Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/969

 



 

  2022           10              06                                   2022/ДШМ/969

 

                                                       Б.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/2305 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгчБ.Б холбогдох эрүүгийн 2206000001934 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

................ овгийн Б.Б ,........... оны ...  дугаар сарын ... -ны өдөр .........  аймагт төрсөн, ...  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... , эхнэр, ...  хүүхдийн хамт ................  дүүргийн .........  дугаар хороо, ................  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/, 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,  ............. хотхоны 208 дугаар байрны 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б  “ээжийгээ манай эмнэлгээс гаргаж ав, авахгүй бол эмчилгээ хийхгүй” гэсэн асуудлаар маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохисноос эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн нүдний зовхи, хамар доод уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг шалгах ажиллагааг дутуу явуулснаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, ... өөрөөр хэлбэл хохирогч Байгалийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг шүүх үнэлэх, нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна. Мөн хохирогчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тодруулах нь зүйтэй. ...” гээд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. 

Прокурор Х.Эрдэнэтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагч Б.Б , хохирогч Б.Б нарын хүсэлтээр оруулсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогч Б.Б оролцсон, яллагдагч Б.Б оролцоогүй. Хохирогч Б.Б шүүх хуралдаанд “...нөхөр маань намайг зодоогүй, би халтирч унаад гэмтсэн, гэмтлийгБ.Б учруулаагүй...” гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх мэдүүлгүүд зөрүүтэй, дүгнэлт хийх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Б гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэргийг хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”  гэж заасан атал тус шүүгчийн захирамж нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад урьдчилсан дүгнэлт хийж, цагаатгах болон яллах нотлох баримт, яллагдагчийн гэм буруутай эсэх дээр агуулгын хувьд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцвэл зохих хэм хэмжээнээс хэтрүүлсэн байх тул шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй. ИймдБ.Б холбогдох хэргийн шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б г 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,  ............. хотхоны 208 дугаар байрны 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрБ.Б  “ээжийгээ манай эмнэлгээс гаргаж ав, авахгүй бол эмчилгээ хийхгүй” гэсэн асуудлаар маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цохисноос эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн нүдний зовхи, хамар доод уруулд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “ ... шүүгдэгчБ.Б холбогдох хэргийг шалгах ажиллагааг дутуу явуулснаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, ... өөрөөр хэлбэл хохирогч Байгалийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг шүүх үнэлэх нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй,  мөн хохирогчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тодруулах нь зүйтэй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. 

Анхан шатны шүүхээс хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдийг зөрүүтэй буюу түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байх тул эргэлзээ бүхий, хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох нь зүйтэй. 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

Мөн Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/2305 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                       М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН