Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01434

 

Д.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/01061  дугаар шийдвэртэй

Д.Жын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Чад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 65 410 489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ж 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төмөр карказ нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч Ц.Чтай байгуулсан. Уг гэрээг байгуулах болсон үндэслэл бол хариуцагч нь “Эм Жи Эл Би” ХХК-ийн захирал Ц.Бат-Амгаланд ажил гүйцэтгэх санал тавьсан боловч тухайн үеийн нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч нь өөрөө уг компанийн захирлын эгчийн нөхөр, мөн тус компанид инженерээр ажилладаг байсан тул иргэнийхээ хувьд автомашины угаалгын барилга барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч Ц.Ч нь тэр үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүйгээр гэрээ байгуулах санал гаргасан тул найз нөхдийн хувиар нөхцөл байдлыг ойлгож, өөрийн эгчийн нөхрөөр ажлыг хийж гүйцэтгүүлсэн ба гэрч Ц.Бат-Амгалангаас барилгын материалыг нийлүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Ж болон “Эм Жи Эл Би” ХХК-ийн хооронд ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэгчийг төлөөлөн иргэний хуульд зааснаар шаардах эрхийг нь гэрч этгээд хэрэгжүүлж байсан. Учир нь, хариуцагчтай найз нөхдөөс гадна “Эм Жи Эл Би” ХХК-иас барилгын материал нийлүүлсэн, гэхдээ эдгээр хүмүүсийн хооронд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, мөн ажлын гүйцэтгэлтэй холбоотой өр авлага нь “Эм Жи Эл Би” ХХК-ийн тайлан тооцоонд байхгүй, гэрээний чөлөөт байдлын зарчим зөрчөөгүй. Нөгөө талаар хариуцагч нь гэрээтэй холбоотой маргаан гаргаагүй, үлдэгдэл төлбөрийн хувьд л маргаантай, талууд өмнөх төлбөрийг арилжааны журмаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Ц.Чын төлөх төлбөрийг “Амэ трейд” ХХК руу шилжүүлэх замаар төлөх гэж оролдсон боловч санал болгосон орон сууцыг захиран зарцуулсан нь тус компанийн тайлбараар нотлогддог. Иймээс нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар үлдсэн хөлсийг төлөхийг шаардах эрхтэй тул хариуцагчаас 65 410 489 төгрөгийг нэхэмжилсэн. Гэрч “Эм Жи Эл Би” ХХК-ийн захирал Ц.Бат-Амгалан нь хууль зүйн үр дагаврыг ойлгоогүйгээр мэдүүлэг өгсөн боловч гэрчээр оролцохдоо маргаан бүхий гэрээний төлбөрийг нэхэмжлэгч Д.Жыг авах ёстой гэсэн. Гэрээний ажил гүйцэтгэгч нь хэн байх нь хариуцагчийн хувьд ач холбогдолтой биш, гэрч этгээд нэхэмжлэгчийг төлөөлөн үүрэг гүйцэтгэж байсан талаар мэдүүлж байна. Иймд хариуцагчаас 65 410 489 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ч шүүхэд болон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм Жи Эл Би” ХХК-тай гэрээ байгуулсан, харин нэхэмжлэгч Д.Ж нь манай найзын хүргэн, тодорхой албан тушаалтай тул гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт орон сууц санал болгож, тэр байрыг аваад тодорхой хугацаа өнгөрсний дараа “Амэ трейд” ХХК-ийн барьсан байрнаас авах санал гаргаж, улмаар 2018 оны 01 дүгээр сард захиалан бариулах гэрээ хийгээд байраа авч, үйл ажиллагаа явуулж байсан. Уг “Амэ трэйд” ХХК-иас миний төлбөрийг барагдуулахаар гэрч Ц.Бат-Амгаланд машин, бетон зуурмагаар төлөхөөр тохиролцсон. Төлбөрийг төлөхөөр хэд хэдэн удаагийн санал тавьсан. Ингээд уг саналын дагуу ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг “Амэ трэйд” ХХК-ийн захирал болон “Эм Жи Эл Би” ХХК-ийн захирал Ц.Бат-Амгалан нарын хооронд явагдсан. Тус 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн төмөр карказ нийлүүлэх гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт нэг талаас Ц.Ч, нөгөө талаас “Эм Жи Эл Би” ХХК гэх хуулийн этгээд гэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Тухайн үед нэхэмжлэгч Д.Ж нь “Эм Жи Эл Би” ХХК-нд ажилладаг байсан бөгөөд тус компанийн захирлын хүсэлтээр гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч ажил гүйцэтгэсний дараа төлбөрийн асуудал үүсэхэд хариуцагчийн зүгээс 42 000 000 төгрөгт бетон зуурмаг, үлдэгдэл төлбөрт орон сууц, автомашин санал болгож, нийт 86 000 000 төгрөгийг төлсөн төлсөн. “Амэ трэйд” ХХК нь хариуцагчийн өмнөөс төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч орон сууцыг шилжүүлэх боломжгүй болсон тул хоорондоо төлбөрийн өөр нөхцлийн талаар ярилцаж, 26 000 000 төгрөгийн үнэтэй болон 18 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг тус тус шилжүүлсэн ба үүнийг “Эм Жи Эл Би” ХХК-ийн захирал Ц.Бат-Амгалан хүлээж авсан. Түүнчлэн цаашид төлбөрийн асуудлын талаар харилцан тохиролцсон гэдгийг гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан. Үүнээс харахад хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагч Ц.Ч ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргээ “Амэ трэйд” ХХК-иас авах авлага байсан тул уг компани руу шилжүүлсэн болохыг гэрч Ц.Бат-Амгалан хүлээн зөвшөөрч төлбөрийг хүлээн авсан. Үүнийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүрэг солигдсон гэж үзнэ. Нэхэмжлэгч Д.Ж нь нэхэмжлэх эрхтэй гэж байгаа ч үлдэгдэл төлбөрийг авах хэлцлийг “Эм Жи Эл Би” ХХК-ийн захирал Ц.Бат-Амгалан авч байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д заасан нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх асуудал үүсч байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Жын гаргасан хариуцагч Ц.Чад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 65 410 489 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ж.Жигжиддулам нь Ц.Чтай харилцан тохиролцож 151 410 489 төгрөгийн үнэ бүхий автомашин угаалгын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт үнэ болон үлдсэн 65 410 489 төгрөгийг төлөхөө хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд зөвшөөрсөн. Уг баримтын ажлын бараа материалыг “Эм Жи Эл Би” ХХК-иас Ж.Жигжиддуламд нийлүүлсэн бөгөөд гүйцэтгэгч Ж.Жигжиддулам болон “Эм Жи Эл Би” ХХК, түүний хувьцаа эзэмшигч Ц.Бат-Амгалан нарын хооронд уг ажлын гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, уг ажлыг хамтран гүйцэтгэсэн. Ц.Ч нь гэрээ байгуулахад уг нөхцөл байдлыг бүрэн мэдэж гэрээ байгуулсан бөгөөд “Эм Жи Эл Би” ХХК-иас Ж.Жигжиддулам нийлүүлсэн бараа материалаар гэрээ уг ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг Ц.Ч Ж.Жигжиддуламаас хүлээн авсан, энэ тухай ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. “Эм Жи Эл Би” ХХК-ийн “...тус гэрээг байгуулах үед захиалагч нь “танайхаар ажлаа хийлгэе” гэсэн санал тавьсан боловч тэрээр “би НӨАТ-тай гэрээ хиймээргүй байна” гэж хүссэний дагуу манай компани захиалагчид ашигтай байлгах, ажил гүйцэтгэлийн үнийг бууруулах зорилготой компанийн инженер Ж.Жигиддуламд санал тавьсан. Ц.Ч уг саналыг зөвшөөрөн НӨАТ-гүй үнээр Ж.Жигжиддуламтай ажил гүйцэтгэх хүчин төгөлдөр гэрээ байгуулан, гэрээ хэрэгжсэн. Гэрээний хэрэгжилтийн явцад Ц.Ч нь гүйцэтгэгч, түүний ажлын талаар ажлын явцад болон ажил дуусгавар болсны дараа ямар ч гомдол, санал гаргаж байгаагүй, ажлын үр дүнг хүлээн авсан болно. Уг барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг манай компани нийлүүлсэн бөгөөд угсралтын ажлыг Ж.Жигжиддулам хийсэн. Гүйцэтгэгч Ж.Жигжиддулам болон манай компанийн хоорондын тохиролцоо нь дээрх гэрээнд хамааралгүй, энэ талаар хоорондоо маргаагүй бөгөөд дээрх гэрээний талаар манай компани Ж.Жигжиддуламтай ашиг сонирхлын зөрчилгүй тул Ж.Жигжиддулам нь гэрээний үлдсэн төлбөрийг шаардах эрхтэй гэснээр, гэрч Ц.Бат-Амгалангийн “...Ж.Жигжиддулам миний хүргэн ах, надтай хамтарч ажилладаг, ах угсралт хийхээр болж би бараа материал нийлүүлсэн, “Эм Жи Эл Би” ХХК уг гэрээтэй холбоотой тайлан тооцоо байхгүй, Ж.Жигжиддулам үлдсэн төлбөрийг авах эрхтэй” зэрэг тайлбар мэдүүлгээр Ж.Жигжиддулам, Ц.Ч нарын хооронд хөнгөлттэй нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан, “Эм Жи Эл Би” ХХК бараа материалынхаа үнийг авчихсан, үлдсэн төлбөрийг Ж.Жигжиддулам шаардах эрхтэй нь нотлогддог бөгөөд хариуцагч үлдсэн төлбөрийг төлөхөөр зөвшөөрсөн, үүрэг гүйцэтгүүлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон энэ тухай маргаагүй гэдгээ илэрхийлсэн энэ нөхцөл нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх нь бодит нөхцөлийг зөв дүгнэх юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Эм Жи Эл Би” ХХК ийнхүү тайлбар өгөөгүй тохиолдолд түүний хөндөгдөж болзошгүй эрх ашгийг ярьж болох бөгөөд харин энэ маргаангүй нөхцөлд үүрэг гүйцэтгэгчид үндэслэлгүй хугацаа хожих, илт хариуцлагагүй үр дагаврыг үүсгэж болохгүй. Гэрчийн “үлдсэн төлбөрийг Ж.Жигжиддулам шаардах эрхтэй” гэсэн мэдүүлгээс үзэхэд талууд хувь хэмжээг тохиролцсон тул Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дахь хэсэгт заасан нөхцөл үйлчлэхгүй, Ж.Жигжиддулам үлдсэн төлбөрийг шаардах эрхтэй, энэ тухай талууд маргаагүй, хариуцагчийн эрх ашиг ямар ч сөрөг нөлөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Ж хариуцагч Ц.Чад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 65 410 489 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ц.Ч нь “Эм Жи Эл Би” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Төмөр каркас нийлүүлэх гэрээ” байгуулсан байна.  Гэрээний 1.2-т “Энэхүү гэрээ нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Чын Авто машин угаалгын барилгыг 145 641 841 төгрөгөөр хөлсийг эцэслэн тохирох үндэслэл болно” гэж, 4.1-д “Захиалагч нь каркас нийлүүлэх урьдчилгаа төлбөр болох 65 000 000 төгрөгийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж, тэр өдрөөс эхлэн карказ хийх ажлын өдөр тоологдож эхэлнэ. Карказыг үйлдвэрт үйлдвэрлэн захиалагч талд нийлүүлэхдээ үлдэгдэл төлбөр болох 80 641 841 төгрөгийг төлснөөр, захиалагч талд нийлүүлнэ” гэж тус тус заажээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт “Эм Жи Эл Би” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа авагдсан, уг лавлагаагаар тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ц.Бат-Амгалан, Ц.Батмөнх нар байх бөгөөд уг компанийг дээрх нэр бүхий хүмүүс үүсгэн байгуулжээ.

Анхан шатны шүүх тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Бат-Амгалан гэж үзсэн нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч Д.Ж нь “Эм Жи Эл Би” ХХК-ийн нэрийн өмнөөс иргэн Ц.Чтай гэрээ байгуулсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Эм Жи Эл Би” ХХК-ийн төлөөлөх эрхийг нэхэмжлэгч Д.Жд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрх олгогдсон байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Д.Ж хариуцагч Ц.Ч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүх талуудын хооронд хийсэн гэрээгээр “Эм Жи Эл Би” ХХК-ийг төлөөлж Ц.Чтай “Карказ нийлүүлсэн гэрээ” байгуулсан байгаа боловч тус компанийг төлөөлж ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй, уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчийн мэдүүлгээр Д.Ж үлдсэн төлбөрийг шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч гэрч Ц.Бат-Амгалан компанийг төлөөлөх эрхийг нэхэмжлэгчид олгосон талаар тодорхой мэдүүлээгүй байх тул гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.