| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2017/0100/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: А.Амгалан,
Шүүгдэгч: А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт Алтанхуягийн Батзоригт холбогдох 1729000770044 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2017 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 6 дахь км-т “Ван Үрс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 93-66 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуйг бусдад худалдаж завшин, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,248,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10 дугаар хуудас/
Хохирогч Б.Болормаагийн: “...манай компанийн эзэмшлийн 93-66 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг БНХАУ-аас 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А.Б гэх жолооч итгэмжлэн хүлээн аваад нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулахаар авч, Монгол Улсад оруулж ирээд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нүүрс тээврийн 6 дахь км-ээс олоход 6 ширхэг дугуй солигдож, алга болсон байсан. Тэгээд одоо үнэлгээгээр гарсан 1,248,000 төгрөгийн хохирлыг А.Б барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралдаанд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/
Гэрч Б.Насанжаргалын:”...би очиж буугаад хартал баруун гар талын чиргүүлийн хамгийн урд тэнхлэгийг данхраадчихсан байж байсан. Харин зүүн гар талын ард талын 2 тэнхлэгний дугуйнууд солигдож муу дугуй хийсэн байдалтай байсан. Тухайн жолооч нь байхгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн “...Нордбенз” маркийн авто машины дугуйны үнэлгээг зах зээлийн жиших хандлагаар тооцов. Уг авто машины дугуйнын үнэлгээ нь нийт 1,248,000 төгрөг үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 28 дугаар хуудас/
А.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/
А.Бын яллагдагчаар өгсөн:”...эхнэр мөнгө хэрэгтэй байна гэж утасдахаар нь машины чиргүүлд байсан 4 дугуйг тэнд таарсан танихгүй залууд нэг бүрийг нь 150,000 төгрөг нийт 600,000 төгрөгөөр зарж мөнгийг нь аваад машиныг тэнд нь орхиод найзуутайгаа Цогтцэций сумын төвд таарч архи уугаад 2-3 хоносон тэгээд цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/
А.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 40 дүгээр хуудас/
Шүүгдэгч А.Бийн гэрэл зураг, гарын дардас /хх-н 41-42 дугаар хуудас/
Хохирол төлсөн 1,248,000 төгрөг шилжүүлсэн баримт хх-н 43 дугаар хуудас/
А.Бийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 45-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б нь 2017 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 6 дахь км-т “Ван Үрс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 93-66 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуйг бусдад худалдаж завшин, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,248,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Иймд шүүгдэгч А.Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндөр овогт Алтанхуягийн Батзоригийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 20 /хорин/ сарын хугацаанд сар бүр 135,000 /нэг зуун гучин таван мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, А.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Ван Үрс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН