| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2210000000243 |
| Дугаар | 2022/ДШМ/908 |
| Огноо | 2022-09-15 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2022/ДШМ/908
2022 9 15 2022/ДШМ/908 № Т M № 546
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Доржмаа,
хохирогч О.Ц-,
яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1308 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох 2210000000243 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр - дүүргийн 0 дугаар хороо, “-” хотхоны 000 тоотод төрсөн эцэг С.Б- хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас түүний толгойн тус газарт 35 см орчим урттай төмрөөр цохиж, гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас: “... Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотолхын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /...гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад тогтооно” гэж тус тус хуульчилсан. Гэтэл дээрх хуулийн заалтуудыг биелүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал тогтоогдлоо.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан.
1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр талд мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоолоос үзэхэд тус хэрэгт амь хохирогчийн эхнэр Р.Ц-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр бус хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Мөн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Б.Дашдорж “Энэ хэрэг хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Р.Ц-г тогтоох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй” гэж тайлбар, хүсэлт гаргасан болно. Р.Ц- нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...Б- нь бурхан, шашин их шүтдэг, хөдөлмөрч, шулуун шударга зантай, хүнд хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг, цагаахан, сэтгэл зөөлөнтэй, хүүхдүүдтэйгээ дотно, Б-тэй муудалцаж байсан удаа байхгүй...” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал/ 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “...Б- огцом түргэн ууртай, уурлахаараа гарах, гарахгүй ааш авир гардаг, сэтгэцийн өвчтэй болов уу ч гэж сүүлдээ бодох болсон. Б- ер нь бол ааваасаа маш их айдаг, багаасаа л айж өссөн. Гэрээ цэвэрлэж байхдаа нэг цаас олоод уншихад Б- “Ээжээ, танд би хайртай шүү, амьдрах арга алга” гэх утгатай зүйл бичээд үлдээсэн байсан...” гэсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дахь тал/ Хэдийгээр Р.Ц- нь амь хохирогч С.Б-гийн эхнэр бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох эрхтэй боловч, нөгөө талаас тэрээр яллагдагчийн эх, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон хохирогчоор мэдүүлэхдээ дээрх байдлаар ноцтой зөрүүтэй мэдүүлснээс үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох нь яллагдагчтай ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн дүүрэн хамгаалах чадвартай этгээдийг хуульд заасан журам, шаардлагын хүрээнд зөв тогтоох нь зүйтэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, уг хуулийн зохицуулалтыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан хэлбэрэлтгүй биелүүлэх, үүрэг болгосон гэж үзэх бөгөөд доор дурдсан мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолуудыг яллагдагч, түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй эс үйлдэхүйг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, 2 дугаар хавтаст хэргийн 19 дэх талд яллагдагч Б.Б-, өмгөөлөгч Т.Багахүү нарын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ авагдсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1032 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг, 05/126 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг, 1094 дүгээр шинжээчийн дүгнэлтийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг, 1583 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг тус тус өмгөөлөгчид танилцуулаагүй. /1 дүгээр хавтаст хэргийн 146-147, 154, 174-175, 182 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/181 дүгээр шинжээчийн дүгнэлтийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг, 05/117 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг тус тус яллагдагчид танилцуулаагүй. /1 дүгээр хавтаст хэргийн 161, 168 дэх тал/
Түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 372 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хэн алинд нь танилцуулаагүй. /1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал/
З. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 7-33 дугаар тал/, мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар тал/, Б.Б-ийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Аав тухайн үед цаашаагаа алхаж байхдаа “Пизда, ална” гэж хэлээд шүдээ зуугаад алхаж байсан. Өрөөнд нь өөрийнх нь хэрэглэдэг тонгорог байдаг. Тэрийг авах гээд явчихлаа гэж бодоод айсандаа аавыгаа нүдүүр төмрөөр цохисон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3-6 дахь тал/, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “...Аав намайг “ална, хядна” гээд хутга гартаа барьчихсан байсан. Тэгээд над руу дайрсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 9-12 дахь тал/ зэрэг нотлох баримтуудад үндэслэн хэрэг маргаан хэрхэн, хаана үргэлжилж төгссөн, хутга, борц нүддэг гэх төмөр зэргийг хаана байсан талаар яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь нарийвчлан шалгах, өөрөөр нь заалгах, мөн хутга, борц нүддэг гэх төмөр хаана хадгалагддаг, амь хохирогчийн өрөөнд түүний хэрэглэдэг тонгорог байдаг эсэх, тухайн тонгоргоор амь хохирогч яллагдагчийг урьд өмнө айлгах үйлдэл гаргаж байсан эсэхийг гэрч нараас тодруулах ажиллагааг хийх шаардлагатай.
4. Гэрч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэхдээ “...Аав /амь хохирогч С.Б-/, дүү /яллагдагч Б.Б-/ хоёр бие биедээ амь нэгтэй. Бие биедээ их сайн байсан. Урьд өмнө нь хэрэлдэж, маргалдаж байгаагүй. ...Миний аав С.Б- нь сүүлийн 3 жил тогтмол бясалгал хийж, их бурханлаг болсон. Их бурхан шүтээнтэй. Уурлах, уцаарлах, хэрүүл маргаанаас хол, их цээрлэдэг, хүүхдүүдээ дуудаж, их сургааль хайрладаг, хүний дээд хүн байгаа юм...” гэсэн бол /1 дүгээр хавтаст хэргийн 80-82 дахь тал/ 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дахин мэдүүлэхдээ “...Би ...ааваасаа айдаг байсан, ... хатуу ширүүн ханддаг байсан, ... аав манай 2 эрэгтэй дүүг арай л их дарамталдаг байсан. Т.Б-ийг сэтгэл санааны дарамтад орчихсон гэдгийг мэдээд Т багшид очиж үзүүлж байсан.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дахь тал/
Дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Батчимэгийн мэдүүлгүүд нь ноцтой зөрүүтэй байх тул мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагаа хийх нь зүйтэй.
5. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Батбаганы энгэрийн камерын бичлэг, яллагдагч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хэрэг учрал гарах үед яллагдагч Б.Б-ийн сэтгэцийн хэвийн байдал алдагдсан эсэхийг шинжээчээс тодруулах ажиллагаа хийх ...” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж, яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэржээ.
Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хохирогчоор тогтоогдсон хүн нас барсан тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор заасан. Мөн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасан байхад уг хэрэгт хохирогчоор анхнаасаа тогтоогдоогүй талийгаачийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагаа хийгээгүй гэж захирамжид заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж зааснаас үзэхэд эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн талийгаачийн эхнэр Р.Ц-г хэрэгт хохирогчоор тогтоосон мөрдөгчийн шийдвэрийг прокурор үндэслэлтэй.
2. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрүүдийг яллагдагч, түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй гэсэн үндэслэлийг заасан. Ийнхүү танилцуулаагүй талаар, мөн оролцогчийн эрхийг зөрчсөн учраас дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй тул тэдний хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй. Мөн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөх, нөлөөлж болох ноцтой зөрчил юм. Хэрэв хэргийн оролцогч шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тодруулж асуух асуулт шаардлагатай бол шүүх хуралдаанаар уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжтой.
3. Гэмт хэрэг гарах үед амь хохирогч болон яллагдагч нараас өөр хүн хэргийн газарт байгаагүй бөгөөд хэрэг маргаан хэрхэн хаана үргэлжилж төгссөн, хутга, борц нүддэг гэх төмөр зэрэг хаана байсан талаар яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад ойлгомжтой мэдүүлэг өгсөн, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулсан байхад хийгдсэн ажиллагааг захирамжид дурдаж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамааруулсан нь үндэслэлгүй байна.
4. Гэрч Б.Б-ийн талийгаачийн хувийн байдлын талаар өгсөн 2 мэдүүлгийг хоорондоо ноцтой зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг гаргах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, нэг хүний өгсөн мэдүүлгийг, тэр дундаа өөрийн зүгээс талийгаачид өгсөн үнэлэмжийн талаарх мэдүүлгийн зөрүүг гаргах боломжгүй асуудал юм.
5. Яллагдагчийн сэтгэцийн хэвийн байдал гэмт хэрэг үйлдэгдэх үед алдагдсан эсэхийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд үндэслэж мөрдөгч, прокурор, шүүх хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх байтал уг байдлыг шинжээчээс тодруулах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа” гэдэгт прокурорын зөвшөөрөлтэй болон бие даан мөрдөгчөөс хийх ажиллагааг ойлгох бөгөөд дээрх хэрэгт мөрдөгчөөс хийж гүйцэтгэх ажиллагаа байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүх хуралдааны явцад хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдох боломжтой.
Мөн анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон байх боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн 29.5.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж бичгээр гаргасан болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан доорх тайлбарыг гаргаж байна.
Өмгөөлөгчийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч н.Амарсанаад 22/63 дугаартай хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтэд “...Сэтгэл зүйч Тунараа гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авч ... мэдүүлэг авсны дараа хэрэг гарах цаг хугацаанд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас Б.Б-ий сэтгэл зүй цочрон давчидсан байх боломж байгаа эсэхийг шинжээч томилж өгөхийг хүсэж байна” /2-р хх 172/ гэх хүсэлтийг гаргасан байхад уг хүсэлтэд хариу өгөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээч томилох тогтоолыг өмгөөлөгч болон холбогдогч нарт танилцуулаагүй. Хэрэв өмгөөлөгч яллагдагч нарт тухайн тогтоолыг танилцуулсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.2 ”...шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах”, 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5-д заасан эрхээ хэрэгжүүлж өнөөдрийн эргэлзээ бүхий асуудлуудыг нэг талд гаргах боломжтой байсан.
2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрч Р.Ц-гоос Г.Д /1-р хх 76-77/, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрч Б.Бс мөрдөгч Н.Баттөмөр 1-р хх 78-79/, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрч Б.Бс мөрдөгч С.Эрдэнэбаатар /1-р хх 88-89/, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрч Б.Бс мөрдөгч Б.Долгорсүрэн /1-р хх 93-94/ нар мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах” эрх хэмжээг хуульчлан заасан боловч уг мөрдөгч нарт даалгасан тогтоол хавтаст хэрэгт байхгүй тул тус хуулийг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадаагүй тохиолдолд түүний төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж заасан байхад Р.Цг хохирогчоор тогтоосон хууль зүйн үндэслэлгүй.
2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж гэм буруугийн шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцах боломжгүй болсон нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн ач холбогдлыг нэмэгдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн байхад уг хэрэгт эргэлзээ бүхий байдлуудыг арилгаагүй. Иймд хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр бичгээр гаргасан болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 07 дуугаар сарын 06-ны өдөр Б.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцаах тухай 1308 тоот шүүгчийн захирамж гаргасан. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн хавтаст хэрэгт авагдсан 1032, 05/181, 1094, 1583, 372, 1582, 1581, 1661 тоот шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7, 8 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаагийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 36 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 1308 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч О.Ц- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Б.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ........... хороо, “.. ” хотхоны 112 дугаар байрны 10 тоотод төрсөн эцэг С.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас түүний толгойн тус газарт 35 см орчим урттай төмрөөр цохиж, гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй. Тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Хэргээс үзэхэд шинжээч томилсон тогтоолуудыг зарим оролцогчид танилцуулаагүй зөрчил гарсан байх боловч үүний улмаас шинжээчийг татгалзах, нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх зэрэг тухайн шинжилгээг бүхэлд нь хүчингүйд тооцох, улмаар дахин шинжилгээ хийх үндэслэл шалтгаан болохгүй гэж үзэв.
Шүүгчийн захирамжид “... хэрэг маргаан хэрхэн гарч, хаана үргэлжилж, төгссөн, хутга, борц нүддэг төмөр зэрэг эд зүйлс хаана байсан талаар яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь нарийвчлан шалгах, өөрөөр нь заалгах, амь хохирогчийн өрөөнд тонгорог байдаг эсэх, тухайн тонгоргоор амь хохирогч яллагдагчийг урьд өмнө айлгах үйлдэл гаргаж байсан эсэх, гэрч Б.Б-ийн мэдүүлгийн зөрүүг арилгах ...” зэрэг ажиллагаа хийх шаардлагатай талаар дурьдахдаа хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ямар ач холбогдолтой болохыг тайлбарлаагүй. Хэрэв хэрэгт хамааралтай асуудал бол прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөх нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарчим, үзэл санаа, зохицуулалтын агуулгад нийцнэ.
Өөрөөр хэлбэл, шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас хандаж, гагцхүү шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх нөхцөл байдлаас бусад тохиолдолд хэрэг дутуу шалгагдсан асуудлаар прокурорт буцаах эрхгүй гэж ойлговол зохино.
Хүний сэтгэл санааны хэвийн байдал алдагдах тухай ойлголт нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй хууль зүйн ойлголт бөгөөд энэ талаар мөрдөгч, прокурорын цуглуулсан баримтад үндэслэн дүгнэлт хийх байтал шинжээчээс тодруулахыг даалгасан нь үндэслэл муутай байна.
Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан талаар шүүгчийн захирамжийн заалт хууль ёсны гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:” гэсний 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж хуульчилсан байгаагаас үзвэл хохирогч амь насаа алдсан тохиолдолд хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий хуульд нэрлэн заасан хүмүүс, эсхүл тэдгээр нь оролцох боломжгүй бол ижил эрх зүйн байдал бүхий хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “... хууль ёсны төлөөлөгч ...”-ийн хувиар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдон оролцохоор байна.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талийгаачийн эхнэр О.Ц-г хохирогчоор тогтоосон нь дээрх хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлд хамаарч байх ба прокурорын тайлбарласнаар “... О.Ц- нь эд хөрөнгийн хохирол хүлээсэн тул хохирогчоор тогтоосон ...” гэж үзвэл амь хохирогчийн эрх ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүнийг томилоогүй буюу оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил үүсгэнэ. Эдгээрийн аль ч тохиолдол нь ноцтой зөрчлийн шинжийг агуулж байгаа учраас зөрчлийг арилгахгүйгээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
Иймд шүүгчийн захирамжийн эхний үндэслэлийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгасны эцэст хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй байна. Харин бусад үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1308 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН