Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,  

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ойнбаяр  холбогдох 1729000360041 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Монпорт” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 86-70 УНз улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 25 дахь км-т орхиж явахдаа 3 ширхэг дугуй, 250 литр дизель түлш зэргийг авч завшин, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/

Эд зүйл баримт, бичиг , гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэг тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Энхманлайгийн өгсөн:”...Манай эзэмшлийн 86-70 УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг БНХАУ-аас 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Мижигсэнгэ овогтой Ойнбаяр гэх жолооч итгэмжлэн хүлээн аваад нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулахаар авч, Монгол улсад оруулж ирээд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3 дугуйг 250 литр түлш тоногдсон байсан тул одоо үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж байна. Би шүүх хуралд суухгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Манай компанийн зүгээс 3 ширхэг дугуй болон 150 литр дизель түлшний үнэ өртөг болох 1,154,400 төгрөг нэхэмжилж байна, үүнийг өгчихвөл гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-23-р хуудас/

 “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн №Ц17-45 дугаартай дүгнэлт/хх-ийн 26-32-р хуудас/

Шүүгдэгч М.Оын яллагдагчаар өгсөн:”...Би Өмнөговь аймгийн нутаг Тавантолгойн уурхай, Ганц модны боомт хооронд нүүрс тээврийн автомашин жолоодож байсан. Хамгийн сүүлийн удаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Ганц модны боомт дээрээс “Монпорт” ХХК-ны эзэмшлийн 76-80 УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг хөлсөөр жолоодож нүүрс тээвэрлэхээр Өвөр монгол хөтөчтэй нь ярьж тохироод жолоодож наашаа хилээр орж ирсэн юм. Тэгээд засмал замаар явсаар 33 дахь километр дээр хүрч ирээд тэнд байх худгийн хажууд зогсоод эхнэртэйгээ утсаар ярьтал “хүүхэд хатгаа өвчин туссан, халуураад байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна, чи хүрч ирээд хүүхдээ хараач, манай ажлаас чөлөө өгөхгүй байна” гэж ярьсан. Ингээд яах учраа олохгүй байж байгаад худгаас ус авч байсан танихгүй гурван ах байхаар нь очиж уулзаад “дугуй авах уу? дүүд нь мөнгөний хэрэг болчихлоо” гээд хүүхэд өвдсөн талаар ярьсан. Тэр гурван ах тус тусдаа шаланз машин жолоодож явцгаасан тэгээд надаас “хэдээр зарах юм бэ” гээд машины чиргүүлд байсан миний зарна гэж заасан запас 2 дугуйг үзээд “наад хоёр дугуйг чинь нийлүүлээд 400,000 төгрөгөөр явъя” бас чиргүүлд байсан “нэг дугуйг 100,000 төгрөгөөр бодож явъя” гэхээр нь би зөвшөөрч нөгөө гурван дугуйг тэр хүмүүст өгөөд 500,000 төгрөг авсан тэгээд машиныг засмал замын 25 дахь километр дээр байх шалган нэвтрүүлэх постын хажууд зогсоож түлхүүрийг нь урд дугуйны рам дотор нь тавьж орхисон энэ талаараа хөтөч Уулаа гэдэг Өвөр Монгол хүнд утсаар хэлчихээд тэндээс замын унаанд сууж Улаанбаатар хот руу явсан юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа Цогтцэций сумын цагдаагаас дуудсан би хүүхдээ харж байгаад Цогтцэций сумын төвд цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/

Шүүгдэгч М.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Зохион байгуулагч Г.Гантуяагийн  2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3832 дугаартай тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/

Шүүгдэгч М.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 42-44-р хуудас/

Шүүгдэгч М.Оын гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 45-46-р хуудас/

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 58-61-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч М.О нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Монпорт” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 86-70 УНз улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 25 дахь км-т орхиж явахдаа 3 ширхэг дугуй, 250 литр дизель түлш зэргийг авч завшин, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/, Эд зүйл баримт, бичиг , гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэг тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Энхманлайгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-23-р хуудас/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн №Ц17-45 дугаартай дүгнэлт/хх-ийн 26-32-р хуудас/, Шүүгдэгч М.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

Шүүгдэгч М.О нь гэм буруугаа хүлээж зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа ч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн харицлагыг ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд нотлох баримтуудаар энэ байдал нь тогтоогдсон тул түүнд энэ хуульд зааснаар 6 сарын   хорих ялаар  шийтгэж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2, 4, 36.3 , 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жалайр овогт Мижигсэнгийн Ойнбаярыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Оыг 6 / зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй. Шүүгдэгч М.Оаас 1.300.000 төгрөгийг гаргуулж, “Монпорт” ХХК-нд олгосугай. 

5. Шүүгдэгч М.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА