| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01142/И |
| Дугаар | 135/ШШ2024/01240 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2024/01240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01142/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* ХХК-д холбогдох,
“Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Д.******* миний бие нь 1992 оноос ******* ТӨХК-д төмөр бэлдэх цехэд зүсэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн ба түүнээс хойш тасралтгүй 17 жилийн хугацаанд ажиллаж 2009 онд өндөр настны тэтгэвэрт гарсан. Ажиллаж байх хугацаандаа 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2003 оны ажлын амжилтаараа хамт олноо хошуучлан ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг минь үнэлж Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт байрших 1 өрөө орон сууцаар байгууллагын зүгээс шагнуулсан ба үүний дараа байгууллагаас орон сууцаа хүлээн аваарай гэж миний бие 2004 оны 02 дугаар сард барилгын харуул хамгаалалтын ажилтнаас орон сууцны түлхүүрийг хүлээн авч үүнээс хойш одоог хүртэл 20 жилийн хугацаанд өөрийн гэр бүлийн хамт амьдарч байна. Байгууллагын зүгээс ажилтны нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлсэнд миний бие өнөөдрийг хүртэл баярлаж талархаж явдаг билээ. 2017 онд байгууллагын санхүүгээс тань дээр халаалтын төлбөр гарсан байна. Та үүнийг тушаагаад орон сууцныхаа гэрчилгээг аваарай гэж утсаар мэдээлэл өгсөн ба үүнээс өмнө холбогдож байгаагүй ба цахилгаан, ус зэрэг ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх сар бүр миний нэр дээр ирж байсан учир би халаалтын төлбөр хуримтлагдсаныг мэдээгүй байсан. Байгууллагаас халаалтын төлбөрийн мэдээлэл хүргэх үед бага насны 2 хүүхэд өсгөх, асран хамгаалах, өрхийн зардлыг шийдвэрлэх зэрэг дан ганц миний өндөр настны тэтгэврийн мөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан тул халаалтын төлбөрийг мэдээлэл авсан даруйдаа төлөх боломж байгаагүй бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *******ийн санхүүгийн албанд 1,482,041 төгрөгийг бэлнээр тушаасан боловч орон сууцны гэрчилгээгээ авч чадалгүй буцсан. Түүнээс хойш 2023 онд энэ асуудлаар очиход байгууллагын боловсон хүчин солигдсон. Байгууллагын зүгээс шагналд авсан орон сууцыг анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийн бүртгэлд миний нэр дээр байгаа гэж ойлгосоор ирсэн ба удаа дараа байгууллагаас орон сууцны талаарх асуудлыг хөндөхөд маш ойлгомжгүй, хариу шийдэлгүй, миний бие яг юу хийх ёстойг ойлгоогүй байсан тул өөрийн охины хамт 2024 оны 04 дүгээр сард өөрт учирсан асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор хүсэлт гарган очсон боловч хаана хэн шийдвэрлэх нь тодорхойгүй, байгууллагын дотоод ажилтай байна гэсэн шалтгаан мэдэгдсэн учир 2024 оны 05 дугаар сард дахин өөрийн охины хамт хүсэлтээ өгөхөөр очсон боловч хуулийн хэлтсийн дарга нь та хуулийн хүн олж шүүхэд хандсан дээр бид мэдэхгүй гэсэн тайлбар мэдэгдсэн учир миний бие энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд та бүхэн миний нэхэмжлэлийг хүлээн авч танилцан дээр дурдсан орон сууцыг өөрийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгүүлж өгөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч ******* ХХК хариу тайлбартаа:
“...Тус шүүхэд иргэн Д.******* нь ******* ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ******* ХХК-ийн хувьцааг 100 хувь төр эзэмшдэг бөгөөд төрийн өмчит хуулийн этгээд юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэж заасны дагуу манай компанид төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан сумын Өргөө багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 150 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, хүндэт өргөмжлөл, итгэмжлэл (хх 4-11, 35, 39 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/02 дугаартай “Компанийн дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хуулбар, ******* ХХК-ийн дүрэм (хх 17-18, 27-33 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.Шүүхээс ******* ХХК-аас ******* ТӨҮГ-ын удирдлагын багийн 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаартай тогтоолын хуулбар, ******* захирлын 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дугаартай “Шагнах тухай” тушаалын хуулбар, орон сууц эзэмших эрхийн бичиг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 17/855 дугаартай албан бичиг, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хх 45-51 хуудас) зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг “...Би ******* ХХК-д 1992-2009 оныг хүртэл ажиллаад, 2009 онд тус байгууллагаас тэтгэвэрт гарсан. Ажиллаж байх хугацаандаа 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2003 оны ажлын амжилтаараа хамт олноо хошуучлан ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг минь үнэлж Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцаар байгууллагын зүгээс шагнуулж, өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байна. 2017 онд *******ийн санхүүгээс хуримтлагдсан дулааны төлбөрөө төлөөд орон сууцны гэрчилгээгээ гаргуулж аваарай гэж залгаж, тухайн үед би санхүүгийн боломжгүйн улмаас төлж чадалгүй 2020 онд тус төлбөрийг төлсөн. Ингээд орон сууцны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулахаар хандсан боловч гаргаж өгөхгүй байгаа тул орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагчаас “...******* ХХК-ийн хувьцааг 100 хувь төр эзэмшдэг бөгөөд төрийн өмчит хуулийн этгээд учраас манай компанид төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж үгүйсгэж, талууд маргаж байна.
4.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаартай ...тус багийн ******* тоотод Д.******* нь хүүхдүүдийн хамт 2004 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа нь үнэн болно...гэх тодорхойлолт /хх6х/, 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ...2003 оны ажлын амжилтаараа хамт олноо хошуучлан ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг тань үнэлж, нэг өрөө байраар шагнаж, хүндэт өргөмжлөл хадгалуулав. *******ийн захиргаа...гэх хүндэт өргөмжлөл /хх11х/, *******ийн захирлын 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дугаартай “Шагнах тухай” ...тус үйлдвэрт удаан жил үр бүтээл, идэвхи зүтгэл, санаачилгатай ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Төмөр бэлтгэх цехийн зүсэгч Д.*******ыг Дархан-Уул аймагт 1 өрөө орон сууц олгож шагнасугай... гэх тушаал /хх47х/, ...******* овогтой *******ад 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үйлдвэрийн хөрөнгөд бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот 32.5мкв талбайтай орон сууцыг эзэмших эрх олгов... гэх орон сууц эзэмших эрхийн бичиг /хх48х/ болон зохигчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.******* нь 2004 онд хариуцагч ******* ХХК-д ажиллаж байх хугацаандаа дээрх орон сууцаар шагнагдаж, 2004 оноос өнөөдрийг хүртэл тус орон сууцыг эзэмшиж, амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтад талууд маргаагүй.
Мөн хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь ******* ХХК байна. /хх49,50х/
5.Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж заасан.
Хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч Д.*******ыг хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажилласан гэж үнэлэн 1 өрөө орон сууцаар шагнахдаа өргөмжлөл хадгалуулсан нь шагнал олгохоор нийтэд амласан гэж үзэх үндэслэл болж байна.
6.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг ...манай компани төрийн өмчит компани бөгөөд төрийн өмчийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрх байхгүй...гэж тайлбарлаж, нотлох баримтаар 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/02 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, компанийн дүрэм зэргийг гаргаж өгсөн.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 429 дугаартай ******* Төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолоор: 1."*******" төрийн өмчит хувьцаат компанийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулсугай. 2."*******" төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийг тогтоосугай гэж шийдвэрлэж, тухайн тогтоолын дагуу хариуцагч компани нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ТӨХК-иас ХХК болон хэлбэрийн хувьд өөрчлөн зохион байгуулагджээ.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, мөн хуулийн 25.3-т “Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна” гэж зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн тусгайлсан хөрөнгө нь 100 хувь төрийн өмчөөс бүрдсэн төрийн өмчийн хуулийн этгээд байна.
7.1996 оноос дагаж мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно”, 30.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэж заасан.
8.Нэхэмжлэгч Д.*******ыг 1 өрөө орон сууцаар шагнасан тухайн үед буюу 2004-2005 оны үед хариуцагч ******* ХХК нь төрийн өмчит үйлдвэрийн газар байсан болох нь дээр дурдагдсан 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дугаартай...”*******” Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагын багийн 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5 тоот тогтоолыг үндэслэн тушаах нь... гэх шагнах тухай тушаал болон тушаал дээр дарагдсан “ТӨҮГ” гэх хуулийн этгээдийн тамга зэргээс харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг орон сууцаар шагнах тухайн үед хариуцагч нь мөн адил төрийн өмчийн хуулийн этгээд байсан байх ба төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх нэг зохицуулалт үйлчилж байсан, төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс авсан учир орон сууцаар шагнахаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
9.Нөгөөтэйгүүр хариуцагч талаас ...нэхэмжлэгчид шагналын журмаар олгосон орон сууцны өмчлөлийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй боловч тус асуудал нь манай компанийн эрх хэмжээний асуудал биш, бид шийдвэрлэх боломжгүй ...гэж тайлбарласан боловч 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор батлагдсан “*******” ХХК-ийн дүрмийн 3.3.1.10-т Компанийн шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх, үндсэн хөрөнгийн асуудлыг зохих хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх эрх хэмжээг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ, 3.1.5-д ...компани нь дээд шатны байгууллага болон Засгийн газар, УИХ, ҮАБ-ын зөвлөлд танилцуулах шаардлагатай асуудлаа толгой компаниар дамжуулан танилцуулж, шийдвэрлүүлнэ... гэж зааснаар маргаан бүхий асуудлыг эрх бүхий байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх талаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
10.Нэхэмжлэгчээс ...2017 онд байгууллагаас утасдаж хуримтлагдсан дулааны өр төлбөрийг төлөөд орон сууцны гэрчилгээгээ аваарай гэсний дагуу 2020 онд *******ийн санхүүгийн албанд 1,482,041 төгрөгийн дулааны өр төлбөрийг төлсөн... гэж тайлбарласныг хариуцагч талаас эсэргүүцээгүй, ...2017, 2018 оны үед дулааны өр төлбөрийг төлүүлээд өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаа явагдаж байсан гэж мөн тайлбарласныг дурдах нь зүйтэй.
11.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот, 32.5 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.*******ад шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг хариуцагч “*******” ХХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН