| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2017/0101/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мд холбогдох 1729000800051 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Тавантолгойн уурхайн нүүрсний амны орчимд О.Бавуухүүтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө О.Бавуухүүтэй танилцсан. Танилцаад согтууруулах ундаа уусан. Тэгээд маргалдаад зодоон болсон.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч О.Бавуухүүгийн өгсөн:”....гэр гуанзуудаар явтал бүгд гэрэлгүй унтчихсан хамгийн хойд талын залгаа хоёр гэрийн тооноор гэрэл харагдахаар нь тийшээгээ ороод 2 эмэгтэй байхаар нь “архи зарах уу” гэж суртал тэнд сууж байсан ах “ах нь ганцаараа байна. Ахдаа хань болоод уучих” гэсэн. Тэгэхээр нь би “ би хоёр гурвуулаа явж байгаа ш дээ” гэхэд “зүгээр зүгээр” гээд хоёулаа машинд сууж байгаад ууя гээд хамтдаа машинд нь орж суугаад тэр ахын гаргаж ирсэн “Болор” архийг хувааж уугаад дууссан. Би түүнээс хойш их согтсон байсан учир юу болсныг бол мэдэхгүй байна хүн татаад байхаар нь сэргээд хартал уурхайн амны орчимд гадаа ганцаараа газар унтаж байсан. Нүүр толгой хөндүүр болсон байсан. Толгой өвдөөд байхаар нь сумын эмнэлэгт ирж үзүүлээд хот руу эмчилгээнд явахаасаа өмнө цагдаад гомдол гаргачхаад явсан. Миний зүгээс эмчилгээний зардал 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. Х.М 500,000 төгрөг өгсөн. Бүгдийг өгвөл санал гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Мягмарын өгсөн:”...2017 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 01 цагийн үед би өрөөндөө Ганболдтой хамт унтах гэж байтал танихгүй залуу орж ирээд хүн байна уу зам асуух гэхээр нь замыг нь зааж өгөөд бид хоёр тамхилаад сууж байтал нэг өндөр залуу орж ирээд “явъя пизда минь” гэсэн. Тэгтэл эхэлж орж ирсэн залуу гараад машиндаа сууж бай гэсэн чинь түүний нуруу руу өшиглөсөн. Тэгтэл эхэнд орж ирсэн залуу эргүүлээд нөгөө өндөр залуугийн шанаа руу цохиод авсан. Ганболд бид хоёр “зодоон хийх гэж байгаа бол гадаа гарч зодолд” гэж хэлээд гаргасан. Тэгээд Ганболд бид хоёр тэдний араас гартал бас нэг хоёр хүн байсан юм байна лээ. Тэр хэд дээр доороо ороод зодолдоод байхаар нь бид хоёр салгаад “одоо боль та нар” гэж хэлсэн. Тэр хэд машиндаа сууж байгаад удалгүй явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Ганболдын өгсөн:”...2017 оны 11 дүгээр сарын 13-ны 01 цагийн үед би өрөөндөө хамт ажилладаг Мягмарын хамт унтаж байхад манай байшингийн цонх руу гэрэл тусаад машин ирэх шиг болсон. Удалгүй танихгүй залуу орж ирээд Мягмараас хөрсний кемп хаагуур байгаа талаар асууж байх шиг байсан. Тэр хоёр тамхилж байтал гаднаас нэг залуу “пизда минь явъя” гэж хэлсэн чинь иүр гараад хүлээж бай энд хүн унтаж байна гэж хэлсэн чинь сүүлд орж ирсэн залуу өшиглөх шиг болсон. Тэгээд хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн. Мягмар бид хоёрыг гадаа гарахад нэг жижиг залуу гартаа чулуу барьчихсан нөгөө хэд нь хоорондоо дээр доороо орчихсон зодолдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №243 дугаартай шинжээчийн
Х.Мын яллагдагчаар өгсөн: ”...2017 оны 11 дүгээр сарын 23-ы орой 23 цагийн үед Тавантолгойн уурхайн амын орчимд байх Нараа гэж хүний гэр гуанзанд байж байтал нэг халамцуу өндөр залуу орж ирээд архи сурагласан. Тэгэхээр нь би “надад нэг задалсан архи байна уувал уу даа” гэсэн нөгөө залуу тэгье гэсэн. Тэгээд гэрээс гарч миний машинд орж би өөрт байсан нэг шил “Болор” архийг задалж хамт явсан хоёр хүн болон бид нар уусан. Тэд нартай танилцаад архийг хувааж уугаад дуустал Бавуухүү гэдэг залуу дахин архи олоод өг түлш нэмж өгье гэсэн. ...Би гараараа Бавуухүүг цохисон. Хаана хэдэн удаа цохисноо бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг дарга З.Одгэрэлийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/
Х.Мын гурван талаас нь харуулсан гэрэл зураг болон арван хурууны дардасны зураг /хх-ийн 45-46-р хуудас/
Шүүгдэгч Х.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/,
Х.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 49-51-р хуудас/,
Шүүгдэгч Х.Мын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 76-77-р хуудас/,
Хохирогч О.Бавуухүүгийн өвчний түүх, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 55-70-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Х.М нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Тавантолгойн уурхайн нүүрсний амны орчимд О.Бавуухүүтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Бавуухүү нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон монгол овогт Халтарын Мөнхжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 / найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 / найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Бавуухүүд хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Х.Мын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА