| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2017/0062/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: А.Амгалан,
Шүүгдэгч: Ц.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нд холбогдох 201716010120 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь Давж заалдах шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ний кемпийн амрах байранд иргэн Б.Лхагвасүрэнтэй маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, бетонон шалан дээр түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэхдээ: ”...2017 оны 10 дугаар сарын 22-ы орой Оюутолгойн ХХК-ийн туслан гүйцэтгэгч Моннис компанид цахилгаанчинаар ажиллаж байсан. Энэ орой Лхагвасүрэн, Доржлхагва, Бямбабаяр, Өнөбат бид нар бялларьд тоглож, пиво уусан. Тэгээд бялларьд хаагаад орой 10 цаг 15 минутын автобусаар кемп рүү явсан. Кемп дээр очоод Доржсүрэн бид хоёр өдөр ажил дээр маргасан зүйлээс болж маргалдсан. Тэгтэл гаднаас Лхагвасүрэн орж ирээд боль хөгшөөн гээд цээжээр тэвэрч аваад хорьсон. Тэгэхээр нь би цаашаа байж бай гээд түлхсэн хойшоогоо унасан. Тэгээд орой нь кемп рүүгээ орж амараад өглөө нь би Улаанбаатар хотруу онгоцоор явсан. Учир нь ростер солигдож байсан. Тэгээд Улаанбаатарт очоод Чойр явсан. Чойрт найзындаа очсон. Ийм хэрэг болсоныг мэдээгүй. Тэгтэл манай захирал болох Алтанцэцэг гэж хүн над руу утсаар ярьсан. Би тэгээд хотод ирээд Лхагвасүрэнтэй уулзаад эмнэлэгээр явсан.“ гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-р хуудас/,
Эд баримтаар “...хохирогч Б.Лхагвасүрэнгийн гэх 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2 ширхэг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1 ширхэг, нийт 3 ширхэг компьютерт томографийн шинжилгээний /КТГ-ийн/ зургийг” тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 17-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэнгий өгсөн:”...өөрийнхөө байрладаг өрөөнд ороод байж байтал манай өрөөнд Нэргүй ганцаараа ороод ирсэн. Орж ирээд манай өрөөний Батсүрэн гэдэг залуутай өдөр ажил дээр болсон зүйлээс болоод маргалдаад байсан. Тэгж айснаа гараад явсан. Тэгээд удалгүй буцаж орж ирээд Батсүрэнтэй зодолдох гээд дайрсан. Тэгэхээр нь би Нэргүйгийн урдуур ороод түүний хориод тэврээд авсан, тэгэхэд Нэргүй намайг заамдаж өмсөж байсан захтай футволканы ахаар боосон. Тэгтэл боолт ороод би ухаан алдчихсан. Тэгээд л сэргэсэн хир зэрэг удаан хэвтсэнийг мэдэхгүй байна. Сэргэхэд хажууд Батсүрэн, Доржлхагва хоёр зүгээр үү?, гайгүй юу? Гээд байж байсан. Нэргүй байхгүй байсан. Тэр үед толгойн ар хэсэгт бага зэрэг хавьдсан, жаахан цус гараад хатсан байсан. Мөн толгой өвдөж, хүзүү хөшөөд бйсан учир би орондоо орсон. Намайг нилээн хүчтэй саваад унасан гэж Батсүрэн хэлж байсан. Ингээд маргааш өглөө нь ажилд гарах гэтэл толгой өвдөөд байхаар нь би эхлээд өөрийгөө шартсан ювм бол уу гэж бодож байсан. Тэгээд инженертээ толгой өвдөөд байна, ажилд гарч чадахгүй байна гэсэн чинь за гээд ажлаас чөлөөлсөн. Тэгээд байрандаа байж байхдаа 7-8 удаа бөөлжсөн. Тэгж байж байгаад 20.40 цагийн орчим байх Оюутолгойн эмчид очиж үзүүлсэн. Тэгэхэд намайг УБ орж рентген зураг авахуул гэсэн учир маргааш өглөөний онгоцоор УБ орж гэмтэл дээр очоод СТ скан гэх зураг авхуулж эмчид үзүүлэхэд 7 хоног хэвтүүлж эмчилсэн. ...Одоо биеийн байдал хэвийн байдалд орсон, надад ямар нэг гомдол санал хүсэлт байгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бямбабаярын өгсөн: ”Би 2017 оны 05 дугаар сарын 22-ны орой ажлаа тараад Энхбаатар, Лхагвасүрэн, Нэргүй, Өнөбат, Доржлхагва нарын хамт Оюут кемп рүү очиж тэнд байх биллярьдны газарт биллярьд тоглож пиво ууцгааж байгаад орой 22 цагийн үед тэндээсээ автобусаар кемп дээрээ ирж амарсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Өнөрбат өгсөн:”Би Оюутолгой ХХК-ний туслан гүйцэтгэгч Топ капитал ХХК-д ажилладаг юм. 2017 оны 05 дугаар сарын 22-ны орой ажлаа тараад Оюут кемп рүү очиж тэнд байх биллярьдны газарт Бямбабаяр, Лхагвасүрэн, Нэргүй, Энхбаатар нарын хамт биллярьд тоглонгоо хүн тус бүр 3-н лааз 0.5 литрийн савалгаатай пиво ууцгаасан. Тэгээд орой 22 цагийн үед тэндээсээ кемп рүүгээ автобусаар явж ирээд амрах өрөөндөө амрах гэж байтал Нэргүй, Лхагвасүрэн хоёр муудалцаад байна гэж Мөнгөншагай ах хэлсэн. Тэгээд тийшээ юу болж байгаа юм бол гэж бодоод очтол өрөөнөөс Нэргүй, Бямбабаяр хоёр гараад ирж байсан. Би тэр хоёртой уулзаж тамхи татчихаад өрөөндөө орж амарсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Энхбаатарын өгсөн: ” Би 2017 оны 05 дугаар сарын 22-ны орой ажлаа тараад Бямбабаяр, Лхагвасүрэн, Нэргүй, Өнөбат, Доржлхагва нарын хамт Оюут кемп рүү очиж тэнд байх биллярьдны газарт биллярьд тоглонгоо хүн тус бүр 3-н лааз 0.5 литрийн савалгаатай пиво ууцгаасан. Тэгээд орой 22 цагийн үед тэндээсээ автобусаар кемп рүүгээ явж ирээд амарсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Доржлхавгын өгсөн: ”Өнгөрсөн 05 дугаар сарын 22-ны орой, Лхагвасүрэн, Нэргүй, Бямбабаяр Өнөбат бид хэд сайт доторх биллиардтай Оюут бааранд орж хүн тус бүр 4-н ширхэг пиво ууж биллярьд тоглож байгаад орой автобусанд суугаад байрладаг кемпдээ очсон. Би өрөөндөө очиход СҮрэн орондоо орчихсон ганцаараа байсан. Лхагваа бид хоёрын араас Нэргүй өрөөнд орж ирээд миний орон дээр суугаад Сүрэнгээс хэрүүл өдөөд байсан. Би 00-руу орж толгойгоо угаачихаад буцаад ороод иртэл Нэргүй Сүрэн лүү дөхөөд суучихсан хэрэлдээд байж байсан. Лхагваа Нэргүй рүү очоод “одоо хөгшөөн амар” гэж хэлээд Нэргүйг тэвэрч аваад хоорондоо ноцолдоод байсан. Тэгтэл Нэргүй Лхагвааг түлхээд шалан дээр унагасан. Лхагваа хойшоо эгцээрээ саваад унасан. Толгойныхоо ар дагзаар шал руу нилээд хүчтэй мөргж унасан. Би наанаас нь очоод Нэргүйг татаж холдуулаад үүд рүү дөхүүлтэ гаднаас Бямбабаяр нэгэнтэй нь орж ирээд түүнийг дагуулаад аваад явсан. Сүрэн бид хоёр Лахгааг өндийлгөтөл ёолоод толгойгоо бариад байсан. Тархи толгой нь хөдөлчихсөн байх гэж Сүрэн бид хоёр ярилцсан. Лхагваа ороо засаад унтлаа гээд орондоо орсон. Сүрэн Цогтбаяр инженерийг дуудаж болсон явдлыг хэлсэн. Тэгээд Лхагваа, Сүрэн бид гурав тэр шөнөдөө өрөөндөө амарч хоноод маргааш өглөө нь 05 цагийн үед босоод ажилдаа явах гэхэд Лхагваа “толгой өвдөөд байна, өдөр арас чинь очьё” гээд өрөөндөө үлдсэн. Тэгээд Лхагваа ажилдаа дахин очоогүй, Сосын эмнэлгээр дамжаад хот руу эмнэлэг рүү хүргэгдлээ гэж дуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Батсүрэнгийн өгсөн: “...Өнгөрсөн 05 дугаар сарын хорин хэдний үед /одоо өдрийг нь яг санахгүй байна/ нэг өдөр би ажлаа тарчихаад Эрчим кемпийн 6-28 тоот өрөөндөө амарч байсан. Надтай хамт Лхагвасүрэн, Доржлхагва гэдэг хоёр залуу тэр өрөөнд хамт байрладаг байсан. Намайг тэр орой өрөөндөө ганцаараа амарч байхад оройн 22 цагийн үед Доржлхагва, Лхагвасүрэн Нэргүй гурав өрөөнд орж ирсэн. Тэд баарнаас ирлээ гээд жаахан пиво ууцгаасан халамцуу байдалтай байсан. Доржлхагва толгойгоо угаана ээд 00 руу явсан хойгуур Нэргүй надтай зүгээр юм ярилцаж байснаа хэрүүл өдөөд эхлэсэн. Би түүнд “ чи юм ярих гээд байвал эрүүлдээ яриарай” гэчихээд утсаа оролдоод хэвтэж байсан. Нэргүй над руу агсрах байдалтай сууж байснаа босоод иртэл Лхагвасүрэн түүний өөдөөс тэвэрч аваад боль гээд тэр хоёр зууралдаж байсан. Нэргүй тэр үед над руу дайрч давшлаад Лхагвасүрэн бетонон шал дээр дээшээ хараад уначихсан, ямар нэг хөдөлгөөнгүй хэвтэж харагдсан. Нэргүй тэр үед гадагшаа гараад явсан. Тэр үед Доржлхагва гаднаас ороод ирчихсэн байсан ба бид хоёр Лхагвасүрэнгийн дэргэд очоод түүнийг өндийлгөтөл толгой өвдөж байна гээд тэр газраа хэсэг хугацаанд сууж байгаад босоод орон дээрээ гараад хэвтсэн. Бид тархи чинь хөдлөсөн байх гэж хэлсэн. Унахдаа нилээд чанга чимээ гарагж унасан юм. Тоглгоороо бетонон шал мөргөснөөс тийм чимээ гарсан юм болов уу гэж бид бодсон. Лхагвасүрэнгийн толгойны дээд ар хэсэгт хуйх нь жаахан язраад бага хэмжээний цус шүүрсэн байсныг би цаасаар арчиж өгсөн. Лхагваа өөрөө толгой өвдөөд байна унтлаа, унтлаа гээд унтсан. Маргааш өглөө нь босоод ажилдааявах уу гэхэд “толгой өвдөөд байна, би өдөр ажил руу очьё, тэр болтол аргалж байгаарай” гэж Лхагвасүрэн хэлсэн. Тэгээд дахин ажил дээрээ очоогүй, орой нь ажлаас ирэхэд түүнийг эмнэлэг рүү аваад явсан байсан. Удалгүй түүнийг хот руу эмнэлэгт хүргэгдэхээр явлаа гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №179 дугаартай шинжээчийн “...Б.Лхагвасүрэнгийн гавлын том нүхний ар хананаас дээш дагз ясны баруун хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, дагзны хэсгийн зөөлөн эдэд цус хуарлт, хүзүү, нуруу, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавлын том нүхний ар хананаас дээш дагз ямны баруун хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, дагзны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, хүзүү, нуруу, зүүн бугалганд үүссэн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,
Ц.Нн яллагдагчаар өгсөн:”...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” ХХК-ны туслан гүйцэтгэгч “Олл инженеринг сервис” ХХК-нд цахилгаанчнаар ажиллаж байсан юм. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа тараад “Оюут” биллярьдны газарт хамт ажилладаг Лхагвасүрэн, Доржлхагва, Өнөбат, Бямбабаяр, Энхбаатар нарын хамт биллярьд тоглоод хүн тус бүрийн 3-4 лааз 0.5 литрийн савалгаатай пиво ууцгааж байгаад тэндээс 22 цаг гэж байх үед гарч автобусанд суугаад кемп дээрээ ирсэн. Тэгээд би Сүрэнгийн амардаг 28 тоот өрөөнд нь ороод өдөр ажил дээр манай ажлын залуучуудыг загнасан гэж сураг сонссоноо Сүрэнд хэлсэн. Сүрэн ч тийм юм болсон гэсэн. Тэгээд түүнээс болоод бид хоёр маргалдаад өрөөний голд зогсож байтал Лхагвасүрэн өрөөнд орж ирээд Нэргүй боль гээд мний цээжээр тэврээд авсан. Би Лхагвасүрэнг чамд хамаагүй гээд зүүн гараараа хойш нь түлхэж салгаад баруун гараараа заамдаж аваад хойш нь түлхчихсэн. Лхагвасүрэн цаашаа газар унах шиг болсон. Би ч өрөөнөөсөө гараад яваад Цогтбаяр ниженертэй таарч болсон үйл явдлын талаар хэлчихээд өрөөндөө орж амарсан. Түүний маргааш нь өглөө усанд орчихоод байж байтал Лхагваа ажилдаа яваагүй, бие өвдсөн гээд байж байна гэж сонсоод Лхагвасүрэнгийн өрөөнд нь явж ороход Лхагвасүрэн орноосоо босоогүй хэвтэж байсан. Би яасан бэ? гэж асуухад толгой өвдөж байна, хөдөлсөн байх, маргааш зүгээр болно биз дээ гэсэн. Тэгээд би тэндээс гарч хоол идчихээд буцаж Лхагвасүрэнтэй өрөөнд нь орж уулзаад яах вэ, эмнэлэгт үзүүлэх үү гэж асуухад зүгээр маргааш зүгээр болчих байх гэсэн. Тэгээд миний амралт болж байсан учир онгоцоор Улаанбаатар хот руу явсан. Хотод ирээд байж байтал манай компаний захирал утсаар яриад Лхагвасүрэнгийн бие нь муудаад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байгаа гэж хэлсэн. Би очиж уулзахад эмчилгээний зардал хэрэгтэй байна гэсэн ба тархины зургийг нь надад үзүүлээд дагзны ям цуурсан байна гэж хэлсэн. Би эмчилгээний зардалд 500 000 төгрөг өгсөн. Дараа нь 3 700 000 төгрөг нийт 4 200 000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50, 53, 55-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/, арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 58-66-р хуудас/, гарын хурууны дардас, гэрэл зураг /хх-ийн 67-68-р хуудас/,
Хохирогч Б.Лхагвасүрэнгийн өвчний түүх, /хх-ийн 69-78-р хуудас/,
Шүүгдэгчээс хохирогч Б.Лхагвасүрэнд эмчилгээний зардал 4200000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 79-84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ний кемпийн амрах байранд иргэн Б.Лхагвасүрэнтэй маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, бетонон шалан дээр түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардалд 4,200,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан, прокурорын гаргасан саналын хүрээнд, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Нд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булжих овогт Цогтсайханы Нэргүйг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 6.7 дугаар зүйлийн 1.3, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цогтсайханы Нэргүйг 7,200 /долоон мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан 7,200 /долоон мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 36 сарын хугацаанд тус бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Лхагвасүрэнд 4,200,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Хохирогч Б.Лхагвасүрэн нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Лхагвасүрэнгийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2 ширхэг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1 ширхэг, нийт 3 ширхэг компьютерт томографийн шинжилгээний /КТГ-ийн/ зургийг хохирогч Б.Лхагвасүрэнд буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Нн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Нд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН