэн хэсэгчилсэн талбай дээр инженерийн шугам сүлжээтэй холбоотой зардлыг тусгачихсан байгаа. Тэгэхээр энэ нь бол өгдөг юм байна. Ерөөсөө нийслэлийн Засаг дарга энэ үүргээ бол мэддэг юм байна, өгдөг юм байна. Манай энэ тохиолдол буюу манай компанийн хувь дээр өгөхгүй байгаа юм. Бид нар бол удаа дараа уулзсан байдаг. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг буюу Нийслэлийн орон сууц бодлогын газартай удаа дараа уулзсан байна. Өгөх юм байна гэдэг мессеж л бид нарт өгөөд байсан. Бодит байдал дээр өгөөгүй байгаа юм.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн гол үзэл баримтлал нь аж ахуйн нийлүүлэлт бол дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбоотой зардлаа өөрөө даана. Энэ зардал нь инженерийн шугам сүлжээ болон нийгмийн дэд бүтэцтэй холбоотой зардал тусгагдахгүй. Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан журам дээр тодорхой заачихсан. Журмын 4.6-д Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4.1, 14.4.2, 14.4.3-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөх зардлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцах бөгөөд бусад тохиолдолд газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна гээд заачихсан. Манай нэхэмжлээд байгаа зардал нь дээрх хуулийн 14.4.1, 14.4.2, 14.4.3-д заасан арга хэмжээ байгаа. Бид нар холбогдох бусад зардлаа даагаад өөрөө барилгаа барьчихсан. Анхан шат дээр хэлэлцэгдээд явж байхад манайх 2 барилгатай байсан, одоо 3 барилгатай, дараагийн барилгууд нь баригдаад явж байгаа. Газар чөлөөлөлтийн зардлыг манайх өөрсдөө даачихсан. Зөвхөн энэ инженерийн шугам сүлжээтэй холбоотой буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон баримттай холбоотой л газар чөлөөлөх зардал болон инженерийн шугам сүлжээг хэлээд байгаа юм. Бид нарын хийчихсэн байгаа инженерийн барилга байгууламж нь юу вэ гэхээр бид нар төв шугамаас шугам татаад 1 дүгээр контурыг хийчхэж байгаа юм. 1 дүгээр контурыг барих зардал чинь өөрөө орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зүйл. Тийм учраас Эрчим хүчний тухай хуулиараа бариад тэрийгээ нийслэлийн өмчид буюу улсын комисст хүлээлгээд өгчихсөн. Байр руу орж байгаа шугамын зардлыг бид нар нэхээгүй. 1 дүгээр конторыг бариад үүнтэй холбоотой зардлыг нэхэмжилж байгаа юм. Үүнтэй холбоотой 7 айлын зардал яригдаж байгаа гэдгийг анхаарч үзнэ үү.
Хэрвээ бид нар энэ ажлыг хийгээгүй байх юм бол одоо дахин төлөвлөлтийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн эрх ашиг сонирхол маш их хөндөгдөж байна. 2013 оноос хойш дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн, өнөөдрийн 10 жилийн хугацаанд маш их иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зарлаад байгаа юм. Манай компани зардлаа урьдчилж гаргаад иргэдийнхээ эрх ашиг сонирхол, орон байртай байх эрхийг нь хангах үүднээс гялс зардлаа түрүүлж гаргачхаад төслөө хэрэгжүүлье гэдэг л юм яваад байгаа шүү дээ. Манайх ганцхан байшин байхгүй, зөвхөн 1 га биш. 22.2 га буюу маш удаан хугацаанд хэрэгжих төсөл байна. Манайх яг хэрэгжээд л явж л байгаад байгаа. Ямарваа нэгэн байдлаар энэ төсөлтэй холбоотойгоор иргэдийн эрх ашигт хөндөгдсөн гомдол санал ерөөсөө гарч байгаагүй. Тэгэхээр бид өөрийнхөө хүлээсэн үүргийг хангалттай биелүүлж байна. Нийслэлийн Засаг дарга энэ мэтээр үүргээ биелүүлэхгүй байх юм бол бид нар 22,2 га газрыг дангаараа бол хэрэгжүүлэх боломжгүй байна. Хэрэгт ач холбогдолгүй ч гэсэн өмнөх шатны шүүх хуралд шүүгч юу гэж хэлсэн гэхээр нийгмийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн барилгатай холбоотой зардлыг хэн нь гаргах юм бэ, яах юм бэ гэдэг асуудал хүртэл яригдаж байсан. Одоо ч гэсэн бид нар төлөвлөлтөөрөө сургууль цэцэрлэгийн барилга барих ёстой, зардлыг нь хэн шийдэх нь одоо болтол тодорхойгүй байна. Нийслэлийн Засаг дарга хот суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах холбоотой ганцхан л үүрэгтэй. Инженерийн шугам сүлжээтэй холбоотой зардлыг гаргах. Энэ үүргээ биелүүлэхгүйгээс болж нөгөө дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанууд цаашдаа явахгүй зогсох ийм нөхцөл байдал гадуур бол байгаад байна гэдэг байдлаар Нийслэлийн Засаг дарга энэ үүргээ биелүүлээч гэдэг байдлаар бид нар нэхэмжлэл гаргасан. Энэ 2,6 тэрбум төгрөг нь магадлангаар орчихсон. Төрийн захиргааны байгууллагын харьяа хуулиар хүлээсэн үүрэгтэй байгууллага гаргачихсан байгаад байгаа. 1,1 тэрбум төгрөг буюу газар чөлөөлөхтэй холбоотой зардал дээр иргэн тухайн газраа өмчилсөн газар байгаа. Иргэн өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөхтэй холбоотой үнэлгээг чөлөөтэй хийнэ. Инженерийн шугам сүлжээ барьж байгаа газрын үнэлгээ бол харьцангуй өндөр байдаг. Манай төсөл хэрэгжүүлж байгаа газар маань тодорхой хэмжээнд хотын зах бол биш. Хотын төв буюу 1 дүгээр зэрэглэлд орж байгаа газар. Шүүхэд хамгийн сүүлд гаргаж өгсөн нотлох баримтаар хөрөнгийн үнэлгээний компаниар тухайн 7 айлын газрыг үнэлүүлсэн. Одоо тухайн 7 айлын газар гэхээсээ тухайн үед орон сууцны метр квадрат ямар үнэлгээтэй байсан юм бэ, үнэхээр бид нарын өгсөн үнэлгээ өөрөө үндэслэлтэй юм уу, үндэслэлгүй юм уу гэдгийг нотлох байдлаар бол хөрөнгийн үнэлгээний тайланг өгсөн. Нийт 7 айлын газрыг 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь өөрөө хууль тогтоомжоор ямарваа нэгэн байдлаар үнэлгээ хэт их давсан ч юм уу, хэт их эрх ашгийг нь зөрчсөн, хямдхан үнэлээгүй байна гэдгийг нь нотолно гэж үзэж байна. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга өөрөө дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа ганц л үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулаад эс үйлдэхүйг нь тогтоогоод манай компанид учирчхаад байгаа 3,8 тэрбум төгрөгийг гаргахыг даалгаж өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргасан гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадна шугам сүлжээний цэвэр усны шугам сүлжээг 2004-2007 оны хооронд М******* гэдэг компани 2,4 тэрбум төгрөгөөр хийсэн юм. Энэ шугамыг Ус сувгийн удирдах газраас комисс ажиллаад шаардлага хангахгүй байна гээд хүлээж аваагүй. Бүгд Найрамдах Солонгос улсын буцалтгүй тусламжаар барьсан 2,4 тэрбум төгрөгөөр барьсан шугам сүлжээг бид хаясан. Б компани аваад хийхдээ 296,2 сая төгрөгөөр хийсэн. Нийт дүнг харахаар ариутгах татуургаа бид нар 213 сая төгрөгөөр, гадна цахилгаанаа 264,1 сая төгрөгөөр, хтп-г 117,4 сая төгрөгөөр, хуваарилах байгууламж 10 квт-аа 20,5 сая төгрөгөөр, гадна холбоогоо 33,8 сая төгрөгөөр, гадна дулаанаа 364 сая төгрөгөөр. Ингээд нийтдээ 2,7 тэрбум төгрөгөөр бүх гадна шугам сүлжээнийхээ зардлыг бид нар хийсэн болно гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2-д зааснаар “...холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх” гэж бичсэн байгаа. Нийслэлийн Засаг дарга буюу хариуцагчид дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдэд шаардагдах инженерийн шугам сүлжээний ажилд нийт зарцуулагдах мөнгийг өөрөө бие даан 100% шийдэх эрх хэмжээ байдаггүй. Нийслэлийн Засаг дарга нь Засаг захиргаа нэгжийнхээ шатлалынхаа хуулийн дагуу тухайн жилд зарцуулах мөнгөн хөрөнгийн төсвийг Нийслэлийн иргэдийн Хурал баталж өгдөг. Тэр батлагдсан нийт төсвийн хөрөнгийг зориулалтынх нь дагуу хууль журамд нийцүүлээд захиран зарцуулах үүрэгтэй. Нийслэлийн Засаг даргыг төсвийн хөрөнгийг 100% өөрөө бие даан шийдэх боломжтой мэтээр тайлбарлаад, эс үйлдэхүй гаргаж байна гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 гэх барилгын зураг төслийн магадлалын нэгтгэл байгаа. Энэ нэгтгэлээр нэхэмжлээд байгаа нийт мөнгөн дүнгийн 1,6 тэрбум төгрөгийг баталдаг. Магадлалын нэгдсэн дүгнэлтийн хавсралт 2-ын дэс дугаар 6-д биелэлт гэсэн багана дотор дэд өртөөний барилгын төсвийг 2022 оны барилгын ажлын материалын үнийг 2021 оны Улсын Их Хурлаас гаргасан 88 дугаар тогтоолын хүрээнд Барилгын хөгжлийн төвийн гаргасан 77 дугаар түр журмын хүрээнд барилгын үнийн өөрчлөлтийг баталсан материалын үнээр тооцов гэж инженерийн шугам сүлжээ хийхэд зарцуулсан барилгын материалын үнийг түр журмаар тооцож гаргасан байдаг.
Ашиглалтад орсон хоёр орон сууцны эхний блок нь 2021 оны 155/2021 дүгээр дүгнэлтээр улсын комисс хүлээгээд авчихсан байдаг. Гэтэл энэ магадлалын нэгтгэл нь 2022 оны магадлал огноогоороо. Тэгэхээр улсын комисс 2021 онд хүлээж авсан байх юм бол 2021 онд барилгатай холбогдуулаад бүх зураг төсөл, төсвийн магадлал байх ёстой. Гэтэл 2022 онд гаргаад байгаа магадал нь 2021 онд оруулсан 22 айлын орон сууцад хамаарахгүй. Түр журам гэдэг нь тухайн үед он цагийнхаа дарааллын хувьд ковид гээд өвчин байсан. Энэ өвчний улмаас барилгын салбарын бараа материал хомсдоод, үнэ хөөрөгдсөн асуудал байдаг. Үүнтэй холбогдуулаад барилгын салбарын асуудлыг Засгийн газраас зохицуулах хүрээнд Улсын Их Хурлаас 88 дугаар тогтоолын 4 дүгээр заалтад энэ барилгын ковид өвчний улмаас үнийн хөөрөгдлийн асуудлыг судалж, холбогдох ажил зохион байгуулахыг Улсын Их Хурлаас даалгасан байдаг. Энэ даалгасан ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны сайдын 75 дугаар түр журам гаргасан байна. Энэ 75 дугаар түр журмын 2.1, 2.3-д зааснаар энэ журмын хэрэглэх хүрээ хязгаарыг тогтоосон байдаг. Түр журмын 2.1-д “энэ журмаар хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх төсөл арга хэмжээ, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших үлдэгдэл ажлын материалын үнийг тооцоход баримтална” гэсэн байгаа. Журмын 2.3-д “батлагдсан төсөлд тусгагдаагүй, үндсэн хийц, бүтэц, өөрчлөлтөөс үүсэх нэмэгдэл ажлыг энэ журамд хамааруулж зохицуулахгүй” гэж заасан. Үүнийг бичихдээ ингээд андуураад биччихсэн юм болов уу л гэж би тайлбарлаад байна.
Өөрөөр хэлбэл, 2022 оны энэ төсвийн магадлалын нэгдсэн дүгнэлт нь өөрөө үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй, үнийн хөөрөгдөлтэй ийм журмыг барьж бодогдсон байна. Тийм учраас нэхэмжлээд байгаа 2,6 тэрбум төгрөгийг нотлохгүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газар чөлөөлөхөд 7 айлыг өртсөн гээд 1,1 тэрбум төгрөг нэхэмжилж байна. Газар чөлөөлөлтөд өртсөн 7 айлын баримтыг сүүлд хүсэлт гаргаад барилгын хувийн хэргээс холбогдох инженерийн цахилгаан дулааны холболтын шугам сүлжээний зургуудыг хүсэлт гаргаад татсан. 2021 онд ашиглалтад авсан барилгын хувийн хэргээс барилгын төсвийн магадлалын дүгнэлт байх ёстой. Гэтэл архиваас бол ирээгүй. Нийслэлийн Засаг дарга журмаар болон хуулиар Барилга, хот байгуулалтын сайдын баталсан 46 дугаар үйл ажиллагааны журмын 4.6-д заасны дагуу нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй холбогдолтой хэрэгжүүлэх зардал болон газар чөлөөлөлтийн зардлыг нь хариуцна гэснийг үгүйсгэхгүй. Гэхдээ хэрвээ нийслэлийн Засаг дарга ийм үүрэгтэй байсан гэдгийг нэхэмжлэгч анхнаасаа мэдсээр байж яагаад өөрсдөө сайн дураар ямар нэгэн Нийслэлийн Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ, нэхэмжлэгчийг хий гэсэн ямар нэгэн албан ёсны хүсэлт, гэрээ контракт бичиг юу ч байхгүй, зөвшөөрөл юу ч байхгүй байхад, их хэмжээний мөнгийг өөрөөсөө сайн дураараа гаргаад энэ төслийг хэрэгжүүлчихсэн. Энэ нь 46 дугаар түр журмын 4.4-д заасан буюу төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох төсөл хэрэгжүүлэх талбар дээр байгаа газар чөлөөлөх болон төслийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг төсөл хэрэгжүүлэгч нь өөрөө гаргаж хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд зарцуулсан мөнгө байна гэж ойлгогдохоор байна. Төсөл хэрэгжүүлэгч нь журмын 4.4-д Хот, суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн 23.1.3-д заасны дагуу үйл ажиллагааны зардал гэж үзээд холбогдох зардлыг нь гаргасан байна гэж үзэхээр байна. Архивын газраас ирсэн инженерийн шугам сүлжээний зураг гэж байгаа. Энэ шугам сүлжээний зургийг харахаар 7 айлын газар үнэхээр өртөж байгаа эсэхийг тогтоох ёстой байх.
Нэхэмжлэгчийн өөрийн гаргаж өгсөн инженерийн шугам сүлжээнд өртөөд байгаа гэх зураг нь нэхэмжлэгчийн өөрийн төлөвлөсөн зураг болохоос биш яг барилгын хувийн хэргээс авагдсан шугам сүлжээний холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан зураг биш. Ингээд 7 айлын газрыг яаж дайраад байгаа талаар баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн хэмжээнд 50 гаруй төсөл хэрэгжүүлэгч компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн газрыг дахин төлөвлөлтөд барилгажуулах төслийг хэрэгжүүлээд явж байгаа. Нийслэлийн Засаг дарга 44 төсөл хэрэгжүүлэгч 85 хэсэгчилсэн талбайд хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Инженерийн шугам сүлжээний холбогдох мөнгийг нь шийдүүлээд, зарцуулаад ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааны хүрээнд инженерийн шугам сүлжээг бүхэлд нь хийлгүүлэх, инженерийн шугам сүлжээний дээр байгаа айлуудыг чөлөөлөхөд урьдчилсан тооцоогоор 443,7 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө гаргуулах бололцоо байхгүй. Нийслэлийн Засаг дарга төсвийн хүрээнд үнэхээр хүнд нөхцөлд байгаа гэдгийг харгалзаж үзнэ үү гэв.
9. Иргэдийн төлөөлөгч С.Н гаргасан дүгнэлтдээ: 3,8 тэрбум төгрөгөөс 2,6 тэрбум төгрөгийг инженерийн шугам сүлжээнд зарцуулсан, 1,2 тэрбум төгрөгийг айлын газар авахад зарцуулжээ. Б ХХК-ийн нэхэмжилсэн 3,8 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг дарга яагаад төсөвт оруулахгүй байгаа юм бол. Нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр ард иргэдийг хохироохгүй гэж инженерийн шугам сүлжээг хийсэн байна. 2022 оны магадлалыг нийслэлийн Засаг дарга нотлох баримт хангалтгүй гэж байвал дахин судлаад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээсэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамжаар нийслэлийн дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овоо орчим ГХДТ-2014/2 багцын А хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийг Б ХХК-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилжээ.
3. Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг нэг талаас газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгч Б ХХК, гуравдагч талаас нийслэлийн Засаг даргыг төлөөлж Тамгын газрын дарга нар байгуулж байсан байх бөгөөд нэхэмжлэгч Б ХХК нь энэхүү гэрээ болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ажлыг нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон нийслэлийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байна хэмээн маргаж байна.
4. Нэхэмжлэгч Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Улаанбаатар хот, дүүргийн 12 дугаар хороо, 330 айлын орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг 2,693,264,716 төгрөг болохыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр тогтоосон гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөг зарцуулж, ...нийт 3,889,154,746 төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага гаргасан.
5. Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3-т “Засаг даргын эрх, үүрэг”, 5.3.11-д “төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцааг хангах, батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах зориулалт бүхий барилга байгууламж барих ажлын жагсаалт гаргаж, улс орон нутгийн төсөвт тусгуулах, санхүүжүүлэх, захиалагчийн хяналт тавих”, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.2-д “улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх”, 18 дугаар зүйлийн 18.3.1-т “газрыг орон сууцаар солих”, 18.3.3-д “газрыг худалдах, худалдан авах”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдвэрлэнэ”, 21.1.2-т “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр” гэж заасан байх тул дээрх хуулиудад заасан үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж, хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэхээр байна.
6. Орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг 2,693,264,716 төгрөг болох талаар Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөг зарцуулсан нь Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.2-д “Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг”, 5.2.5-д “төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, түр суурьшуулах, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх” гэж заасан газар чөлөөлөх, түр суурьшуулах, барилгажуулах ажлын зардалд хамаарахгүй, 5.3.11-д “төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, ...ажлын жагсаалтыг гаргаж, улс, орон нутгийн төсөвт тусгуулах, санхүүжүүлэх, захиалагчийн хяналт тавих...,” гэж зааснаар нийслэлийн Засаг даргын орон нутгийн төсөвт тусгуулах зардалд хамаарахаар байх хэдий ч шүүхээс нэхэмжлэгч компанийн “...батлагдсан зураг төслийн дагуу гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөгийг зарцуулсан...” гэх төлбөрийг шууд гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй юм.
7. Өөрөөр хэлбэл, батлагдсан зураг төслийн дагуу гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөгийг зарцуулсан талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй тул хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн дээрх үнийн дүнгээр хийсэн ажилд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, бодит зардлын тооцоог хоорондоо хийснээр хариуцагчаас төсөвт тусгуулах боломжтой гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч Б ХХК-аас дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХДТ-2014/2 багцын "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын үргэлжлэх ажлын жагсаалтыг хариуцагчид хүргүүлж, 330 айлын орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг 2,693,264,716 төгрөг болохыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл баталж, гадна инженерийн шугам сүлжээний ажлуудын төсвийг магадлалаар оруулан дэмжиж ажиллахаар болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
9. Гэвч дээрх үйл ажиллагаа зардал болон бусад холбогдох асуудлаар хариуцагч болон түүний харьяа нэгж, хэлтэс руу хандаж гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй, түүнийг шийдвэрлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийхгүй байгаа хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.
10. Иймд дээрх үндэслэлүүд болон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтээр Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлээгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож, нэхэмжлэгч компанийн дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХДТ-2014/2 багцын "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардал болон төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөгийг зарцуулсан өртгийг мэргэжлийн байгууллагаар хянан баталгаажуулан дүгнэлт гаргуулж, улс, орон нутгийн төсөвт тусгуулан Б ХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
11. Иргэдийн төлөөлөгч С.Нгийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2-т заасныг баримталж, Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлээгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХДТ-2014/2 багцын "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардлыг зохих журмын дагуу улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН