Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2024/0309/З |
Дугаар | 128/ШШ2024/0440 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0440
2024 05 22 128/ШШ2024/0440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, ерөнхий шүүгч Н.Д*******, шүүгч Б.А******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК /РД: /,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсан тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай дүгээр тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгч Х ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж, 2021 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн 01/2822 дугаар албан бичгээр татгалзсан хариуг авч, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч Х ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар дүүргийн Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд 15.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар 5 га газрын газар ашиглах эрх нь цуцлагдаж, үлдэх 10 га газрын газар ашиглах эрх нь мөн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон ******* дугаар газар ашиглах гэрчилгээгээр баталгаажсан байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр Х ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1. Захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй,
4.2. Маргаан бүхий акт нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан үйл ажиллагааны зарчимд нийцээгүй,
4.3. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн маргаан бүхий тушаал гаргасныг дам сургаар мэдсэн бөгөөд хүсэлт гаргахад сайдын 2021 оны 01/2822 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариуг өгсөн нь хуульд нийцээгүй гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох тухай дүгээр тушаалын Х компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Х компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар дүүргийн Нүхтийн задгайд аялал жуулчлалын зориулалтаар 15 га газрыг ашиглах эрхтэй болсон. Улмаар улсаас бол 5 га газраа буцааж аваад манай компани дээр 10 га газрыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Ингээд маргаан бүхий 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 79 тушаал гаргаад тушаалын 1 дүгээр үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй, 2-т газрын төлбөрийг төлөөгүй үндэслэлээр хүчингүй болгосон байсан. Тухайн үндэслэлүүдийг нэхэмжлэгч компанийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Учир нь нэхэмжлэгч Х компани маргаан бүхий газар дээр аялал жуулчлалын цогцолбор, тоглоомын талбай, авто зогсоолын цогцолбор бүтээн байгуулалтын ажил хийхээр зураг төслийн ажлыг хийлгэчихсэн байсан. Б******* гэдэг компаниар тухайн үедээ 400 сая төгрөгийн барилгын зураг хийлгэж байсан. Ингээд тухайн хугацаанд дэлхийн нийт иргэдийг хамарсан цар тахлын ковид-19 халдварт өвчин тархсан ийм үе байсан. Засгийн газраас удаа дараагийн хязгаарлалт тогтоох шийдвэрүүдийг гаргаж байсан. Гаалиар хүнс эм тарианаас бусдыг оруулдаггүй байсан. Тэгэхээр үүнийг заавал нотлох шаардлагагүй гэж үзэж байгаа. Манай компани газраа ашиглаагүй биш, ашиглачхаад байгаа юм. Барилгын зураг хийлгэсэн. Энэ газар нь 10 га буюу нэлээн том хэмжээний газар учраас 400 сая төгрөгөөр барилгын зураг зуруулчихсан байгаа. Зургаа эхлээд батлуулж байж, дараагийн ажлаа хийхээр төлөвлөсөн байсан. 2018 онд газар авсан хугацаандаа барилгын зургийг зуруулсан байсан. 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр М******* компанитай газар шорооны ажил гүйцэтгэх гэрээг байгуулчихсан байсан. Газар шорооны ажил нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эхлэхээр ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулсан байсан боловч, М******* компаниас нийтдээ 5-6 удаагийн мэдэгдлийг Х компанид өгсөн байдаг. Эхлээд ковидын нөхцөл байдал гарлаа, бид нар ажлаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо гэдэг байдлаар нэг хүсэлт өгсөн. Дараа нь өөрсдийнх нь инженер н.Б******* гэдэг хүн ковидын халдвар авсан, үргэлжлүүлээд туслан гүйцэтгэх 5-6 хүн бас ковидын халдвар авсан гэдэг үндэслэлээр өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгээгүй ийм байдалтай байж байхад манай газар ашиглах эрхийг цуцалсан байсан. М******* гэдэг компани өнөөдрийн байдлаар давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсанаар ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу ажлаа биелүүлэх, гүйцэтгэх боломжгүй болчихсон байна гэдэг байдлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодорхойлолт, гэрчилгээ авсан. Тэгэхээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байсан учраас одоо 800 сая төгрөгийг буцааж өгөхгүй гэдэг. 800 сая төгрөгийн ажлын хөлсийг манай компаниас тухайн үедээ аваад 3 дугаар сарын 20-ны өдөр ажлаа эхлэх гэж байсан боловч яг энэ өдөр Засгийн газрын тогтоол гараад, хөл хорио тогтоогоод, цэрэг, цагдаа, шүүх эмнэлгийн байгууллагууд л ажилладаг байсан. Энэ хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар бид нар яг тухайн үедээ газрыг яг бодитойгоор ашиглаж чадсангүй. Бид газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар бүтээн байгуулалтыг хийхээр зургийн ажил хийгдсэн байсан учраас энэ 2 үндэслэлээр манай компани энэ газар ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
Газрын төлбөр төлөөгүй гэдэг. Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг баримтлаад. Тэгэхээр нэхэмжлэгч компанийн зүгээс гурвалсан гэрээ байгуулъя гэдэг хүсэлтээ удаа дараа өгсөн. Эдгээр хүсэлтүүд нь хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Манай компаниас гаргаж байсан газар ашиглалтын хугацааг сунгуулах хүсэлт байгаа хэрнээ газар ашиглах гуравласан гэрээ байгуулаад өгөөч гэдэг хүсэлтүүдийг хариуцагч талаас байгууллагын зөвлөлөөр огт оруулаагүй. 2018 оноос хойш 10 га газрыг аваад тухайн хугацаанаас хойш газар дээр хийгдэх зураг төслийг батлуулаад өгч байгаа нь санхүүгийн чадамжтай компани гэдэг нь харагдана. Газрын төлбөрийг бүрэн төлөх боломжтой. Газрын төлбөрийн тухай хуулийн 9.1-д зааснаар газрын төлбөрийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 тогтоолоор баталдаг. Тухайн тогтоол нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 527 дугаар тогтоолоор хүчингүй болчихсон юм байна. Бид нар шууд гэрээ байгуулаагүй ч гэсэн бид нар таамаглаад хэдэн га хэмжээнд хэдэн төгрөгийг төлөх ямар ч боломжгүй болсон. Нэхэмжлэгч компанийг шууд буруутгах үндэслэл байхгүй. Бид нар хүсэлтээ гаргаж явсан. Тухайн хүсэлтийг огт захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй орхигдуулчихсан. Хэрвээ тухайн үед нь болохгүй, эсвэл болно гэдгээ хэлчихсэн байсан бол дараагийн дээд шатны байгууллагад хандах байсан боловч өнөөдрийг хүртэл энэ дээр ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Гэтэл маргаан бүхий тушаалыг гаргахаасаа өмнө 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр албан бичгийг манай компани дээр ирүүлсэн гээд байгаа боловч тухайн албан бичиг манайд ирээгүй. Х компани нь өнөөдрийн байдлаар хаягийн өөрчлөлт огт хийлгээгүй байгаа. Гэтэл хариуцагчаас болохоор мэдэгдсэн гээд байгаа боловч Монгол шуудангийн баримтаар манай дээр тухайн мэдэгдэл нь ирээгүй гэдэг нь тогтоогдож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасны дагуу мэдэгдэл сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж байгаа. Хэрвээ хийгдсэн байсан бол тухайн үед давагдашгүй хүчин зүйлүүд бас байсан, бид нар энэ газар дээрээ барилгын үйл ажиллагаа явуулахаар энэ ажлуудыг хийж байна шүү гэдэг байдлаар тайлбаруудаа өгөөд явах боломжтой байсан. Гэтэл тайлбар мэдүүлэг өгөх боломжоор хангаж ажиллаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг яам өөрөө тогтоох үүрэгтэй. Гэтэл цагдаагийн газраас ирүүлсэн мэдэгдэл, Богдхан уулын дархан цаазат газраас ирүүлсэн санал хоёрыг үндэслэж газрыг цуцалсан. Яг бодит байдлаар газар дээр нь очиж үзсэн үү. Х гэдэг компани ашиглаж байгаа үгүйг ч бараг сайд мэддэг эсэх дээр эргэлзээ үүсэж байна. Тэгэхээр яг бодит нөхцөл байдалд тохироогүй ийм шийдвэр гарсан байна. Сүүлд нотлох баримтаар хязгаарлалтын бүсийг харуулсан зураг ирүүлсэн байсан. Тухайн зураг дээр нэхэмжлэгч Х компанийн газар хязгаарлалтын бүсэд яг ороод байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нь бас тодорхойгүй гэж үзэж байна. Х компанийн газар нь дөрвөлжин байхад хязгаарлалтын бүс нь нэг өнцөг байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө хууль ёсны тушаал мөн үү гэдэг дээр эргэлзээтэй. Эдгээр үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Нэхэмжлэгч компанийн зүгээс өнөөдрийг хүртэл барилгын зургийг 3 удаа өөрчилсөн байдаг. 15 га газар байхад нь нэг өөрчилсөн, орц гарцыг хаасан байхад нь уялдуулаад барилгын зургаа өөрчилсөн. 2018 онд 10 га газар болохоор дахиж ингээд өөрчилсөн. Газар шорооны ажил хийлгэхээр ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулсан гэхээр нийтдээ 180 сая төгрөгийн хохирол учирчхаад байгаа учраас хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Х компани нь 2011 онд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхтэй болсон байдаг. Газраа зориулалтын дагуу ашиглахгүй байна, газар ашиглалтыг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна гэдгийг 2015 онд анх энэ компанид мэдэгдэж байсан. Ингээд 2018 онд газрын хэмжээг өөрчлөөд 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын газарт хамаарч байна сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд танай газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна. Газрын төлбөр 2017 оноос хойш төлөөгүй байна, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Дурдсан хугацаанд Харангад Трейд компаниас тайлбар ирүүлээгүй. Сайд өөрөө тухайн газар дээр очиж ажиллагаа хийхгүй. Тусгай хамгаалалттай газрын захиргаа хийх ёстой. Хамгаалалтын захиргаа үүнийг хийгээд газраа ашиглаагүй байна, газрын төлбөрөө төлөөгүй байна гэдэг саналыг яаманд уламжлаад ингээд сайдын тушаал гаргаж хүчингүй болгож байгаа юм. Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газар ашиглах эрх олгогдсон тушаал гарсан өдрөөс хойш газрын төлбөрийг төлөх ёстой. Гэтэл Х компани 2017 онд ч төлөөгүй газраа огт ашиглаагүй, унаган чигээр нь 10 жил хадгалсан. Тэгээд энэ бүх үндэслэлүүдийг үгүйсгэх боломжгүй учраас сайдын тушаал хууль ёсны гэж үзэж байгаа юм.
Сүүлд гаргаж өгсөн баримтыг ойлгоогүй гэж яриад байна. 1995 оны Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон. Энэ тогтоолоор гажуудалтай хэрэгжиж явж байгаад сая 2022 оны 5 сараас эхлээд яг кадастр гараад зөв болоод гараад ирсэн чинь Харангад Трейд гэдэг компанийг ашиглах эрхтэй байсан 10 га газар нь Богдхан уулын хилийн цэсийн яг зааг дээр байсан. Тус компанийн 10 га газрын 2,2 га нь Богдхан уулын хилийн цэсэд хамаараад, үлдсэн 7,8 га газар нь Богдхан уулын хилийн цэсэд хамаарахгүй буюу тусгай хамгаалалттай газар нутаг биш зүгээр Нийслэлийн газар болж таарсан. Тушаал гарч хүчингүй болгох нь зөв. Яагаад гэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2011 онд өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлээд өөрийн мэдлийн биш газрыг олгочихсон байж таарсан. Сайдын тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д заасныг баримталсан. Энэ хуулийн 11 дүгээр зүйл бол дархан цаазат газарт дэглэм буюу дараах үйл ажиллагааг эрхэлж болно гэж заасан. Аялагч отоглох байр, түр байрлах байр барих, ашиглах гэдэг зориулалтаар л газар ашиглуулж болно. Гэтэл энэ компанид аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон. Энийгээ зөвтгөж байгаа бас нэг хэлбэр юм. Иймд сайдын тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай дүгээр тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийг “...хариуцагч захиргааны байгууллагууд гуравласан гэрээ байгуулаагүй, удаа дараа хандахад шийдвэрлэлгүй орхигдуулсны улмаас төлөх төлбөрийн үнийн дүн тодорхойгүй учир төлбөрийг төлөөгүй, ашиглах боломжгүй байдал үүссэнийг харгалзан үзээгүй...” гэж хүчингүй болгуулахаар, харин хариуцагчаас Х ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, хэмээн буруутган маргаж байна.
3. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар Х ХХК-д дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн задгайд 5 жилийн хугацаатайгаар, аялал жуулчлалын зориулалтаар 15 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр газрын хэмжээг 10 га болгон уг газрыг 5 жилийн хугацаатай ашиглах ******* дугаар гэрчилгээ олгожээ.
4. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалаар 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн бөгөөд үүнд нэхэмжлэгч Х ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай багтсан байна.
5. Нэхэмжлэгч “Х” ХХК-аас 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, Богдхан уулын дархан цаазат газын хамгаалалтын захиргаанд, 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байх ба захиргааны байгууллага дээрх хүсэлтүүдэд цохолт хийсэн боловч хариу өгөөгүй, бүртгэл хяналтын дэвтэрт тэмдэглэж бүртгэлд аваагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.”, 34 дүгээр зүйлийн 34.6.2-т “газар эзэмших зориулалт”, 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж тус тус зааснаар сум, дүүргийн Засаг дарга хамгаалалтын захиргаатай хамтран газар эзэмшигч этгээдтэй гурвалсан гэрээг газар ашиглуулах шийдвэрийн дагуу байгуулах үүрэгтэй бөгөөд захиргааны байгууллагуудын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж чадаагүй байх тул түүний хууль ёсны итгэл хамгаалах зарчмын үүднээс хөндөгдөж буй эрх ашгийг нь сэргээх боломжтой гэж дүгнэлээ.
7. Мөн Х ХХК-д дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн задгайд 5 жилийн хугацаатайгаар, аялал жуулчлалын зориулалтаар 15 га газрыг ашиглуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар шийдвэрлэж, тус компани 2011-2018 он хүртэлх хугацааны газрын төлбөрийг 15 га газрын хэмжээгээр төлж байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд харин 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр газрын хэмжээг 10 га болгон уг газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг ******* дугаар гэрчилгээгээр захиргаа олгосон өдрөөс хойших газрын төлбөр төлөөгүй гэж маргаж байгаа болно.
8. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2018 оноос хойш нэхэмжлэгч компаниас гаргасан гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй буруутай болох нь тогтоогдож байх тул 10 га газарт төлбөр төлөх асуудал тодорхой бус байсан байх ба нөгөөтэйгүүр тус компани хасагдсан 5 га газрыг дахин олгохыг хүсэж, захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байснаас үзэхэд төлбөр төлөх хэмжээ тодорхойгүй байсан болох нь тогтоогдож байна.
9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-т “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан журмаар хэрэгжүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тухайн компанид газар ашиглах эрх олгох шийдвэр гаргасны дагуу тухайн дүүргийн Засаг дарга, хамгаалалтын захиргаа, газар ашиглагчийн эрх, үүргийг гэрээнд тусгаж, тус гэрээнд заасан үүргээ захиргааны байгууллагаас биелүүлээгүй гэж үзэхээр байна.
10. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч холбогдох зөрчлийг арилгах...” талаар 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдлийн хавсралтын 604 дүгээрт нэхэмжлэгч компанийн нэр бичигдсэн,
11. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 365 дугаар албан бичгээр газар ашиглах эрх дуусгавар болгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байх ба уг албан бичгийн хавсралтын 165 дугаарт нэхэмжлэгч компанийн нэр бичигдсэнээс гадна Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 401.6-д заасныг зөрчсөн гэж тэмдэглэжээ.
12. Мөрдөгчийн дээрх мэдэгдэл болон холбогдох байгууллагын саналыг шууд газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийн үндэслэл болгосон нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд нийцээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар шийдвэр нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй.
13. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Х ХХК-ийн зүгээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 он хүртэлх хугацаанд газрын төлбөр төлж байсан бөгөөд газрын хэмжээнд өөрчлөлт орсон тул хасагдсан газраа дахин авах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан зэргээс газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.
14. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх газар ашиглагчийн үүрэг нь нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон сайдын тушаал болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ, зориулалт, байршлыг тодорхой заасан бөгөөд нэгж талбарт ногдох газрын төлбөрийг тогтоосон хууль, журам байдаг /түүнийг газар ашиглах гэрээгээр өөрчлөх боломжгүй/ тул нэхэмжлэгчийн хувьд ямар хэмжээний төлбөрийг ямар журмаар төлөх нь угтаа ойлгомжгүй байжээ.
15. Иймээс нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас хасагдсан газраа буцаан авах болон гэрээ байгуулах хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан бөгөөд гэрээ хийсний үндсэн дээр газрын төлбөр төлөх үүрэг үүсэх тул төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс явуулсан маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын газарт үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч 2018 онд аялал жуулчлалын цогцолбор барих загвар зургийг боловсруулан, Мишээл беннети ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан нь нотлогдож байна.
17. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02/113 дугаар Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Мишээл беннети ХХК-д олгосон байх ба нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.
18. Нэхэмжлэгч компани Газар ашиглах гэрээ байгуулахаар холбогдох материалын хамт дүүргийн Засаг даргад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16/01 дугаартай албан бичгээр, харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дугааргүй албан бичгээр, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/05 дугаар албан бичгээр, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03/05 дугаар албан бичгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хандан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дугааргүй албан бичгээр тус тус гуравласан гэрээ байгуулахаар хандсан боловч шийдвэрлэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийг өөрөөс шалтгаалах нөхцөл байдлын улмаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
19. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 09/8076 дугаар мэдэгдлийг Х ХХК-д хүргүүлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарласан боловч энэ үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…2024 онд нэхэмжлэгч компанийн 10 га газрын 8 га нь Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс гарч нийслэлийн газар нутагт хамаарах болсон тул нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхгүй…” гэж тайлбарлаж байгаа хэдий ч маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны дүгээр тушаал дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс гарсан гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлаагүй, мөн уг тушаалыг гаргах үед тухайн газар нутаг Богдхан уулын дархан цаазат газарт хамаарч байсан бөгөөд маргаан бүхий акт хүчингүй болсон тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах болсон газраас үргэлжлүүлэн ашиглах, эзэмших хүсэлт гаргах эрх нь нээгдэхээр байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
21. Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны дүгээр тушаалаар Х ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1-д “...дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-т “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасныг зөрчсөн байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай дүгээр тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
22. Тус шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай дүгээр тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н. ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН